Намбарын Энхбаяр бичиж байна: Хана хэрэм


http://news.gogo.mn/r/71535
2010 оны 6-р сарын 10
Намбарын Энхбаяр бичиж байна: <b>Хана хэрэм</b>
Канадын Ванкувер хотод болж өнгөрсөн Өвлийн олимпийн тоглолтын үеэр түүнийг үзэгч бээр хүний бие бялдар, оюун ухаан, сэтгэл санааны хөгжлийн гайхамшигт амжилтын гэрч болохын зэрэгцээ сэтгэлгээний хоцрогдлын илэрхийлэл гэж хэлж болохоор зарим үйл явдал, шийдэлтэй таарч учирсан билээ. Түүний нэг нь яахын аргагүй Олимпийн тоглолтын билэг тэмдэг болсон амьд галыг хана хашаа босгож “хамгаалсан” явдал байлаа. Ингэсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлж, өргөн шүүмжлэлд өртсөн юм.

Олимпийн тоглолт нь олон улс үндэстнийг төлөөлж буй хүмүүсийн, тэдний итгэж шүтдэг болон баримталдаг олон шашин, зан заншлын эв найрамдалтайгаар хамтран орших, хөгжихийн билэг тэмдэг, нэг нэгнээсээ салж тусгаарлах бус, харин нэгдэж нөхөрлөх, нэг нэгнээсээ хаагдаж нуугдах бус, харин нэг нэгэндээ нээгдэж ойртохын төлөөх үйл явдал хэмээн ойлгогддог билээ. Тийм ч учир жирийн үзэгчид Олимпийн галыг “хашаа босгож хамгаалах” гэсэн оролдлого нь Олимпийн үзэл санаанд огт тохироогүй бүдүүлэг ажиллагаа болсон гэж дүгнэсэн юм.

Миний бие Олимпийн тоглолтыг үзэж, Ванкувер хотод хуран цугларсан олны дунд явж байхдаа орон орноос ирсэн үзэгчид, хөгжөөн дэмжигчдийн тамирчдынхаа амжилт ялалтад баярлаж бахархсан хөөр баяслыг нь ч мэдэрч, тэднийхээ ялагдалд гуньж гутарсандаа нулимс дуслуулж байсныг нь ч харж байлаа. Харин хана хашаа босгосныг бүгд гайхаж, нэгэн дуугаар шүүмжилж байсан билээ. Олимпийн хашаа босгогчид шүүмжлэлд өртөхдөө аргагүйн эрхэнд хашаагаа нааш цааш зөөж, нэгэнт гаргасан алдаагаа цайруулах гэж оролдсон. Гэхдээ нэгэнт хэрэг явдал мандсан байсан тул тэр нь олигтой ухаалаг арга хэмжээ болж чадаагүй.

Хана хашаа гэснээс ер нь хүн төрөлхтний түүх бол тэр чигээрээ хана хашаа босгох болон нураахын түүх мөн гэж хэлбэл хэтрүүлсэн болохгүй. Хүмүүс, ялангуяа албан тушаалтнууд хана хашаа босгох дуртай, харин түүнийгээ нурааж буулгах дургүй. Ямар сайндаа Олимпийн тоглолт дээр хүртэл хана хашаа босгож, түүнийгээ буулгахын оронд ийш тийшээ зөөж байхав дээ?

Берлиний хана
Хана хашаа гэж яривал хамгийн түрүүн өөрийн эрхгүй “алдарт” Берлиний чулуун хана санаанд орно. Босгосон цагаасаа эхлэн бүх дэлхийн анхаарлын төвд байж, шүүмжлэлд өртөж байгаад нурааж буулгахад нь дэлхий даяараа баярласан энэ хана хэрэмний түүх хүн төрөлхтөний орчин үеийн түүхтэй салшгүй холбоотой. Тийм ч учир өнгөрсөн жилийн сүүлээр түүнийг нурааж буулгасны 20 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ. Берлиний ханыг босгосон болон нураасан нь дэлхийн хөгжлийн чиг хандлагад хүчтэй нөлөөлсөн.

Гэхдээ Берлиний хана бол боссон цагаасаа эхлээд нурах нь тодорхой байсан гэж хэлбэл буруутахгүй.
Берлиний ханыг босгохоос өмнөх ертөнц, түүний байж байх үеийн дэлхий, Берлиний ханыг нураасны дараах дэлхий ертөнц гэж яривал хоорондоо өдөр шөнө шиг ялгаатай гурван өөр цаг хугацаа, орон зай, журам дэглэм, үнэт зүйлс болно.

Тэгвэл Берлиний ханыг босгохоос өмнөх ертөнц ямар байсан бэ? Саяхан дэлхий даяар Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 65 жилийн тэгш ойг тэмдэглэсэн билээ. Гэтэл Берлиний хана Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнтэй шууд холбоотой. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа тэр дайнд ялагчид болох Англи, АНУ, ЗХУ, Франц зэрэг орнууд дэлхий ертөнцийг нөлөөллийнхөө бүсүүдэд хувааж тус бүр бүсээ хариуцаж байхаар хоорондоо тохиролцсон. Берлин хотыг ч захиргааны дөрвөн хэсэгт хувааж, нэг орон нэг хэсгийг нь удирдахаар болж, дэг журмаа тогтоож эхэлсэн билээ.

Хэдийгээр тэд фашист Германыг ялахын тулд хүч чадлаа нэгтгэж тэмцсэн ч, дайны дараа дэлхий ертөнцийн хөгжлийн зүг чиг хаашаа чиглэх вэ? Хэн өөрийнхөө нөлөөг нэмэгдүүлж чадах вэ? хэмээн дор дороо нэгийг бодож, хоёрыг тунгааж, тун удалгүй хоорондоо өрсөлдөж, улмаар зөрчилдөж эхэлсэн юм.

Ер нь ялалтын дараа амжилтдаа бялуурч, зөрчил хурцаддаг, харин зөв сургамж авбал ялагдал хүч нэмдэгийн тухай жишээ хүн төрөлхтний түүхэнд элбэг тохиолддог.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш ердөө нэг жилийн дараа буюу 1946 онд Английн Ерөнхий сайд Черчилль АНУ-ын Фултон хотын Вестминстерийн коллежид зочлохдоо дайны дараах дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд, учирч байгаа аюул заналын тухай үг хэлснийг түүхчид “Хүйтэн дайны эхлэлийн үг” хэмээн үздэг билээ.

