он сар 2011.03.30 14:43:24 (*.232.29.221)
- Зүгээр нэг хамтарсан компани байгуулах гэж байсан бол түүн шиг амархан зүйл байхгүй. Маргаашийн дотор ч байгуулж болно. Гэтэл “Дорнод уран” тийм компани биш. Энэ компанийг байгууллаа гэхэд юун түрүүнд хаана ажиллах вэ гэдгийг нь шийдэх ёстой.
- Монголын хамгийн их ураны нөөцтэй Дорнод ордыг хамтарч эзэмшинэ гээд шийдчихсэн биз дээ?
- Уг нь бол тийм. Аль, аль тал нь Дорнод ордын лицензийг эзэмшиж байсан “Төв Азийн уран” компанийн 21 хувийг эзэмшдэгийнхээ хувьд энэ асуудлаар тохиролцоонд хүрсэн. Оросын тал манай эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрсөн. Манай шаардлагыг ч тэр. Хоёр улсын хооронд ямар ч асуудал байхгүй. Гэтэл энд хамгийн том асуудал болоод байгаа зүйл нь уг ордын асуудал. Дийлдэшгүй хүчин зүйл ч гэмээр юм уу даа.
- Та "Хан ресурс"-ын гомдлыг хэлж байна уу?
- Тийм ээ. Өмнө нь Дорнод ордын лицензийг эзэмшиж байсан Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани олон улсын арбитрын шүүхэд өргөдөл өгсөн. Бид олон улсын арбитрын шүүхэд өргөдөл өгчихсөн байхад нь Дорнод ордын лицензийг Монгол, Оросын хамтарсан компанид шилжүүлчихвэл энэ маш том асуудал болж хувирна. Бид үүнээс болгоомжилж байна. Шүүхэд ялагдах шалтгаан ч болж болно шүү дээ.
- Хөрөнгө оруулагч тал өнгөрсөн хугацаанд удаа дараа зөрчлөө арилгаагүй. Монголын хууль, эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ мэдэгдэж байсан. Засгийн газрын зүгээс лицензийг нь хурааж авахтай зэрэгцээд нөхөн олговор өгнө гэдгээ амласан. Энэ бүхэн олон улсын арбитрын шүүхэд барьж орох бодит тайлбар байж болох юм. Иймд өөрсдийн барьж буй зарчмаа баримтлаад хамтарсан компанийхаа ажлыг урагшлуулах нь оновчтой биш үү?
- Уг нь тэгэх ёстой. Гэхдээ шүүхийн шийдвэр гараагүй байхад бид лиценз өгчихвөл дараагийн том асуудал босно. Шүүх нь Та нар гадаадын байгууллагыг анхнаас нь дээрэлхсэн байна. Лицензийг нь эргүүлж “Хан ресурс”-т өг” гэвэл яах вэ. Тэр үед “Дорнод уран” компаниас эргүүлж аваад “Хан ресурс”-т өглөө гэхэд Оросын тал бидэнтэй бас л шүүхдэх болно. Тэд Монголын төрөөс 200 сая бус хоёр тэрбум ам.доллар нэхээд ирвэл яана. Асуудал үүнд байгаа юм.
- "Хан ресурс" Засгийн газраас 200 сая ам.доллар нэхэж байгаа билүү?
- Тийм ээ. Юу хийсэн, яасан нь ойлгомжгүй байхад л нэхээд байгаа шүү дээ.
- Танайхаас аудит хийлгэхгүй юм уу?
- Асуудал дөнгөж эхэлж байна. Хамгийн түрүүнд арбитрын шүүх энэ гомдлыг бид хэлэлцэх нь зөв үү, буруу юу гэдгийг шийдэх ёстой. Үүнийг шийдтэл бид ямар ч хөдөлгөөн хийхгүй. Одоогийн байдлаар хоёр талын арбитрч ерөнхий арбитрчаа дөнгөж сонгоод байгаа. Ойрын хугацаанд баталгаажуулна. Тэд “Хан ресурс”-ын гомдлыг олон улсын арбитрын шүүхээр хэлэлцэх эсэхээ шийднэ. Гэхдээ тэнд “Тухайн улсын дотоодын шүүх уг асуудлыг хэлэлцсэн бол олон улсын арбитрын шүүх хэлэлцэх шаардлагагүй” гэсэн нэг эрх зүйн гаргалгаа байдаг юм билээ. Ерөнхийдөө тийм шийдвэр гаргах магадлал тун өндөр байгаа.
