УИХ-ын гишүүн О. Чулуунбаттай ярилцлаа.
-Монголын эдийн засаг хурдацтай өсөж байгаа тухай сүүлийн үед их ярих боллоо. Та ямар бодолтой байна. Яриагаа эндээс эхлэх үү?
-Монголын эдийн засаг тодорхой хэмжээнд сайжралгүй яах вэ. Зэсийн орлого тэрбум ам.долларт хүрэх гэж байна. Төмрийн хүдэр, цайр гаргаж байна. Монголын барилга байгууламж сайжирч байна. Дотоодын үйлдвэрлэл тодорхой хэмжээгээр нэмэгдлээ.
-Саяхан эдийн засгийн форум ч манайд боллоо. Юу гэж дүгнэж байна?
-Эдийн засгийн форум бол их чухал үйл явдал болсон. Нийгэм, эдийн засгийн байдал далайцтай, хурдтай хөгжиж байхад манайд юу нь болохгүй, юу нь болж байна, гадаадын улс орнуудын туршлага ямар байгаа, хэн нь хаанаа яаж алдаж байна гэдгийг сонсож, судлах ёстой. Форумын зорилго ч ийм байсан нь олзуурхууштай. Форумд оролцсон гадна дотныхон Монголын эдийн засаг хурдацтай хөгжин тэлж байна гэж ярьсан. Энэ боломжийг ашиглах алтан үе ирлээ гээд байгаа. Харамсалтай нь бид дотоод байдлаа харахаар иргэд бухимдалтай, амьдрал нь сайжрахгүй байна. Энэ нь баялгийн хуваарилалт шударга бус, Монголын хамаг баялаг цөөн хэдэн хүний халаасанд ороод байгааг хэлээд байна. Бизнесмэнүүд хөдөлмөрлөж мөнгө олоод хөлжиж байвал болно. Харин төсвөөр болон албан тушаалаараа дамжуулаад орлого олох нь шударга биш. Манай төсвийн дарга нар хэтэрхий их бизнес хийгээд байна. Тэгэхээр баялгийг зөв хуваарилах гарцыг олох ёстой.
-Яаж?
-Баялгийг зөв хуваарилах механизм бол төсөв байх ёстой. Гэвч бид төсөвтөө реформ хийж чадалгүй 20 жил болчихлоо. Орлогоо цуглуулаад л байдаг, буцаагаад тараахдаа тендер маягаар гаргаж цацаад байна. Эсвэл төсвийн ажилчдын цалинг нэмээд тараачихдаг. Одоогийн байдлаар Монголд цэвэр өөрийн хүчээр хөдөлмөрлөж ар гэрээ тэжээж байгаа сая 400 мянган хүн бий.Тэднийг төр нь ор тас мартчихаад бизнес хийх, хөдөлмөрлөх, орлого олох орчинг нь сайжруулж өгдөггүй. Зөвхөн улсаас цалин авч суудаг хүмүүсээ бодоод байна. Өөрийн хөлс хүчээрээ юм хийх гэж яваа хүмүүст очих хөрөнгө, мөнгийг нь дарга нар замаас нь тендер нэрээр хуваагаад авчихдаг шүү дээ. Тэгэхээр Монгол Улс яаж баялгаа зөв хуваарилж, зөв хөгжих юм.
-Ерөнхий сайд бизнесийн орчныг сайжруулна гээд бүтэн жил ярьсан. Тэгээд сайжраагүй гэж үү?
-Гудамжны бухимдал байна гэдэг бизнесийн орчин сайжраагүйн шинж. Залуус бүгдээрээ төрийн байгууллагад ажиллах сонирхолтой болчхож. Ардчилсан намд, манай намд ч ялгаа алга. Төрийн байгууллагад түшмэл болох сонирхолтой болчхоод байна. Энэ бол авилга ч, дарамтлагч болж төрийн механизмаар далимдуулан мөнгө хийх гэсний илрэл. Монголд өчнөөн мянган дарамтлагч, торгогч байна. Торгуулийнхаа мөнгийг өөрсдөө мэдээд тавьдаг болчхож. Торгогч, дарамтлагчдад ийм их эрх чөлөө өгсөн орон манайхаас өөр алга. Хэрэв бизнесийн орчин сайжирвал залуучууд төрийн албанаас гарч бизнес хийнэ шүү дээ. АНУ, Европт төрийн байгууллагад ажиллая гэсэн залуучууд байдаггүйг санах хэрэгтэй.
-Өнөө жилийн батлагдсан төсвийн талаар юу хэлэх вэ?
