эх сурвалж http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=14107&vmet_main=4915
он сар
-ЯПОНЧУУД УРАНЫ ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ НЭРИЙДЛЭЭР МӨНГӨ УГААЖ БАЙНА ГЭВ ҮҮ?-
Дэлхий нийтэд эрчим хүчний хэрэглээ эрс өсч буй өнөө үед атомын цахилгаан станцын түүхий эд болох ураныг олох нь олон улс орны толгойны өвчин болоод буй. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрт энэ баялгийн эрэлд мордож их хэмжээний хөрөнгө хүч зарцуулдаг болсон билээ. Хэдхэн жилийн өмнө нэг кг ураны үнэ 10 ам.доллар байсан бол өнөөдөр нэг LB буюу кг-ынх нь үнэ зургаа дахин өссөн мэдээтэй байна. Цаашид ч үнэ нь өснө гэж шинжээчид үздэг. Байгалийн баялгийн үнэр авагчид өнөөдөр зөвхөн Монголын алтыг бус ураныг сонирхох болов. Ураны талаар ямар ч ойлголтгүй явсан монголчууд бид нэг л мэдэхэд гадаадынхны тэмцлийн талбар болж хувирлаа. Ураны ашиглалт, хайгуулын лиценз хаданд гарч, улс төр, бизнесийн бүлэглэлийнхний луйвар, авлига дунд "өлгийдүүлж" явна. Үүний нэг илрэл нь Архангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах ураны хайгуулын талбайн төлөөх уран мөрөөсөгчдийн улайрсан тэмцэл юм. Энэ орд газар тус аймгийн Өндөр-Улаан, Жаргалант, Тариат гэсэн гурван сумын уулзварт оршдог. Тодруулбал, Далтын овоо буюу Асар уул нэртэй газар даган байрладаг орд газар юм. Энэ талбайг эзэмших зөвшөөрөл анх Ц.Соёмбод байсан ажээ.
Тэрбээр "Монгол 3000" ХХК-ийн захирал. Тэр энэ орд газартаа Оросын "УРГ" компанийн хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хайгуулын ажлаа эхлүүлсэн аж. Ураны үнэ хаданд гарч, гадаадынхны сонирхол ихэссэн энэ үед манай улс Цөмийн энергийн тухай хуулиа шинэчлэх шаардлагатай болов. Нэмэлт өөрчлөлт орсон хууль өнгөрсөн арваннэгдүгээр сараас мөрдөгдөж эхэллээ. Хуулийн дагуу энэ чиглэлээр олборлолт, хайгуул хийдэг аж ахуйн нэгжийн шинэчилсэн бүртгэлийг Цөмийн энергийн газар орон даяар хийх шаардлагатай болсон байна. Энэ байдлыг Ц.Соёмбо овжноор ашиглаж, багын андаараа түшиглэн мэх зохиожээ. Энэ мэх нь түнш "УРГ" компанийг замаасаа зайлуулж, өөр түншүүдтэй болох. Багын анд С.Энхбат нь Цөмийн энергийн газрын дарга тул "УРГ" компанийн нэр дээр бус "Монгол 3000" ХХК буюу өөрийн нэр дээр шинэчилсэн бүртгэл хийлгүүлэхээр баримт бичиг бүрдүүлэн өгсөн байна. Хууль ном журмынхаа дагуу бол Ц.Соёмбо 51 хувь эзэмшдэг "УРГ" компанийнхантай тохиролцон дээрх шийдвэрийг гаргах ёстой байсан ч багын андаараа бамбай барьсан нь энэ. "УРГ" компанийнхныг бичиг баримтаа бүрдүүлж өгөхөд "Шинэчилсэн бүртгэл арай хийгдэх болоогүй байна, хүлээж бай" гэсэн үгээр Цөмийн энергийн газрынхан уясаар байжээ. Гэтэл шинэчилсэн бүртгэл "Монгол 3000" компанийн нэр дээр гарав. Харин "УРГ" компанийнхан Арбитрын шүүхэд гомдол гаргасан байна. Арбитрын шүүх "Монгол 3000" компанийн буруу хэмээн үзэж 1.7 сая гаруй төгрөг гаргуулахаар болсон аж. Иймд Ц.Соёмбо "Б" хувилбартаа оржээ. А.Эрдэнэбат гэх хүнд 49 хувиа арилжжээ. Арилжих юу байх вэ эртнээс төлөвлөсөн ажлаа хийсэн аж. "Б" хувилбар нь их аварга Асашёорюү ахынхаа хамт энэ орд газрыг эртнээс авахаар хөөцөлдөж ярилцаж байсных. Тэр ордоо "40 мянгатын" нэг дошин дээр өссөн С.Энхбатаараа дамжуулан их аваргад үнэд хүргэх боломж. Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат Өвөрхангай аймгийнх. Их аварга ч энэ нутгийнх. Иймд нутгийн дүүдээ ураны орд газрын хайгуулын лицензийг компанийнх нь нэр дээр болгоход Цөмийн энергийн газрын даргад ядах юм байсангүй. Ийнхүү гурван сумын зааг дээр орших ураны орд хууль бусаар их аваргын аманд аяндаа гүйгээд оржээ. "УРГ" компанийнхан харин хохирч үлдэж. Уг нь ч Монголын юмыг монгол хүн авахад харамсаад байх юм алга. Гэхдээ хүн бүр мөрдөх ёстой хууль журам гэж бий. Хууль журмаа мөрдөж байвал бид эх орноо хамгаалж чадаж байна гэсэн үг. Харамсалтай нь хуулиас гадуур Их аваргын мэдэлд очсон энэ орд газарт Японы якуза нарын мөнгө угааж байна гэсэн "хов" хууль хяналтынханд ирсэнд хамаг учир байгаа юм.