Тэдгээр том гүрнүүдийн хоорондох өрсөлдөөн зөрчилдөөн Берлин хотын хувь заяанд шууд нөлөөлсөн. ЗХУ-ын нөлөөнд байсан зүүн Берлин, зүүн Герман богино хугацаанд баруун Герман, баруун Берлинээс улс төр, эдийн засгийн хэв загвар, тогтоосон дэг журмаараа огт өөр болсон. Тэгж өөрчлөгдөж буйд нь дасаж чадахгүй, бас дасахыг хүсэхгүй байсан германчууд зүүн Берлинээс баруун Берлин рүү олноороо оргон зугтаж байсан тул 1961 онд зүүн Германы эрх баригчид Берлиний ханыг босгосон.

Ийнхүү дэлхий ертөнц улс төр, эдийн засгийн хоёр системд буюу капиталист ба социалист, Баруун ба Зүүн хэмээн хуваагдаж, “Хүйтэн дайн” “албан ёс”-оор эхэлж, Берлиний хана тэрхүү хоёр ертөнцийг хуваан заагласан нэг ёсны “Төмөр хөшиг” болсон юм.

Хэдийгээр тэр үеийн зүүн Германы удирдагчид Берлиний хана хэрмийг босгосноо “Хүмүүс баруун Берлин рүү зугтахаас сэргийлсэн” гэж тайлбарлаж байсан боловч үнэн хэрэг дээрээ энэ үйл явдал дэлхийд хоёр өөр ертөнц бодитойгоор буй болсны, тэр хоёр ертөнц нэг нэгнээсээ бага шалтгаалдаг, эсхүл бага шалтгаалахыг хүсдэг болсны, хоёр өөр улс төр, эдийн засгийн хэв загвар бий болсны бодит илэрхийлэл болсон билээ.

Тус ханатай холбоотой олон чухал үйл явдал шинэ цагийн түүхэнд тод томруун бичигдсэн байдгийн заримыг нь эргэн санацгаая.

АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди 1963 онд Баруун Берлинд айлчлахдаа “Би Берлиний иргэн мөн”(“Ich bin ein Berliner”) хэмээх алдарт үгээ хэлсэн байдаг. Кеннеди Ерөнхийлөгчийн үгийн гол хэсгээс ишлэе: “Одоогоос хоёр мянган жилийн тэртээ хүн хамгийн ихээр бахархахдаа “civis Romanus sum” буюу “Би бээр Ромын иргэн мөн” гэж хэлдэг байжээ. Тэгвэл өнөөдөр эрх чөлөө бүхий ертөнцөд амьдарч буй хэн ч хамгийн ихээр бахархахдаа “Ich bin ein Berliner!” буюу “Би бээр Берлиний иргэн мөн!” гэж хэлнэ. Эрх чөлөөтэй бүх хүн амьдарч буй улс орноосоо үл шалтгаалан бүгд Берлиний иргэд мөн. Тийм учир би ч гэсэн эрх чөлөөтэй хүний хувьд “Ich bin ein Berliner!” буюу “Би бээр Берлиний иргэн мөн!” хэмээн бахдалтай хэлж байна”.

Берлиний хана хэрэм дэлхий дахиныг Баруун ба Зүүн, шилжүүлсэн утгаар “чөлөөт” ба “хаалттай” ертөнц хэмээн зааглан хувааж байсан тул Кеннеди Ерөнхийлөгч баруун Берлинийг “чөлөөт” ертөнцийн билэг тэмдэг болгож, өөрийгөө “Берлиний иргэн” буюу “чөлөөт ертөнцийн иргэн”, “хана хэрэмгүй ертөнцийн иргэн” хэмээн зарлан тунхагласан юм. Энэ үг Берлинчүүдэд болон Барууны “чөлөөт, хана хэрэмгүй” ертөнцөд амьдарч байсан бүх хүнд ихээхэн урам зориг өгч, итгэл үнэмшил төрүүлсэн билээ.

Тухайн үеийн ЗХУ-д “өөрчлөн байгуулалт” эхлээд удаагүй байхад буюу 1987 онд АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рэйган Берлин хот үүсч байгуулагдсаны 750 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцохдоо Берлиний ханын дэргэдээс тэр үеийн ЗХУ-ын удирдагч Михаил Горбачевт хандаж: “Ерөнхий нарийн бичгийн дарга Горбачёв оо. Хэрэв та үнэхээр энх тайван тогтоохыг хүсч байгаа бол, хэрэв та үнэхээр ЗХУ болон зүүн Европыг хөгжүүлэхийг зорьж байгаа бол, хэрэв та үнэхээр эрх чөлөөт нийгмийг байгуулахыг бодож буй бол энэ хаалган дээр хүрч ирээч! Ноён Горбачёв оо, энэ хаалттай хаалгыг нээгээч! Ноён Горбачёв оо, энэ ханыг буулгаач!” хэмээн шаардсан алдарт үгээ хэлсэн юм.

Аль аль үг нь хүн төрөлхтнийг үзэл бодлоор нь хоёр хэсэгт хуваахыг, хуваах хуваахдаа бүр чулуун хана хэрэм босгон хуваан тусгаарласныг буруушааж, Берлиний хана хэрэм нурснаар дэлхийд хуваагдмал байдал арилж, эрх чөлөө, шударга ёс тогтоно гэсэн санааг илэрхийлсэн байдаг.

1989 онд Берлиний хана ч нурсан билээ. Хүмүүсийг салган тусгаарласан, хашиж хорьсон хана ер нь нурдаг жамтайг дахин баталсан хэрэг болсон. Энэ үйл явдлаас хойш дэлхий ертөнц Баруун ба Зүүн гэж хуваагдахаа больж, хүйтэн дайн “албан ёсоор дууссан” гэж тооцогддог. Энэ дашрамд дэлхийд алдартай, түүхэнд тэмдэглэгдсэн зарим хана хэрмийн талаар товч өгүүлье.

Хятадын цагаан хэрэм

Төв Азийн нүүдэлчдийн довтолгооноос хамгаалж, Хятадын домогт хаан Циншихуандийн үеэс эхлэн Манжийн Чин улс хүртэл бараг 1800 жилийн турш барьж босгосон хана. Олон шинж чанар, утга агуулгыг шингээсэн болон илэрхийлсэн гэж үзэж болно. Үүнд:

1. Хятадуудын цаг хугацааны тухай өвөрмөц ойлголт. Цаг хугацаатай уралдах гэж оролдохгүй, харин хичээл зүтгэл, бүтээн байгуулалтаар цаг хугацааг “өөрийн эрхэнд” оруулна. Хятадын Цагаан хэрэм бол нэг ёсны “чулуужсан” 2000 мянган жил. “Зорилго тавиад зүтгэвэл түүнд хүрч болно” гэдгийн илэрхийлэл. Цаг хугацаа зорилготой хүний талд үйлчилнэ гэсэн үг. Нөгөө талаар уг хэрмийг барьж босгож байх урт удаан хугацаанд зарим барилгачид уг хэрмэн дотор “оршуулгын газраа” олсон гэж ч ярьдаг. Нэг ёсны том хана хэрмийн “тоосго туйпуу” болсон гэсэн үг.

