С.Энхбат: Цөмийн энергийн хуулийг хэрэгжүүлэхэд тодорхой давхаргын сонирхлын зөрчилд орж байна

эх сурвалж: http://economics.gogo.mn/news/77696

-Замбараагүй байсан юмыг эмх цэгцэнд оруулж төр хяналтандаа авахаар эсэргүүцэх хүн олон гарч байна. Би зохиогоод хийх гээгүй. Хэрвээ тийм бол Нобелийн шагнал авна биз дээ-

Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн Энергийн Газрын дарга С.Энхбаттай уулзаж ярилцлаа

-Цөмийн Энергийн тухай хууль батлагдаад жил гаруй боллоо. Ер нь санасан хэмжээнд хүрч батлагдсан уу?
-2009 оны долдугаар сарын 16-ны өдөр Цөмийн энергийн тухай хууль батлагдаж мөн оныхоо наймдугаар сарын 15-наас хүчин төгөлдөр болсон. Их том хууль л даа. Олон улсын шаардлага жишгийн дагуу хийгдсэн хууль. Энэ хуулийг боловсруулахдаа хэд хэдэн орны Цөмийн энергийн тухай хуулийг авч үзсэн. Дээрээс нь Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас санал болгодог жишиг хуулин дээр үндэслэсэн. Манайх өөрөө хуулийн төслөө хийгээд Олон Улсын Атомын Энергийн Агентлагт илгээсэн. Дөрөвдүгээр сард явуулсан төслийг судлаад 11 дүгээр сард хариуг нь өгсөн юм. Маш сайн судалсан байсан л даа. Хэд хэдэн зүйл дээр анхааруулсан байсан.

Энэ нь нэгдүгээрт: Цөмийн Энергийн Газар хараат бус байх тухай асуудал. Харамсалтай нь үүнийг манай Их Хурал дэмжээгүй л дээ. Олон улсын шаардлага гэж үзэлгүй, хууль боловсруулж байгаа хүний юм уу, эсвэл байгууллагыг толгойлж байгаа хүнийх нь сонирхол байна гэж ч үзсэн юм уу, Энхбат өөрийгөө баталгаатай байр суурьтай болгох гээд байна гэж ч хардсан юм уу тэр заалтуудыг хассан.

Тэр хасагдсан заалтууд ямар заалт байсан бэ гэвэл нэгдүгээрт: Цөмийн Энергийн газрын даргыг таваас зургаан жилийн хугацаанд сольдоггүй байх гэсэн заалт. Ингэвэл шийдвэр нь хараат бус байна гэсэн үг. Хоёрдугаарт санхүүжилтийг нь хасч болдоггүй байх талаар тусгасан байсан. Гэтэл хууль батлагчид өөртөө ашигтай заалт оруулаад байна гэж үзсэн үү яасан хассан л даа. За энэ яахав. Ингээд бусад зүйлүүд дээр ирсэн саналыг тусгаж өгөөд хууль батлагдсан.

-Та түрүүн том хууль гэж онцолсон. Энэ талаараа тайлбарлаач?
-Том хууль гэж миний яриад байгаагийн учир нь, цөмийн энергийн бүх салбарын асуудал багтсан байгаа. Жишээ нь цөмийн технологийг амьдралд хэрэглэх тухай багтсан. Эмнэлэг, уул уурхай, шинжилгээ судалгаа гээд олон чиглэлд хэрэглэх талаар тусгасан л даа. Дээрээс нь энэ дотроо ороод явах цөмийн эрчим хүчний тухай асуудал байна. Дараагийн нэг том хэсэг нь цацраг идэвхт болон цөмийн технологид хэрэглэгддэг ашигт малтмалын тухай байна. Үүнд уран, цацраг идэвхт кали, газрын ховор элемент гэх мэт ашигт малтмалууд орж байгаа. Хуулинд энэ хэдэн ашигт малт-малыг хайх, олборлох журмыг зааж өгсөн.