Их аварга Асашёорюүгийн ах Сумъяабазарынх гэгддэг Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан энэ орд газрын хайгуулын ажилд зориулан дөрвөн сая ам.доллар төвлөрүүлэн зарцуулж байгаа гэсэн баримт байгаа юм. Энэ бол зөвхөн энэ онд зарцуулах мөнгө. Сумогийн их аварга ч гэсэн жилд ийм их мөнгө зарцуулах хүн мөн үү гэж бодмоор. Учир нь түүний жилд олдог байсан мөнгийг сумо сонирхогчид бүгд цээжээр мэднэ. Ямартай ч эх сурвалжийн өгүүлж байгаагаар их аварга "Нуклер энержи Монгол" гэсэн компани байгуулж, захирлаар нь Амалхааны Эрдэнэбат гэдэг хүнийг томилсон байх юм. Гаднаас нь харахад их аваргын оролцоо энд байхгүй ч орд газрынхаа хөөцөлдөх ажлыг ахтайгаа хамт гүйцэлдүүлдэг хэмээн ойрын эх сурвалж нь мэдээлж буй юм. Энэ компани япончуудтай ямар холбоотойг судлахад "Хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 1.2-т Шилжүүлэн авагч нь компанийн нийт энгийн хувьцааны 45 (дөчин тав) хувь буюу 1307 (мянга гурван зуун долоо) ширхэг хувьцааг шилжүүлэн авснаар компанийн хувьцааг 45 (дөчин тав) хувь эзэмшиж, хувьцаатай холбоотой компанийн өөрийн хөрөнгө, үүнтэй холбоотой эрх үүрэг, ашиг сонирхлыг бүрэн эзэмших ба компанийг нь Япон улсын иргэд болон хуулийн этгээдтэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, төлбөр, төлөгдсөнөөр шилжүүлэн авагч нь компаниас шилжүүлэн авсан 45 (дөчин тав) хувийн хувьцааг шилжүүлэгч талд буцаан үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэг хүлээх болно" хэмээжээ.
Юутай ч Цөмийн энергийн газрын даргатай хуйвалдан Их аварга ураны бизнест хүч үзэхээр болжээ. Хөрөнгө оруулагч япон нь манай их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн олон жил нөхөрлөж буй ойрын анд гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм.
Ураны орд газрыг эзэмших, хөрөнгө оруулах сонирхолтой гэдгээ мэдэгдээд буй орнуудын тоонд Япон улс зүй ёсоор ордог. Гэхдээ хууль журмын дагуу бус авсан орддоо их аварга буруу гарын мөнгө оруулж байгаа бол харамсалтай юм. Нөгөө талаар хууль хяналтынханд ирсэн мэдээллээр япончууд үнэхээр мөнгө угааж байгаа бол мэдээж энэ нь ноцтой зүйл. Мөнгө угаах нь гэмт хэрэгт албан ёсоор тооцогддог хориотой зүйл билээ. Тэр тусмаа хөрөнгө оруулалт нэрээр ийм зүйл хийх нь эргээд сайн үр дагавар авчирдаггүйг манай улс битгий хэл дэлхий нийт болгоомжлон хүлээж авдаг.
Монголын зүүн бүс нутагт ураны 80 орчим ордын илрэл байдаг гэдэг. Одоо Дорноговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт Канад, Франц, Орос, Америк, Австралийн компаниуд хайгуул хийж байгаа ажээ. Тэдний ураны хайгуулд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ сүүлийн хоёр жил огцом өссөн байх юм. Одоогоор 1.4 сая тонн ураны нөөц илрүүлээд буй. 1995 онд манай орныг 80 мянган тонн ураны нөөцтэй хэмээн тодорхойлж байсан юм. Энэ нь хүйтэн дайны үед цөмийн зэвсгийн гол түүхий эд болохынх нь хувьд ихэд нууцалж байсантай холбоотой гэдэг. Энэ ч утгаараа манай улс ураны салбарт хөрөнгө оруулж буй хөрөнгө оруулагч нарт нарийн хяналт тавьж, шалгуураа өндөрсгөх хэрэгтэй мэт.
Г.ЯЛГУУН
No comments:
Post a Comment