2. Хятадуудын газар нутгийнхаа тухай ухаарсан ойлголт. Юуны түрүүн газар нутгаа хамгаалах зорилготойгоор олон зуун жилийн турш бүтээн босгосон хана хэрэм учир түүний гадна нь харийн нутаг, дотор нь Хятадын уугуул нутаг гэж ойлгож байсан. Энэ хана тухайн үедээ нэг ёсны “хилийн зурвас”-ыг тогтоож байжээ.

3. Хятадуудын “гэнэндүү” сэтгэлийн илэрхийлэл. Хана хэрмээр өөрсдийгөө баттай хамгаалж болно гэж бодоод, тэр бодолдоо хүрэхийн тулд бараг бүтэн хоёр мянган жилийн турш хэрэм босгох гэж зүтгэжээ. Гэхдээ ямар ч том Цагаан хэрэм Монголчууд Хятадыг эзлэн нэгтгэж Юань гүрэн, хожим нь манжууд Хятадыг эзэлж Чин улс байгуулахад саад болж чадаагүй гэж түүхчид үздэг.

4. Өнөөдөр: Хятадын цагаан хэрэм бол дэлхийн шинэчилсэн 7 гайхамшгийн нэг. 6 мянга гаруй километр урт, дундаж өргөн нь 4-6 метр. Эхэлж буй цэг нь Номхон далайн эрэг дээрх Чинхуандао хотын хэсэг болох Шанхайгуан, төгсгөлийн цэг нь Лоб нуур. Ямар ч байсан анх дайн дажин явуулах зорилготойгоор баригдсан Цагаан хэрэм өнөөдөр гол нь газар газрын жуулчдын нүдийг хужирлаж, гайхшийг нь төрүүлдэг “дайн”-ы хана бус, “соёлын дурсгал” бүхий нэг ёсны “гүүр” болсон учир түүнийг нураах биш, харин ч соёлын өвд бүртгэн хамгаалах, сэргээн засварлах шаардлага бий болсон байна.

5.Сансраас харагддаг хүний гараар бүтсэн цорын ганц барилга байгууламж. Үүнтэй холбогдуулж өөрийн эрхгүй нэг асуулт тавимаар санагддаг. Сансраас харахад Хятадын цагаан хэрэм дайн дажнаас үлдсэн шарх сорви шиг харагддаг болов уу? Эсхүл хана хэрмийг газар газрын жуулчдыг татдаг, тэдний уулзах цэг нь болдог нэг ёсны “гүүр” болгон хувиргаж чадсан ухаант хүмүүний тархины нугалаа шиг үзэгддэг болов уу?

Иерихон хотын хэрмэн хана
Библийн сударт гардаг Иерихон хотын хэрмэн хана олон хүний мэддэг гэдэг утгаараа алдартай ханануудын нэг мөн билээ. Энэ хэрмэн хана хэд хэдэн билэг тэмдэг, утга санааг илэрхийлнэ. Үүнд:

1. Түүхэнд өгүүлснээр Иерихон нь садар самууны үүр уурхай болсон хот байжээ. Хэрмэн ханаар хүрээлүүлж, цаана нь нуугдаж садар самуунд умбах нь тус хотын иргэдийн амьдралын нэгэнт тогтсон хэв маяг байв. Гэвч Бурхан тэнгэр тэднийг гэсгээхээр шийдэж, лха тэнгэрээ илгээж, тэд бүрээ бишгүүрээ хангинуулж, эхлээд хэрмэн ханыг, улмаар садар самуунд автсан хотыг нурааж цэвэрлэсэн тухай домогт өгүүлдэг.

2.Хамгийн сонирхолтой нь хотын ханыг зэр зэвсгээр биш харин лха тэнгэрийн бүрээ бишгүүрийн дуугаар нурааж буулгасан байна. Лха тэнгэрийн бүрээ бишгүүрийн дуу гэдэг нь Бурхан тэнгэрийн номын дуу гэсэн үг.

Берлиний хана, Хятадын цагаан хэрэм, Иерихоны хэрмэн хананы тухай та бид дурсацгаав. Гэхдээ голдуу улстөрчдийн өгсөн дүгнэлт, түүхийн номонд тэмдэглэж үлдээсэн талаас нь сонирхов. Уг нь эдгээр бодит хана хэрэм, ер нь аливаа хана хэрэм гэсэн ухагдахуун ганцхан улс төрчид, түүхчдийн сонирхдог сэдэв биш билээ. Нийгмийн зүтгэлтнүүд, сэтгэгчид, соёл урлагийнхан үеийн үед хана хэрэмний тухай, тухайлбал Берлиний хананы тухай эрэгцүүлэн бодож, олон сонин бөгөөд содон бодол санаа илэрхийлж дэвшүүлсэн байдаг.

Тэгэхдээ тэд “хана хэрэм” гэдэг үгийн цаана зөвхөн чулуун хана хэрмийг бус, бас хүмүүсийн хооронд буй болсон, хооронд нь хагалан сөргөлдүүлж, дайсагнуулсан “үл ойлголцол, үзэн ядалтын хана хэрэм”-ийн тухай эргэцүүлсэн байдаг.

Дэлхийд алдартай “Пинк Флойд” хэмээх рок хамтлаг Берлиний ханыг нураасны дараахан буюу 1990 оны долоон сард алдарт “Хана хэрэм” (“The Wall”) концертоо Берлинд тоглосон юм. Миний бага наснаасаа эхлэн сонирхож, бүтээлийг нь сонсож, үзэж ирсэн алдартай “Пинк Флойд” хамтлаг “Хана хэрэм” гэсэн том цомгоо 1970-аад оны сүүл 80-аад оны эхээр гаргасан. Энэ цомог орчин үеийн хөгжмийн түүхэнд хамгийн олон тоогоор борлогдсон давхар цомог гэж тооцогддог билээ.

