С.Баярцогт: “Оюутолгой”-н гэрээ зурагдаад эхний ээлжинд 100 сая ам.доллар орж ирнэ. Үүгээр бид...

http://news.gogo.mn/r/59505
2009 оны 9-р сарын 16
С.Баярцогт: “Оюутолгой”-н гэрээ зурагдаад эхний ээлжинд 100 сая ам.доллар орж ирнэ. Үүгээр бид...

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны дараагаар Оюутолгой орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг батлах асуудал ямар шатанд явж байгааг Сангийн сайд С.Баярцогтоос тодрууллаа.


-Оюутолгой орд газрын хөрөнгө оруулалтын гэрээг батлах ажил ямар шатандаа явж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн болов уу?
-“Оюутолгой”-н гэрээ байгуулах ажил яг төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Хойшилсон зүйл байхгүй. Энэ гэрээг батлах явцад стратегийн томоохон хуулиудад өөрчлөлт орсон.

Хууль батлагдаад ёсчлогддог. Ёсчилсоны дараа ажлын тав хоногт Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхийн хугацаатай.

Энэ хугацаа дууссаны дараа тухайн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлдэг. Ингэж хүчин төгөлдөр үйлчилсний дараагаар Засгийн газар хэлэлцээд тогтоол гаргана. Хууль болон Засгийн газрын тогтоолууд албан ёсоор журамлагдах учиртай юм. Өнөөдрийн Засгийн газраар өөрчлөлт орсон хуулиудын хүрээнд тогтоол гаргалаа.

Одоо хөрөнгө оруулалтын гэрээний төслийн англи, монгол хувилбар эцсийн байдлаар гарч ойрын хугацаанд гэрээнд гарын үсэг зурах асуудал шийдэгдэнэ.

-Есдүгээр сардаа багтан гэрээ батлагдах уу?

-Багтана. Би баталгаатай хэлж байна. Эцсийн хугацаа нь энэ сарын 30-н гэсэн үг.

-Хөрөнгө оруулалтын гэрээ, зээлийн гэрээ хоёр давхар зурагдах уу?

-Хөрөнгө оруулалтын гэрээг гурван сайд зурна. Зээлийн гэрээг би өөрөө биечлэн тухайн байгууллагатай зурна.

-Урьдчилгаа мөнгө хэзээ ямар байдлаар орж ирэх вэ?

-Эцсийн байдлаар бэлэн болоод байгаа гэрээний төсөл дээр урьдчилгаа болгож 250 сая ам.доллар орж ирэх ёстой. Урьдчилсан тохироогоор гарын үсэг зурсан өдөр 100 сая, зургаан сарын дараа 50 сая, санхүүжилт хийгдэж дуусах хугацаанд 100 сая ам.доллар тус тус орж ирэх тухай яригдсан.

Энэ хугацааг урагшуулах талаар бид мөн ярьж байна. Ер нь нийт дүнгээ жилдээ багтааж авахаар дахин нарийвчилсан хэлэлцээрийг хийнэ.

-Энэхүү урьдчилгаа мөнгийг юунд зарцуулах талаар хэрхэн төлөвлөж байгаа билээ?

-Бид хоёр зүйл дээр ярьж байгаа. Нэг нь 2010 онд хүн амын нэгдсэн тооллого болно. Энэ бол манай улс шилжилт хийснээс хойшхи хамгийн том хэмжээний тооллого. Түүнд оролцох хүмүүс, бусад зардалд энэхүү мөнгөнөөс ашиглана.

Мөн хоёр намын сонгуульд мөрийн хөтөлбөрийн хүрээнд тодорхой хувийг бэлэн мөнгөөр тараах төлөвтэй байгаа. Энэ нь хүн амын тооллогод оролцсоныг баталгаажуулсан хэлбэрээр тараагдаж, зохион байгуулагдана гэж бодож байгаа.

Гэхдээ энэ бол гэрээ зурагдсаны дараа Засгийн газраар нарийн хэлэлцэгдэх юм.

Ийнхүү Өмнөговь аймаг дахь Оюутолгой орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ энэ сардаа багтан зурагдах аж. Энэхүү гэрээ зурагдсанаар манай улсад урьдчилгаа болж орж ирэх 250 сая ам.доллараар төр, засгийн удирдлагууд сонгуулийн амлалт буюу “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” зэргээ бэлэн мөнгөөр тараах асуудал яригдаж эхлэх нь ээ.


Ч.Болортуяа /bolortuya.ch@gogo.mn/


No comments:

Post a Comment