П.Алтангэрэл гишүүн Хятадын хөрөнгө оруулагчийг илтэд хамгаалжээ

http://sonin.mn/?p=138796
2011-06-10 өдөр 09:58

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улааны холимог металлын ордын ашиглалтын лицензийг эзэмшиж буй “Шинь Шинь” компанийн тухай таагүй мэдээлэл дуулдах нь олон.Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай уг компанийн удирдлагууд өөрсдийгеө “Төрийн дэмжлэггүй ганц хятад хөрөнгө оруулагч” хэмээн тодорхойлдог.


Түүнчлэн Улааны холимог металлын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд өөрийн улсад эрхэлж байсан бүхий л уурхайгаа хаасан гэдгээ ч нуудаггүй. Тэдгээр 4-5 уурхай нь Улааны холимог металлын ордоос үр ашиг муу учраас тэр байх. Ийнхүү эрсдэлийг эх орондоо хааж, Монголоос ашиг олохыг чухалчилсан тэдний тухайд өнөөдрийг хүртэл байгуулсан үйлдвэрээ зуун хувь ашиглах эрхгүй байгаа. Үүндээ ч чамгүй их гомдолтой яваа. Гэхдээ зөвхөн өөр зуураа гомдоллох бус УИХ-ын зарим нэг гишүүний хамт гомдчихсон яваа нь сонин.

Мөн Дорнод аймгийн Засаг дарга төдийгүй аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Цөмийн энергийн газрын “Үйл ажиллагааг хэсэгчлэн лацдах шалтгаан байна” гэдэг үндэслэлээр гаргасан шийдвэрийг ихэд эгдүүцэн хүлээж авсан гэдэг. “Шинь Шинь”-ийн төлөө санаа нь зовоод байгаа гишүүн нь Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн П.Алтангэрэл.

Тэрбээр өнгөрсөн оны сүүлчээс эхлэн Цөмийн энергийн газрыг шүүмжлэх дуртай болсон нь нууц биш. “Ажлаа хийж чадахгүй байна. Монголын ураны салбарт бодлого гэж алга” гээд л. Гэтэл ажлаа хийхээр нь “Буруу ажил хийлээ. “Шинь Шинь”-ийн үйл ажиллагааг сэргээх хэрэгтэй” хэмээн эсрэг шүүмжлэлээр булж эхэлсэн гэнэ. Тэгвэл Цөмийн энергийн газар ямар шийдвэр гаргасан болоод УИХ-ын гишүүний эгдүүцлийг ийнхүү өдөөгөөд байна вэ. Нэг талдаа шударга ажиллахыг шаарддаг УИХ-ын гишүүн ганцхан компанийн өмнө өөрийн зарчмыг үгүйсгэж, улмаар Цөмийн энергийн газрын үйл ажиллагаа руу шууд дайралт үзүүлэх болсон нь сонирхолтой хэрэг.

Гэхдээ энэ удаад П.Алтангэрэл гишүүний тухай бус харин “Шинь Шинь” компанийн талаар бодит мэдээллийг хүргэе.

Тус компани нь “Аза далай фарист” компанийн эзэмшиж байсан “Улаан” нэртэй 247А гэх ашиглалтын лицензийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байдаг. Энэ ордын хайгуулын ажлыг тэртээ Зөвлөлт холбоот улсын үед хийсэн бөгөөд ураны илрэлтэй гэдгээрээ өндөр үнэлэмжтэй ордод тооцогдцог. Гэтэл энэ ордод “Шинь Шинь” компани нэмэлт хайгуул судалгаа хийх үүргээ үл хүлээсний зэрэгцээ архивт үлдсэн мэдээллийг эндүү ташаа мэдээлсэн баримт бий.

Улмаар Цөмийн энергийн газрын мэргэжилтнүүдийн тавьсан удаа дараагийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч, өөрсдийн зүгээс цаг хожихыг илүүд үзсэн аж.
Иймээс ч Цөмийн энергийн газраас Монголын ураны салбарыг хариуцах ёстой гэсэн үндсэн үүргийнхээ хүрээнд цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүй хэрнээ үйл ажиллагаа явуулснаас нь үүдэн ашиглалтын лицензийг нь хүчингүй болгож.

Гэтэл “Шинь Шинь”-ийнхэн хүлээн зөвшөөрсөнгүй.

Мөнөөх УИХ-ын гишүүний тухайд,ч адилхан. Тэрбээр “Цөмийн энерги, цацрагийн аюулгүй байдлын асуудал нь нарийн технологи, хяналт шаарддаг. Хатуу дэг журмын дагуу олборлож ашигладаг Онцгой ашигт малтмал” хэмээн ярьснаа үгүйсгэн , тун удалгүй “Цөмийн энергийн газар гэж төрийн байгууллага хуулиар далайлган хүнд суртал гаргаж ажил явуулах бус саатуулах зорилготой юм шиг л хандаж байна. Хайгуулын тайлангаа хугацаандаа өгөөгүй, нөөцөө бүртгүүлээгүй гэх мэт шалтгаанаар лицензийг нь сунгахгүй байгаа юм байна” гэв.

