Монголын цөмийн эрчим хүчний салбарын тухай илтгэл тавина

http://economics.gogo.mn/news/89625

Монголын цөмийн эрчим хүчний салбарын тухай илтгэл тавина

Вена хотноо онц чухал сэдвийн дор олон улсын шинжээчид хуралдаж эхэллээ.

Олон улсын атомын энергийн агентлагаас зохион байгуулж буй уг хуралдааны сурвалжлагыг Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Э.Оджаргал цувралаар хүргэнэ. Тэрбээр ОУАЭА-ийн Ерөнхий захирал ноён Аманогоос ярилцлага авч Монголын уншигчдадаа хүргэж байсан билээ.



Япон улсад болсон байгалийн гамшиг нь байгаль дэлхийд хор хөнөөл, хүн төрөлхтөнд айдас түгшүүрийг дагуулсан. Фүкүшима 1 атомын цахилгаан станцийн осол нь аюулгүй ажиллагааны өндөр стандартаар дэлхийд брэнд болсон улсад болсон нь “энхийн атом” гэсэн ойлголтыг үнэгүйдүүлэхэд хүрээд буй. Тиймээс цөмийн гэх тодотголтой аливаа бүхэн зөвхөн нэг улсын асуудал гэх аргагүй болжээ.

Фүкүшимагийн ослын сургамж болоод олон улс дахь цөмийн аюулгүй байдлын шинэ бодлогыг тодорхойлохоор ОУАЭА-ийн гишүүн орнууд Австрийн нийслэлд хуран чууллаа. Вена хот дахь НҮБ-ын цогцолборын гадаа IAEA гэсэн цэнхэр өнгийн олон тооны далбааг мандуулсан нь уг арга хэмжээний далайцыг илтгэнэ. Хурлыг санаачлан зохион байгуулагч ОУАЭА-ийн Ерөнхий захирал Юкиа Амано нээлтийн үг хэлэхдээ олон улс дахь цөмийн аюулгүйн байдлыг хянах хэм хэмжээний тухай таван үндсэн саналыг дэвшүүлсэн юм. ОУАЭА-ийн Аюулгүй байдлын хэм хэмжээг тогтоох Комисс энэхүү саналыг судлан танилцаж, нэг жилийн хугацаанд эргүүлэн тайлагнахыг тэрбээр үүрэгдэв. Хэдий судлан танилцах хугацаа бага ч аливаа дүрэм журмыг амьдрал дээр бодитойгоор хэрэгжүүлэн байж зөв бурууг болоод тохирох эсэхийг нь мэдэж болно гэсэн үзэл бодол аж.

Мэдээж энэхүү хуралдааны гол сэдэв нь Фүкүшимагийн ослын тайлбарыг олон нийтэд албан ёсоор мэдэгдэх явдал бөгөөд уг үйл явдлаас ямар тодорхой сургамж авсан талаарх Японы төлөөлөгчийн илтгэл олны анхаарлын төвд байсан. Тайлан дүгнэлтийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Франц, Хятад, Орос болон Америкийн мэргэжилтнүүд багтсан юм. Урьдчилсан дүгнэлтээр Японы атомын цахилгаан станцуудад аюулгүйн бэлэн байдлыг өндөрсгөж, онцгой тохиолдолд илүү боловсронгуй, нарийн техник технологи нэвтрүүлэх шаардлагатайг онцолжээ. Гэхдээ албан ёсны дэлгэрэнгүй дүгнэлт оны сүүлчээр гарах аж. Япон улс уг дүгнэлтийг танилцуулах олон улсын хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Венад нээгдсэн хурлын эхний өдөр төлөөлөгчид өөрийн улсын цөмийн эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй бодлого болоод Фүкүшимагийн ослын талаарх санал бодол, байр сууриа идэвхтэй илэрхийлж байна. Төлөөлөгчид ОУАЭА-ийн Ерөнхий захирал ноён Аманогийн саналыг хүлээн зөвшөөрөхийн сацуу өөрсдийн байр суурийг нээлттэй илэрхийлсэн нь сонирхолтой. Атомын цахилгаан станцуудад арван жил тутамд ОУАЭА-аас хийдэг аюулгүй ажиллагааны шалгалтын хугацааг богиносгоё гэсэн Их Британийн төлөөлөгчийн санал ихээхэн дэмжлэг авав. Одоогоор олон улсад Оросын AES-2 VVER, Канадын AECL’s Enhased CANDU, Франц-Японы хамтарсан ATMEA1 зэрэг цөмийн реакторын технологи хамгийн боловсронгуйд тооцогдож байгаа аж.

Энэхүү чуулганд дэлхийн 150 гаруй орны төлөөлөгч оролцож, бүгд л дуу хоолойгоо сонсгох, нэгтгэхийг хүсч байна. Тиймээс төлөөлөгчид хурал зохион байгуулагчдын зааж өгсөн долоон минутын хугацаандаа олон зүйл нуршилгүй, чухал гэсэн саналаа тодорхой ярьсаар байна. Дэлхийн цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг ганцаар шахуу эзэгнэгч Орос улсын төлөөллийг “Рос-Атомын” Ерөнхий захирал Сергей Кириенко даргалж яваа харагдав. Түүнээс цөөн асуултад хариулт авахыг хүссэн боловч халуун асуултуудаас булзаж, Монголын сэтгүүлч гээд “улстөржүүлж” буй бололтой татгалзсан юм. Манай улсаас ОУАЭА-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан сайд хурлын гурав дахь өдөр Монгол улсын цөмийн эрчим хүчний салбарын өнөөгийн байдлын талаар илтгэл тавина.

Олон улс дахь цөмийн аюулгүй байдлын мөрдөх хэм хэмжээг чангатган, улам боловсронгуй болгох тухай баримт бичгийг үзэглэснээр хурлын эхний өдөр өндөрлөлөө. Фүкүшимагийн ослын дараа дэлхийн хүмүүст бий болсон айдсыг үргээн, энхийн атомд итгэх баталгааг өгөхөөр улс орнууд нэгдэн чуулж ахуйд цөмийн аюулыг эсэргүүцэгчид гадна талбайд цуглан дургүйцлээ илэрхийлж байна. Хуралдааны үеэр гарсан сонирхолтой байр сууриуд, ярилцлага, Монголын тухай илтгэлийн дараа гарсан санал шүүмжийг дараагийн сурвалжлагуудаараа Танд хүргэнэ.

Э.Оджаргал

Вена, 2011.06.20

No comments:

Post a Comment