элдэв ЯРИЛЦЛАГА, МЭДЭЭНИЙ ЦУГЛУУЛГА блог*Collection of interviews, news and articles* Sammlung von Interviews, Nachrichten und Artikeln
Ж.Нэргүй: Европын хэл дээрх хамгийн урт номыг орчууллаа. Монголд хэрэгтэй бол үүнээс ч урт номыг орчуулна
http://news.gogo.mn/r/71827
Яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүйтэй ярилцлаа. Тэрээр Э.Тополийн “Кремлийн эзэгтэй”, “Ор хөнжлийн Орос орон”, М.Веллерийн “Авсанд хэвтээ хүн”, Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”, Г.Плехановын “Улс төрийн гэрээслэл”, М.Славины “Гильотины илдэн дорхи эберчүүд”, Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь”, Саддам Хусейны “Забиба, хаан хоёр”, Владимир Высоцкийн “Бухимдал” гээд арав гаруй номыг дуун хөрвүүлсэн юм.
Энэ эрхэм С.Есениний шүлгийн түүврийг Монголд анх удаа бүрэн эхээр нь орчуулан хэвлүүлсэн. Уг түүврийг хэрхэн орчуулсан тухайгаа арав гаруй жил бодож яваад яг бариад авсан чинь арав хоногийн дотор “машиндчихсан” хэмээн өгүүлсэн юм. Түүний хамгийн сүүлд орчуулсан бүтээл нь Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” хэмээх алдарт роман. Европын хэл дээр бичигдсэн хамгийн урт роман, бас хүмүүст үзүүлсэн нөлөөллөөрөө Библийн дараа ордог гээд энэ роман номын ертөнцөд олон дээд амжилт тогтоожээ. Энэ тухай орчуулагчаас нь сонссон нь илүү сонирхолтой байх болов уу.
-Айн Рэндийн алдарт романыг та орчуулсан. Энэ бүтээл яг юугаараа онцлог юм бэ. Олон хүн ингэж асууж байна л даа?
-Эхлээд зохиогчийнх нь тухай цөөн үг хэлэх хэрэгтэй байх. Энэ хүн Октябрийн хувьсгалын улмаас хөрөнгө нь сүйрсэн эмийн санчийн охин. Тэрээр 21-хэн настайдаа хувьсгалт Оросоос зугтан Америкт цагаачилж гарсан. Айн Рэнд Америкт очоод кино ертөнцөд хөл тавих гэж үзсэн. 1945 оны дайн дараа дэлхийн тэргүүлэх гүрнүүд болох АНУ, Англи, Франц зүүний үзэл баримтлалыг дэмжиж, бараг л энхтайвны замаар социализмыг байгуулах дээрээ тулсан. Айн Рэнд энэ талаар философийн нийтлэлүүд бичсэн байдаг. Үүгээрээ түүнийг хөгжингүй капитализмын онолын үндсийг тавьсан гэдэг.
“Атлантын нуруу тэнийв” роман чөлөөт зах зээлийн нийгэмд хүн яаж амьдрах ёстойг хэдэн бизнесмэний жишээгээр харуулсан. Адал явдалтай, маш их зөрчилтэй зохиол. Гэхдээ ямар нэг нуршуу юм байхгүй. Нэг уншаад эхэлбэл тосон дээгүүр гулгаж байгаа юм шиг л яваад өгнө. 1957 онд хэвлэгдсэнийхээ дараа хэдхэн долоод л бэстсэллэр болсон. 1991 онд АНУ-ын Конгрессын номын сангаас нэгэн томоохон сайттай хамтран санал асуулга явуулахад хүмүүсийн амьдралд үзүүлсэн нөлөөгөөрөө Библийн дараа орсон. Тэр нөлөөгөө өнөө болтол алдаагүй байгаа гэгддэг. Энэ нь олон нийтийн санал асуулга, борлуулалт гэсэн хоёр хэмжүүрээр байнга нотлогддог гэсэн. 1998 оноос хойш XX зууны дэлхийн шилдэг 100 романыг энэ ном байнга тэргүүлж байгаа. АНУ-ын элитүүд, их, дээд сургуулийн оюутнууд, улстөрчид, бизнесмэнүүд “Атлантын нуруу тэнийв” романыг маш их уншдаг. Мөн 1998 оноос хойш Оросын ажил хэрэгч хүмүүсийн уншдаг топ 20 номыг тэргүүлсээр байгаа, ийм л роман даа.
