О.Чулуунбат: Бид уул уурхайг яаж ч ажиллуулаад ийм том газар нутгийг сүйтгэж чадахгүй

http://www.vip76.mn/chuluunbatog/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/19898-ochuluunbat-bid-uul-uurxaig-yaaj-ch-ajilluulaad-iim-tom-gazar-nutgiig-suitgej-chadaxgui.html
Уншсан: 816

УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай ярилцсанаа хүргэе.

chuluunbat_glg-Сүүлийн үед дуулиан шуугиан дэгдээгээд байгаа «Урт нэртэй хуулийн хүрээнд зарим нэг компаниудын хайгуулын болон ашиглалтын лицензийг цуцалсан юм билээ. Үүнд та эсрэг байр суурьтай байгаа гэв үү?

-Бид байгаль орчноо сүйтгэхгүйгээр ухаантай, ухамсартай, хариуцлагатай уул уурхай явуулах үүрэг бүхий хүмүүс шүү дээ. Дэлхийн улс орны хөгжлийн түүхийг харахад бүгдээрээ л байгаль орчинтойгоо харьцаж ирсэн байдаг. Байгаль орчин, уул устайгаа харьцахгүйгээр хүн төрөлхтний хөгжил урагшаа явахгүй. Байшин барьсан ч газар ухна, муу усны суваг татна. Тэр байтугай газар тариалан уул уурхайгаас ч илүү хор хөнөөлтэй. Өчнөөн том газрыг сэндийлж, нүдэнд үзэгдэхгүй олон мянган тоосыг агаар мандалд бужигнуулдаг зүйл чинь газар тариалан шүү дээ. Энэ утгаараа байгаль орчны хамгаалал гэсэн асуудал нь байгаль орчныг сүйтгэх гэсэн ухагдахуунаар нийгэмд ойлгогддог болжээ.Байгаль орчныг сүйтгэх гэсэн хадны мангаа хүн болгоныг айлгаад хөдөлмөр эрхлүүлэхгүй болчхоод байна. Ийм тохиолдолд Монгол үндэстэнд бүр ч илүү хор хөнөөлтэй.Учир нь өнөөдрийн хувьд монголчууд хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан гурав дээр түлхүү ажиллах туршлага, боломж, мэдлэгтэй.Нэг ёсондоо өндөр электроникжсон, дижитал эдийн засаг руу ороход бэлэн биш байна. Тиймээс бид уул уурхай, байгаль орчин, уул устайгаа харьцаж байж орлоготой болно. Орлоготой болсон хойноо харин газар нутаг, уул усаа хайрлаж чаддаг болно. Тэгэхгүй бол бид иргэдийг хичнээн хорьж, торгоод ч гутал шатааж дулаацаж байгаа хүмүүсийг болиулж чадахгүй шүү дээ. Резин байтугай нүүрс шатаахаа болиоч ээ гээд байхад дугуй түлээд улаанбаатарчууд биднийгээ хорлож байна.Хоёрдугаарт улсын маань нийслэл Улаанбаатар гэхэд л 200 мянган ил жорлонтой байгаа. Энэ бол жинхэнэ утгаараа байгаль орчны гамшиг. Уул уурхайн компаниуд Монголын газар
шороог хордууллаа л гээд байна. Үнэн хэрэгтээ Улаанбаатарын байгаль орчинг нийслэлчүүд бид бүр гамшиг болгочхоод байгаагаа ойлгох хэрэгтэй. Бид ер нь байгаа онилбол Улаанбаатар руу л онилох хэрэгтэй байна.


-Гэхдээ та уул уурхайн хор нөлөөг арай жижиг зүйлтэй зүйрлээд байгаа юм биш үү. Байгаль орчинтой зүй бус харьцдаг уул уурхайн олон компани байгаатай санал нийлэхгүй байна гэж үү?

