http://www.vip76.mn/chuluunbatog/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/20713-ochuluunbat-zasgiin-gazryn-licenz-cucalsan-shiidver-xuchingui-.html

http://www.vip76.mn/chuluunbatog/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/20713-ochuluunbat-zasgiin-gazryn-licenz-cucalsan-shiidver-xuchingui-.html
Уншсан: 789

Ч.САНСАР

УИХ-ын гишүүн О.ЧУЛУУНБАТААС цөөн зүйл тодрууллаа. Тэрээр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулаад байгаа o_chuluunbat_suugaaаж.

-Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахаар төсөл санаачилжээ. Батлаад жил тойрч буй ч хараахан хэрэгжиж чадаагүй байгаа хуулийг өөрчлөх гол шалтгаан нь юу байв?

-Энэ хуулийг анхнаас нь хэлэлцэж батлахад би эсрэг байр суурьтай байсан гишүүний нэг. Сайн нухацтай тооцоо хийгээгүй, Монгол Улсын эдийн засаг, уул уурхайн салбарт ямар үр дагавар авч ирэхийг яриагүй. Салбартай нь, нийгэмтэй сайн зөвлөлдөлгүй баталсан. Би ийм шалтгаанаар тухайн үед хуулийг батлахыг хойшлуулах санал гаргаж байсан. Гэхдээ бүтээгүй л дээ. Гэтэл хуулиараа 150 хоногийн дотор Засгийн газар гүйцэтгэх ажлынхаа төлөвлөгөөг УИХ-аар батлуулах байсан. Бүх цуцлах лиценз, газар нутгийн хэмжээг тодорхойлох байсан л даа.


-Гэтэл өнгөрсөн арваннэгдүгээр сард л Засгийн газар цуцлах лицензийн жагсаалтаа гаргасан биз дээ?

-Тийм ээ. Тэгэхээр Засгийн газрын тэр тогтоол өөрөө хүчингүй гэсэн үг. Хуулиараа 150 хоногт багтааж тодорхой болгох байсан юм. Энд гарц хэрэгтэй болж байгаа биз. Тиймээс хэсэг гишүүн хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. Гол санаа нь гаргасан лицензүүд дээр хяналтаа сайжруулъя шаардлагаа нэмье гэсэн агуулгатай. Ухамсартай, хариуцлагатай уул уурхайг Монгол Улс дэмжээд цааш явъя. Хэрэв бид урт нэрт шиг хамаагүй хууль гаргаад байвал ухамсаргүй, хариуцлагагүй уул уурхай руу явна.

-Хариуцлагагүй уул уурхай гэдэг нь юу вэ?

-Сүүлийн жилүүдэд хэчнээн мянган "нинжа" нэмэгдэв. Бидэнд тийм олон хяналтгүй "нинжа" нартай уул уурхай хэрэгтэй юү, хяналттай, том орлоготой, том техник хэрэглэдэг хариуцлагатай уул уурхай хэрэгтэй юү гэдгээ л бодох ёстой.

-Алтны компаниудын 254 лицензийг буцааж сэргээнэ гэсэн үг үү?

-Засгийн газрын шийдвэр нь өөрөө хүчин төгөлдөр бус. Хуулиараа бол нөхөн олговор олгож байж лицензүүдийг нь хураана гэсэн. Нөхөн олговрын дүн бол энэ байтугай дараа дараагийн хэдэн Засгийн газрын төлж дийлэхээргүй мөнгө. Тийм учраас л бидний гарц юу вэ гэдгээ бодох ёстой. Ухамсартай, хариуцлагатай уул уурхай руу шилжих хэрэгтэй байна. Бүх дэлхий тийм уул уурхайг хөгжүүлж байхад монголчууд яагаад өөр зүйл хайх хэрэгтэй гэж. Манай газар нутгийг баллаж байгаа ганц зүйл бол бүртгэлгүй, хариуцлагагүй уул уурхай шүү дээ.

-Бас татвар төлдөггүй гэж үү?

-Мэдээж төлөхгүй. Гэхдээ татвар төлөх асуудлыг нэгд тавих хэрэггүй. Тэд гэр орноо авч явж байгаа ажилгүй л залуус. Тиймээс л ухамсартай уул уурхайг төр нь өөрөө сонгох хэрэгтэй.

-Таны санаачилсан төслөөр ухамсартай уул уурхай бий болж чадах уу?

-Ямартай ч одоо олгосон лицензүүд дээр хориг тавих арга байхгүй. Үүнийг үргэлжлүүлэх санаа төсөлд бий. Хайгуул хийсний дараа ашиглалтын лиценз авахаар бол тэнд нь ухамсартай уул уурхайг сонгоё.

-Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын хайгуулын лиценз шинээр олгохыг хориглох тухай хуулийн төсөл дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний бодлоор хайгуулын лицензийг хориглодог бол буруу. Монгол Улс өнөөдөр газар нутгийнхаа 25 орчим хувьд л анхан шатны хайгуулын судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл, гэдэс дотор маань юу байгааг мэддэг болсон. 80 орчим хувьд нь юу байгааг мэдэхгүй явж байна. Татвар төлөгчдийн бус гадаад, дотоодын мөнгөтэй хүмүүсээр хаана, юу байгаагаа ухуулж мэдэх нь чухал биз дээ. Энгийн хүнээр жишээлэн ярихад, эмч дээр очиж сайн шинжилгээ хийлгэж байгаа байхгүй юу. Юу байгаагаа мэдсэний дараа бол ашиглалтын лиценз дээр хэнтэй ямар ч нөхцөлөөр ярьж болно. Хайгуулын лиценз гэхээр л Монголын баялгийг аваад зугтах юм шиг ойлгоод байх юм. Өнөөдөр болтол Монголын баялгийг аваад зугтсан нэг ч хөрөнгө оруулагч, баян этгээд байхгүй. Хэрэв Монголын хөрсөн доор тийм юм байна гээд олбол хуулийн дагуу л ажиллана. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө батлуулж, Засгийн газартай тохирно. Тэгэхээр хайгуулын лиценз олголтыг зогсоох нь буруу. Бүх дэлхий өөрийнхөө газар нутгийг бусдын хөрөнгөөр хайж байхад монголчууд яагаад ганцаараа эсрэг зүгт явах ёстой гэж.


No comments:

Post a Comment