С.Баярцогт: Оюутолгой гэрээний талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө

http://news.gogo.mn/r/60258


2009 оны 10-р сарын 2
С.Баярцогт: Оюутолгой гэрээний талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Оюутолгой орд газрын хөрөнгө оруулалтын гэрээний төслийн тухай хэлэлцэх тухай бид мэдээлж байсан. Тэгвэл дөнгөж сая Засгийн газрын хуралдаан өндөрлөж Сангийн сайд С.Баярцогт мэдээлэл хийсэн юм.


Тэрбээр ярихдаа “Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Оюутолгой гэрээний төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2009 оны наймдугаар сарын 11-ны шийдвэрийг үндэслэж хуралдлаа.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс таван зүйлийн зөвлөмжийг бидэнд өгсөн. Үүнтэй холбогдуулж бид танилцуулга хийсэн. Үүний хариуд биднийг дахин дөрвөн зүйлийг илүү тодорхой болго гэсний үүднээс эдгээр есөн зүйлийг ажлын хэсэг хэлэлцүүлээд дахин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар бэлэн болгоод байна.

Дээрх есөн зүйлийн хүрээнд “Рио Тинто”-гоос бид илүү тодорхой материалуудыг авсан. Мөн Айвенхоу майнз компанийн хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан тайлбар авсан. Түүнчлэн тус компанийн хувьцаа эзэмшигч нарын тухай мэдээлэл зэргийг илүү тодорхой авч Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болоод байна” гэсэн юм.

Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээг батлах хугацааг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл хуралдсаны дараагаар шийдэх юм байна.

Энэхүү хурлаар орсны дараагаар одоо хэлэлцэгдэж буй асуудлуудыг олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулна гэж С.Баярцогт сайд мэдээллээ.

Ч.Болортуяа

No comments:

Post a Comment