-Барууны ертөнцөд асар олон хувиар хэвлэгддэг арилжаа, шоу шинжтэй ном, зохиол олон байдаг. Тэдгээрээс энэ роман юугаараа ялгарах вэ. Ур чадварын талаасаа, уран зохиолын үнэ цэнээрээ ч гэдэг юм уу?
-Энэ зохиолын гол онцлог нь хэвшмэл ойлголт, тогтсон стандартыг эвдэж, уламжлалт хэв маягийг зад татсан. Уран зохиолын төрөл зүйлийн хувьд романтизмыг баримталж бичсэн роман. Үзэл сурталд огт баригдаагүй, чөлөөт бичлэгтэй. Романтизмын гол шинж болох оргилуун сэтгэлгээгээр бичигдсэн.
Ф.Достоевскийнх шиг хүнд эргэцүүлэл, Л.Толстойнх шиг уйтгартай урт хүүрнэл огт байхгүй. Үйл явдал нь гялалзаад л өнгөрнө. Романд бодит хандлагын ёс суртахуун гэж нэг гол шугам яваад байгаа. Энэ нь сонголтоо зөв хийх ёстой гэсэн үзэл. Аливаад сонголт хэрэгтэй. Зөв сонголт хийнэ гэдэг бодит хандлагын ёс суртахуун гэдгийг л хэлээд байгаа юм. “Атлантын нуруу тэнийв” роман үүнийг л зааж өгсөн. Бусдыг хүндлэхээс өмнө хүн өөрийгөө хүндлэх ёстой. Өөрийгөө хүндэлдэг хүн хэзээ ч муу юм хийхгүй гэсэн санаа энэ романд нэвт шувт бий.
-Энэ том романыг орчуулах санаа хэзээ төрөв?
-Монголын Либертари сангийн захиалгаар орчуулсан. Үүнийг уншиж байж АНУ-ын капитализм зөв голдиролдоо орсон. Төгс төгөлдөр капитализмын мөн чанар ямар байдгийг мэдсэн. Товчхондоо бол ажил хийдэггүй дүүдээ мөнгө өгөх хэрэггүй гэсэн санаа л энд байгаа.
-Монголын уншигчдын анхаарлыг хэр татаж байна вэ. Орчуулагчийн хувьд та ажиглаж л байгаа байх?
-Энэ романыг цэвэр бизнесийн журмын дагуу АНУ-д байдаг Айн Рэндийн өв хадгалагчаас орчуулж, хэвлэх эрхийг нь худалдаж авсан. АНУ-д энэ романы гурван ботийг хамтад нь нэг ном болгож хэвлэдэг жишиг тогтсон юм билээ. Тиймээс Монголд ч гэсэн тэгж хэвлэх шаардлага тавьсан. Тиймээс их том ном хараад зарим хүн сүрддэг. Тэгээд надаас хүн уншихаас сүрдэж байхад яаж ийм том романыг орчуулав гэж асуугаад байгаа. Монголын уншигчдад хэрэгтэй гэж үзвэл үүнээс ч зузаан номыг орчуулах шаардлагатай унших ч шаардлагатай.