“Хана хэрэм” бол хүний түгжигдмэл, хаагдмал, боогдмол нөхцөлд оршихын тухай сэдвийг голлосон цомог юм. Уг цомог Пинк хэмээх гол баатартай. Пинк эцгийнхээ үхэл хагацлын уй гашуу, ээжийнхээ хэт их хайр, энэрэл харамлалын дарамт, эхнэрийнхээ урвалт салалтын гутамшиг, багш нарынхаа бүдүүлэг дээрэнгүй зангийн дарангуйлал гээд амьдралдаа олон саад бэрхшээлтэй учирч, тэр бүхнийг даван туулахын тулд бусдаас цэрвэн зай барьдаг болж, бага багаар зожгирч, нийгэм ч түүний өмнө “үүд хаалгаа” нэг нэгээр нь хаасаар, эцэст нь нэг л мэдэхэд нийгмээсээ тусгаарлагдаж, Пинк ба нийгмийн хооронд нэг ёсны “Хана хэрэм” үүссэн байдаг. Чухам ийнхүү хүнийг нөгөөгөөс нь, бусдаас нь, нийгмээс нь тусгаарладаг, нийгмийг хүнээс холдуулж хөндийрүүлдэг “хана хэрэм”, “хананууд”-ын тухай, хүн нийгэм хэмээх томоохон “хана хэрэм”-ний жижигхэн “туйпуу” болж хувирдаг тухай “Хана хэрэм” цомогт өгүүлдэг.

“Пинк Флойд” хамтлагийн хамгийн чухал дуунуудын нэг хэмээн тооцогддог “Хананы нэг туйпуу” (“Another brick in the wall”) хэмээх дууны үгийг дор сийрүүлье.
Another Brick in the Wall (Part 1)
Daddy’s flown across the ocean
Leaving just a memory
Snapshot in the family album
Daddy what else did you leave for me?
Daddy, what’d’ja leave behind for me?!?
All in all it was just a brick in the wall.
All in all it was all just bricks in the wall.
“You! Yes, you! Stand still laddy!”

Хананы нэг туйпуу (1-р хэсэг)
Их далай дээгүүр
Эцэг минь нисч одов.
Гэрийн цомогт
Гэрэл зураг нь л үлдэв.
Аав аа, та энд өөр юу үлдээв?
Аав аа, надад юу ч үлдээгээгүй юм уу?
Хаашаа ч харсан хана.
Хананы туйпуунууд.
“Хөөе, чи! Тийм ээ, чи!
Хөлөө тэгш! Ноомхон!”

Another Brick in the Wall (Part 2)
We don’t need no education
We dont need no thought control
No dark sarcasm in the classroom
Teachers leave them kids alone
Hey! Teachers! Leave them kids alone!

All in all it’s just another brick in the wall.
All in all you’re just another brick in the wall.
We don’t need no education
We dont need no thought control
No dark sarcasm in the classroom
Teachers leave them kids alone
Hey! Teachers! Leave them kids alone!
All in all it’s just another brick in the wall.
All in all you’re just another brick in the wall.
“Wrong, Do it again!”
“If you don’t eat yer meat, you can’t have any pudding.
How can you have any pudding if you don’t eat yer meat?”
“You! Yes, you behind the bikesheds, stand still laddy!”

Хана туйпуу л харагдана (2-р хэсэг)
Бидэнд худлаа боловсрол хэрэггүй
Бидний бодлыг хэн ч боох эрхгүй
Анги дотор битгий дарамтал
Алив, багшаа, наад хүүхдээ зүгээр орхи.
Алив, багшаа, наад хүүхдээ зүгээр орхиоч!
Хаашаа ч харсан хана туйпуу л харагдана.
Хаашаа ч тэмүүлсэн хананы туйпуу л болно чи.
Бидэнд худлаа боловсрол хэрэггүй
Бидний бодлыг хэн ч боох эрхгүй
Анги дотор битгий дарамтал
Алив, багшаа, наад хүүхдээ зүгээр орхи.
Алив, багшаа! Наад хүүхдээ зүгээр орхиоч!
Хаашаа ч харсан хана туйпуу л харагдана.
Хаашаа ч тэмүүлсэн хананы туйпуу л болно чи.
“Муу, онц муу. Дахин хий!”
“Махаа идэхгүй бол чихэр өгөхгүй”.
“Чихэрт дуртай бол махаа ид”.
“Чи!
Тийм, чи!
Дугуйгаа орхи, дороо номхон зогс!

Берлиний хананы түүхээс ч, энэ дууны үгнээс ч харахад улс орнуудыг нэг нэгнээс нь тусгаарласан, дайсагнал зөрчилдөөний илэрхийлэл болсон Берлиний хана зэргийн нүдэнд харагдахуйц хана хэрэм ч байна, улс орон дотор хүмүүсийг нэг нэгнээс нь салгаж холдуулсан, хүн ба нийгмийн хооронд сүүдэртэн боссон, нүдэнд үзэгдэж харагдахгүй ч бодитой хананаас дутуугүй бат бэх орших “хана хашаа” ч байна.

Хүн хагарлын “хана хэрэм” босгож болохгүй, бас хананы “тоосго туйпуу” болж болохгүй. Ер нь хүмүүсийг нэг нэгнээс нь салгаж тусгаарласан “хана хэрэм” олон байна. Ийм “хананууд” янз янзын нэртэй, тодруулан хэлбэл “хүнд суртал”, “хээл хахууль”, “үзэн ядалт”, “шударга бус явдал”, “баян, ядуугийн ялгаа”, “ядуурал”... Тэр “хананууд” байгаад буй нь голдуу шударга бус байдалтай, нийгмийн тогтолцоо гаж буруу байгаатай холбоотой.

Ийм “хананууд” байгаа цагт Монгол хүн эрх чөлөөгөө жинхэнэ ёсоор нь буюу өөрт ашигтай, гэхдээ бусдад хор хохиролгүйгээр эдэлж, өөрийнхөө авъяас чадварыг нээн хөгжүүлж, амьдралдаа тавьсан зорилгодоо хэзээ ч хүрэхгүй. Амьдралдаа зорилго ч тавихгүй.

Эрх чөлөө бол дураараа байхын нэр биш, харин “хүнд суртал”, “шударга бус явдал”, “хээл хахууль”, “хуйвалдаан” зэрэг “хананууд”-ыг мөргөлгүй өндөр боловсролтой, эрүүл бие бялдар, саруул оюун ухаантай болох, зөв ёс суртахууныг өөртөө буй болгох, ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийг олон хэсэгт хуваасан “хананууд”-ын нэг “тоосго туйпуу” бололгүй улс орондоо, хамт олондоо, найз нөхдөдөө, гэр бүлдээ ээлтэй хүн болж мод мэт дэлгэрч хөгжихийн нэр юм. Эрх чөлөө бол их залхуурал биш, харин их хөдөлмөр билээ.

Хүмүүс, улс түмнийг нэг нэгнээс нь салган тусгаарласан чулуун хана хэрэм босгох нь сайн үйлдэл биш гэдгийг бид Берлиний хананы жишээн дээрээс ойлгосон. Гэхдээ хүмүүс тэр хана хэрмийг нүдээрээ харах, гараараа барих бололцоотой байдаг учир шүүмжилнэ. Эсэргүүцнэ. Шүүмжилж, эсэргүүцсээр байгаад бүр нураалгаж чадна.

