Эх сурвалж Ардын эрх /2007.04.12/
http://news.banjig.net/news/read/6459
Манфред Эртл Германы Геологийн шинжлэх ухаан байгалийн баялгийн холбооны албаны Астманд мэдээллийг шалгаад өгөөч гэж хандсан. Астан ч албан ёсоор хариулт өгсөн юм билээ.
“Шпигель” сэтгүүлд нийтлэгдсэн материалын эргэн тойронд болж буй үйл явдлын талаар анх уг мэдээллийг “задалсан” гэх Монголын ногоон намын Улаанбаатар дахь салбарын дарга О.Бум-Ялагчтай уулзаж ярилцлаа.
-”Шпигель” сэтгүүлд гарсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дурдагдсан нийтлэлийн талаар та хэвлэлийн бага хурал хийсний дараа ГХЯ болон Монгол банкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат нар “Уг нийтлэл манай Ерөнхийлөгчтэй тухайлан холбоогүй, манайхан орчуулган дээр нь жаахан ташаарчээ” гэсэн мэдэгдэл хийсэн. Үүнээс хойш та “Шпигель” сэтгүүлийнхэнтэй дахин холбогдсон уу?
-Хэвлэлийн бага хурлын дараа бид Монголын ногоон намын Улаанбаатар хотын салбар зөвлөл болон Иргэний зориг намтай хамтраад ТЕГ-ын дарга Н.Ганболд, Ерөнхий сайд М.Энхболд нарт шаардах бичиг явуулж “ГХЯ яам ажлаа муу хийж байна шүү. Монгол Улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох энэ асуудлыг даруй судалж олон нийтэд танилцуулна уу” гэсэн юм. Үүнээс хойш долоо хоногийн дараа ТЕГ-ын хэлтсийн дарга Баярсайхан гэж хүн надтай уулзсан. Тэр надтай их нөхөрсөг байдлаар санал солилцож, видеокамераар бичиж баримтжуулсан. Надаас яаж энэ мэдээллийг авсан тухай тодорхой мэдээллүүдийг авч гараар протокол хөтлөөд гарын үсэг зуруулсан.
Гэтэл миний гарын үсэгтэй энэ мэдээллүүд Германд очсон юм шиг байна лээ. Германы сурвалжлагч дөрөвдүгээр сарын 1-нд над руу утасдаад “Миний нэрийг битгий дурдаач аа, энэ асуудлыг газар авахуулахаа больё. Гэхдээ би сурвалжлагч хүний хувьд үүргээ биелүүлсэн. Энэ мэдээллийг судалж үнэн бодит байдлыг нягталж байж гаргасан. Тэглээ гээд үүгээр битгий улс төрийн шоу хийгээч ээ” гэсэн. Надтай хамт оройн хоол идсэн гээд байгаа Манфред Эртл гэж хүнээс надад албан ёсны ийм хүсэлт ирсэн. Дээр нь миний эхнэрийг битгий энэ асуудалд оролцуул, манай Ногоон намынхны асуудлыг битгий хөнд гэсэн шүү. Тэгэхээр би Герман дахь манай Элчин сайд өөрөө түүнтэй холбоо барьж, тодорхой хэмжээгээр сэтгэл санааны дарамтад оруулсан байна гэж таамагласан. Герман хүнийг дарамтад оруулна гээд бод доо. Монгол Улсын Элчин сайд зүгээр нэг утасдсаны төлөө энэ хүн дарамтанд орохгүй.
-Тухайлбал яаж дарамталсан гэж? Тэр яригдаад байгаа Утэ Кунф гэдэг хүн энэ асуудалд ямар холбоотой юм бэ?
