С.Молор-Эрдэнэ: Өнөөгийн Монголын бүх проблем МУИС-ийн хоёрдугаар байрнаас үүдэлтэй гэж би боддог

С.Молор-Эрдэнэ: Өнөөгийн Монголын бүх проблем МУИС-ийн хоёрдугаар байрнаас үүдэлтэй гэж би боддог

Нийтэлсэн: 2012-03-27 09:59:28


Энэ удаа бид ХМХН-ын гишүүн, удирдлага гэхээсээ илүүтэй улстөр судлаач, философич С.Молор-Эрдэнийг онцолж ярилцлаа. Түүнтэй улстөр, өнөөгийн Монголын улстөрийн талаар хөөрсөлдсөнгүй. Ингээд ярилцлагаа хүргэе.



-Аливаа зүйлийн хөгжлийн суурь нь философи байдаг гэдэ. Ихэнх улс орнууд эзэн хааны ч гэдэг юм уу уламжлалт философитой түүндээ тулгуурлан тэр засгийнхаа бодлогыг тодорхойлдог гэж дуулсан юм байна. Ингэхэд манай Монголд тийм уламжлал байдаг уу. Хэрвээ байдаг бол сэргээгээд ашиглах боломж байдаг уу гэсэн үг л дээ?


-Философи гэдэг бол мэргэжил. Хүн төрөлхтний 2500 жилийн түүх. Тэртээ 2500 жилийн өмнө философи Энэтхэг, Грек, Хятадад үүссэн. Тухайн үеийн сэтгэгчид амьдрал, төр, сайхан юм гэж яг юуг хэлэх вэ гэх асуултанд хариулт олохын тулд эрж хайсны үндсэн дээр бий болсон юм. Ерөнхийдөө философи Азид шашинлаг байдал буюу догма маягаар хөгжсөн. Харин Европ буюу Грекийн талыг баримтлагчид хуучнаа шүүмжилж, шинэчилж хөгжиж ирсэн түүхтэй.

Тэндээс л Декарт, Кант гэхчлэн өрнөдийн том философичид төрсөн. Бүр шинжлэх ухаан шиг хөгжөөд их сургуульд заахдаа тултал хөгжсөн. Өнөөдөр дэлхийн бүх филисофичид өрнийн философичдоос суралцдаг. Гэтэл Азид философич гэх юм байхгүй. Япон, Хятад, Орос, Өмнөд Солонгосууд өрнөдийн философиос бага сага зүйл авсан. Ленин гэхэд л Германы алдартай философичдын номыг уншиж, судалж байгаад хувьсгал хийсэн хүн.

Орост Ленинээс дэлхийд алдартай ганц ч философич байхгүй. Хятадад 2500 жилийн өмнө Күнз, Дао байсан байх. Өөр байхгүй. Хөгжөөгүй, догма болсон. Энэтхэг ганц буддатай, тэгээд л зогссон. Түвдүүдийн тухайд энд тэндээс авсан буддын шашин гэхэд ч хэцүү, философич гэхэд ч хэцүү нэг тийм юмтай. Математик, эрүүл мэнд ч ярьчихдаг, тогтсон системтэй зүйлгүй. Ийм л байдалтай байна. Манайхны тухайд бол их хүнд л дээ.

Чингисийн үеэс байлдан дагуулалт хийж байхдаа тухайн байлдан дагуулсан орнуудынхаа оюуны хүмүүсийг дагуулж, дэргэдээ зөвлөхөөр ажиллуулдаг байсан. Түүнээс биш, монголчуудын дунд тийм мундаг оюунлаг хүн байгаагүй юм. Байран суурин суугаад судалдаг судлаачид тэр үед байхгүй байсан гэсэн үг. Яахав, төв Ази, Перс, Хятадаас мэдлэгтэй хүн авчирч жаахан юм сонсдог л байсан байх. Хятадаас бол олигтой юм үлдээгүй л дээ. Нарийн зүйлүүд ихэвчлэн Персээс орж ирж уламжлал болон үлдсэн байдаг юм, түүхээс харахад.

