А.Ундраа: Японд үүссэн нөхцөл байдлыг хэт дэвэргэж хүлээж авч байна

Гадаад харилцааны яам­ны тусгай үүрэг гүй­цэт­гэгч Элчин сайд, доктор А.Ундраа­тай ярилцлаа. Тэрбээр цө­мийн эрчим хүчний асуу­­дал хариу­цан ажил­лаж байгаа бө­гөөд өмнө нь АНУ-ын Стэн­фор­дын их сур­гуульд цөмийн бодло­гын сэд­вээр багшилж байжээ.

-Японы ато­мын ца­хил­гаан станцад өчиг­дөр дахин дэлбэрэлт бол­лоо гэсэн ноцтой мэ­дээ­лэл ирж байна?

-Фукишимагийн ато­мын цахилгаан станцын гуравдугаар реактор дээр Токиогийн цагаар 11 ца­гийн орчимд дэлбэрэлт болж зургаан ажилтан гэмтсэн байна. Нүүрстө­рөгч, устөрөгч исэлдэж урвалд орсноос дэлбэ­рэлт болсон гэж үзэж бай­гаа бололтой юм. Тэр дор нь шалтгаан, үүссэн нөх­цөл байдлыг нь тогтоо­чихгүй байх. Өмнө нь Фукишимагийн атомын цахилгаан станцын нэг­дү­гээр реактор дээр дэл­бэрэлт болсныг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ үеэр дөрвөн хүн бэртсэн.

-Атомын цахилгаан станц дэл­бэрлээ гэдэг мэдээлэлд монголчууд ихэд түгшиж байна. Та тэнд үүссэн нөхцөл байдлын та­лаар мэргэжлийн хүний хувьд бо­дит мэдээллийг хүргэхгүй юу?

-Японд үүссэн нөхцөл байдлыг хэт дэвэргэж хүлээн авч байгаа хандлага ажиглагдаж байна. Японы Засгийн газрын зүгээс ард түмэндээ хандаж бодитой мэдээл­лийг хүргэж байгаа гэдэг үүднээс тэндээс иш татаж ярих нь зүйтэй болов уу. Цунами, газар хөдлөл­төөс шалтгаалж Японы Фукишима­гийн цахилгаан станцад осол гарсан. Энэ нь даралт хэт ихсэхээс болгоомжилж цацраг идэвхтэй хийг агаар мандалд гаргахаас аргагүй байдалд хүрсэнтэй холбоотой. Ослын хувьд маш хүнд том осол биш. Дунд зэргийн осол гэж олон улсын байгууллагаас дүгнэсэн байна.

-Дэлбэрэлтээс үүдэж агаарт тархах хорт туяа хүмүүст хэр нөлөөлөлтэй вэ. Лав 160 хүн хордсон байх магадлалтай гэж мэдээлэгдэж байна?

-Цахилгаан станцын эргэн тойронд 20 км доторх 200 мянга орчим иргэдийг нүүлгэн шилжүүл­сэн. Тэнд оршин суугаа иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг одоо дүгнэхэд эрт байна. Урьдчилсан байдлаар хэлж байгаагаар ноцтой нөлөөлөл байхгүй. Тайван байхыг зөвлөж байгаа юм билээ. Хэмжилт хийж иргэдийг нүүлгэн шилжүүлэх явцад 160 хүн биедээ туяаны цацраг авсан гэсэн мэдээлэл өгч байна. Энэ нь миний таамаглаж байгаагаар тухайн байгууламжид гардан ажиллаж байсан гал сөнөөгчид, гардан ажиллагсад биедээ туяаны цацраг авсан байх магадлал нь өндөр болов уу.


-Цөмийн салбарт Япон тэр­гүүлэгч орны нэг. Тэнд нийт хичнээн атомын цахилгаан станц байна вэ. Цаашид газар хөдлөл­төөс болж нэмж дэлбэрэх аюул үүсэхгүй гэх баталгаа бий юу?

-Япон улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг. Атомын төрлийн технологиор Япон дэл­хийд тэргүүлдэг. Тэнд 55 цахилгаан станц барихдаа газар хөдлөлтийн чичирхийлэлтэд тэсвэртэй байхаар инженерийн зориулалтыг гарга­сан. Цунами болон газар хөдлөлтөд Япон улс тулдаа аюул багатай өнгөрч чадсан гэж бодож байна. Ахиад газар хөдөлж эрсдэл үүслээ гэхэд цахилгаан станцууд нь шууд автоматаар унтрах боломж­той. Саяын ослын үеэр автоматаар унтарсан тулдаа аюулын ихэнх нь ард үлдлээ. Дэлбэрэлт яагаад болсон бэ гэвэл станц унтарч байх явцад үер болсон учраас хөргөл­тийн системийн насост гэмтэл учирсан юм болов уу. Хэдийгээр атомын цахилгаан станц автома­таар унтарсан ч тэр дороо шууд хөрчихгүй гэдэг нь мэдээж. Хөрөх процесс дунд асар өндөр даралт үүссэн байж болзошгүй юм.