-Хурдацтай хөгжиж байгаа эдийн засгийн орчинд бид нэлээд том хэмжээний орлоготой ч түүнээсээ илүү зарлагатай төсөв баталсан. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг дээ. Энэ хэмжээгээ мэдэлгүй явсан Португаль, Грекийг хар л даа.Тэд олон жил төсвийн алдагдалтай явсаар өнөөдөр том хямралд орж байна. Тэдэнтэй адилхан Монгол Улс төсвөө ийм их алдагдалтай баталж байгаа нь санхүүгийн менежментээ хийж чаддаггүй орон гэдэг дохиог гадаадынханд өгч байгаа.
-Төсвийн хуульд өөрчлөлт хийнэ гэж байгаа. Ингэхээр арай өөр болох юм болов уу?
-Хуулийн төсөлтэй нь танилцсан. Сайн юм болоогүй байна лээ. Тэндээс олж авах юм алга байсан. Төсвийг нөгөө л хэдэн дарга нар хуваарилдаг. Лобби сайтай сайд, гишүүд тойрог руугаа их мөнгө хуваарилуулдаг тэр тогтолцоо өөрчлөгдөхгүй юм билээ. Төсвийг өөрчлөхийн тулд орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай.
-Энэ талаар түлхүү тусгаснаараа давуу болж байгаа гээд байсан санагдана?
-Бага тусгагдсан байна лээ. Ер нь нэг хүнд ногдох төсвийн зарцуулалтаа шударгаар хийх хэрэгтэй. Төсвийн шинэтгэлийг ийм маягаар хийвэл сайн. Энэ саналаа Сангийн яаманд хүргүүлэх гэж байгаа. Миний санал хамгийн мундаг нь гэж байгаа юм биш л дээ. Үүнээс санаа аваач л гэсэн юм. Бусад орнуудын төсвийг их сонирхож уншдаг. Ямар төсөвтэй орны эдийн засаг сайн хөгжөөд байна гэдгийг насаараа судалсан хүнийхээ хувьд саналаа хэлж байгаа юм.
-Манай Сангийн сайд гэх мэтийн дарга нар ингэж судалдаггүй гэж үү?
-Судалж байгаа л байх. Гэхдээ судалж амжаагүй ч байж магадгүй. Би өөрийгөө хамгийн сайн төсөвчин гэж хэлээгүй шүү дээ. Төр засгийн буянаар гадаадад сурсан болохоор дэлхийн ихэнх орны санхүү эдийн засаг, төсвийн талаар судалж, зөв вариантыг нь хайдаг. Жишээ нь манай татварынхан татварын орлогоо нэмэгдүүлчихлээ гэж баярлаад шагнал хүртээд байна. Өндөр хөгжилтэй орнуудад бол эдийн засагт хохиролтойгоор татвар нэмэгдүүлсэн бол нүгэл хийж байгаа байхгүй юу. Татвар нь багасахаар улс улам хөгжөөд иргэд нь урамтай ажилладаг жишээ бий.
-Уул уурхайн том төслүүд манай эдийн засгийг сайжруулах гол хөшүүрэг байж чадах болов уу?
-Оюутолгой, Таван толгой Бол манай эдийн засагт үнэхээр том түлхэц өгөхүйц төсөл. Гэхдээ нэг их олон хүн ажилтай болохгүй дээ. Сайндаа л 20 мянган хүн ажлын байртай болно. Энэ нь нийт монголчуудын амьдралын түвшинг сайжруулахгүй. Үнэндээ энэ төслүүд төсөвт ч тийм сүртэй орлого оруулахгүй. Жишээ болгоод хэлэхэд "Бороо гоулд" гэхэд нийт тэрбум ам.долларын орлогоосоо 200 гаруй сая ам.долларыг төсөвт оруулна. Монголын баялгийг ухчхаад олсон орлогынхоо ихэнхийг аваад гарчихсан юм шиг харагдаж байгаа биз. Зөвхөн төсөвт оруулсан мөнгөнөөс гадна ажлын байр бий болгосон нь сайшаалтай гэхээс. Оюу толгой, Таван толгойн төсөл ч ялгаагүй. Том төслүүдээс иргэддээ тэнцүү хувьцаа тараана гэдэг нь зөв. Харин бэлэн мөнгө тарааж байгаа нь буруу. Ядаж Улаанбаатар хотод хийсэж байгаа цаасыг түүчих. Нэг кг цаас түүсэн хүнд арван мянган төгрөг өгье гэвэл болж байгаа юм. Иргэдээ улам залхуу, хойрго, санаачилгагүй болгох юмаа төр өөрөө хийгээд байх юм.
-Таван толгойн хувьцааны талаар тооцоо хийж үзсэн үү?