Ерөнхийдөө баахан бантан маягийн зүйп байсан гээд ойлгочиход болно. Нэг хэсэг Монголын оюунлаг гэгддэг хүмүүс Түвдэд сурч түвдээр ярьдаг, эх орондоо ирээд философийн маягийн ном бичсэн ч түвдээр л бичдэг байсан. Өнөөдөр ч тэр байдал үргэлжилсээр л байгаа. Дашрамд тэмдэглэхэд би улстөрд огт хамаагүй, мэдлэг философийн тухай ярьж байгаа юм шүү. Тэгээд нэг хэсэг Манжийн дарлалд баахан хаагдмал байдалтай байж байгаад хувьсгал ялж жаахан нээгдсэн.

Тэр ч утгаараа Оросоос бага сага юм авсан. Шулуухан хэлчихэд биднийг идеологдож, үзэл сурталдаад л байсан хэрэг. Хүмүүсийг үгэнд ордог, ажлаа сайн хийдэг л болгосон. Хувь хүнд чамд энэнээс өөр сонголт байхгүй, энэ бол одоохондоо зөв зам. Олон юм бүү бод гэсэн хандлагаар буюу социализмын "иде"-гээр явуулсан. Гэхдээ социализм манайд сайн биелж амжилттай явагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Тэр олон өвчтэй хүнийг эрүүл, хоол унд ажил төрөл, орон гэртэй болгосон. 70-аад он гэхэд манай улсын иргэд 100 хувь бичиг үсэгтэй болсон байсан. 50 жилийн дотор чухам л "янзлах" шиг болсон. Сүүлдээ социалист систем хямралд орчихсон байсан учраас Монголын нийгэм ч хамт хямарсан. Тэгээд манай хэсэг нөхөд зүүн Европынхныг дуурайж, ардчилсан хувьсгалыг хийсэн. Уг нь бол манайд социализмыг муулах шаардлага байгаагүй. Социализм өөрөө тэр чигээрээ амжилтын түүх байсан учраас...

Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гэдэг шиг л юм болсон юм. Өөрөөр хэлбэл, бидэнд ардчилсан хувьсгалын шаардлага байгаагүй. Хар л даа Хятадыг. Тэд социализмаа байгуулчихсан, өдгөө эдийн засаг руугаа орчихлоо шүү дээ. Бид ч тэгэх л байсан. Заавал төрөө бусниулах хэрэг байгаагүй. Шулуухан хэлэхэд бид төрөө нураачихсан. Тэгээд эдийн засгийн проблемоо төр лүүгээ чихчихсэн. Энэ нь эргээд өнөөгийн хүндрэлийг үүсгэсэн.

Төр, эдийн засаг хоёр нийлэхээрээ ямар их аюултайг бид харж, мэдэрч байна. Ний нуугуй хэлэхэд бид төргүй олигархи бүлэглэлийн хараат байдалд орчихлоо. Түүнээс биш мэргэжлийн философи Монголд байхгүй. Би анх Монголд ирээд МУИС-д багшилсан юм. Барууны том философийг хүлээж авах хөрс бий гэж итгэж байсан.

Харамсалтай нь асар том андуурсандаа. Нэг хэсэг нь Нагаржунай, Күнз, буддизм бүр марксизм ленинизм, за тэгээд арга билэг гээд янз янзын юм ярьдаг. Их өрөвдөлтэй. Тэгээд өөрсдийгөө философич гэж нэрлээд сурчихсан. Бас нэг хаяг хадчихсаан, их хөөрхөн. Ер нь бол өнөөгийн Монголын бүх проблем МУИС-ийн хоёрдугаар байрнаас үүдэлтэй гэж би боддог.


-Юу гэсэн үг вэ. Сайн ойлгосонгүй. Хангалттай мэдлэг олгох чадваргүй багш нарын буруугаас бодж Монголын нийгэм өвчилсөн гэсэн үг үү?


-Энэ иx сургуулийн хоёрдугаар байр чинь Монголын бүх оюун ухаан, мэддэг, боловсрол, улстөр гээд өнөөгийн Монголын нийгэмд үүсч буй бүх асуудлын хариуг өгч байх ёстой газар. Гэтэл тэр дотор хариу өгөх чадвартай хүн алга. Бүгд хоорондоо бугшаад цус ойртоод өөр өөрийнхөө шавь нарыг хажуудаа суулгаад гаднаас хүн оруулдаггүй. Манай Монгол агуу, түүх агуу, хэл агуу гэж хийрхээд л сууж байдаг. Баахан агуу юм яриад л байдаг.