- Монголын Засгийн газрыг төлөөлж байгаа арбитрч нь хэр нэр нөлөөтэй хүн бэ?
- Барууны арбитрчид маш их бие даасан байдаг. Манайх арбитрчаа сонгохдоо “Хан ресурс”-ын сонгосон арбитрчтай дүйцүүлэхийг зорьсон. Манай зөвлөх компани “Хан ресурс”-ын арбитрчтай дүйж өрсөлдөхүйц нэр хүндтэй долоон арбитрчийн танилцуулгыг бидэнд өгсөн. Тэр долоон хүнээс энэ хүнийг сонгосон.
- Хангалттай туршлагатай гэсэн үг үү?
- Хангалттай туршлагатай. Энэ төрлийн маргаанд төр болон хувийн хэвшлийн аль, алиныг нь төлөөлж байсан. Эцсийн шийдвэрийн ихэнх нь өөрийнх нь талд гарсан байдаг юм билээ.
- Хурал аль улсад болох вэ. Манай талаас улсаа сонгох боломжтой юу?
- "Хан ресурс" Австралид хурлаа хийлгэх санал гаргасан. Манайх хараахан саналаа өгөөгүй байгаа. Бидний хувьд анхнаасаа “Энэ бол арбитрын шугамаар шийдэх асуудал биш” гэсэн байр суурьтай байгаа учраас шүүх хурлыг хаана хийлгэх вэ гэдэг талаар түрүүлж дуугарах хэрэггүй гэж үзсэн. Гэхдээ арбитраар хэлэлцэнэ гэх юм бол бид Австралид хийлгэхгүй. Тэнд Канадын уул уурхайн салбарын нөлөө асар их. Иймд Францыг сонгож магадгүй.
- Та дотоодын шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ гэдэгт найдаж байгаа юм байна. Гэтэл шүүх ямар шийдвэр гаргасныг хоёр тал өөр, өөрийн эрх ашгийн үүднээс тайлбарлаад байгаа. Таны хувьд товчхон тодорхойлоход Монголын шүүхийг өөрсдийн талд шийдвэр гаргасан гэж үзэж байна уу?
- Шийдвэр нь л тэр байсан. Утгачилбал “Лицензийг нь эргүүлж өгөх, эсэх нь Цөмийн энергийн газрын даргын бүрэн эрхийн асуудал” гэж гарсан. Би шийдвэрийг өөрийнхөө сонирхлын хүрээнд гаргаагүй. Улсынхаа эрх ашгийн төлөө гаргасан. Иймд эргүүлж олгохгүй гэдэг байр сууриа баримтална. Энд өөр хувилбар гэж байхгүй.
- "Хан ресурс" Оросын төрийн мэдлийн “Атомредметзолота” компанийг шүүхэд өгсөн байгаа. Гомдол гаргах болсон шалтгаан нь Монголын Засгийн газартай холбоотой. Энэ асуудалд та ямар дүгнэлт өгөх вэ?
- Канадын шүүхэд “Атомредметзолота” компанийг өгсөн байна лээ. Өгөхдөө “Монголын Засгийн газарт дарамт үзүүлж, лиценз хураалгасан” гэсэн тайлбар хийсэн. Манай асуудал олон улсын арбитрын шүүх дээр хэрхэн шийдэгдэхээс Оросын талтай хийж байгаа маргааны хариу гарч таарах болов уу.
- Энэ гомдол мөнгөн нэхэмжлэлтэй байх шиг байсан?
- Хохирлоо 300 сая ам.доллар гэж үзээд нэхэмжилсэн байсан. Уг нь “Хан ресурс” компанийн үндсэн үнэлгээ нь 20 гаруй л сая ам.доллар шүү дээ.
- Гэхдээ тухайн хөрөнгө оруулагч ирээдүйнхээ олж болох байсан ашгийг стратеги төлөвлөгөөн дээрээ тулгуурлан нэхэмжлэх эрхтэй биз дээ. Энэ утгаараа 20 гаруй сая ам.долларын үндсэн үнэлгээгээ ирээдүйд 200-300 сая ам.долларт хүрнэ гэж үзсэн байж болох юм?
- Тэгж нэхэмжлэл гарах боломжгүй. Олон улсын хуулиар тухайн улс өөрийнхөө хөрөнгийг улс орныхоо эрх ашгийн төлөө эргүүлэн авсан бол хөрөнгө оруулагчийн ирээдүйн ашгийг төлөх үндэслэлгүй гэж үздэг юм байна.
