Ж.Энхсайхан: Цөмийн зэвсэггүй статус нь төвийг сахих бодлогын үндэс, баталгаа болох учиртай

Ардын Эрх
2006/11/15 - 08:17, Лхагва гараг
Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус болон гадаад харилцааны зарим асуудлаар Монгол Улсаас НҮБ-ын дэргэд байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан, “Цэнхэр сүлд” ТББ-ын захирал, доктор Ж.Энхсайхантай ярилцлаа.

- Цөмийн зэвсэггүй статус санаачилж байх үеийн манай гадаад нөхцөл байдал ямар байсан бэ?

- Тэр бол 1990-ээд оны эхэн үе байсан. ЗХУ манайхаас цэргээ гаргаж байлаа. Манайх гадаад бодлого, аюулгүй байдлаа шинэ нөхцөл байдалд тодорхойлж, улсаа цөмийн зэвсэггүй бүс болгоё гэж шийдвэрлэсэн юм. Гадаадын цэрэг Монголын нутаг дэвсгэрт байрлаж байхад хөрш хоёр гүрний дунд байгаа манайд мөргөлдөөнд татагдан орох аюул байсан. Энэ байдлаас гарах хэрэгтэй гэсэн ханддага тэр үед гарч ирсэн юм. Нутаг дэвсгэр дээрээ гадаадын цэргийн бааз дахин байрлуулахгүй байх нь чухал байв. Цөмийн зэвсэггүй бүсийн статустай болох санаачлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээд, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1992 оны есдүгээр сард НҮБ-ын индэр дээрээс зарласан.

Гэхдээ зарлах гэдэг нэг хэрэг. Түүнийг баталгаатай болгох гэдэг өөр юм. Манайх Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа 1994 онд түүнийг тусгасан. Энэ маань дан ганц цөмийн зэвсэггүй статус гэхээсээ илүү экологийн, хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, цацраг идэвхийн асуудал гээд олон талыг хамарснаараа онцлог юм. Асуудлыг анх тавьж байхад их гүрнүүдийн албан ёсны дэмжлэг чухал байсан. АНУ манайхыг эхлээд дэмжсэн. ОХУ, БНХАУ удалгүй найрамдлын гэрээгээ шинэчлэхдээ дэмжсэн. Үндсэндээ 1997 он хүртэл энэ асуудлаар цөмийн зэвсэгтэй гүрнүүдтэй хоёр талын уулзалт хийж баталгаажуулах талаар нэлээд ажилласан. Манайх 2000 онд Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль баталсан нь ач холбогдолтой болсон юм. Цөмийн зэвсэггүй статусыг олон улсын хэмжээнд баталгаажуулах нь манай улсын төвийг сахих бодлогын үндэс, баталгаа болох учиртай.


- Ийм статустай болсны бүс нутгийн болоод дэлхий нийтийн ач холбогдол гэж бий юү?

- Асуудлыг тавьснаар манай аюулгүй байдал олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж чадсан. Монгол Улсын аюулгүй байдлын талаар НҮБ-д нэлээд ойлголттой болж эхэлсэн. НҮБ-ын хэмжээнд тогтоол батлуулах тухай яриа 1996 оноос гарч эхэлсэн. Энэ асуудал Монгол Улсын аюулгүй байдлыг бүс нутгийн аюулгүй байдалтай шууд холбож өгснөөрөө ач холбогдолтой зүйл болсон юм. Өмнө нь НҮБ энх тайван, аюулгүй байдлын асуудлаар хил хязгаарын маргаантай, дайн мөргөлдөөнтэй улсыг л анхаардаг байсан бол анх удаа цөмийн аюулгүй байдлаа баталгаажуулах гэсэн ирээдүйгээ бодсон орон руу анхаарал хандуулах болсон нь энэ юм. Манайхтай адил нөхцөл байдалтай Балба, Кипр, Мальт, Бангладеш, мөн Украиныг ч оруулж болно, ийм улсууд нэлээд бий.