Хийсэн, бичсэн юм огт байхгүй. Философич байгаа бол ном, онол байх ёстой. Тэрийг чинь уншъя гэхээр юу ч байдаггүй. Хажуугаар нь мухар сүсэг, бөө, Чингисийн академи, Баабар мэтийн нөхдүүд дэмий балай юм яриад энгийн иргэдийн тархийг угаагаад баяжаад л сууж байдаг. Харин Арго сүүлийн үед дуугүй болчихлоо. Энэ бүхэн бол МУИС-ийн хоёрдугаар байрныхны нүгэл. Тэд хийх ёстой ажлаа хийгээгүй, хийж чаддаггүй учраас Монголын нийгэм гэх атар газар хэн дуртай нь, юу ярья гэснээ ярьж, юу донгосъё гэснээ донгосож, чухам л амныхаа хэмжээгээр бурж байна.

Би МУИС-ийн танхимд багшилдаг байхдаа хэлдэг л байсан. Жилд 10 хэдэн мянган оюутан төгсдөг. Дандаа тархины гэмтэлтэй. Тархины гэмтэлтэй хүмүүсийг эмчлэхэд маш хэцүү. Би өөрийнхөө чадлаар, хэр хэмжээгээр тав зургаан оюутны тархины гэмтлийг зассан. Хөл, гар хугарахад гэмтлийн эмнэлэгт очоод засуулчихаж болно. Харин МУИС-ийн хоёрдугаар байр Монголын олон залуусын тархийг гэмтээж байхад хэн ч анзаардаггүй, хариуцлага тооцохгүй байгаа нь өөрөө асар том эмгэнэл.

Дахиад хэлэхэд Монголд ямар ч философи байхгүй. Философигүй орон гэдэг ийм л байдаг юм байна. Хэн хүссэн нь санаанд орсноо л хэлж, хийдэг. Өөрийн санаа өөртөө зөв гэсэн маягтай. Бүх Монгол хүн санаагаараа ярьж, хийж байна. Мэдлэгээр биш шүү. Санаагаар гэдэг чинь таамаг баримжаагаар аливаа асуудалд хандаж байна гэсэн үг. Аз байвал ононо. Үгүй бол бол эз. Их сургуулийн багш, профессорыг хэн багш, доктор болгосон юм бэ.

Бас л өөрсдийнхөө санаагаар өөрсдөдөө сэтэр зүүчихсэн. Таван төгрөгийн дэвтэр дээр санасан бодсоноо тэмдэглэчихсэн. Тэрнийгээ оюутнуудад уншдаг. Ямар ч мэдлэг байхгүй, тэдэнд. Уучлаарай би дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэгийн хүрээнд ярьж байгаа юм шүү. Хаана ч намайг шалгуулж болно. Би санаагаараа ярьдаг хүн биш. Бидэнд нэгдсэн боловсрол байх ёстой. Учир нь бид бүгд л Монголдоо 10 жилийн сургууль төгссөн. Гэвч амьдрал дээр аав, ээжийнхээ үгээр л амьдарч байгаагаас биш, тэр дунд сургуульд сонссон зүйл хэрэг болохгүй байна.

Уг нь янз бүрийн айлд өсч хүмүүжсэн хүүхдүүдийг нэг сургуульд суулгаж адилхан боловсролтой болгох ёстой ч чаддаггүй. Их сургуулийн тухайд нэг их мэдлэг олгоод байхаар газар биш. Зүгээр л хүн болоход дэмжлэг өгөх ажил хийдэг газар. Эцсийн эцэст нь хамгийн аймаар нь философи байхгүй атал байгаа гээд байгаад л асуудлын гол байгаа юм. Капиталист нийгэм гэдэг чинь нэг хүн ганц гэр бүлийн төлөө мянга мянгаараа хамаг хүчээ дайчлан ажиллахыг хэлдэг.

Өнөөдөр монголчууд тийм байдалтай байна. Хэдхэн олигархийн төлөө Монголын хоёр сая гаран хүн ажиллаж байна. Тэдэнд амт, шимттэй бүхнээ өгдөг. Тэр нөхдүүдийн цаана нэг гадаадын нөхөр байдаг. Баахан онгироогоод гадны банкуудад мөнгийг нь байршуулчихдаг. Мөнгөтэйгөө ойрхон амар гээд эхнэр, хүүхдээ дэргэд нь авааччихдаг. Энэ бүхнийг зогсоох ёстой. Харамсалтай нь зогсоох мэдлэгтэй философич нь алга. Дашрамд өгүүлэхэд нийгмийг роман хөгжүүлдэг юм шүүдээ.