Бас хэн хийх, ямар нөхцөл шаардлага тавих вэ гэдгийг, мөн цаашлаад борлуулахдаа яаж борлуулах журмыг хүртэл заасан. Өөрөөр хэлбэл шороогоор ерөөсөө гаргахгүй гэж байгаа. Монголдоо ажлын байр нэмэгдүүлье, нэмүү өртөг бий болгоё, ашиг орлого олъё гэдэг утгаар. Ураныг гэхэд л эхний ээлжинд боловсруулна, дараа нь баяжуулна, шинэ элемент хийнэ гэх мэтээр. Гэхдээ энэ бүхнийгээ энхийн зориулалтаар хийнэ гэдгээ эхнээсээ тунхаглаж байгаа. Өөрөөр хэлбэл байлдааны зориулалтаар хэрэглэхгүй гэсэн үг. Дараачийн асуудал бол аюулгүй байдал. Цацрагийн аюул, цөмийн аюул, терроризмын аюул гэх мэтчилэн олон аюул бий. Энэ бүхнээс хамгаалсан хамгаалалтын асуудал гэх мэтийг агуулсан том хууль болсон.

-Тэгвэл энэ бүх асуудал танайд шилжиж ирсэн үү?
-Ураны талын асуудал, газрын хойгийн асуудал бүгд манай агентлагт шилжиж ирсэн. 2009 онд урантай талбайнуудын лицензийг шинэчилж олгосон. 121 талбайн лицензийг шинэчилсэн байгаа. Одоогийн байдлаар ашиглалтын лицензтэй газар байхгүй. Лицензтэй хоёр газар байсан. Хоёулаа цуцлагдсан. Хайгуулын лицензтэй газрууд түрүүчээсээ ашиглалт руугаа оръё гэдэг талаар ярьж байгаа. Гэхдээ ашиглалтын лиценз олгоход хуулиндаа тодорхой нөхцөл шаардлага тавьдаг. Дээрх газрууд шаардлагыг бүрэн төгс биелүүлээгүй байгаа болохоороо албан ёсоор өргөдлөө өгөөгүй байгаа байх.

-Манай улсад ураны батлагдсан нөөц хэдэн тонн байдаг вэ? Цөмийн эрчим хүчний салбарыг авч явахад ураны нөөц хангалттай юу?
-80-аад мянган тонн батлагдсан ураны нөөцтэй. Монголын ураны нөөц Монголын бүү хэл дэлхийн ураны хэрэгцээг хангахаар нөөц. Дэлхийн ураны жилийн хэрэгцээ 60 мянган тонн. Энд зөвхөн эрчим хүчнээс гадна бусад эрэлт хэрэгцээ орно л доо. Тэгэхээр манайх дэлхийн ураны жил гарангийн хэрэгцээг хангах нөөцтэй орон.

-Цөмийн эрчим хүчний салбар нь манай орны хувьд хэр ирээдүйтэй гэж та боддог вэ?

-Манайд энэ салбар маш их ирээдүйтэй. Хэдийгээр манайх нүүрсээр баян орон ч нүүрсээ шатааж амьдрах нь олхиогүй арга. Химийн үйлдвэр байгуулаад, нүүрсээ боловсруулж химийн бүтээгдэхүүн гаргах зэргээр ашиглах, эрчим хүчний хувьд хямдхан цөмийн эрчим хүч гаргаад толгой өвдөхгүйгээр байх зэрэг рүү л анхаарах хэрэгтэй.

-Цөмийн Энергийн хууль нэгэнт батлагдан гарлаа. Одоо хэрэгжүүлэх тал дээр ямар бэрхшээл тулгарч байна?

-Тодорхой давхаргын сонирхлын зөрчилд орж байна л даа. Замбараагүй байсан юмыг эмх цэгцэнд оруулж төр хяналтандаа авахаар эсэргүүцэх хүн олон гарч байна. Гол нь би зохиогоод хийчих гээд байгаа юм биш. Тэгвэл би одоо Нобелийн шагнал авна биз дээ. Энэ бол дэлхий даяар байдаг зүйл. Зах зээл хөгжсөн том том орнуудад ардчилалтай, эрх чөлөөтэй, нээлттэй байдаг ч урантай холбоотой асуудал хатуу чанга хяналтанд байдаг. Төрөөс зохицуулалт сайтай. Бүр нарийн ярьвал зарим орнуудад манайх шиг статустай байгууллага нь өөрийн цагдаа цэрэгтэй байдаг юм билээ.

-Цөмийн цахилгаан станц хэр зардалтай вэ?
-Үйл ажиллагааны зардал маш бага. Түлш нь шатаж дуустал горим барьж байх л зардалтай. Түүнээс дулааны цахилгаан станц шиг худалдан авалт, тээвэрлэлт, хог хаягдал цэвэрлэх гэсэн зардал цаг, минут тутамд гарна гэж байхгүй.