-Германы Социал демократ намын парламентын гишүүн Утэ Кунф гэж эмэгтэй МАХН-ын мөрийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахад идэвхтэй тусалж байна”, “МАХН-ын залуу кадруудыг Германд аваачиж сургадаг” ч гэх шиг сонин зүйл яригддаг л байсан, та нар мэдэж байгаа байх. Би хэвлэлийн бага хурал дээр үүнийг эсэргүүцэж ганц нэг зүйл ярьсан. Гэтэл Утэ Кунф надад албан ёсоор и-мэйлээр эсэргүүцлээ илэрхийлсэн, одоо ч байнга и-мэйл явуулж л байгаа. Намайг ингэж байгаа юм чинь “Шпигель”-ийн сурвалжлагчийг бас дарамтлаа биз. Монголын парламентын нэг гишүүн өөр рүү тань утасдаад “Энэ нийтлэл тань Монгол-Германы ах дүү хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Та үүнийгээ бодож бичихгүй яасан юм бэ.
Таны талаар Германд Манфред гэж нөхөр хэвлэлийн бага хурал хийлгээд байна” гэсэнтэй л адилхан асуудал тавьсан байх. Утэ Кунф гэж эмэгтэй надад явуулсан бичигтээ “Манай парламент дахь Ногоон намын гишүүд өөрийн чинь байр суурийг ойлгохгүй байна” гэж байгаа юм. Ямар байр суурийг ойлгохгүй байгаа юм бэ, би ямар ч байр суурь илэрхийлээгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүнд маш их гуйвуулсан мэдээлэл очсон байна. Тагнуулынхан надтай уулзаад миний гарын үсгийг заавал авах гэсээр байсны учир ийм байж. Гарын үсэг зурчихаад гарч ирэхэд маань манай нөхөд бас эмзэглэж байсан л даа. Одоо ч намайг тэр гарын үсэг зурсан бичгээ ав гээд байгаа. Урьд өмнө ямар тагнуулд дуудагдаж байсан биш, туршлага дутлаа.
-Та “Ийгл” телевизэд ярилцлага өгөх ёстой байснаа больчихсон. Тагнуулынхны зүгээс дарамталсан юмуу?
-Тагнуулынхантай уулздаг тэр орой би “Ийгл” телевизэд ярилцлагад орох ёстой, нэвтрүүлгийн дундуур Германы Манфред Эртлтай утсаар холбогдож асуулт тавих ёстой байсан. Тагнуулынхан надаас “Яагаад тэр хүний утас шаардлагатай болсон юм бэ?” гэж асуухаар нь би шууд нэвтрүүлгийн тухай хэлчихгүй юу. Өмнө нь уг нь “Ийгл”-ийнхэн надаас Манфред руу утсаар холбогдож болох эсэхийг асуухаар нь би өөрөөс нь зөвшөөрөл авчихсан байсан юм. Гэтэл орой нь “Ийгл”-ийнхэн “Таныг ярилцлагад оруулахаа болилоо” гэж хэлсэн. Яагаад больсон тухай ямар ч тайлбар тавиагүй. Тагнуулынхан бас л өөрийнхөө мэргэжлийн төвшинд дарамт үзүүлсэн л байх. Манфред Эртл гэдэг хүний гэр бүлийн харьцаа руу хүртэл ороод, “Манай эхнэрийг битгий оролцуулаач” гэж гуйтал дарамталсан л байхгүй юу.
-Нээрээ түрүүн та эхнэрийг маань бүү оролцуулж гэсэн гэж хэлсэн. Эхнэр нь бас сэтгүүлч хүн юмуу?