Гэтэл Монголд баахан утга уянгын шүлэг бичигчид байгаагаас биш, дорвитой ганц роман бичдэг хүн алга. Монголчуудын оюуныг нь арчлах, цэвэрлэх, цэнэглэх мэдлэгтэй хүмүүсийн давхарга алга. Аливаа улсын иргэдийн оюунлаг давхарга хэр хүчирхэг байна, тэр хэрээр тухайн улс хөгждөг. Гэтэл манай улсын төр барих дээд байгууллага болох УИХ-д 10 жилийн сургууль ч төгсөөгүй өчнөөн "амьтан" байна.

Хамгийн муу сурлагатнуудаа дээрээ тавьчихаад, биднийг удирд гээд байгаагаас ялгаа алга. Тэрэн шиг үлгэр байх уу. Хөлөг онгоц барьж чадахгүй нөхөрт залуур атгуулчихвал нэг их удахгүй мөсөн уул мөргүүлээд живүүлэхтэй л адил.


-Таны яриаг сонсож байхад мэдлэг гэж их ярих юм. Ингэхэд мэдлэг, боловсрол хоёрын ялгааг товчхон тайлбарлаж өгөхгүй юу. Ингэхэд бид сургуульд мэдлэг хуримтлуулдаг юм уу, эсвэл боловсрол эзэмшдэг юм уу?


-Энгийнээр тайлбарлавал боловсрол гэдгийг өнөөгийн нийгэмд амьдрахад зайлшгүй шаардагдах бичиг үсэг мэдэх, тооны машин өгөхөд тоо бодчихдог, төсөл бичээд ир гэхээр биччихдэг байх гэхчлэн хамгийн наад захын зүйлийг мэдлэг, чаддаг байх явдал гээд ойлгочих. Ер нь аливаа улс оронд амин чухал хоёр гуравхан салбар байдаг юм. Тодруулбал иргэдэд хоол, гэр, ажил, тархи цэнэглэх захын хэрэгцээгээр хангах явдал.

Иргэд үүнээс ихийг хүсдэггүй. Харин мэдлэг их өргөн хүрээг хамарна. Мэдлэг гэдэг хөгжиж, сайжирч, шүүмжлэгдэж байдаг зүйл. Гэхдээ манайд мэдлэгийн байгууллага байдаггүй болохоор энэ талаар ярих нь хэцүү л дээ. Уг нь бол ямар ч улс оронд мэдлэгийн байгууллага байдаг. Мэдлэгээ үйлдвэрлэж, түүгээ зарж, борлуулан хөгжиж байдаг. Даанч Монголд мэдлэг үйлдвэрлэх газар үгүй. Зүй нь Шинжлэх ухааны академи хийх ёстой юм.

Хэн их мэдлэгтэй нь доктор, порофессор болох ёстой. Гэтэл манайд хэн олон жил тэр сандалд суусан, хэн мөнгө өгсөн, хэн даргатай найз байна, тэр профессор болдог. Мэдлэгийг үнэлдэг ганц ч байгууллагагүй учраас нийгэм маань өөрөө мэдлэггүй нийгэм болчихоод байгаа юм л даа. Мэдлэгийг сонирхдоггүй. Монголд мэдлэг бүх үнэлэмжийн хэмжүүр биш. Шинжлэх ухааны академи хийх ажлаа хийж чаддаггүй атлаа орчуулах болохоороо буруу орчуулж, хөгжих боломжгүй болгож болгодог.

Олон одон зүүсэн хүмүүс л байдаг. Ийм л том проблемд орчихоод байна даа монголчууд, өнөөдөр. Уг нь социализмын үед бүтэц нь байсан. Харин ардчиллын үед муу сурлагатнууд гарч ирээд бүгдийг нь эвдээд хаячихсан. Муу сурлагатнууд хувьсгал хийсэн, сайд болсон. Үнэхээр муу сурлагатнуудын нийгэм болсон. Уг нь бол мэдлэг мөнгө олох гол хэрэгсэл. Мэдлэгтэй байж үйлдвэрлэл явуулна, нээлт хийнэ. Ажлын байр бий болно, улс орон хөгжинө.