Магадгүй байгаль орчинтой буруу харьцсан жижиг аж ахуйн нэгжүүд бий байх л даа. Гэхдээ зөвхөн тэднээс болоод бид анхаарлаа Монгол Улс даяар хандуулчхаад байна.Үүний оронд анхаарлаа зөвхөн Улаанбаатар руу хандуулах шаардлагатай. Үгүй бол нийслэлийн нэг сая 300 мянган иргэн 20 жилийн дараа бүгд өвчтэй болно. Хүүхдүүд маань энэ агаараар амьсгалж байгаа цагт Монгол үндэстний генийн фондод маш хүнд цохилт болохыг үгүйсгэхгүй. Байгаль орчин чухал ч гэлээ гол анхаарлаа Улаанбаатарт хандуулах хэрэгтэй.

-Уул уурхайн сүйтгэлээс илүү Улаанбаатарыг гамшигт өртсөн гэж та тодорхойлж байна. Энэ гамшгаас яаж гарах вэ?

-Нэн түрүүнд маш хямдхан орон сууцыг олноор нь барих хэрэгтэй. Мөн ажлын байр бий болгох шаардлагатай. Ажлын байр бий болсон цагт хүмүүс цалингаараа орон сууцныхаа төлбөрийг хийгээд байхыг бодно. Тэгэхгүйгээр хэдхэн том төсөл яриад байвал нийслэлчүүд ажлын байраар хангагдахгүй бөгөөд ажилгүй хүмүүс цаашид утаагаа гаргасаар, гэмт хэргээ үйлдсээр л байх болно. Бусад улс орны хувьд ийм ядуу, орлого багатай хэсэгтээ зориудаар хүүгүй шахуу зээл, хямдхан орон сууц, ажил олгодог юм билээ. Ингэж нийгмийн үүрэг, хариуцлагыг бий болгодог. Нийгмийн үүрэг гэдэг нь ямар ч байсан би энэ орон сууцныхаа мөнгийг төлөх ёстой, хүүхдүүдээ энд өсгөх ёстой гэсэн хувь хүний ухамсар, хариуцлага. Гэтэл манай гэр хорооллынхон хариуцлага хүлээгээд яах юм. Хямдхан хашаа, гэртэй болохоор шатчихсан ч гомдохооргүй шахам шүү дээ. Тиймээс бид оношоо зөв тодорхойлоод, байгаа зөв онилохгүй бол дандаа буруу зүйл хийчих гээд байна. Энд байшин шатаад байхад тэндэх үнс рүү ус цацаад байж болохгүй биз дээ. Харин ч гал түймэр дотор бид өөрсдөө амьдарч байна.

-Та бид хоёрын ярилцлагыг уншсан уул уурхайн компанийнхан баярласандаа алгаа ташихаар байна шүү?

-Мэдээж уул уурхайн нөхөн сэргээлт хийдэггүй компаниуд бий. Тэр тусмаа төрийн өмчийн компаниуд уул уурхайг хөгжүүлж байна. Байгаль орчныг яаж сүйтгэдгийн тод жишээг тэд л үзүүлдэг. Юу ч хийдэггүй. Үүнээс болоод хүмүүс дургүйцээд байгаа юм шүү дээ. Тэгвэл өнөөдөр Сэлэнгэ, Баруунхараад уул уурхайн бизнес хийе гээд очвол хүмүүс алгаа ташаад хүлээж авна. Яагаад гэвэл хариуцлагатай, ухаантай уул уурхайг тэнд л хийж байна. Харамсалтай нь манайхны ихэнх нь хариуцлагагүй, ухаангүй, тэнэг уул уурхайг явуулаад байгаад хамаг учир байна.

Уг нь төр засаг хажуугаар нь өрсөлдөгч болж уул уурхайд оролцох хэрэггүй байгаа юм. Хэрэв төр засаг дахиад л байгаль орчныг сүйтгэж, нөхөн сэргээлт хийхгүй бол нөгөөдүүл нь барьцаад унана. Төрийн компаниудын Бугантад үлдээсэн Толгойтын орд, Бор-Өндөр зэрэг дайн болоод өнгөрсөн мэт гамшгийн газрууд бий шүү дээ.