Тэд манайхыг үлгэр дууриалал болгож, манай асуудал яаж шийдэгдэхийг харж байгаа. 1996-1997 оноос цөмийн зэвсэгтэй таван гүрэнтэй бүгдтэй нь нэгэн зэрэг ярилцдаг болсон. Тэд 2000 онд манай аюулгүй байдалд улс төрийн баталгаа олгосон юм. Тэр нь чухал алхам болсон боловч түүнийг нь бид хангалтгүй гэж үзээд эрх зүйн баталгаатай болох талаар ярьж эхэлсэн. Саппород 2001 оны есдүгээр сард Монгол Улс, НҮБ, цөмийн зэвсэгтэй таван гүрний төлөөлөгч уулзаж тийм баталгаа олгох арга замын талаар ярилцаж, энэ асуудлаар олон талт хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж үзсэн. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд 1998 оноос хойш энэ асуудлыг оруулж хоёр жил тутамд ярилцаж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр жил тутамд илтгэл гаргадаг болсон.Нийтдээ Ерөнхий нарийн бичгийн дарга гурван удаа илтгэл гаргаж, НҮБ дөрвөн удаа тогтоол батлаад байна. Нэг улс дангаараа цөмийн зэвсэггүй бүс болж болдог юм байна гэдгийг гаргаж ирснээрээ манай энэ санаачилга онцлог юм.

- НҮБ-аас энэ асуудлаар ямар утга агуулгатай тогтоол гаргасан бэ?

- Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласныг талархан сайшаасан. Цөмийн зэвсэггүй статус нь угтаа улс орнуудын үндэсний аюулгүй байдлыг хангах нэг арга хэрэгсэл мөн гэж заасан. Бүс нутгийн болон бусад улстай энхтайванч, найрсаг, харилцан ашигтай харилцаа хөгжүүлэх талаарх манай улсын идэвхтэй, нааштай үүрэг ролийг талархан сайшаасан байдаг юм. Мөн түүнчлэн Монголтой хамтарч ажиллахыг НҮБ-ын нийт гишүүн орнууд, түүний дотор цөмийн зэвсэгтэй таван улсад уриалсан. Монголд шаардлагатай туслалцаа үзүүлэхийг холбогдох байгууллагуудаас хүссэн байдаг.

- Одоо энэ тогтоолын хэрэгжилт ямар байгаа вэ?

- Үнэнийг хэлэхэд сүүлийн дөрөв таван жил манайх энэ талаар юу ч хийгээгүй гэж хэлж болно. ОХУ, Хятадтай баталгааны асуудлаар байгуулах хэлэлцээрийнхээ төслийг манай тал хоёр хөршдөө өгөөгүй дөрвөн жил болж байна.

- Ер нь бол манайд цөмийн шууд аюул занал байхгүй биз дээ?

- Бас тэгж хэлж болохгүй юм. Монгол Улсын эргэн тойронд цөмийн 20 гаруй төхөөрөмж байна. Манай хилийн орчимд, тодруулж хэлбэл ОХУ-ын Красноярск мужид цөмийн шаар булшилж байгаа тухай баримт мэдээллүүд байдаг. ОХУ-ын Төрийн Дум гадаадаас цөмийн хаягдал авч, өндөр өртгөөр Красноярск, бусад газарт түр болоод байнга булшлах зөвшөөрөл өгсөн хуулийг 2001 онд гаргасан байдаг. Монголын хойд хилийн цаахна Байгаль нуурын зүүн талд Краснокаменскийн ураны хаагдсан уурхай бий. Тэнд цөмийн шаар булшлах санал гарч байсан. Цөмийн салбарт хамтарч ажиллах тухай АНУ-ОХУ-ын хэлэлцээр байгуулагдвал Оросын цөмийн хаягдлын импорт ихээхэн нэмэгдэнэ. БНХАУ ч тодорхой үнэ өртгөөр гадаадын цөмийн хаягдлыг нутагтаа оруулж булшлахыг сонирхдог гэсэн мэдээлэл бий. Казахстан ч тийм сонирхол байгаагаа илэрхийлдэг болсон. Энэ нь манай хувьд түгшүүрийн дохио юм.

- Монгол Улс НҮБ-д элсээд 45 жил боллоо. Ер нь хэр нөлөөтэй гишүүн бэ?

- НҮБ-д Монгол Улс нэр хүнд сайтай. Нөлөө бол багатай. Тэнд нөлөөтэй байхын тулд хүн амын тоо, үйлдвэрлэлийн хөгжлийн төвшин, бэл бэнчин, хөрөнгө мөнгө, холбоотон дэмжигчид зэрэг хэрэгтэй байдаг. Манайх бол жижиг, бэл бэнчин багатай улс шүү дээ. Зарим тодорхой асуудлаар чухал санал санаачлага гаргаж оруулдаг. Үүнийг маань ч гишүүн орнууд талархан дэмждэг. Бичиг үсэггүй байдлыг халах, ардчиллыг дэмжиж хөгжүүлэх, нэг улс дангаараа цөмийн зэвсэггүй бүс байгуулах зэрэг манай санаачилсан асуудлыг НҮБ-ын гишүүн орнууд талархаж дэмждэг.