Харин нүдэнд харагддаггүй боловч нийгмийг хэд хэдэн хэсэгт хуваасан шударга бусын “хана хэрэм”-нүүд чулуун хана хэрэмнээс илүү аюултай. Харагддаггүй, баригддаггүй учир шүүмжлэхэд хэцүү, шүүмжиллээ гэхэд тийм амар нурахгүй, боссон, нурсаны аль аль нь амархан ойлгогдохгүй. Гэхдээ хүмүүс, ялангуяа албан тушаалтнууд “хана хэрэм” босгож буйгаа өөрсдөө ойлгодоггүй, мэддэггүй. Харин ч эхэндээ нийгмээ хөгжүүлнэ, элдвийн саад бэрхшээлийг давна, хүндрэлийг гэтлэнэ гэх зэргээр сайн сайхан юм ярина.

Гэтэл үнэн хэрэг дээрээ хэлсэн үгнээсээ буцаж эхэлснээр, албан тушаалаа урвуулан ашигласнаар, албан тушаалд хэт шунах болон албан тушаалтайгаа үхэлдэн зууралдаж, түүнд хүрэх болон түүн дээрээ тогтохын тулд аль муу арга чарга хэрэглэснээр, дэргэдэх ханиа, нөхдүүдээ, улмаар олон түмнийг хуурч мэхэлснээр, тэднийхээ хэлж буй үгийг сонсох, зовлонг нь олж харах чадваргүй болсноор олон “хана хэрэм” босгож, нийгмээ олон хэсэг болгон хувааж, харин ч жинхэнэ шударга бус явдлыг өөгшүүлэн дэмжиж, тэр “хананууд”-ын цаана амь бөхтэйгээр нуугдан орших нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг.

Исаак Ньютон: “Хүмүүс олон хана босгох мөртлөө цөөн гүүр барих юм даа” гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Нээрээн л үнэн үг. Ямар ч байсан бодууштай үг. Хүмүүс газар дээр чулуун хана хэрэм барина, бас сэтгэлдээ үл ойлголцол, үзэл ядалтын “төмөр хана” босгоно. Өдөр бүр эргэн тойрондоо ямар нэгэн “хана хэрэм” босгоно. Сэтгэлд буй болсон “хана” чулуун хана хэрэмнээс ч илүү бат бэх оршино. Үндэстнүүдийн хооронд, нийгмийн давхар, бүлгүүдийн хооронд, хүйснүүдийн хооронд олон давхар “хана хэрэм” боссон байна. Эцэг эх ба хүүхдүүдийн хооронд, эхнэр ба нөхрийн хооронд, шашинуудын хооронд олон “хана хашаа” байна. Бид бас сэтгэлдээ “хана хэрэм” босгож, хоорондоо дайсагналцсан олон хэсэг бүлэг болж хуваагдсан байна.

Баян, ядуугийн ялгаа ихсэх, нийгэм гүнзгий бухимдалд автах, төр засаг “цөөнх” юм шиг болсон олон түмний бус, “олонх” мэт болсон цөөн хэдэн хүний эрх ашигт үйлчилдэг, тэднийг хамгаалдаг болох зэрэг нь төр засаг ба ард түмний хооронд өндөр, бат бэх “хана хэрэм” боссоныг нотолно. Тийм “хана хэрэм”-ний цаана “нуугдсан” төр засгийн “нүд нь сохор”, “чих нь дүлий”, “ухаан нь самуурсан” байдалтай байдаг.

“Нүд нь сохор” учир зовж зүдэрч буй ард түмнийхээ амьдралын зовлонг “олж харахгүй”, “дүлий дүмбэ” учир ард түмнийхээ шаардаж, хүсч буйг “сонсохгүй”, ямар сайндаа сонгуулийн амлалтаа өгөхийг шаардахад хариуд нь “таг чиг” оргино, эсхүл буруутныг шаардагчдаас өөрсдөөс нь “хайж олох”-ыг оролдоно, хаа нэгтэйгээс “хадны мангаа” тодруулж жүжиглэнэ.

Ийм төр засаг оршиж буй цагт бид хамтдаа нийтлэг эрх ашигтай нэг үндэстэн байж чадахгүй, харин тус тусдаа жижиг жижиг сонирхолтой олон фракц, хэсгүүд болно, нэг нэгтэйгээ “хана хэрэм”-ний цаанаас харьцана. Бид сэтгэлдээ үл ойлголцлын “хана” босгосноор нэг нэгнийхээ амьдралыг эвдэж, орон гэрээ нурааж байна. Бид хүнд суртал, хээл хахууль, хуйвалдаан, шударга бус байдлын “хана хэрэм” босгож, нийгмээ тогтворгүйжүүлж, улс орноо “нураах” шахаж байна.

Гэхдээ ийм нөхцөлд “хана хэрэм” босгосон албан тушаалтнууд буруутай болохоос биш “хана хэрэм”-ийг нураахыг зорьж байгаа ард түмэн буруудах ёсгүй. Учир нь хуйвалдаан, шударга бус байдлын “хана хэрэм”-ийг нураавал ойлголцол, хөгжил дэвшлийн “гүүр” тавигдана.

Америкийн Нобелийн шагналт яруу найрагч Роберт Фростын “Хана хашаа засахуй” (“Mending wall”) хэмээх алдарт шүлэг байдаг. Утга зохиолын дээд сургуулийн дотуур байрны нэг өрөөний хөрш Махти маань энэ шүлгийн “Хашаа болгонд хүн багтах нүх заавал гардаг” гэсэн мөрийг сав л хийвэл иш татдаг байж билээ. Уг шүлэг “Хана хашаанд дургүй юм хаа сайгүй байдаг” (“Something there is that doesn’t love a wall”) гэсэн гүнзгий утга агуулга бүхий мөрөөр эхэлдэг. Кеннеди Ерөнхийлөгч Берлиний хананы дэргэд хэлсэн алдарт үгээ чухамхүү энэ мөрөөр эхэлсэн байдаг. Энэ шүлгийн бас нэгэн санаа бол “Сайн хашаатай байвал сайн хөрштэй байна” (“Good fences make good neighbours”) гэсэн мөр билээ.

Роберт Фрост тэр үеийн ЗХУ-д айлчлаад ирснийхээ дараа “Оросууд миний “Хана хашаа засахуй” шүлгийг хэвлэсэн байна. Гэхдээ эхний мөрийг (“Хана хашаанд дургүй юм хаа сайгүй байдаг”) хасч хэвлэжээ. Тэгээд шүлэг яаж эхлэнэ гэж бодож байгаа юм бол доо?” гэсэн гэдэг. Харин тэр үед Зөвлөлт засаг тус шүлгийн “Сайн хашаа байвал сайн хөрштэй байна” гэсэн мөрийг их ач холбогдолтой хэмээн ойлгож шүлгээс нь хасаагүй байдаг. Эндээс хэн, хэзээ энэ шүлгийн юуг нь сонирхон авч үлдэж байв, юуг нь сонирхохыг хүсэхгүй, бүр санаатайгаар хасч байв гэдэг нь тодорхой харагдаж байгаа биз?