- Оросын талын оролцох шүүх хуралд Монголын Засгийн газрын төлөөлөгч гэрчээр оролцох шаардлагатай юу. “Биднийг Оросын Засгийн газар дарамтлаагүй” гэж хэлэх хэрэгтэй байж мэдэх юм?
- Тэгж магадгүй. Нэгэнт “Хан ресурс” компанийн удирдлагууд манай улсын Засгийн газрыг Оросын дарамтанд орж, лицензийг нь хураасан гэж үзэж байгаа бол бид тайлбар тавих ёстой.
- Та Засгийн газрыг төлөөлж, Канадын шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөх үү. Цөмийн энергийн газрын дарга гэдэг утгаараа?
- Үгүй биз дээ. Тэнд очиж, мэдүүлэг өгөх сонирхолтой хүн олон байх шиг байсан шүү. Гэхдээ тухайн шүүхийн хууль, эрх зүйн орчныг бас харах хэрэгтэй. Наад зах нь, манай Засгийн газраас төлөөлөгч дуудах эрхгүй байж болно шүү дээ. Заавал оролцоно гэсэн зүйл байхгүй.
- Оросын тал энэ асуудлаар та бүхэнтэй санал солилцсон уу. Танай зүгээс тайлбар хийх хэрэгтэй гэдэг ч юм уу?
- Одоогоор тийм хүсэл илэрхийлсэн зүйл алга. Харин манай хэвлэлд гарсан “Оросын тал дарамталж, шийдвэр гаргуулсан” гэсэн утгатай нэг ярилцлагад тайлбар өгөөч гэсэн хүсэлт гаргаж байсан.
- Хэний ярилцлагад вэ?
- Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар өнгөрсөн оны аравдугаар сард тийм утгатай ярилцлага өгсөн байсан. Тэр ярилцлагад л тайлбар хүссэн.
- Магадгүй Канадын хөрөнгө оруулагчид Д.Сугар даргын ярилцлагыг эрх бүхий албан тушаалтны үг гэдэг утгаар нь баримт болгон ашиглах юм. Тийм үү?
- Тэгэхгүй гэж баталгаа байхгүй. Гэхдээ оросуудыг асуудлыг заавал шүүх рүү аваачихгүйгээр наагуур нь шийдчих болов уу гээд харж байна даа.
- Яагаад?
- Оросын тал ямар ч тохиолдолд Хойд Америкт нэр нүүрээ алдахыг хүсэхгүй л болов уу. “Атомредметзолота” бол Торонтогийн хөрөнгийн бирж дээр асар өндөр нэр хүндтэй компани. “Хан ресурс”-ын дэргэд ёстой компани шиг компани. Иймд Канад дахь сонирхлоо хамгаалахын тулд шүүх хуралд хүргэхгүйгээр асуудлыг шийдэж магадгүй. Энэ нь ч тэдэнд ашигтай.
- Өмнө нь Канадын Элчин сайдын яамнаас танд “Хан ресурс”-ыг хамгаалах сонирхол бүхий захидал ирж байсан. Ойрын хугацаанд шинэ захидал хүлээж аваагүй биз?
- Үгүй шүү. Би Канадаас Монголд суугаа шинэ Элчин сайдтай уулзаагүй байгаа. Захидал ч ирээгүй байна.
- Хятадын хөрөнгө оруулалттай “Шинь-шинь” компанийн асуудал юу болсон бэ. Танд төрийн өндөр албан тушаалтнуудаас “Шинь-шинь” компанийн “хаалгыг нээ” гэсэн албан бичиг ирүүлж байсан гэх юм билээ?
- Гуравдугаар сарын 1-нд манайх лацадсан. Өмнө нь бид зөрчлөө арилгах гурван сарын хугацаа өгсөн. Тэд зөрчлөө арилгаагүй. Ирэх гурван сарын хугацаанд арилгахгүй бол шууд хаана. Тухайн үед ирсэн захидал, албан бичгийг хараад би Хятадын компаниас цалин авдаг хүн Монголын төрд нэгээр тогтохгүй олон байдаг юм байна гэж бодсон. Тэр дундаа “Шинь-шинь”-ээс цалин авдаг хүмүүс нэлээдгүй байдаг юм шиг байна лээ. Харамсалтай санагдсан. Тэр хүмүүсийг хэлэх ёстой хү-мүүст нь хэлсэн учраас одоогийн байдлаар дахиж захидал ирүүлээгүй байна.