-Эхнэр нь Германы парламент дахь Ногоон намын гишүүн. Түүнийг Монгол-Германы парламентын ажлын хэсгийн толгойлогч гээд байгаа Утэ Кунф гэж эмэгтэй парламентынхаа шугамаар дарамталсан байх. Бодвол “Танай Ногоон намын явуулгаар Монголын Ногоон намын нөхөр ингэж байна” гэсэн юм байгаа биз дээ. Германы Социал демократ нам МАХН-тай ямар нэг байдлаар тохиролцсон ч байж болох. Тэр тохиролцооныхоо дагуу л манай ГХЯ-ныхан “Манфред Эртл “Би Монгол улсын Ерөнхийлөгч газар нутгаа зарах гэж байна гэж хэлээгүй. ГХЯ-ных нь ажилтан энэ талаар ярьсныг би бичсэн” гэлээ” гэсэн мэдээлэл тараагаад байгаа. Тэгэхээр манай байрны Бумаа гуай “Бум-Ялагч аа, нөгөө “Шпигель”-ийн сурвалжлагч чинь “худлаа” гээд хүлээчихсэн байна шүү дээ” л гэж ярина. ГХЯ-ны нөхдүүд нийгэмд ийм сэтгэхүй төрүүлэхийн төлөө л яваа.
-Та чухам яагаад энэ талаар их идэвхтэй хөөцөлдсөн юм бэ? Таныг дэмжиж байгаа хүн байна уу?
-Би “Миний Монголын газар шороо” хөдөлгөөнийхөнтэй хамтраад энэ асуудлыг судалъя гэсэн ч тэд ач холбогдол өгөөгүй. “Ерөнхийлөгч ер нь манай талын хүн болоод байгаа шүү дээ. Газар нутгийнхаа баялгийг ард түмэндээ хуваарилъя, карт энэ тэртэй болгоё гээд байгаа. Та нар ийм зөв хүнийг буруутгах шаардлага байна уу” гэх маягтай байна лээ. Би өөрөө аялал жуулчлалын бизнес эрхэлдэг учраас иймэрхүү мэдээлэл гарахаар миний бизнест сөргөөр нөлөөлнө гэдэг утгаар л хандсан. “Шпигель” Монгол Улсыг Африкийнхан шиг хээл хахуульд автсан, тамтаггүй баян газар нутагтай, ард түмэн нь ядуу улс л гээд бичээд байгаа шүү дээ. Гэтэл манай түншүүд “Шпигель”-ийг барьж ирээд “Манай шугамаар явдаг жуулчид Монгол руу аялахаа болих юм байна. Яагаад гэвэл танайх байгалийн баялаг ихтэй ч газар нутгаа их сүйтгэдэг. Танайд маш их хэмжээний цианит, кальци, мөнгөн ус орж ирдэг. Манай жуулчид танайд явж хордож үхвэл хэн х.ариуцлага хүлээх вэ?” гээд орж ирдэг. Цианит ихээр оруулж ирсэн гаалийн мэдүүлгийг нь үзүүлж байна. Тэгэхээр би тайван сууж чадахгүй нь. “Шпигель”-ийг 40 гаруй сая хүн уншдаг. Энэ мэдээлэл их ноцтой мэдээлэл, Монгол Улсын нүүр царайг шал ондоогоор тайлбарлаж байгаа. Манай Ерөнхийлөгч 2003-2004 онд “Монголд зочлох жил, Монголын тухай шинэ имидж бүрдүүлнэ” гээд ажлын хэсэг толгойлоод баахан яваа биз дээ. Гэтэл одоо өөрийнх нь нэр холбогдсон шал өөр имидж бий болчихоод байхад яахаараа дуугардаггүй юм. Яахаараа Монгол улсын ГХЯ-ны тэргүүн дээд албан тушаалтан Ерөнхийлөгчөө матаад явж байдаг юм.
-”Шпигель”-ийн нийтлэлд ГХЯ-ны ажилтнаас гадна өөр баталгаатай эх сурвалж байсан юм болов уу?