-Маш бага уранаар их хэмжээний эрчим хүч гаргадаг гэж яригддаг даа?
-Тийм. Нэг ийм харьцуулалт байдаг. 30 гр уран нь гурван тонн нүүрснээс гаргах дулаантай ижил хэмжээний дулаан гаргана гэж.

-Хаягдал хэр хэмжээгээр гарах вэ? Бусад улсуудад хаягдлын асуудал хэр яригдаж байна?
-Манайхан их муухайгаар хэлдэг л дээ. Цөмийн шаар, хог хаягдал гээд л. Уг нь бол хэрэглэсэн түлш гэж олон улсад ярьдаг. Тэр хэрэглэсэн түлш бол өөрөө түүхий эд. Эргээд боловсруулалтанд орж ашгаа өгдөг. Дахиж боловсруулаад дахин түлш хийнэ. Нөгөө нэг хэсгээр нь цөмийн зэвсэг хийдэг. Бас бүүр хэрэглэж болохгүй хэсэг байна, түүнийг бол булшилдаг. Би дулааны цахилгаан станцыг муулж байгаа юм биш. Манайд дулааны станцгүй болно гэж бол байхгүй. Гэхдээ манай нүүрс уран ихтэй. Шатаахаар баяжигдаад үнс нь цацраг идэвхт бодис ихтэй болж байгаль орчныг бохирдуулах талаараа атомын цахилгаан станцаас илүү хортой.

-Өндөр технологи шаарддаг болохоор ажиллах хүчний нөөц дутагдалтай биз?
-Боловсон хүчин дутагдалтай. Манайд цөмийн физикчид гээд байна. Нэлээд өндөр түвшнийх нь ч байна, дөнгөж нэг их сургуулиа төгссөн нь ч байгаа, Гэвч энэ шинэ салбар руу ороход мэдлэг бага байна. Бидний олж авсан мэдлэг бол онолынх. Жишээ нь би л гэхэд ямар уран ухаж үзсэн биш, атомын цахилгаан станцад очиж байсан ч ажиллуулж үзсэн биш, тийм биз. Гэхдээ сармагчин биш болохоор заавал барьж үзэж байж юм уу, хазаж үзэж байж сурна гэсэн юм байхгүй болохоор чадаж таарна. Гагцхүү хүнийхээ тоог олон болгох ёстой. Боловсон хүчин гадаадад бэлтгэхдээ өгөө авааны тал дээрээ ярих хэрэгтэй. Манай шорооноос атгахаасаа өмнө мэргэжилтэн бэлдэж өгөө гэж. Бид нэг ч грамм уран олборлуулаагүй байж мэргэжилтэн бэлдээд авна гэдэг ашгаа өгч эхэлсэн гэсэн үг.

-Хаана боловсон хүчнээ бэлдэж байна вэ?
-Одоохондоо Орост жилд 10 оюутан, таван мэргэжилтэн бэлтгэх гэрээ хийсэн. Сурч байгаа. Францын нэг компанитай мэргэшүүлэх тал дээр хамтаръя гэсний дагуу дөрөв таван хүн яваад ирсэн. Канад, Австрали байна. Бас Хятад, Японтой боловсон хүчин бэлтгэх тал дээр хамтрах талаар ярьсан.

-Манайд ямар ямар улсууд хайгуул хийж байгаа вэ?

-Оростой хамтарсан байна. Канад, Франц, Энэтхэг, Хятад гээд олон орных байгаа.

-Шуугиан тариад байсан "Хан ресурс" компанийн асуудал юу болсон бэ?

-"Хан ресурс" компанийн лицензийг цуцалсанаар Монголын нэр хүнд уналаа гэж ярьж байгаагийн эсрэг байна. Тэднийг чимхэж өгснөөр манай нэр хүнд харин өссөн. Шүүхдээд, олборлолт явуулах лиценз олгох эсэх нь Цөмийн Энергийн Газрын эрх мэдлийн асуудал гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Тэд олон улсын шүүхэд хандана энэ тэр гэж айлгаад л яваа. Энд хэлэхэд манай нэр хүнд олон улсын тавцан дээр өсч байна. Хуультай болоод цэгцрээд ирэхээр манайхыг хүндэлж эхэлсэн. Ноднин Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн хурал дээр манайхыг захирагчдын зөвлөлд сонгосон. Энэ жил хурлыг нь Монгол улс даргалахаар болсон гээд нааштай сайхан алхмууд байна.