Энд мөн Орос, Америкийн алдарт яруу найрагч, Нобелийн шагналт Иосиф Бродскийн “Берлиний хананы аялгуу” (“The Berlin Wall Tune”) хэмээх шүлгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Намайг Москвад оюутан болж очиход өмнөхөн нь Бродский тэр үеийн ЗХУ-аас хөөгдчихсөн, бүтээлүүд нь хоригдчихсон байж билээ. Манай курсын оюутан Киктенко түүний шүлгүүдийг бараг бүгдийг нь цээжээр мэддэг байсан тул бидэнд уншиж өгдөг байлаа. Ингэж миний бие Бродскийн шүлгүүдтэй анх танилцаж, амт шимтийг нь мэдэрч, яруу найраг хэмээх ээдрээтэй үзэгдлийн тухай ойлголтоо баяжуулж билээ.

Дашрамд хэлэхэд саяхан соёлт хүн төрөлхтөн энэ аугаа яруу найрагчийн мэндэлсний 70 насны ойг нь хүндэтгэлтэйгээр тэмдэглэсэн билээ. Бродскийн түүх намтартай танилцаж байхад бас нэг зүйл ойлгогдсон нь өөр үзэл бодолтой хүнийг хөөн тууж, цагдан мөшгөж, орон шоронд оруулан байж асуудлыг “шийдэх” гэж оролдох биш, энэ нь өнгөц харахад Сталины “Хүн байхгүй бол асуудал байхгүй” хэмээн өрсөлдөгчөө, эсхүл өөр санал бодолтой хүнийг устгадаг аргаас арай боловсронгуй мэт санагдах боловч үнэн хэрэг дээрээ нэгэн агаар бүхий харгис хэрцгий арга мөн, харин өөрийн чинь бодож санаснаас өөр ч гэсэн зөв зүйтэй юм ярьж, хэлж, сэтгэж байвал түүнийг нь сонсох чихтэй, харах нүдтэй, ойлгох ухаантай байх нь зүйтэй гэсэн ухаарал юм.

Энэ шүлгийн:
Where no life forms can exist at all and objects may only fall буюу
Амьдрал тэр чигээрээ алга болдог газар
Аливаа юм өөдлөх биш, урууддаг газар гэсэн мөр, тухайлбал Берлиний хана, цаашилбал ер нь хана хэрэмний тухай Бродскийн бодол санааг тод илэрхийлж байна. Нээрээн л хана хэрэм байгаа газар амьдрал алга болно доо.

Хана хэрэм гэхээр бид голдуу дан хана хэрэмний тухай ярина, бодно. Гэтэл хана хэрмийг давхраар, эсхүл бүр “төөрдөг байшин”-гийн хэлбэрээр ч босгож болно. Бидний багад “Хүүхдийн парк”-д “Төөрдөг байшин” хэмээх тоглоом байдаг байсан. Нэг талынх нь хаалгаар ороод нөгөө талын хаалгаар гарна. Дунд нь төөрвөл олон мухар хана, булан мөргөж сандарна. “Хана мөргөх” гэж Монголчууд их л оновчтой хэлдэг байхаа? Харин олон хана бүхий “төөрдөг байшин” үүссэн түүх домгийг сонирхвол эртний Герегийн алдарт уран гартан Дедал түүнийг Критийн хаан Миносын захиалгаар зохиож, өөрийн гараар барьж бүтээсэн аж. Өнөө өдүүдийг нь лааны тосоор хооронд нь нааж урласан далавч хийж нисч яваад наранд хэт ойртсон тул лааны тос нь хайлж, далавчных нь өдүүд салсан тул далайд унаж живсэн Икарын аав Дедал мөн.

Критийн хаан Минос Дедалд “төөрдөг байшин” бүтээх захиалга өгөхдөө дотор нь Минотавр хэмээх бух толгойтой, үхэр сүүлтэй, хүн биетэй аймшигт амьтныг байлгахыг зорьсон байдаг. Тэр аймшигт амьтны төрсөн түүх хүний нүгэлтэй шууд холбоотойг үүнийг уншигч та мэдэж байгаа биз ээ. Минотаврын иддэг хоол нь хүний мах. Минос хаан Афин хотын иргэдээс залуучуудыг нь шилж сонгож Минотаврыг хооллодог байсан тухай түүхэнд өгүүлдэг. Хожим нь Афин хотын баатар эр Тесей олон давхар хана бүхий “төөрдөг байшин”-д байсан Минотаврыг устгаж Афины залуусын амийг, ер нь хотоо аварсан гэдэг. Гэхдээ Минотаврыг устгах нэг хэрэг. Харин тэр “төөрдөг байшин”-гаас тэндээ төөрч түгжигдэлгүй гарах нь түүнтэй адил амаргүй хэрэг байсан юм.

Тесей баатарт Ариадна бүсгүй тусалж дайснаа дарах илд сэлэм мөн боодол утас өгсөн гэдэг. Тесей “төөрдөг байшин”-д боодол утасыг хөврүүлж ороод Минотаврыг устгаад хөвөрсөн утсыг дагаж буцаж гарсан гэж домогт өгүүлдэг. Хана хашаа дангаараа байхдаа ч, давхар болж “төөрдөг байшин” болохдоо ч зөрчил дайсагнал, хагарал төөрөгдөл, айдас хүйдэс дундаас буй болж, эргээд тэдгээрийг улам ихээр бий болгож, хүний нүгэл дундаас буй болсон, бух ба хүн хоёрын дундах “Минотавр”-ыг нууж “хамгаалдаг”.

Берлиний хана, Хятадын цагаан хэрэм, Иерихон хотын хэрэм, Дедалын олон давхар хана бүхий “төөрдөг байшин”, Фростын шүлгийн хашаа гээд энэ бүхнээс харахад хана, хашаа, хэрэм хад, мод, чулуунаас бүтдэг аж. Гэтэл “Пинк Флойд”-ын “Хана хэрэм” цомгийн хана, хүмүүсийг хооронд нь болон нийгэм ба олон түмнийг дунд нь хуваадаг “хананууд” үзэн ядалт, үл ойлголцол, ядуурал, хүнд суртал, худал үг ба үйлдэл, хээл хахууль зэргээс бүтнэ. Хад, мод, чулуун хана байгаа цагт, нураагүй цагт дэлхий дахин, хүн төрөлхтөн, улс орнууд “Хүйтэн дайн”-ы үе шиг хуваагдмал байдалтай байж, хоорондоо дайсагналцана.