- Японд болсон гамшигтай уялдуулан атомын цахилгаан станцын талаар баримталж ирсэн бодлогоо дэлхийн улс орнууд өөрчлөх үү гэсэн сэдэв өнөөдөр олны анхаарлын төвд орж байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
- Японы атомын цахилгаан станцын нөхцөл байдал асуудлыг шүүмжлэх бус харин ч дэмжих хэрэгтэй гэдэг шийдвэрт хүргэж байна. Үнэхээр бахархалтай хэрэг. Энэ осол атомын цахилгаан станцын мууд гараагүй. Тэр том хоёр гамшгийн огтлолцол дунд тэсч үлдэнэ гэдэг бол харин ч гайхамшиг. Өчигдөр Оросын “РосАтом” компанийн гүйцэтгэх захирал С.Кириенко энэ талаар телевизэд их гоё ярилцлага өгч байна лээ. “Энэ бол цөмийн энергийн салбарын бахархал байх ёстой” гэж хэлсэн. Үнэхээр тийм байхгүй юу. Мэдээж үүнээс улбаалаад атомын цахилгаан станцыг сайжруулах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Японы атомын цахилгаан станц дээр гарч байгаа гэмтэл нь мянган жилд л нэг удаа болж магадгүй гэсэн зөрчлийг ил болгосон. Одоо тэгэхээр сая жилд нэг удаа гарч болзошгүй байсан ч тэр бүхнийг урьдчилан шийдэх хэрэгтэй болж байна гэсэн үг. Саяхан нэг сэтгүүлч “Дэлхийн улс орнууд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж байна. Манайх бас татгалзах уу” гэж асууж байна лээ. Би “Ямар улс татгалзсан юм бэ. Надад хэлээд өгөөч” гэсэн. Тэгэхэд чинь “Тэгээд л яриад байна шүү дээ” гэсэн. Сэтгүүлч хүн тэгж ярьж болохгүй байх аа. Японд атомын цахилгаан станцид асуудал үүссэний төлөө цөмийн хөтөлбөрөөс татгалзсан улс орон өнөөдөртөө алга байна. Франц, Америк хоёр харин ч улам бүр идэвхжүүлнэ гэдгээ зарласан. Энэ нь цөмийн энергийн салбар дэлхийн улс орны хөгжлийн түвшний өндөрлөг гэдгийг нотлох баталгаа. Атомын цахилгаан станцын дараа хөгжлийн өөр шинэ түвшин гарч ирэх нь ойлгомжтой. Гэхдээ ямар ч улс цөмийн эрчим хүчийг алгасна гэж байхгүй. Цөмийн эрчим хүч дээр тулгуурласан дараагийн хөгжлийн үе гэж байхаас “Монгол Улс капитализмыг алгасч социализм байгуулсан” гэдэг шиг зүйл энэ салбарт байдаггүй юм. Харин Германы тухайд бол улс төр хийж байна л гэж би бодсон.
- Тэгвэл монголчуудын “Японы атомын цахилгаан станц ийм эрсдэл туулж байхад Монгол Улс атомын цахилгаан станц мөрөөдөх нь дэмий юм байна. Мөрөөдөл биелэх боломжгүй нь” гэхийг та нэг биш удаа сонссон байх. Цөмийн энергийн газрын даргын хувьд та үүнд ямар хариулт өгөх вэ?
- Монгол Улс атомын цахилгаан станцтай болох нь мөрөөдөл биш шүү дээ. Энэ бол зорилго, бодит ажил. Хүмүүс гоё мөрөөдөл гэж яриад байна. Тийм биш. Манай улс өнөөдөр атомын цахилгаан станц барих шийдвэр гаргалаа гэхэд таван жилийн дотор л барина. Дээр нь, манай улсад газар хөдлөлт болох магадлал өндөр болохоос бус цунами хэзээ ч болохгүй нь ойлгомжтой. Тэгэхээр эрсдэл нэг дахин бага гэсэн үг. Бид ч газар хөдлөлтийн бүсийг сонгохгүй нь тодорхой. Зүүн урагшаа Хэнтий рүү Хэрлэн голыг түшиглэж байгуулах судалгаа хийж байна. Тэгэхээр хүмүүсийн яриад байгаагаар хэлэх юм бол мөрөөдөл биелнэ гэдгийг хэлье. Гэхдээ гоё мөрөөдөл бус бодит зорилго маань ажил хэрэг болж чадна гэж хэлбэл илүү оновчтой болов уу.
No comments:
Post a Comment