-”Шпигель”-д өмгөөлөгчийн алба гэж байдаг. Сэтгүүлчийнхээ бэлтгэсэн мэдээллийг редактор нь уг албаар шалгуулдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Америкт уул уурхайн уулзалтад оролцож байгаа ийм ноцтой тохиолдолд бүр нарийн шалгуулж л таарна. Тодорхой хэмжээний нотолгоотой учир л хэвлэсэн байгаа шүү дээ. Бас Манфред Эртл Германы Геологийн шинжлэх ухаан байгалийн баялгийн холбооны албаны Астман хэмээх Монголд олон жил ажилласан хүнд дээрх мэдээллийг шалгаад өгөөч гэж хандсан. Хариуд нь Астман албан ёсоор “Монголын улс төрийн тэргүүлэх албан тушаалтнууд бүгдээрээ уул уурхайн салбарт хувь эзэмшдэг” гэж хариулсан гэсэн. Энэ чинь Германы төрийн байгууллагын баталгаа, үүнээс илүү юу хэрэгтэй юм бэ.
-Нийтлэлд яг юу гэж бичсэн байсан талаар та өөрөө орчуулсныхаа хувьд дахин сануулж хэлж өгөхгүй юу?
-Нийтлэлд “Монгол Улс зэсээрээ дэлхийд гуравдугаарт ордог, кокосжсон нүүрсийнхээ баялгаар Саудын Араб шиг улс. Хүн амынх нь 36 хувь албан ёсны ядуу, хоногт нэг ам.доллараас бага орлоготой” гэх мэтчилэн манай статистикийнхныг ажилгүй болгохоор ноцтой мэдээлэл орсон байгаа. Гол нь Ерөнхий сайд М.Энхболд нь “Онцгой ашгийн 68 хувийн албан татвар бий болгосон нь Монголд хөрөнгө оруулагч нарт их саадтай харьцаа бий болгосон гэж үздэг. ГХЯ-ных нь өндөр албан тушаалтан надад зоригтойгоор “Ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг оролцуулаад тэргүүлэх зургаан улстөрч АНУ-д 250 сая ам.доллараар нүүрсний орд худалдахыг санаархаж байна” гэж мэдээлж байна. Үүнийг нь шалгаад Холбооны улсын геологийн шинжлэх ухаан ба байгалийн баялгийн холбооноос лавлахад “Монголын улс төрийн удирдах бүх албан тушаалтнууд байгаль орчны салбарт хувь эзэмшдэг” гэж хариуллаа гэж байгаа юм. Тэр нь мань эрийн хувьд баталгаа болж байна л даа. Ямар ч байсан Ерөнхий сайд нь онцгой ашгийн албан татварт дургүй байдаг юм байна. Ерөнхий сайдынх нь дор ажилладаг хүн онцгой ашгийн албан татвар оруулсан зургаан хүнээ матаж, албан ёсоор ийм мэдээлэл өгч байгаа юм байна гэсэн логиктой. Герман хүн бол ингэж л ойлгоно.
-Мэдээлэл өгсөн гээд байгаа ГХЯ-ны албан тушаалтны талаар танд ямар нэг сонссон зүйл байна уу. ГХЯ-ныхан болохоор хэн ч ингэж яриагүй гээд байгаа?
-Миний мэдэж байгаагаар манай дипломат албанд герман хэлтэй 5-6 хүн байдаг юм. Би тэр мэдээг герман хэлтэй хүн өгсөн болов уу гэж тандахад англи хэлтэй хүн байсан юм билээ. Одоо ГХЯ-ныхан Пүрэвсүрэн гэдэг хүнийг буруутгаж золигт гаргах гээд байгаа бололтой. Пүрэвсүрэн бол зүгээр л мэргэжилтэн. Германд өндөр албан тушаалтан гэдгийг хэлтсийн дарга, төрийн нарийн бичгийн дарга, дэд сайдаас дээш нь ойлгодог юм. Тийм болохоор энэ тийм ч оновчтой гарцбиш байх. Хэвлэл мэдээллийнхэн ч дараа дараагийнхаа сенсааци руу хошуураад энэ хэргийг хайхрахаа больж байх шиг байна. Гэхдээ хэрэг хуучирдаггүй гэдэг болохоор би намынхаа хурлыг хийлгэчихээд дахиад асуудал босгоно.
Ц.Булганзаяа
Ардын эрх /2007.04.12/
No comments:
Post a Comment