МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхээс Бага хурлын үеэр сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Тунхаг бичгийн талаар Бага хурлаас ямар шийдвэр гарав?
-Үндэсний ардчилсан үзэл санааг авах нь зүйтэй болов уу гэж үзээд хэлэлцүүлж байна. МАХН анх үүсэн байгуулагдахдаа их жанжин Д.Сүхбаатар, С.Данзан, Бодоо нарын боловсруулсан үзэл баримтлал буюу үндэсний ардчилсан үзэл санаанд тулгуурласан байдаг юм билээ. Энэ бол түүх. Тиймээс энэхүү үзэл баримтлалаа сэргээх нь зүйтэй юм болов уу гэж манай намын бүлэг Тэрэлжид болсон хуралдаанаараа шийдсэн. Хурлаас “Шинэчлэл манлайлал хөгжил” гэсэн тунхаг гаргасан. Энэ тунхагийг хэлэлцэхийг Бага хурлын гишүүд дэмжлээ. Нөгөө талаар намын их хурал хуралдахтай холбогдуулан тунхаг, намын үзэл баримтлалын талаар анхан шатны байгууллага, намын гишүүд, дэмжигчид, намын дэргэдэх байгууллагууд, эрдэмтэн, судлаачаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарлаа. МАХН нь ард түмний нам учраас намын нэр, үзэл баримтлалын талаар ард иргэд ямар байр суурьтай байгааг бид давхар судална. МАХН XXVI их хурлаар энэ асуудлыг хэрхэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Эрдэмтэн судлаачдыг оролцуулан Эрдэм шинжилгээний Бага хурал ч зохион байгуулна. Үндэсний ардчилсан үзэл санааг онол, арга зүйн хувьд тайлбарлан таниулах ажил ч өрнөнө.
-XXVI их хурлаар бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ гэж орууллаа. Тэгэхээр намын даргын асуудал яригдах уу?
-Ээлжит их хурлаас наана Бага хурал хуралдахгүй. Тийм учраас XXVI их хурлаар намын Бага хурлын гишүүдийг шинээр сонгож батална. Бага хурлын гишүүдийн тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх учир их хурлаар бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх юм.
-Бага хурлын гишүүдийн тоог хэдээр нэмэгдүүлэх гэж байна вэ?
-Бага хурлын гишүүдийн тоо одоо 255 байгаа. Сүүлийн үед манай намд элсэх гишүүдийн тоо нэмэгдэж 150 мянга болсон учраас Бага хурлын гишүүдийн тоог 310 орчим болгох талаар яригдаж байна. Мөн намын Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог нэмэхээр болж байгаа.
-Олон улсын түвшинд улс төрийн намууд гишүүнчлэлгүй болж байна. Харин МАХН эгнээндээ гишүүн элсүүлэхийг эрхэм зорилгоо болгож байна гэж ойлгож байна. Энэ нь дэлхий дахины жишгээс ухарч байгаа хэрэг үү?
-Ухарсан зүйл байхгүй ээ.Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар улстөрийн нам гишүүнтэй байна гэж заасан байдаг. Улс төрийн намуудын хувьд гишүүнчлэлгүй болох асуудал яригдах болсон. Манай нам ч энэ талаар хөнддөг. Гэхдээ одоогоор энэ асуудал шийдэгдээгүй л байна шүү дээ.
-МАХН нь ардчилсан социалист үзэл баримтлалаа өөрчилж үндэсний ардчилсан үзэл санааг тулгуур болгох талаар яригдаж байна. Зүүний чиглэлийн үзэл баримтлалаасаа татгалзвал Соц-Интернд элссэнээ бас цуцлуулах уу?
-МАХН Соц Интерний гишүүн хэвээрээ байна. Үндэсний ардчилсан үзэл санааг онол, арга зүйн хувьд барууны чиглэлийнх гэж шууд хэлэх аргагүй. Өнөөдөр дэлхий ертөнц чинь их прагматик болчихсон байна. Баруун, зүүний гэж нэг талыг хэт баримтлахаа больж аль сайн талыг авч ашиглах болсон. Энэ хоёр урсгалын сайн талыг авч нэгтгэсэн гуравдагч гэсэн Тони Блэйрийн томьёолсон урсгал ч бий болсон. Мөн Билл Клинтоны ярьдаг онол сургаалиуд ч бий. МАХН анхнаасаа зүүний чиглэлийн улстөрийн хүчин учраас нийгмийн чиг баримжаатай үндэсний ардчилсан үзэл санааг хэрэгжүүлж болно. Энэ чиглэлээр есдүгээр сарын 15-нд эрдэм шинжилгээний хурал болно. Тэр үед эрдэмтэд юу ярихыг хэвлэлийнхэн та бүхэн ирж сонирхоорой.
-МАХН-ын дарга асан Н. Энхбаяр намын удирдлага гишүүдэд хандан мэдэгдэл гаргасан. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-МАХН нь ардчилсан нам. Манай намын гишүүдийн хэн нь ч мэдэгдэл гаргаж болно. Эсэрүүцэх, дэмжих нь тухайн хувь хүний л асуудал. Үүнд гайхаад байх зүйл байхгүй. Намын нэр, үзэл баримтлалыг шинэчлэхийг дэмждэггүй гишүүд манай намд олон бий. Эцсийн шийдвэрийг олонхиороо хэлэлцэж шийдвэл түүнийг дагаж мөрдөх нь ардчиллын зарчим.