Ядуурал, хээл хахууль, хүнд суртал байгаа цагт, тэдгээрийг арилгахын төлөө төр, засаг нь хуруу хөдөлгөхгүй байгаа цагт, харин ч түүнийгээ байхгүй юм шиг царайлж нуухын тулд худал үг, үйлдлээр олон давхар “хана” босгож, түүнийхээ цаана өөрсдөө “нуугдах” гэж зүтгэж, тэндээ “төөрч” будилж буй цагт нийгэм хагарал зөрчилтэй, нийгэм ба олон түмний хооронд, хүмүүсийн хооронд улам их зай завсар гарч, зөрчил тэмцэл өрнөж хурцадна гэсэн үг.

Хүмүүс нь нийгэмдээ “мод” болж “ургаж цэцэглэх”-ийн оронд хүнд суртал, үзэн ядалт, ядуурлын том “хана хэрэм”-ийн нэг л “тоосго туйпуу” болж “үхнэ”. Хүний нүглээс буй болсон, бух толгойтой, үхэр сүүлтэй, хүн биетэй аймшигт Минотаврыг ард түмнийхээ нулимсаар ундаалж, зовлонгоор нь хооллоно гэсэн үг болно.

Тэгээд одоо яах ёстой вэ? Ямар сургамж авах вэ? Нийгэмд буй, хүмүүсийн хооронд байгаа “хана хэрэм”-ийг “нурааж буулгая”. Хамгийн том “хана хэрэм” болсон, анхнаасаа их юм хийж бүтээе гэхээсээ илүү айдас хүйдэст автсан нэг хүний албан тушаалаа баталгаатай байлгах зорилгоор байгуулсан, хамтарсан нэртэй Засгийн газар, хуйвалдаанаар “сонгогдсон Ерөнхийлөгч”, тэдгээрийн эрхшээлд орсон, нэг ёсны “тоосго туйпуу” нь болсон УИХ хэмээх төр засаг-Минотаврыг “дарж”, ард түмнийхээ үнэн шударга сонголтыг хүндэтгэж, Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлж, олон түмнээсээ “айдаг”, тийм учир “хүн дүртэй”, үнэн үгтэй, хариуцлагатай үйлдэлтэй төр засгийг эмхлэн байгуулъя.

Жинхэнэ ардчилсан оронд төр засаг ба ард түмний хооронд өндөр “хана хэрэм” босдоггүй байх учиртай бөгөөд эрх баригчид олон түмнийхээ шүүмжлэлийг сонсдог, түүнээс хамгийн их “айдаг” байх ёстой билээ.

Ингэх нь юуны түрүүн МАХН ба АН-д аль алинд нь ашигтай. УИХ-д суудалтай бусад намууд, гишүүдэд гишүүнийхээ үүргийг чин шударгаар хэрэгжүүлэхэд хэрэгтэй. УИХ алдагдсан эрхээ эгүүлэн авч, ард түмнийхээ жинхэнэ төлөөлөл болж, улс орны өмнө тулгамдсан “асуудлууд-хананууд”-ыг шийдэн буулгаж Монгол хүн бүрт хүртээлтэй, бас хүртээмжтэй хөгжлийг эрчимжүүлэхэд хэрэгтэй. Ингэж чадсан цагт нэг нь амлалтаа биелүүлэх гэж үнэнээсээ зүтгэнэ, нөгөөдөх нь өгүүлэхийн тулд шахаж шаардана. Үр дүнд нь улс орон, ард түмэн хожино, чухам хэн нь хэн бэ гэдгийг ч сайн таниж мэднэ. “Өр төлбөрийн тогтолцоо” “хариуцлагын тогтолцоо” руу шилжих эхний алхам хийгдэнэ. Ард түмэн нь жаргах, албан тушаалтнууд зовох цаг ирнэ.

Уг нь хамтарсан Засгийн газар юуны түрүүн нэг сая таван зуун мянган төгрөг өгнө хэмээн амлаж байгуулагдсан, харин тэрийгээ өгөлгүй өдий хүрлээ, сануулахад уцаарлаж нэг үзээд, элдвийн шалтаг тоочиж нэг үзээд, болохгүй болохоор нь “буруутан” хайж олох гэж оролдоно. Ингэсээр амлалт нь өөрсдийнх нь хүзүүг ороож, нэг ёсны гарах нүх, хаалгагүй “төөрдөг байшин” болж хувирч байна.

Хамтарсан Засгийн газар амлалтаа биелүүлэхгүй удах тусам төр засаг ба ард түмний хооронд буй болсон үл итгэхийн “хана хэрэм” улам зузаан, бас өндөр болно. Ер нь хамтарсан Засгийн газар нэг сая таван зуун мянган төгрөгийн амлалтаа биелүүлэхийн төлөө биш, харин ч биелүүлэхгүйн тулд байгуулагдсан юм биш үү? гэсэн таамаглал улам бүр гүнзгийрч, бухимдал улам бүр нэмэгдэж, олон түмний төр засагтаа итгэх итгэл суларсаар байна.

Уран гоё үгээр илбэдэн ард түмнийхээ итгэлээр тоглож, цаанаа олон түмнийхээ шүүмжлэлийг үл хэрэгсэн, эрх ашгийг нь үл тоомсорлон дээрээс нэг даргын өгсөн чиглэл шахалтын дагуу “Оюу толгойн гэрээ”-г яаруу сандруу байгуулсныг засч залруулъя, 7-р сарын 1-ний үймээний үеэр амь насаа алдсан залуусаараа “төөрдөг байшин” болсон төрийн ордондоо залсан бух толгойтой, хүн биетэй “Минотавр”-ыг “хооллохоо” зогсооё, үнэнийг сэргээн тогтооё, шударга төр засагтай болъё.Ингэж хэлэх нь хатуудсан болохгүй. Буруудах ч ёсгүй. Харин үүнийг хэлэхгүй байх нь буруу үйлдэл болно. Буруу юмыг дэмжсэн, өөгшүүлсэн хэрэг болно.

Хамтарсан Засгийн газар хэмээх саналыг анх гаргаж ирсэн хүн 7-р сарын 1-ний асуудлаар хариуцлага хүлээхээс айн болгоомжилж, хамтарсан Засгийн газар байгуулж, “өр төлбөрийн тогтолцоо”-ны дагуу албан тушаал хуваарилж, хариуд нь энэ асуудлыг саармагжуулах, улмаар хариуцлага хүлээх эзэнгүй болгохыг бодсон нь түүнээс хойш өрнөсөн улс төрийн үйл явдлууд, мөн 7-р сарын 1-ний асуудлаар хэн, ямар буруутайг тогтоох болон хэнтэй, ямар хариуцлага тооцох талаар юу ч өрнөхгүй байгаа зэргээс тод томруун харагдаж, бас ойлгогдож байна. Энэ асуудлаар үнэнийг тогтоож, хариуцлага тооцох нь зүйтэй гэж тухайн үед “үзэж” байсан нэгэн нэр дэвшигч хуйвалдааны дагуу “сонгогдсон”-оосоо хойш таг чиг шахуу болов.

Хүмүүс хуйвалдсан, эсэхийг хамтарч юу хийж байгаагаар нь тогтоож мэдэхээс гадна бас юу хийхгүй байгаагаар нь ойлгодгийг тэд сайн ухаараагүй бололтой. Тэгэхлээр хэн “Тесей баатар” болж, Минотаврыг “дарах” вэ? Хэн Ариадна бүсгүй шиг түүнд төрийн ордонд ороод “төөрөөд” алга болчихгүйн тулд шударга ёс, “хэлсэн үгэндээ эзэн болох” хэмээх зарчим, ард түмний эрх ашиг гэсэн бодол зэргээс бүтсэн “боодол утас”-ыг гарт нь атгуулах вэ?

Хэзээ вэ?

Амлалтыг нь биелүүлүүлье гэж хүсч байгаа бол, “өр төлбөрийн тогтолцоо”-г халъя гэж бодож буй бол түргэн тусмаа сайн. Яагаад хурдлах ёстой вэ? гэдгийн бас нэгэн чухал шалтгаан бол “Таван толгой”-н асуудлыг шийдэхтэй шууд холбоотой. Тодруулбал, Монголчуудын цаашдын хөгжил дэвшлийн нэгэн амин чухал асуудал болсон “Таван толгойн уурхай”-н асуудлыг зөв, эсхүл буруу шийдэхтэй холбоотой гэсэн үг.

Хамтарсан Засгийн газар “Оюу толгой”-н асуудлыг хэрхэн буруу шийдсэнийг бид бүгдээрээ харлаа. Хамтарсан Засгийн газар хэмээх бүтэц хариуцлага, шүүмжлэлийн гадна үлдэж байгаа тул томоохон асуудлуудыг шийдэхдээ нийт ард түмнийхээ дуу хоолой, шүүмжлэлийг хамгийн сүүлд сонсохчоон болдог, эрх ашгийг нь хамгийн сүүлд боддог юм байна, харин албан тушаал хуваарилсан нэг даргынхаа хурууны үзүүрээр хөдөлдөг юм байна гэдгийг бид сайн харж мэдлээ, ойлгож ухаарлаа. Энэ байдлаар манай улсын маань баялаг орд газрын үр шим, ашиг нь иргэн болгонд тэгш эрхтэйгээр жигд хүртээгдэх шударга шийдвэр гарч чадахгүй.

Ард түмэнд маань ашиггүй шударга бус шийдвэр гарлаа гээд үүнийг буруутгаж шүүмжлэх субъект байхгүй. Бүгд ард түмнийхээ нөгөө талд гараад хамтарчихсан хойно. Ийм туйлшралыг сэргийлж л сөрөг хүчин байх ёстой гэсэн ардчиллын зарчим үйлчлэх ёстой биш билүү. Магадгүй энэ Засгийн газарт боловсролтой сайн хүмүүс цөөн биш байх. Хувь хувьдаа тус бүртээ үүсэх нөхцөл, өрнөх үйл явдлыг эрүүл нүдээр харж шүүмжлэлтэй хандаж байвч нийлж хуралдаад дундаасаа буруу шийдвэр гаргадаг нь буруу улс төрийн тогтолцооны илрэл билээ.

Хүн хэлэхээс нааш, цаас чичилхээс цааш гэхчлэн хамтарчихсан Засгийн газарт ард түмний эрх ашгийг хамгаалан өмнөөс нь үг хэлэх субъект байхгүй болсноор буруу шийдвэрүүд гарах магадлал эрс нэмэгдлээ. Одоо “Таван толгойн уурхай”-н асуудлыг хамтарсан Засгийн газар шийдвэл буруу шийднэ гэдэг нь ойлгомжтой. Энэ чухал асуудлыг шударга шийдүүлье гэж бодож буй бол төр засгаа нэн даруй Үндсэн хуулинд, шударга сонгуулийн үр дүнд нийцүүлэн эмхлэн байгуулах шаардлагатай байна. Тэгж байж “Таван толгойн уурхай”-н асуудал, нэг сая таван зуун мянган төгрөгийн амлалтыг түргэн шуурхай, зөв зүйтэй шийдвэрлэе.

Эс тэгвээс “төөрдөг байшин”-д “нуугдаж” буй албан тушаалтнуудын сонорт нь санал бодлоо хүргэх гэж зүтгээд болохгүй, бүтэхгүй байгаа нөхцөлд ядуурал, хээл хахууль, ажилгүйдэл, үл итгэлцэл хэмээх олон давхар “хана хэрэм” мөргөж, худал үг, үйлдлийн золиос болж амьдарна. Шударга бус байдал газар авна, бухимдал нэмэгдэнэ, хөгжил удааширна.

Уг нь үнэхээр ардчилсан оронд амьдарч байгаа бол ингэж “Минотаврууд”-ын нэг ёсны “хоол” болж амьдралаа золиосолж болохгүй. Учир нь ардчилал бол хүн өөрийгөө бүрэн нээж хөгжүүлэх нөхцөлийг хангадаг нээлттэй тогтолцоо мөн тул аливаа “хана хэрэм”-ийг нураадаг. Ямар ч байсан тэгэх л ёстой. Харин “өр төлбөрийн тогтолцоо” боломжийг боогдуулж, хөгжлийг боомилдог тул “хана хэрэм” босгож, түүнийхээ цаана “нуугдах” дуртай байдаг.

“Хана” босгосон хүмүүс “хана хэрэм”-ээ буулгах дургүй байдаг. Харин шударга ёс тогтоохыг хүссэн, “тоосго туйпуу” болохыг хүсээгүй ард түмэн тэр “хана хэрэм”-ийг нураадаг. Хүн төрөлхтний туулж ирсэн түүх ч ийм билээ.

Жич:
Нийтлэлд хөндөж дэвшүүлсэн асуудал, сэдвээр санал бодлоо zuuniimedee@yahoo.com хаягаар ирүүлэхийг урьж байна. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” хэмээх ардын мэргэн үг бий. Гүжирдлэг, гүтгэлэг, мушгин гуйвуулах биш, хөндсөн асуудал дэвшүүлсэн арга замын талаар ухаан бодлоо уралдуулъя.

Намбарын Энхбаяр

No comments:

Post a Comment