-Уул уурхайн компаниудын зохисгүй үйл ажиллагаанд уг нь төр хамгийн их анхаарал тавих ёстой ч төрийн өмнөөс иргэний хөдөлгөөнүүд ажиллаад байх шиг санагддаг?

-Хяналт нь арай хэтрээд зарим хөдөлгөөнүүд бүр бизнесийн шинж чанартай болчихсон мэт харагддаг. Шантаажилж мөнгө авах зэргээр зохисгүй үйлдлийг илт үзүүлж байна. Тэгвэл үлгэр жишээч уул уурхайн компаниуд бас бий. Тухайлбал «Бороо гоулд»-ыг шантаажилъя гэсэн ч чадахгүй л байхгүй юу. «Бороо гоулд» яаж байгаль орчныг нөхөн сэргээж, орон нутагт яаж дэд бүтэц барьж, байгуулж байна, яаж орон нутгийн иргэдийг ажилтай болгож, бараа бүтээгдэхүүн ихээр нь худалдаж авч байна. Үүнийг , дагаад орон нутаг хөгжиж байгаа учраас ийм уул уурхайг бид дэмжиж ажиллах ёстой.

-Уул уурхайгаа хөгжүүлж байж л Монгол Улс ахиж, дэвших нь тодорхой. Гэхдээ үнэхээр байгаль орчин сүйтгээд байгаа учраас л «Урт нэртэй хууль» гаргасан байлгүй дээ?

-Монголчууд ийм том газар нутагт яаж ч уул уурхай ажиллуулаад сүйрүүлж чадахгүй. Миллиард 400 сая хүнтэй Энэтхэг улс тэр жаахан газрыг өнөөдөр хүртэл сүйрүүлж чадаагүй л байна шүү дээ. Европ, Америк гээд хэдэн зуун сая хүн амтай улс орнууд ч газар нутгаа сүйрүүлээгүй байна. Гэтэл манайх газар нутгаар хамаагүй том, хамгийн баян орон мөртлөө сүйрүүллээ гээд байх юм. Бидний үйл ажиллагаанаас болж газар нутаг сүйрээд байгаа юм биш, ер нь дэлхийн байгаль орчинд өөрчлөлт гарч байгаа учраас экологийн"сүйрэлд орчихсон мэт санагдаад байна. Энэ сүйрлийг хэн хийсэн бэ гэвэл хөгжсөн улс орнуудын урд үеийнхэн. Байгаль орчныг хайр найргүй шатааж, хайр найргүй ухаж, хайр найргүй усыг хэрэглэж, хайр найргүй химийн хорт бодис хэрэглэж байсан хүмүүс бол тэд. Бас хайр найргүй байлдаж байсны үр дүнд дэлхий нийт экологийн сүйрэлд өртчихөөд байна. Дэлхий гэдэг чинь нэг л бөөрөнхий, цул зүйл болохоор энэ гамшиг Монголд ч хамаатай. Тэгээд ч зөвхөн уул уурхайн компаниуд газар нутгийг сүйрүүлээд байгаа юм биш. Би Сэлэнгэ аймгийн нутгаар сая очоод ирлээ л дээ. Миний төрсөн нутагт Дэрэнгийн гол, Булагтайн гол гэж байдаг юм. Намайг байхад л арвин их устай байсан энэ голын ус зундаа татардаг болчихсон байна лээ. Гэтэл тэр хавьд уул уурхайн компани үйл ажиллагаа явуулах нь бүү хэл айл ч байдаггүй. Тийм зэрлэг, онгон газар хүртэл усгүйдэж байхыг бодоход энэ бүхэн зөвхөн уул уурхайн үйл ажиллагаанаас болоогүй болов уу. Иймээс байгаль орчин өөрчлөгдөж байгаа энэ үед Монгол Улс өрсөлдөх чадвартай л үлдэх ёстой. Нэг ёсондоо бид яаж энэ газар нутгийнхаа яг жинхэнэ эзнээр үлдэх вэ гэдэг өрсөлдөөнд орж байна шүү дээ. Энэ үед хамгийн эрүүл, хамгийн бодлоготой, чадвартай нь эзнээр үлддэг юм.

