-Манай улсад цөмийн хаягдал булшилна гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ мэдээлэл хэр үндэстэй вэ?
-Цөмийн хаягдал гэдэг нь Цөмийн энергийн тухай хуульд зааснаар цацрагийн хэмжээ нь стандартаас давсан хий, хатуу, шингэн хэлбэртэй ашиглагдахгүй хаягдал байдаг. Цөмийн хаягдлыг хил дамнуулан тээвэрлэх, импортлохыг хориглодог. Өөрийн орны хэрэглэж гаргасан хаягдлыг тухайн улс өөрийн нутаг дэвсгэртээ булшилна гэж заасан байдаг. Тэгэхээр манай улсын нутагт гадны орон цөмийн хаягдлаа булна гэсэн ойлголт байхгүй. Эрх зүйн акт ч байхгүй. Ер нь Монгол Улсад хаягдал булъя гэж санал тавьсан улс орон байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл.
-Тэгвэл манай улс өөрөөс гаргасан хаягдлаа хэрхэн аюулгүй устгах вэ?
-Атомын цахилгаан станц барьж эхлэхдээ хаягдлаа хэрхэн шийдвэрлэхээ давхар боловсруулсан байх ёстой байдаг. Манай улсын хувьд ч ялгаагүй энэ төрлийн судалгааг хийж байна. Хамгийн сүүлийн үеийн технологи бол цөмийн хаягдлаа эргүүлэн ашиглах. Бид түлш хэлбэрээр ашиглах боломжийг судалж байна. Ер нь цөмийн энергийн хаягдлыг стандартаар нь эрсдэлгүй, эргүүлэн ашиглах боломж бүрдсэн учир энэ нь тийм хүндрэлтэй асуудал биш.
-Манайд өнөөдрийн байдлаар ураны хэчнээн орд байна. Хэзээнээс олборлолтоо эхлэх вэ?
-Ураныг 2010 он гэхэд олборлож, 2013 оноос боловсруулаад экспортлохоор төлөвлөөд байна. Үүний дараа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түлш гаргаж авах тухай ярина. Өнөөдрийн байдлаар манай улсын батлагдсан ураны нөөц 74 мянган тонн. Цаана нь хайгуулын судалгааны түвшинд илрээд байгаа 1.4 тонн нөөц бий. Энэ хэмжээ цаашдаа өснө. Одоогоор ураны ордыг ашиглах болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байгаа. Энэ салбарт нийт 110 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх нь хайгуулын лиценз эзэмшдэг. Гэхдээ олборлолт нь эхлээгүй байгаа. Компаниуд ураны ордын нөөцөө тогтоох шатанд үйл ажиллагаа явуулж байна.
-Ер нь цөмийн энергийн газрын үйл ажиллагааны чиглэл юу вэ. Иргэд энэ талаар мэдээлэл багатай юм шиг санагддаг?
-Ирээдүйд цөмийн технологи, цөмийн эрчим хүч маш өргөн хэрэглээтэй болно. Тиймээс 2009 онд Цөмийн энергийн газар Засгийн газрын тохируулагч агентлаг болж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Цацраг идэвхт бодис бүхий ашигт малтмал, цөмийн энергийг ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн болон цөмийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй. Сүүлийн үед атомын цахилгаан станц барих зорилгын хүрээнд технологийн болон ордын нөөц тогтоох судалгаа хийж байгаа. Ер нь цаашдаа эмнэлэг, сургууль, үйлдвэрүүд, геологи хайгуул гэх мэт бүх салбарт цөмийн энерги ашиглана. Тиймээс судалгаа шинжилгээг Олон улсын атомын агентлагтай хамтран хийж байна. Манай улсад агаарын бохирдол, цацрагт бодисын нөлөөлөл их. Үүнийг багасгахын тулд цөмийн энергийг ашиглах нь зүйтэй. Түүнчлэн манай улс ураны баялаг нөөцтэй нь давуу тал болох юм. Станцаа барьчихвал түлш нь бэлэн байна гэсэн үг. Тэгэхээр станц барих шаардлага, нөхцөл нь бүрдсэн. Барьж ашиглах л үлдлээ.
-Атомын цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Ажлын явц хэр байна вэ?
-Ажил шат дараатай явж байгаа. Гэхдээ тодорхой хэсэг нь нууц байх ёстой. Учир нь улс орны стратегийн аюулгүй байдалтай холбоотой. Монгол Улсыг хөгжүүлэх цогц бодлогод цөмийн эрчим хүч ашиглахтай холбогдуулан дэд бүтцийг хөгжүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс цөмийн буюу атомын цахилгаан станц барих нь манай улсын эдийн засагт үзүүлэх сайн нөлөө их. Одоогоор урьдчилсан төлөвлөгөө болон техник эдийн засгийн үндэслэлээ хийж байна. Атомын цахилгаан станц хүрээлэн буй орчны бохирдлыг багасгах, амьдрах орчныг сайжруулах ач холбогдолтой. Цөмийн эрчим хүчний станц байгуулах судалгаа 2008 оноос эхэлсэн гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар технологийн судалгаа хийж байна. Судалгаанд цаг хугацаа багагүй шаардагдана. Энэ төрлийн станц барина гэдэг асар нарийн тооцоо судалгааны үндсэн дээр хийгдэх ёстой.
-Атомын цахилгаан станцыг ойролцоогоор ямар хугацаанд барьж, ашиглалтад оруулах вэ. Станцыг барих газраа товлосон уу?
-Урт хугацааны төлөвлөгөөгөөр 2021 онд цөмийн энерги ашигласан цахилгаан станцыг ашиглалтад оруулна гэж тооцоолсон. Газар байршлаа нарийн тогтоогоогүй байгаа. Мэдээж ордоо түшиглэн барина. Одоогоор газрын судалгааг хийж байна. Ер нь цөмийн станц барихад хамгийн чухал нь газрын сонголт. Станц газар хөдлөлтийн бүсэд биш, усан хангамж сайтай, хүн амын суурьшил багатай бүсэд байх хэрэгтэй. Мөн амьтан ургамлын тархалтыг ч судалдаг.
-Атомын цахилгаан станцад ямар технологи сонгохоор судалж байгаа вэ?
-Атомын цахилгаан станцыг барихтай холбогдуулан 2035 он хүртэлх эрчим хүчний хэрэглээний судалгааг хийж байна. Станцад технологийн сонголт чухал. Мэдээж 10 гаруй жил судалж шинжилсэний үндсэн дээр барих станц учраас хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглоно. Атомын станцад Япон, Солонгос болон бусад улсад ашиглаж байгаа сүүлийн үеийн буюу газар хөдлөлтөд тэсвэртэй Shaken table технологийг нэвтрүүлнэ гэж төлөвлөсөн. Энэ нь осол аваарын үед автоматаар бүх ажиллагаа зогсдог технологи юм.
-Тэнд ажиллах хүний нөөцийг хэрхэн бэлтгэж байна?
-Монголд 1978 оноос цөмийн энергийн технологич, цөмийн физикч бэлтгэж эхэлсэн. Манайд энэ мэргэжил эрэлтэй байсан учир боловсон хүчний нөөц дутагдалтай. Харин сүүлийн жилүүд энэ чиглэлээр суралцах хүмүүс нэмэгдэж байгаа. Мөн саяхан бид ОХУ-тай гэрээ байгуулан жил бүр 10 хүнийг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр цөмийн мэргэжилтнээр сургахаар болсон. Япон, Францад мэргэжилтэн бэлтгэж эхэллээ.
Б.Чимэг
No comments:
Post a Comment