-Сая болсон газар хөдлөлтөд дэлхийн тэнхлэг өөрчлөгдсөн юм уу. Энэ нь эргээд ямар нөлөөлөл үзүүлэх вэ?

-Өнгөрсөн жил Чилид газар хөдлөхөд дэлхий нарыг тойрон эргэх тэнхлэг 30-аад см-ээр хазай­сан гэсэн. Саяын Японд болсон газар хөдлөлтөөс болж өдрийн уртад маш өчүүхэн хэмжээгээр өөрчлөлт гарсан гэж хэлж байгаа. Яагаад гэвэл дэлхийн тэнхлэг хазайхын хэрээр эргэх хурд өөрч­лөгдөнө. Сүүлийн үед байгаль орчны дулаарлаас болж байга­лийн гамшиг, цунамигийн давтамж нэмэгдэж байна. Дулаарлаас болж далайн гүний урсгал урьдчилан таахын аргагүйгээр өөрчлөгдөж болзошгүй юм. Цаашид газар хөдлөлтийн тоо улам нэмэгдэх юм биш байгаа гэсэн эмзэглэл үүсч байна.

-Японд болсон цунами зөвхөн нэг улс орны асуудал биш болох нь мэдээж. Гамшиг болсонтой холбогдуулан дэлхийн бусад улс оронд ямар нөхцөл байдал үүсч байна вэ?

-Цөмийн аюулгүйн ажиллагаа, энх тайвны асуудалтай холбоотой учраас энэ салбар олон нийтийн анхаарлын төвд байхаас аргагүй. Цөмийн эрчим хүч найдвартай эрчим хүчний эх үүсвэр болж чадаж байна. Үйлдвэрийг хөгжүүлэх суурь болж байна. Хэрвээ аюулгүйн ажиллагааг бүрэн дүүрэн хангаж чадахгүй жолоодлогогүй болбол араасаа асар их хохирол учруулахаар юм. Хаа нэг газар болж байгаа осол их, багаасаа үл хамааран салбартаа бүхэлдээ нөлөөлдөг. Цөмийн салбар хөгжиж эхэлсэн 50-60 жилийн хугацаанд хуруу дарам цөөн осол болсон боловч тэр осол тухайн орны төдийгүй дэлхий нийтийн ард иргэ­дийн сэтгэл зүйд шууд нөлөөлдөг талтай. Сая Японд болсон ослын улмаас цөмийн эрчим хүчийг ашиг­лахыг дэмжих, хүлээн зөвшөөрөх олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн таамаг явж байна. Цөмийн сэргэн мандалт ирж байна гэж үзэж байсан боловч хөгжлийн хувьд яалт ч үгүй удаа­ширч таарна байх. БНХАУ-ын Засгийн газар гэхэд дараагийн 20 жилд 60 болон түүнээс дээш тооны цахилгаан станц барина гэсэн байр суурьтай байгаа. Саяын явдлаас болж мэдэгдэл гаргаж энэ явдлаас болж бидний байр суурь огт өөрчлөгдөхгүй гэдгээ тодот­гожээ. БНХАУ, Энэтхэг хоёр ирээ­дүйд маш олон цахилгаан станц барихаар төлөвлөсөн. Орчин үеийн практикийг харахад станц барих гэж байгаа тухайн улс орон, газар ард иргэдийнхээ санал бод­лыг заавал тусгадаг. Тиймээс ард түмний оролцоотойгоор хамтар­сан шийдвэр гаргах чиглэлд манай улс нэн түрүүн ажиллах шаардлагатай.

-Манай улс атомын цахилгаан станц барих чиглэлээ батлан гаргасан. Энэ ажил ямар шатандаа явна вэ?

-2021 онд цахилгаан станцтай болно гэсэн чиглэлтэйгээр ажил­лаж байгаа. Урьдчилсан судалгаа төдийгүй иж бүрэн судалгаа хийх хэрэгтэй. Цахилгаан станцыг аюулгүй найдвартай ажиллуулдаг боловсон хүчин, аюулгүйн ажил­лагааны горим журмыг мөрддөг орчин бүрдүүлж байж барих нь зүйтэй. Япон улсын түвшинд хийхгүй л бол яаран орж болохгүй салбар. Одоогийн байдлаар нааштай алхмууд хийгдэж эхэлж байна.
Б.ДОЛЗОДМАА
эх сурвалж: http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=17846&vmet_main=6253

No comments:

Post a Comment