-Намын тунхаг бичгийг гаргахаасаа өмнө Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан энэ хүнээс санаа, оноог аваагүй юм уу?
-МАХН-ын одоогийн дарга нь С.Батболд гэсэн хүн байна. Ерөнхий нарийн бичгийн дарга гэж У.Хүрэлсүх гэсэн нөхөр сууж байна. Мөн энэ намын Удирдах зөвлөлийн гэсэн 23 гишүүн байна. УИХ дахь МАХН-ын бүлэг гэж хүмүүс бий. Энэ түвшинд яриад тунхаг бичгээ гаргасан. Энэ бол намынхаа нийт гишүүдийн саналыг авах тодорхой чиглэлийг гаргаж өгч л байна гэсэн үг. Одоо үүнийг намын дэргэдэх байгууллага, гишүүд, дэмжигчид, эрдэмтэд, судлаачдаар хэлэлцүүлэх гэж байгаа юм шүү дээ. Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр намын жирийн гишүүнийхээ хувьд тунхагийг уншаад үзэл бодлоо илэрхийлж байгаа гэж ойлгож байна.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ын удирдлага хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэжээ?
-Хүн янз бүрийн дүгнэлт хийж болно. Бид гайгүй сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Ард түмэнтэйгээ уулзаад алдаа оноогоо сонсоод хөдөө гадаагүй яваад л байна шүү дээ. Намынхаа ээлжит их хурлыг хийе, өнгөрсөн 20 жилд бид юу хийв, ирэх 20 жилд хэрхэн аижллах вэ гээд зорилт, бодлогоо тодорхойлохыг л зорьж байна. МАХН-ыг төгс төгөлдөр улс төрийн хүчин гэж хэлэхгүй ээ. Тэр алдаа оноогоо засахын төлөө л явж байна. Шинэчлэл Н.Энхбаяр даргын үед ч, миний үед хийгдээд дуусахгүй. Цаашид энэ намыг шинэчлэхийн төлөө улс орноо хөгжүүлэхийн төлөө ажилласаар байх болно.
-Үзэл баримтлалаа өөрчлөхөөр лого болон Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо гээд намын дэргэдэх байгууллагуудын нэр бас шинэчлэгдэх үү?
-Намын нэр, үзэл баримтлал шинэчлэгдвэл намын бэлгэ тэмдэг өөрчлөгдөнө. Энэ асуудал шийдэгдээгүй байгаа учраас тодорхой хэлэх боломжгүй байна.
-Тунхаг бичигтээ Монгол ардын нам гэж ууган намын нэрээр нэрлэнэ гэж оруулсан байна. Гэвч МАН гэсэн нэртэй нам татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байхад нэрийг булаан авах гэж үү?
-Н.Энхээ МАН байгаа гэж сонинд ярилцлага өгсөн байна лээ. 2006 оны зургадугаар сарын 30-ны өдөр Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нэг дугаарын шийдвэрээр Н.Энхээ гэдэг хүний байгуулсан МАН-ыг албан ёсоор татан буулгасан. Одоо МАН гэсэн нам байхгүй. 1920 оны эхэнд байгуулагдсан МАН нь МАХН.1990 онд Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ МАХН бол МАН юм аа гэж хэлж бүртгүүлсэн юм билээ.
-Улсын дээд шүүх 1992 онд Н.Энхээ, Д.Өлзийбаатар нарын байгуулсан МАН-ыг бүртгэж авсан. МАН нь МАХН-аас ялгаатай гэж үзсэн учраас нэрийг өгсөн байгаа шүү дээ?
-1921 онд жанжин Д.Сүхбаатар Монгол ардын намыг байтуулж байсан гэдгийг мэдэх үү. Тэр нь чинь МАХН юм. Тиймээс л уугуул нэрээ л сэргээх гэж байна. Н.Энхээгийн байгуулсан нам татан буугдсан учраас энэ нэрийг авахад давхцахгүй ээ.
-УИХ-ын сонгуулийн хугацаа дөхөж байгаа үед МАХН-ын нэрийг солих нь зөв үү, буруу юу, мөн хариуцлагыг хэн хүлээх вэ гэж намын гишүүд болгоомжилж байх шиг байна л даа?
-Нэрээ солиод сонгуульд ялагдвал үүний хариуцлагыг би хүлээнэ гэж бодож байна даа.
-Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсны хариуцлагыг одоог хүртэл яриагүй. Гэтэл өмнөхөө дүгнээгүй мөртлөө дараагийн сонгуульд ялагдвал хариуцлага хүлээнэ гэж мэдэгдэхийг та юу гэж бодож байна вэ?
-МАХН дүрэмтэй. Тэр дүрэмд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нам ялагдвал МАХН-ын дарга, удирдлага, Удирдах зөвлөл улстөрийн хариуцлага тооцно гэж засан байгаа. Тэр дүрмийн хүрээнд явж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал тэгж хариуцлага хүлээнэ гэж заасан зүйл байхгүй. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд намаас нэг хүний нэрийг дэвшүүлж гаргадаг пуужин шиг л байхгүй юу даа. Дэвшсэний дараа хувийн өрсөлдөөн болдогийг та бүхэн мэдэж байгаа. МАХН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр гэж байдаггүй биз дээ. Харин ялагдсаны харицлагыг нэр дэвшигч өөрөө хүлээдэг журамтай.
Г.Мандуул
No comments:
Post a Comment