-Эзэн байлаа гээд баян амьдарч чадахгүй бол хэрэг алга?

-Саяхан би Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Монгол Хятадын хамтарсан компанийг найздаа хэлж, зурагтаар шүүмжлүүлсэн юм. Гэтэл ердөө долоохон хоногийн дараа дахиад л үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. Тэднийх ямар ч цэвэрлэгээний байгууламжаар дамжуулахгүйгээр бохироо шууд Туул гол руу цутгачихдаг юм билээ. Өөрөөр хэлбэл ийм ядуу, орлого багатай нийгэмд бид амьдарч байна шүү дээ. Төрийн ажилтнууд нь хүртэл орлого багатай учраас байгаль орчныг бохирдуулдаг аж ахуйн нэгжүүд жижигхэн авилга өгөөд л үйл ажиллагаагаа явуулчхаж байна.

-Тэгэхээр нэгэнт ядуугаа бид хүлээн зөвшөөрч байгаагаас хойш ажиллаад л байх хэрэгтэй болж байна. Ногоон эдийн засагтай, ногоон байгальтай болтол удах байх даа?

-Бид ганцаархнаа дэлхий дээр амьдарч байгаа улс биш. Европ, Америк гээд дэлхийн хөгжилтэй улс орнууд бүгдээрээ энэ замыг туулаад явсан. Иргэн нь эрүүл, ухаантай, соёлтой, боловсролтой болоогүй байхад эдийн засаг нь ногоон болж хэзээ ч чадахгүй. Иймээс иргэнээ л хамгийн түрүүнд тордох ёстой. Иргэн нь ухаантай, боловсролтой,чадалтай, орлоготой байх юм бол өөрийнхөө орчин тойрныг хайрлаж эхэлнэ.Тэгээд Улаанбаатар хотоо хайрлана.Цаашилбал Монгол Улсаа хайрлаж эхэлнэ. Гэтэл долоон буудалд гэртээ резин шатааж байгаа хүний чихэнд байгаль орчноо хайрла гэж хичнээн хэлээд ч хайрлахгүй. Амьдрал нь үхэх үү, сэхэх үү дээрээ байгаа хүн юун байгаль орчноо бодохтой манатай. Тийм учраас хүнээ аймаар их ажилтай, орлоготой болгох хэрэгтэй гэдгийг би дахин дахин хэлмээр байна. Иргэддээ зээл хангалттай өгч, бизнесийн орчныг сайжруулаад энэ олон төрийн аппаратуудын дарамтыг багасгах шаардлагатай.

-Төрийн аппарат хэтэрхий данхайгаад байгаа нь ч үнэн шүү?

-Тэгэхгүй яах юм. Ширээн дээрх арван буузыг арвуулаа хуваагаад иддэг байсан бол арван шалгагч нэмээд 20-уулаа хувааж иддэг болох гээд байна. Гэхдээ арван буузыг чимхдэг хийдэг хүн нь байгүй, үнэр, амт давс, ус, тавгийг нь шалгадаг хүмүүс хэт олон болчихсон. Бууз хийдэг нь биш, бууз шалгадаг нь нэмэгдээд байхаар бид ядуурах нь аргагүй шүү дээ.

-Төрийн энэ замбараагүй дарамт, шалгалт бизнесийнхэнд их хэцүү санагддаг шиг байна лээ?

-Бизнесийнхнээс энэ талаар асуухаар сардаа өчнөөн шалгалт ирдэг гэж хэлдэг юм. Цагдаа, татвар, гааль, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийнх, байгаль орчных, эрчим хүчнийх, усных гээд cap бүр арав, хорин хүн очиж дарамталж байна шүү дээ. Ийм байхад яаж ажил хийх юм бэ. Өө сэв хайгаад торгуулийн тоог өөрөө дур мэдэж тавьдаг хүн Монголд таван мянга байна. Энэ бол Монгол Улсыг хөгжүүлэхгүй байх хамгийн том хөшүүрэг юм шүү дээ.

Сурвалжлагч:С.Бэлэгмаа



No comments:

Post a Comment