-Хувьцаа тараах нь шударга. Гэхдээ Таван толгой ашиглалтад ороогүй байхад хувьцаа тараах нь гэнэн үйлдэл. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Таван толгой төслийн дэд бүтэц бэлэн болоогүй, зам тээвэр, эрчим хүч нь яагаа ч үгүй байна. Ийм үед хувьцаа тараачихвал иргэд хямдхан худалдчихна шүү дээ. 1990-ээд оны цэнхэр, ягаан тасалбараа хямдхан борлуулчихдаг шиг л юм болно. Хөрөнгө мөнгөтэй компаниуд иргэдийн хувьцааг үнэгүй шахам худалдаад авна. Дэлхийн том компаниудын туршлагаас харахад бүтээгдэхүүнээ гаргаж, зах зээлд борлуулаад бусад шаардлагатай бүх нөхцөлийг нь бүрдүүлсэн үедээ IPO хийдэг. Таван толгойн нийт хувьцаа 15 тэрбум гэж бодъё. Тэгвэл иргэд хувьцаагаа арван центээр худалдана. Харамсалтай байгаа биз дээ. Үүний оронд төр Tөcлөө хэрэгжээд эхэлсний дараа хувьцаагаа худалдах зөвшөөрлийг иргэдэд өгөх хэрэгтэй.
-Хөгжлийн банкны талаар ямар бодолтой байгаа вэ?
-Бодлогогүй үйл ажиллагаа явуулаад байгаагийн нэг жишээ энэ. Төрийн банк хэрэггүй юм байна гээд бүх банкаа бид хувьчилсан шүү дээ. Сүүлийн 30 жил банкны салбарт ажиллахдаа төрийн банкнуудын муу зээлийг төлүүлэх гэж явлаа. Төрийн банк бий болохоор дарга нар ах дүү, найз нөхдөдөө зээл гаргуулдаг, ажилд оруулдаг. Ингээд тухайн банкийг хамгийн муу аж ахуй нэгж болгон хувиргадаг. Тийм учраас бүгд дампуураад алга боллоо. Гэтэл одоо дахиад төрийн банк байгуулна гэж байна. Дэлхий даяараа хөгжлийн банкийг байгуулаад бүтэл муутай байсан шүү дээ.
-Хөгжлийн банк байгуулахтай холбогдуулан МАН-ын бүлгээс гаргасан ажлын хэсгийн ахлагч байсан. Хөгжлийн банкийг дэмжсэн юм биш үү?
-Яах вэ миний хувьд арилжааны банк биш хөрөнгө оруулалтын корпораци хэлбэрээр байгуулбал зүгээр гэсэн саналтай байсан. Тэгтэл угаасаа Засгийн газар өөрөө саналаа оруулж ирэхдээ хөрөнгө оруулалтын хэлбэрээр ажиллуулна гэсэн. Тийм болохоор дэмжсэн юм. Хэрэв зүгээр банк байгуулбал арилжааны банкнаас долоон дор болж хувирна. Түүх, тайлан, аудит, олон улсын нэр хүндийн аль аль нь байхгүй. Тийм байхад Монголын мундаг Засгийн газрын төрийн банк юм гэнэ лээ гээд хүн зүгээр мөнгө өгөхгүй. Гэтэл Худалдаа хөгжлийн банкийг хар даа. Дэлхийн зах зээлд хоёр, гурван удаа бонд гаргаад нэр хүнд нь өсөж байна. Тэгэхээр хувийн банк, төрийн банк гэдгээр нь ялгаварлаад байх шаардлагагүй. Худалдаа хөгжил, Голомт, ХААН гэх мэтийн хувийн банкаараа дамжуулаад төрийн мөнгөө зах зээл, иргэд рүү чиглүүлж болно.Тэгэхгүй заавал төрийн банк байгуулна гээд зүтгэдэг нь цаанаа нэг юм байгааг хэлээд байна уу гэж хардаад байна. Хувийн банкнууд харилцагчдаа зээл өгнө. Хэнд өгснийг нь төр мэдэхгүй.Тэгэхээр авилга байхгүй болно гэсэн үг.Төрийн банк өөрөө зээлдэгч нартаа мөнгө өгнө гэхээр нэг учир байгаа нь мэдэгдээд байна.
-Хөгжлийн банк том том төслүүдийг санхүүжүүлнэ гээд байгаа нь хэр зөв юм бэ?