Гэтэл олон нийтийн тархийг цэнэглэх үүрэгтэй телевизээр ярьж байгаа бүх хүн мэдлэггүй байна. Б.Лхагвасүрэн, Н.Жанцанноров, Баабар ч ялгаагүй. Мэдлэггүй учраас санаанд орсноо ярьдаг. Алдаатай зүйл ярьж байна гэхээр орилоод босоод ирдэг. Чи монголд олон жил байгаагүй. Амьдрал мэдэхгүй, Монгол хэл мэдэхгүй гэдэг. Гоё монгол хэлээр ярьдаг байгаад яах юм бэ. Юу бүтээх юм бэ. Нэг л их монгол хэл, бичгийн мансууралтай хүмүүс.

Тэрнээсээ аймаар их кайф авдаг. Шинэ зүйлийг хүлээж авдаггүй, цочдог. Мэдлэг хүнийг хөгжүүлнэ, өөрчилнө, хямралд ч оруулна гэдгийг мэдэх янз алга. Үнэхээр мухардалд орчихсон.


-Ямар ч зүйл мухардалд хүрсэн гарц байдаг. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга онгойдог ч гэх нь бий. Монголчуудын хувьд мэдлэгийн хаалга хаагдчихсан юм бол хэн онгойлгох юм бэ. Мэдээж Будда, Есүс хүрч ирээд арга зам зааж өгөхгүй нь тодорхой шүү дээ?


-Гарц гаргах гэж би өөрийнхөө хэр чадлаар ажиллаж байна. Их сургууль, Шинжлэх ухааны академид өөрчлөлт хиймээр байна. Улстөрд оролцож байж өөрчлөлт хийх гарц олдох болов уу ч гэж бодох юм. Үнэндээ манай улсад улстөргүйгээр юу ч хийж болдоггүй зааварчихсан гэдгийг ханатлаа мэдэрч байна. Төр, яам руу очиж, томилогдож байж л аливаа асуудлыг шийдэх боломжтой болдог. Түүнээс биш их сургуульд нэрээ дэвшүүлж чадлаараа шалгарна гэж горьдох ч хэрэггүй.
Дээрээс, яамнаас Төмөр-Очирыг болго гээд томилчихсон гэдэг. Тэр өвгөн ер нь юу юм бэ. Монголын нийгмийг баллаж байна шүү дээ, тэр өвгөн. Бас Монголын шинжлэх ухааны академийг Чадраа гэдэг нөхөр 20 жил сүйдэлж байна. Нүдний өмнө улс орны хамгийн хэрэгтэй юмыг барьчихаад баллаж байна шүү дээ, цаана чинь. Эцсийн эцэст хэдэн уурхайг ухаж мөнгөө аваад явах асуудал биш. Мөнгөө аваад явдаг л юм байгаа биз. Дараа нь монголчууд нүхнийхээ дэргэд амьдарна биз дээ. Мөнгө зоостой нь гадагшаа Англи, Америк руугаа явдаг л юм байгаа биз. Гэхдээ энд эх нутагтаа амьдрах хүсэлтэй хүн олон байна шүү дээ.


-Монголчуудын оюуны чадавхи асар өндөр байдаг гэж сонссон. Олон хүн тэгж хэлдэг. Тэгсэн атал бид хөгжихгүй, бусдын хийсэн зүйлийг хэрэглээд л сууж байдаг. Ядаж л ганц түмпэн хийх үйлдвэр байхгүй байна, Монголд. Тиймээс оюуны өндөр чадавхитай гэдэг үнэн юм болов уу гэх бодол төрдөг. Хий л өөрсдийгөө хөөргөөд байгаа юм биш байгаа гэж эмзэглэдэг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?


-Монголчуудын оюуны чадвар өндөр байх үндэслэл олон бий. Тухайлбал, социализмын үеийн боловсрол. Бид Бангладешийн гудамжинд явж байгаа хүмүүстэй адил биш. Бас монголчууд хэзээ ч дэндүү догматик, шашинлаг байгаагүй. Мөн 70-аад жил шашнаас хол байсан нь задгай сэтгэхэд нөлөөлдөг гэхчлэн олон зүйлийг дурдаж болно. Гэвч би оюуны өндөр чадвартай гээд зугээр суугаад байх юм бол юу ч өөрчлөгдөхгүй. Хэдийгээр монголчууд Бангладеш, Арабынхан шиг манкурт аятай арчаагүй ард түмэн биш ч арчаагүйтэл руу алхам алхмаар дөхсөөр буйгаа хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөдөр Монголд буу зэвсгийн бус оюуны терроризм эхэлчихсэн байна.