Энэ номыг орчуулж хэвлүүлсний дараа хэд хэдэн хүн санал бодлоо хэлж утасдсан. Геологич Мөнхнасан гэж хүн эхнэртэйгээ хамт уншсан гэсэн. Тэрээр над руу байн байн утасддаг. Мөн гавъяат жүжигчин Д.Сосорбарам бас долоо хоногт нэг удаа утсаар ярьдаг. Тэрээр, энэ ямар агуу ном бэ гэдэг. Тиймээс үүнийг уншчихвал өнөөгийн Монголд байгаа нийгмийн ухааны хоёр, гурван сургууль төгссөнтэй адил болно шүү гэж хэлмээр байна.
-Та сүүлийн үед ойр ойрхон олон ном орчуулж, хэвлүүллээ. Ялангуяа Барон Унгернээр “өвчлөөд” байгаа юм аа даа?
-Барон Унгерний үнэн түүхийг сэргээе л гэж бодсон. Ардын хувьсгалын үйл явдлыг манайхан Москвагийн даалгавраар маш их гуйвуулж самууруулсан. Би Баронтой хамт байлдаж явсан штабын дарга, комендантын дарга нарынх нь дурсамж болон алдарт Ф.Оссендовскийн номыг орчууллаа. Тэдгээртээ үндэслэн кино зохиол бичсэн. Хамгийн гол нь 1920-1921 оны үйл явдлыг үнэн мөнөөр нь өнөөгийн залууст ойлгуулах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр дунд сургуулийн түүхийн хичээл социализмын үеийн концевцоор явж байна. Түүхийн хичээл заах концевцийг нийгмийн байгуулал өөрчлөгдсөн даруйд нь өөрчлөх ёстой.
-Одоо хуучин үзэл баримтлалаараа түүхийн хичээл зааж байгаа гэж үү?
-Тийм. Социализмын үеийн арга барил, үзэл баримтлал яг хэвээр байгаа гэдгийг БСШУЯ-ны яг энэ асуудлыг хариуцсан мэргэжилтнээс сонссон. Энэ бол бүдүүлэг явдал, хойч үеийнхээ өмнө хийж байгаа гэмт хэрэг.
-Тухайлбал, Барон Унгернийг түүхийн сурах бичиг, сурвалжуудад ч, кино, зохиолд ч сайнаар дүрсэлдэггүй шүү дээ. Харин та түүнийг Монголыг аварсан гавъяатан гэж бичсэн байсан?
-Барон Унгерн байгаагүй бол манай улс гамингуудын гараас гарахгүй байсан. Барон Унгерн орж ирсний хүчинд гамингуудыг Монголоос хөөсөн шүү дээ. Харин Бароныг устгах гэдгээр шалтаглан улаан цэрэг наашаа дайрч орж ирсэн.
-Ардын журамт цэрэг арван мянган гаминг сөнөөж Хиагтыг чөлөөлсөн гэдэггүй билүү?
-18 мянган гамингийн ихэнхийг Барон Унгерн устгасан. Сүхбаатарын журамт цэрэг, улаан цэрэг нийлж Хиагтад байсан цөөн тооны гаминг устгасан юм билээ. Тэндээс 7000 гамин зугтаж явахад нь одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Барон Унгерн, генерал Резухин хоёр тосч очин бут цохисон. 1911 оны Цагаан сарын шинийн 15-нд Богд хааныг хаан ширээнд эгүүлэн залсны 90 жилийн ой ирэх жил болно. Барон Унгерн байгаагүй бол Богд хааныг чөлөөлөхгүй байсан.
-Барон Унгерн Нийслэл хүрээнд ирээд Монголчуудыг буудаж, дүүжлээд л байсан гэдэг ойлголт бидэнд байдаг. Гэтэл Монголчуудын өөдөөс буу шагайхыг ч хүсдэггүй байсан гэдэг, үнэн үү?