- УИХ-аар бол бие даагч гишүүн байх нь ээ?

- Тийм гэж хэлж болох талтай. НҮБ бол зарчмаараа эрх мэдэл багатай парламент шүү дээ. Нөгөөтэйгүүр улс төрийн хамгийн том бирж юм.

-Манайх нэг хэсэг НҮБ-д татварын өртэй байсан. Төлж дууссан болов уу?

- Тэр өрийг 2003 он гэхэд дарж дууссан байсан.

- Жилд хэдий хэмжээний татвар төлдөг юм бэ?

- Одоогоор сайн мэдэхгүй байна.

- Цөмийн зэвсэггүй статус гэдгээрээ манайх цэргийн аливаа нэг эвсэлд нэгдэхгүй, гадаадын цэргийн бааз байгуулахгүй гэчихсэн. Гэтэл Иракт энхийг сахиулах үйл ажиллагаанд цэргээ оролцуулж байгаа нь үүнд нийцэх үү?

- Иракт цэргээ явуулсан нь АНУ, Монгол Улсын хоёр талын тохиролцоогоор хийсэн ажил байх. Одоо Иракт байдал ямар болоод байгааг, АНУ бодлогоо эргэж харах гэж эрэл хайгуул хийж байгааг дэлхий нийтээрээ харж байна. Манайх хэр зөв шийдвэр гаргасныг цаг хугацаа өөрөө харуулах биз ээ. Уг нь НҮБ-ын гишүүн орны хувьд цэргээ НҮБ-ын далбаан дор явуулсан бол илүү онох байсан болов уу.

- АНУ манайд Мянганы сорилын сангаас олгох зээл тусламжаа шийдээгүй байна. Гэтэл Ерөнхийлөгч Ж.Буш манайд айлчлахдаа зэвсэгт хүчинд зориулж мөнгө хандивласан. Энэ нь бас нөгөө цөмийн зэвсэггүй статустай маань харшлахгүй биз?

- Манай бие даасан зэвсэгт хүчний шинэчлэлд зориулж, бас Иракт цэргээ илгээж, терроризмын эсрэг тэмцэлд нэмэр хандив болж байгаад маань талархаж тусламж үзүүлсэн байх. Мянганы сорилын сангийн тусламж бол өөр. Ирэх оны хавар, зунаас тэр тусламжийг үзүүлэх нөхцөлийн талаар тохиролцоонд хүрэх байх.

- Манайх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчийн статустай болчихоод байна. Хоёр хөрш орон Монгол Улсыг үүнд элсүүлэх сонирхолтой байдаг нь нууц биш. Үүнд яаж хандах нь зохистой бол?

- Энэ байгууллага анх ЗХУ, БНХАУ-ын хилийн асуудлыг тодотгох журмаар байгуулагдсан. Сүүлд нь ОХУ задарч Казахстан, Киргизстан, Узбекстан бие даасан улс болж, улмаар яриа хэлэлцээр таван талт болсон. Дараа нь хэлэлцэх асуудлын цар хүрээ тэлж, уг хэлэлцээ аажимдаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болж хувирсан. Манайх тэдэнтэй хөрш зэргэлдээ орны хувьд дор хаяж ажиглагч байх нь зүйтэй. Харин элсч орохын хувьд азнах нь зөв байх л даа. Байгууллагын чиг хандлага хаашаа эргэхийг ажиглах нь зүйтэй байх.

- Кубад болсон Эвсэлд үл нэгдэх орнуудын чуулга уулзалтад Монголын төлөөлөгч оролцсон. Энэ нь манай гурав дахь хөрш АНУ-д ямар нэг таагүй байдал үүсгээгүй байгаа? Эсвэл манай олон тулгуурт гадаад бодлогын нэг илрэл үү?

- Энэ нь манай гадаад бодлогод харшлахгүй. Олон тулгуурт гадаад бодлогын нэг чухал тулгуур, илэрхийлэл юм.

- Ирэх оноос Өмнөд Солонгосын иргэн НҮБ-ыг толгойлох гэж байна. Ингэснээр Ази тив рүү хандах хандлага илүү болно гэж үзэж болох уу?

- НҮБ бол дэлхий нийтийн байгууллага. Тийм болохоор тэр энэ тив гэсэн онцгой бодлого явуулахгүй. Гэхдээ Хойд Солонгосын асуудал, Афганистан, Иран, Иракийн байдал гээд нарийн төвөгтэй олон асуудал байгаа болохоор НҮБ эдгээрт анхаарлаа хандуулах нь зайлшгүй.

- НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүдийг өргөтгөнө. Түүний гишүүн болох сонирхол Монголд байдаг. Энэ биелэх боломжтой юу?

- Зөвлөлийг өргөтгөх асуудал ойрын үед шийдэгдэхгүй байх. Харин манайх 2007 онд Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд оролцох учиртай. Ирантай өрсөлдөнө. Эртнээс и дэвх санаачлагатай ажиллаж байгаа бол сонгогдох магадлал бий.

- АНУ-д Конгресийн сонгууль болж Ардчилсан нам ялалт байгууллаа. Энэ дүн дэлхий нийтийн харилцаанд нөлөө үзүүлэх үү?

- Тодорхой өөрчлөлтүүд гарах байх. Ялангуяа Иракийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлэх болов уу. Гэхдээ Ж.Буш Ерөнхийлөгч байсан цагт нэг их өөрчлөлт гарах нь юу л бол. Харин 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа өөрчлөлт гарах боломж бий гэж бодож байна.

- Та “Цэнхэр сүлд” гэдэг ТББ-ын захирлаар ажиллаж байгаа юм байна. Энэ ямар чиглэлээр ажилладаг газар вэ?

- Үүнийг 2005 оны арванхоёрдугаар сард байгуулсан. Энэ бол ашгийн бус, нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага юм. Удирдах зөвлөл нь долоон гишүүнтэй. Цөмийн зэвсэгийг дэлгэрүүлэхгүй байх, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг эрх зүйн үндэстэй болгоход дөхөм үзүүлэх зорилготой байгууллага юм. Гадаад, дотоодоос үүнийг асууж сонирхсон хүн олон байдаг.

Гэтэл манай статусын асуудлаар мэдээ, мэдээлэл хомс байдаг. Тухайлбал, Гадаад хэргийн яамны веб хуудсанд энэ талаар мэдээлэл байхгүй. Мөн НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчийн газрын веб хуудсанд мэдээлэл байсан нь алга болчихсон. АНУ-д суугаа манай Элчингийн веб хуудсанд Монгол, НҮБ-ын харилцааны чиглэлээр мэдээлэл байдаг боловч статусын тухай манай санаачлагын талаар мэдээлэл байдаггүй. Байдал нэг иймэрхүү л байгаа юм. Тийм ч учраас гадаадын сонирхсон судлаачдад мэдээлэл өгч байх нь “Цэнхэр сүлд”-ийн нэг зорилго юм.Энэ жил “Цэнхэр сүлд” санаачилж, Гадаад хэргийн яам дээр дурдсан хуулийн биелэлтийг гаргаж Засгийн газар, УИХ-д танилцуулаад НҮБ-д мэдээлсэн.

- Танайх ойрын үед ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

- Ирэх онд Монголд олон улсын хоёр хурал хийлгэхээр төлөвлөж байгаа. Эхнийх нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой. Зургаан талт хэлэлцээрт оролцдог зургаан орны төрийн бус байгууллагуудын төлөөлөгчдийн хурлыг дөрөвдүгээр сард хийлгэхээр ярьж байгаа. Хоёр дахь нь нь зургадугаар сард Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлаар тэдгээр орны төрийн бус байгууллагуудын хурлыг хийлгэж холбогдох Засгийн газруудад санал, зөвлөмж гаргаж хүргүүлэх бодолтой байна. Мөн ирэх жил веб хуудастай болох зорилго тавьж ажиллана. Цөмийн асуудлаар өргөн олон нийтэд яриа хийж, сонин хэвлэлд материал нийтлүүлэх ажил хийнэ. “Цэнхэр сүлд”-ээс БНАСАУ цөмийн зэвсэг туршсантай холбогдуулж мэдэгдэл гаргасан. Байдлыг намжааж, дайсагнасан харилцааг өөрчлөх замаар л талууд маргаантай асуудлаа шийднэ гэдгийг тэнд онцлон тусгасан.

- Зургаан талт хэлэлцээ гэснээс Хойд, Өмнөд Солонгостой аль альтай нь сайн харилцаатайн хувьд манай улс түүнд оролцож болдоггүй юм уу?

- Манай нөлөө бага л даа. Харин асуудлыг оновчтой шийдвэрлэх талаар санал бодлоо нэмэрлэж болох талтай юм.

Д.Оюунцэцэг

No comments:

Post a Comment