-Төрийн банкаар санхүүжүүлэх төсөл нь орон сууцных байх хэрэгтэй юм болов уу. Бусдад нь тэртэй тэргүй гадныхан өөрсдөө хөрөнгө оруулалт хийнэ гээд байгаа. Гэтэл манай Засгийн газар одоо болтол шийдвэр гаргаж чадахгүй байна. Жишээ нь цахилгаан станцыг Засгийн газар бариад хэрэггүй. Техник технологитой, хөрөнгө мөнгөтэй гадны компаниуд бариад өгье гээд байхад манайхан дуугарахгүй юм. Энэ том төсөл дээр засгаас мөнгө гаргаж, түшмэдүүд өөрсдөө идэх гээд суугаад байгаа байхгүй юу. Зах зээлийн сэтгэлгээгээр ажилладаг Засгийн газар байсан бол ийм төслүүдийг аль хэдийнэ гадаадын хөрөнгө оруулагчдад өгчихнө. Харин сая Засгийн газар орон сууцны зээлд хөрөнгө гаргаж, барьцаат зээлийн хүүг зургаан хувьд хүртэл буулгах шийдвэр гаргалаа. Энэ бол зөв. Гэхдээ зургаан хувь гэдэг бол Засгийн газрын хэлдэг тоо биш шүү дээ. Зах зээл ойлгодоггүй хүмүүсийн хийж байгаа үйлдэл юм даа. Төр том асуудлыг нь зохицуулаад сууж байхын оронд жижиг зүйл рүү ханцуй шамлаж орох нь утгагүй. Үүний цаана авилга байгаа учраас ингэж оролцоод байгаа байх л даа.
-Худалдаа хөгжлийн банкийг япончуудад худалдахад таныг зуучилж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Үнэн үү?
-Худалдах биш ээ, Бонд гаргах ч юм уу зарим асуудалд нь зөвлөгөө өгдөг юм. Зөвхөн Худалдаа хөгжлийн банк ч биш манай бусад банкныхан надаас зөвлөгөө авдаг. Энэ салбарт 30 гаруй жил ажилласан хүний хувьд зөвлөх юм бий. Түүнээс би юу гэж Худалдаа хөгжлийн банкийг худалдах гээд явж байх вэ. Худалдаа хөгжлийн банк-ны өөрсдийнх нь мэдэгдэл хэвлэлээр гарсан байсан. Тэндээс энэ асуултынхаа хариуг хараарай. Ул суурьгүй худлаа мэдээлэл хаанаас гардаг байна аа.
-Энэ төрийн толгойд байгаа хүмүүсийг олигархи гэж үздэгээ хэлж байна. Та өөрөө тэдний нэг биш үү?
-Албан тушаал, төрийн мөнгө ашиглаж хувьдаа завшдаг бол авилгач болно. Энэ хэлбэрээр том мөнгө хийвэл олигархи болж байгаа юм. Би амьдралдаа төсвийн мөнгө нэг ч удаа завшиж үзээгүй. УИХ-д ороод анх удаа төсвөөс цалин авч байна. Монголбанк төсвийн байгууллага биш. Тэр банканд миний оруулсан орлого хэдэн арван тэрбумаараа бий.
-Таны хэлээд байгаа шүүмжлэлээр бол олигархи гэдэг тодорхойлолтод танай намын дарга тохироод байх шиг...
-Манай намын дарга саяхан телевизээр өөрийнхөө компанитай холбоотой асуудлаар тайлбар өгсөн. Тэгэхээр ард түмэн нийгэмд бодитой мэдээлэл очсон болов уу гэж бодож байна.
-Сүүлийн үед хэвлэлд өгсөн ярилцлагадаа та намын дарга, Ерөнхий сайд С.Батболд руу чиглэсэн шүүмжлэл нэлээд хэлсэн байсан. Гэтэл одоо сулраад үг хэлж чадахгүй болчхож. Яагаад?
-Намын дарга телевизээр тайлбараа өгчихлөө шүү дээ. Би үүнийг л хүсээд байсан юм.
-Танай нам хоёр хуваагдчихлаа. Маргаан нь удтал үргэлжилж байна. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-МАН, МАХН, АН байна уу ямар хамаа байна аа. Монгол Улсыг хөгжүүлэх гэсэн зорилго нь нэг байх ёстой гэж боддог. Гэтэл бие биеэ үзэн ядталаа муудалцахыг нь ойлгохгүй байгаа. Төр засгийн эрх авч мөнгөнд хүрэх зорилгын төлөө үхэн хатан тэмцэлдээд байгаа юм болов уу. Нам дотроо үзэн ядалцахыг нь бүр ч ойлгохгүй байна. Дөнгөж саяхан намын дарга байсан хүнийг элдвээр хэлж, зургийг нь газар дэвсэлнэ гэдэг бол Мао Зедуны» үеийн улс төрийн үйл ажиллагааны шинжүүдийг харуулж байна. Асуудалд буурьтай, суурьтай, хүлээцтэй хандах хэрэгтэй.
Я.Мөнгөнцэцэг
No comments:
Post a Comment