-Барон Унгерн Нийслэл хүрээнд орж ирэхдээ гаминтай тулалдсанаас биш Монголчуудтай тулалдаагүй. Мөн Барон Унгерн Хиагтыг, Троцкиосавскыг ч гэсэн тун амархан эзлээд авах боломжтой байсан. Гэтэл тэгэлгүй яагаад цэргээ татсан бэ гэдэг их сонин. Түүнээс биш тэрээр Байгаль нуурын эрэг хүртэл оросуудыг жинхэнэ сандаж түйвээсэн байдаг юм. Тэгсэн атлаа Хиагтад тун идэвхгүй тулалдсан. Үүний учир нь нэгт гэвэл тухайн өдөр тулалдаж болохгүй гэж Монгол лам хэлсэн байдаг.
Үүнээс гадна Барон Унгернд угаасаа Монголчуудтай тулалдах сонирхол байгаагүй. Яагаад гэвэл улаан оросуудтай биш Сүхбаатарын талынхантай учраа ололцоно гэж бодож байсан. Түүнд Д.Бодоо, Хатанбаатар Магсаржав хоёр их урвагч загнасан. Би барууны үзэлтэй тул бодит хандлагын үүднээс ингэж хэлж байна. Тэдэнд Барон Унгерн итгээд байсан. Сүхбаатарынханд хоёр удаа бичиг өгсөн тул хэл амаа ололцчихно байх гэж бодсон. Социализмын үеийн түүхэнд бичдэг шиг Бароны цэрэг Зулзагын голд бут цохигдоогүй. Мөн Нийслэл хүрээг ардын журамт цэрэг чөлөөлсөн ч юм биш. Тэд хоосон байсан хотыг хэнээс чөлөөлдөг юм. Хүрээнд зүгээр л орж ирсэн гэж бичсэн байдаг. Түүнээс биш эзэлсэн, чөлөөлсөн гээгүй.
-Болсон алим шиг Монголыг улаан Оросын аманд зүгээр орхичихоод явсан гэж та бичсэн байх аа?
-Барон Унгерний цэрэг, офицерууд дайн байлдаанаас залхсан. Тиймээс Монголыг орхиод зүүн тийшээ гарсан. Дэлхийн нэгдүгээр дайн, Орос, Японы дайнд оролцож байсан туршлагатай офицеруудаар удирдуулсан, хурдан буутай 2000 хүн Монголчуудтай байлдсан бол Монгол орон цусанд живэх байсан. Тиймээс зөвхөн гамингаас чөлөөлсний нь төлөө Бароны гавъяаг дурсах бус Монголоос дайны хөлийг холдуулсанд нь талархах хэрэгтэй.
-Дайны хөлийг яаж холдуулсан гэж?
-Яг энэ талаар асууж байгаа бол Барон Унгерн төдийгүй түүний удирдлага дор байсан хурандаа Хоботов, Кастерн, Торновский нарын гавъяаг эргэн санах хэрэгтэй болно. Тэд бүх их буугаа хавцал руу унагаж, пулёмётоо эвдлээд, тууж явсан үхэр, хонио нядалж шуузлан богцондоо хийгээд, хоёр цэрэг дундаа нэг хөтөлгөө морьтойгоор гарч давхиад Буйр нуур хүрсэн байдаг юм. Ингэж явахдаа Барон Унгерний цэрэг замдаа ганц удаа тулалдсан. Сүхбаатар өөрөө цэргүүдтэйгээ араас нь нэхэж очин тулалдсан. Гэтэл Бароныхон байлдахгүй гээд шөнө нь Хэнтийн Биндэрийн нэг ламаар газарчлуулаад алга болсон юм билээ. Гэтэл өнөөдөр Монголын түүхэнд Бароны үлдэгдлийг Мөнгөнморьтын Зүүн Бүрхэд бут цохилоо гээд дурсгалын самбар босгочихсон байгаа. Ингэж болохгүй шүү дээ.
-Сонин л юм байна. Нийслэлийнхэн хогоо хаяж, бас өөд болоочдоо тавьсаар зайгүй болгоод байгаа Цагаан даваа Барон Унгернтай холбоотой гэлүү?