-"Хан ресурс" гэснээс "Мон Атом" компани ямар эрх үүрэгтэй компани юм бол. Бодлого барих хэмжээнийх биш биз дээ?
-Манай доор байгуулагдсан, одоо нөгөө 34 хувь энэ тэрийг эзэмшээд явах компани. Гэтэл эрх үүргээ буруу ойлгоод, бодлого барьж байгаа гэж гадныханд ойлгуулаад байгаа юм. Бид тэрнийг нь таслан зогсоосон боловч тэр яриагаа зогсоогоогүй л байх шиг байна лээ. Одоо манай доороос гараад ТӨХ-ны мэдэлд очсон. Бодлого барьж байгаа байгууллага ганцхан байгаа. Ганц ч байх болно.

-Цөмийн Энергийн тухай хууль хэр зэрэг хууль болсон гэж та бодож байна вэ. Нэг хэсэг баахан шүүмжилсэн шүү дээ?

-Мэргэжлийн хүний нүдээр харахад учир дутагдалтай юм байна. Торгууль маш бага. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль оногдуулна гэж заасан нь тэр том талбайд олборлолт явуулж байгаа компанийн хувьд инээдтэй байгаа юм л даа. Хууль зөрчвөл нэг сая доллараар торгож байж л тэдэнд мэдрэгдэнэ. Энэ дээр хэлэхэд манай хуулийн эсрэг байдаг хүмүүс энэ хуулийг хатуу чанга, хуучин нийгэм рүүгээ орох нь гэж ярьдаг. Тэдэнд бусад орны хуулийг уншаад үзээрэй гэж хэлмээр байна.

-Олборлох лиценз өгөхдөө ямар шалгуур тавих вэ. Мон атомын цахилгаан станц барих талаар яригдаж эхэлсэн. Энэ талаар?
-Лиценз олгохдоо үнэхээр хийж чадах уу, байгаль орчинд халгүй байх уу, манайд ашигтай юу гэдгийг харгалзаад болохоор бол өгнө. Цөмийн цахилгаан станц барих яалт ч үгүй ойрын зорилт. Саяхан Хэрлэнгийн хөвөөн дээр атомын цахилгаан станц барих талаар хурал боллоо. Анхны судалгааны дүнг хэлэлцсэн. Агаар мандлын, салхины, усны гээд судалгаанууд хийгээд 30 орчим газраас ус элбэгтэйгээр нь Хэрлэнгийн хөвөөг сонгосон. Тэгээд тэнд нь хуралдаад ирлээ.

-Таны хүсэж тэмүүлж явдаг зүйл бол мэдээж энэ салбарын ирээдүйтэй холбоотой байх. Энэ талаар?
-Би улс төрөөс ангид хүн, бизнес оролддоггүй. Гагцхүү энэ салбарыг олон улсын жишигт хүрэх хэмжээнд хүргэх гэж бодож яваа. Анх энэ салбарыг миний аав Монголд хөгжүүлсэн. Энэ миний бахархал. Миний аав Содном гэж акедемич хүн байлаа. Шинжлэх Ухааны Акедемийн Ерөнхийлөгч, Дээд Боловсролын Хорооны дарга зэрэг албыг хашиж явсан хүн. 1990-ээд онд ардчилал гарч, огцор гэж хэдэн залуус гадаа нь цуглахад сайн л биз дээ гээд ажлаа өгч байсан юм. Монголд атомын цахилгаан станц барих юмсан гэсэн бодол миний аавын мөрөөдөл байсан. Аавын шарил дээр хамгийн сүүлд сонинд өгсөн ярилцлагынх нь төгсгөлийнх нь үг байдаг юм. "Атомын цахилгаан станц Монголын ойрын ирээдүй шүү" гэсэн үг. Би мөрөөдөж явсныг нь гүйцээх гэж зорьж явна.

-Сайхан мөрөөдөл байна. Аавынхаа мөрөөдлийг биелүүлэх цаг ойрхон байгаа гэдэгт итгэж байна. Таны ажилд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Танай сонины уншигчдад сайн сайхныг хүсье.

П.Алтанболор

No comments:

Post a Comment