Хэдийгээр түүний ярилцлага “Шинь Шинь” компанийн үйл ажиллагааны тухай биш байсан ч Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй ураны чиглэлийн лиценз эзэмшигч компанийн талаар хөндсөн байна билээ.

Гол нь Цөмийн энергийн газрынхан П.Алтангэрэл гишүүний эхний хэлсэнчлэн хянаж, шалгах үүргээ гүйцэтгэн “Тус компанийн тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэхдээ тодорхой шаардлага тавьж, Улааны холимог металлын ордод олборлолт явуулахад ураны хүдрийг ашиглах арга аргачлал, календарьчилсан төлөвлөгөө, эдийн засгийн тооцооны талаар Техник, эдийн засгийн үндэслэлдээ бодитоор тусгаж өгөх хэрэгтэй” гэсэн шаардлага тавьж.

Үүнийг нь “Шинь Шинь”-ийнхэн удаа дараа биелүүлсэнгүй. Түүгээр ч барахгүй цацраг идэвхт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй хэрнээ олборлолт явуулаад эхэлчихэж. Яаж ч бодсон УИХ-аас баталсан Цөмийн энергийн тухай хуульд “Цацраг идэвхт бодистой холбоотой үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа аж ахуйн нэгж ямар ч тохиолдолд Цөмийн энергийн газраас зөвшөөрөл авна” гэсэн утгатай заалт бий. Улааны холимог металлын ордод 270 орчим тонн ураны нөөцтэй гэсэн урьдчилсан судалгааны дүн бий.

Энэ нь Улааны холимог металлын ордод хяналт тавих үүрэг Цөмийн энергийн газарт бий гэдгийг нотолно. Гэсэн ч “Шинь Шинь”-ийнхэн хуулийг хүндэтгэх хэрэггүй гэж үзсэн бололтой.

Улмаар энэ оны гуравдугаар сарын 1-ний дотор багтаан Техник, эдийн засгийн үндэслэлдээ ураны олборлолтын уул, техникийн нөхцөл баяжуулалт, эдийн засгийн тооцооны талаар нэмэлт төлөвлөгөө тусган Цөмийн энергийн газарт өгөх үүрэг хүлээсэн ч бас л биелүүлээгүй. Энэхүү тушаал нь өнгерсөн оны арваннэгдүгээр сард гарсан гэж тооцохоор “Шинь Шинь”-ийнхэнд ажил хийх хангалттай хугацаа байсан гэсэн үг. Гэвч тэд Цөмийн энергийн газрын үүрэг даалгаврыг биелүүлэхээс илүүтэй УИХ-ын гишүүн, аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал зэргийн хүчийг ашиглах нь илүү чухал хэмээн бодсон бололтой.

Эцсийн бүлэгт тухайн аймгийн төсөвт “Шинь Шинь”-иэс авдаг татварын мөнгө хэрэгтэй байж болно. Гэхдээ иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг гаргуунд гарган байж цацраг идэвхт ашигт малтмал олборлох эрхгүй компанийн төлөө сэтгэл, зүтгэл гаргах нь яаж ч бодсон увайгүй хэрэг. Хэдийгээр тус компани өнөөдөр Цөмийн энергийн газартай “Ураны илрэл бүхий талбайгаас олборлолт хийхгүй. Нөхцөл байдал нь боломжтой болсон үед зохих хуулийн дагуу ашиглана” хэмээн гэрээ байгуулсан ч энэ нь асуудал шийдэгдлээ гэсэн үг биш юм.

Тэр тусмаа орон нутагтаа нэр хүндтэй төрийн түшээд аймаг орон нутгийнхаа иргэдийн тархийг “Шинь шинь”-ийн үйл ажиллагааг зогсоох нь буруу” хэмээх суртал ухуулгаар эргүүлэх нь бүр ч зохимжгүй хэрэг биз ээ. Ямартай ч улстөрчид ард олны өмнө сайн хүний дүр эсгэчихээд цаашаа хараад огт танихгүй нэгэн болж хувирдаг энэ зуршлыг алийн болгон бид хүлээн зөвшөөрөх юм бэ.

Тэгээд ч тэдэнд хууртах үүрэгтэй гэж бидэнд хэн ч тулгаагүй шүү дээ. Сүүлийн мэдээллээр бол “Шинь Шинь” компанийнхан уран олборлохгүй. Хуулиа мөрдөн, зохих журмын дагуу ажиллана хэмээн үйл ажиллагаагаа нээсэн байгаа. Гэхдээ дахин хуулийг үл тоомсорловол Цөмийн энергийн газраас үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авахаар анхааруулсан ажээ.

Г.Отгонжаргал

Эх сурвалж: “Улс төрийн тойм”

No comments:

Post a Comment