-Нийслэл хүрээг эзлэхдээ Барон Унгерний цэргүүд Цагаан даваагаар давж орж ирсэн. Барон Унгерн Баянзүрх уулын наана баахан түүдэг асаагаад тэндээ хэдхэн хүн үлдээсэн гэдэг. Тэгээд тэднийг түүдгийнхээ наагуур цаагуур гүйгээд бай гэж л дээ. Энэ бол Наймануудыг хуурсан Чингисийн аргыг хэрэглэсэн хэрэг.
Гамингууд дурандаад Бароны цэрэг наашаа хөдлөөгүй байна л гэж бодоод байсан. Гэтэл Бароныхны нэг хэсэг нь хойгуур тойрч Цагаан даваагаар даваад дайрч орж ирсэн. Резухины удирдсан хэсэг урагшаа Дээд, Доод модчингоор Нийслэл хүрээ рүү орж ирж гаминг бут цохисон. Барон Унгерн бол өндөр боловсролтой, түүх сайн мэддэг, нийгмийн зөрчлийн мөн чанарыг ойлгосон хүн байсан. Тиймээс жинхэнэ Чингисийн удмынхан дэлхийд голлох үүрэгтэй гэдгийг тухайн үедээ тунхаглаж байсан. Би Цагаан даваанд Барон Унгерний хөшөөг босгох сон гэж боддог юм.
-Бароны нуусан алт хаана байгаа бол оо. Үнэхээр тийм алт нуусан юм болов уу?
-Энэ бол Монголчуудын тавьдаг хэвшмэл асуултын нэг. Манайхан Барон гэхээр алтыг нь их сонирхдог. Үүнийг манайхан байтугай 1920-оод оноос эхлээд улааны комиссарууд ч сураглаж байсан. Дэлхийн хоёрдугаар дайн өнгөртөл сураглаж байсан гэдэг.
-Барон тийм их алт хаанаас олсон юм бол оо?
-Адмирал Колчак хаант Оросын ихэнх алтыг булааж аваад заримыг нь Алс Дорнод руу, нэг хэсгийг нь Япон руу гаргасан. Гэтэл улаантнууд Колчакыг буудчихад армийнх нь мэдэлд байсан алтыг хурааж авсан. Түүнийгээ Монгол нутгаар дамжуулан Хятад руу, өөрөөр хэлбэл Алс Дорнодын бүгд найрамдах улс руу гаргахаар болсон. Гэтэл тэр алтыг замаас нь Барон Унгерн булааж авсан. Нийт 27 тэрэг алт байсан гэдэг. Барон тэр алтыг буриадуудаар булуулаад, дараа нь бүгдийг нь буудчихсан. Тэнд байсан хүмүүсээс хоёр хүн л амьд үлдсэн гэж ярьдаг.
Ямар ч байсан Барон алтаа яах аргагүй Сэлэнгэ хавьд булсан нь үнэн. Макаевын дурсамжид энэ тухай барин тавин бичсэн байдаг. Баронтой ойр дотно байсан Польшийн эрдэмтэн Ф.Оссендовскийг тэрхүү алт нуусан газрыг мэднэ гэж үзээд олон улсын тагнуулууд их мөрдсөн. Гэрт нь нэгжлэг хийгээд баримт олоогүй тул ул мөрөө баллахын тулд гэрийг нь шатаасан байдаг. 1945 оны нэгдүгээр сарын 3-нд Барон Унгерний зээ Ф.Оссендовскийтой ирж уулзсаны маргаашийн тэрээр нас барсан. Нэгэн Монгол лам Ф.Оссендовскид “Чи Бароны хамаатантай уулзсаныхаа дараа үхнэ” гэсэн нь ийнхүү ёсоор болсон гэдэг.
Гэтэл 1945 оны гуравдугаар сард Зөвлөлтийн цэрэг Польшийг чөлөөлөөд Ф.Оссендовскийн амьдарч байсан тосгонд ирж түүнийг асуужээ. Хоёр сарын өмнө нас барсан гэдгийг сонсоод шарилыг нь ухаж үзэж байж итгэсэн гэдэг. Энэ бүгдээс бодоход Ф.Оссендовский Бароны алтны талаар бага сага зүйл мэдэж байсан байх. “Польшийн ой хөвч” номдоо Бароны алтаа нуусан газрыг заасан. Гэхдээ яг координатыг нь заагаагүй тул олох боломжгүй л дээ.