Энэ олон их дээд сургуульд хэн багшилдаг, тэр олон сүмүүдэд юу болоод байгааг бүү мэд. Таахын аргагүй. Монгол хүнийг үнэхээ доромжилж байна. Саяхан би Даландавхарын тийшээ айлуудаар явсан. Тэнд хүн гэхэд хэцүү материал гэж хэлэхүйц хэцүү... Амьд материал ч гэх юм уу тийм "зүйл" олон байна. Нөгөөтэйгүүр Монголд хувь хүн гэдэг ойлголт огт байхгүй болчихож. Хувь хүнийг утсан хүүхэлдэй болгочихож. Юм ярихаар Баабар тэгж хэлсэн гэх жишээний. Өөрөө бодож, ухамсарлах тархигүй аятай. Тэр П.Даваанямын яриад байгаа Чингисийн үеийн төр бол дайны төр. Харин өдгөө бид иргэний төртэй. Ийм өөр хоёр зүйл авцалдах уу. Тэр үеийн боддогоор өнөөгийн төрийг удирдаж барах уу. Бодох л ёстой асуудал.Ер нь бол тоолоход олон хүн байвал иргэд гэж нэрлэдэг юм биш шүү.


-Ингэхэд европын философи бидэнд таарах уу. Хэдийгээр нэг бөмбөрцөг дээр оршдог ч өрнө, дорно гэдэг хоёр өөр ертөнц шүү дээ. Эсвэл тэдний философийг монголчлоод хэрэглэх үү?


-Их, дээд, бага, дунд сургууль бүгд европоос гаралтай. Бидний хэрэглэж буй техник технологи, хувцас хунар бүгд л европоос гаралтай. Яахав, тусдаа үндэстэн гэдэг утгаараа зан заншил, түүх, хоол унд гэхчлэн бага сага ялгаа бий. Гэхдээ зан заншил гээд хүн алаад байж болохгүй биз дээ. Иранд нөхрөө хуурсан эмэгтэйг тосгоныхоо голд зогсоогоод тосгоны хүн болгон чулуу шидээд алчихдаг. Нэг чулуун овоо л үлддэг гэж дуулсан л байх. Тэгээд яахав юм бэ, Ираны зан заншил гэх үү...

Уучлаарай, хүний эрх гэж универсаль юм байна шүү, дэлхийн бүх оронд хүчинтэй. Би боловсрол, мэдлэг гэж яриад байгаа чинь бас л хүний эрх. Дэлхийн мэдлэгтэй байж дэлхийн боловсролыг олж авах ёстой. Бод л доо, манай нэг аймгийн нэг сумынхан бид баруун аймгийн сумынхан, Дорнодынхноос огт өөр зан заншилтай гээд хачин хачин юм хийгээд байвал яахав? Үнэндээ монголчууд бүгдээрээ дээл өмсчихсөн атлаа энгэр дээрээ нэг өөр өнгийн эрээн даавууны өөдөс оёчихоод бид өөр гээд байдаг. Энэ чинь л их аюултай даа. Аливаа нэг хүнээс өөр болох гэх, ялгарах тусгаарлах гэдэг их муухай зүйл. Өрнө, дорно гэж хуваадаг ч бас буруу.
Дэлхий бөөрөнхий биз дээ. Нэг талд байж байгаад нөгөө талд нь оччихвол баруун, зүүн ялгаа байхгүй болчихно. Яахав, түүхэнд өрно дорно гэх ойлголт, өөр өөрийн гэсэн өвөрмөц зан заншил байж болно. Гэхдээ орчин үед тийм байх боломжгүй. Интернэтэд өрнө, дорно гэх ялгаа байна уу, алга л байгаа биз дээ.Тэр утгаараа газар нутгийн хувьд Азид оршдог ч философийн хувьд ялгарах боломжгүй. Эцсийн эцэст бид бүгд л хүн шүү дээ.


З.Урсгал

Эх сурвалж: "Улаанбаатар таймс"

No comments:

Post a Comment