-Барон Унгерний ач Монголд ирсэн гэдэг байх аа?
-Бароны хамаатан нь 2003 онд Монголд ирсэн. Түүнийг манайхан олигтой хүлээж аваагүй. Мань эр сэтгэл дундуур буцсан. Манай өвөөгийн эдэлж хэрэглэж байсан юм Монголд нэлээд байх болов уу гэсэн мөн бишийг мэдэхгүй ганц гутал л танай музейд үзлээ гэж байсан. Манайхан түүнд Барон Унгерний тухай “Төгсгөл” киног үзүүлсэн юм билээ. Тэр хүн Монголд ирснийхээ дараахан бурхан болсон. Би түүнээс ярилцлага авч байсан. Эх орны дайн үед залуухан офицер баруун фронтод байлдаж явсан гэж байсан. Барон удмынхан голцуу дипломат ажил хийдэг. Герман, Швейцарь, Финландад Бароны удмынхан байгаа. Барон хэргэмтэй нийт 300-гаад өрх байдаг гэсэн. Би чамд нэг сонин түүх ярих уу.
-Тэг л дээ.
-Барон Унгернийг баривчилж аваачаад Новосибирскт байцааж байхдаа улаантнууд “Чи бидний талд ор. Тэгвэл Петроградын комендантаар тавья” гэж ятгасан гэсэн. Тэгсэн чинь Барон Унгерн өөдөөс нь тас тас инээгээд салаавч өгсөн. Энэ тухай мөрдөн байцаалтын протоколд нь байдаг. Хэрэв Барон “За тэгье” гэсэн бол Жуков, Якир нар шиг улаан цэргийн жанжин болох байсан биз. Тэгээд Будённый шиг амьтан Монголд уригдаж ирээд л, гамингаас чөлөөлсөн гээд баатар цол авах байсан.
Тэрээр өөрийнхөө хурц зангаас болоод буудуулчихсан. Байцаалтын үеэр нэг биш удаа Чингис хааныг дурдсан байдаг. Барон оросууд, шар арьстнууд тэнэг, тэдэнд идэх юм өгвөл хаашаа ч урвахад бэлэн. Талын Монголчууд бол тэгдэггүй гэж ярьдаг байж. Тиймээс Монголчуудтайгаа бол би Лиссабон хүрнэ гэж хэлсэн биз. Энэ нь Чингисийн хүрээгүй баруун хойд далай, Батхааны очоогүй газар нутагт хүрнэ гэсэн үг шүү дээ.
-Ингэхэд та анх яаж яваад Баронтой холбогдчихсон юм бэ?
-Миний өвөө Алтанбулагийн буриад хүн байсан. Өвөө маань Дарьгангаас өнчин охин өргөж авсан нь миний ээж юм. Өвөө маань надад Бароны цэргүүд дээрэм хийдэггүй байсан хэмээн шивнэж хэлдэг байсан. Яагаад дээрэм хийдэггүй байсан юм. Дээрэм хийдэг гэж бичээд байна шүү дээ гэхээр “Үгүй ээ, Бароны цэргийн дарга офицерууд дандаа язгууртан гаралтай, Цагаан хаанд зүтгэж байсан, хүмүүжилтэй хүмүүс байсан учраас дээрэм тонуул хийдэггүй байсан. Дээрэм тонуулыг ядуучууд хийдэг байсан. Тэр нь улаан цэргүүд л байсан” гэж шивнэж хэлдэг байв.
Г.Сонинбаяр
Яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүйн бүтээлүүд манай "Э-НОМ" буланд байршаад байна. Та түүний номуудаас электрон хэлбэрээр худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment