О.Бум-Ялагч: Бид монголд ногоон үзлийг тарьсан

http://www.polit.mn/content/60868.htm;jsessionid=0FDC2E713AD9F6AF1AA58D449C3483E2
2015 оны 3 сарын 5
Ч.ҮЛ-ОЛДОХ
Монголын Ногоон  намын дарга О.Бум-Ялагчтай ярилцлаа.
-Ногоон намын 25 жилийн ой тохиож байна. Энэ хүртэл та бүхэн Монголын улс төр, эх орны хөгжил, нийгэмд ямар хувь нэмэр оруулсан бэ?
-Энэ асуудал манай намын Бага хуралд ихээхэн тавигдаж байна. Үнэлэлт дүгнэлт өг гэж  манай гишүүд ярьж  байгаа. Хийсэн зүйлээ тоочвол зөндөө. Гэтэл тоогоор илэрхийлэгдэхгүй зүйл маш их. Мод тарьсан гэхэд л  400 гаруй мянга гээд тодорхой баримт хэлж болно. Гэхдээ бид байгаль орчныг хамгаалж, тэмцэж ирсэн атлаа хийсэн зүйлээрээ рекламдаж, шоу хийж байсангүй. Манайхан улс төрийн карьер хийдэгггүй. Байгаль орчноо хайрлая, хамгаалъя гэж зүтгэсэн. Анх 1990 оны гуравдугаар сарын 9-нд нам тунхаг бичгээ гаргаж, тавдугаар сарын 26-нд Дээд шүүхээс батламжаа авч байлаа. Ингэснээр олон намын систем рүү оруулж, байгаль экологийг хамгаалах улстөрийн хүчин байгуулсан. Мөн Үндсэн хуульд Монгол Улсын иргэний зайлшгүй эдлэх нэг эрхийг оруулж өгсөн нь “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй”  гэсэн заалт юм. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө   манай намын үндсэн ажил явж ирсэн. Агаарын бохирдол, эрүүл хүнсний  чиглэлд бид өдөр тутам ажилладаг. Хууль батлах, шийдвэр гаргах төвшинд ч  манай  нам  үүрэг гүйцэтгэж 1990-1994 онд төр, засаг барилцсан. Манай намын  дарга байсан  Балсандорж Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн даргаар дөрвөн жил ажиллахдаа маш олон хууль батлуулсны дотор  тусгай хамгаалалттай газар нутгийн чиглэлд хөдөлгөөн өрнүүлж Монголын газар нутгийн гуравны нэгийг тусгай хамгаалалттай болгосныг  НҮБ  тунхаглан зарлаж  анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг  ЮНЕСКО-гийн одонгоор шагнаж байлаа. Тэгэхээр манай намынхан төрийн бодлогод байгаль экологийг хамгаалах асуудлыг оруулж, дэлхийн хэмжээнд шинэлэг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгуулж, тэр нь ЮНЕСКО-гоос баталгаажсан байгаа юм. Усны тухай,  голын эх, ундаргад ойр ашигт малтмал олборлож болохгүй гэхчлэн хуулийн төслүүдэд монголчуудын ойлгохгүй байсан олон асуудлыг Ногоон нам оруулж өгсөн. 2008-2012 оны УИХ-д манай намын дарга байсан Д.Энхбат Баянгол дүүргээс дэвшин гишүүнээр ажилласан. Монголын парламентад Ногоон нам байхад болохгүй зүйл үгүйг тэр үйл явдал харуулсан. Бас нэг зүйл  бол  2004 оноос өнөөг хүртэл тасралтгүй 10 жил манай нам иргэний нийгмийнхэнтэй ойр байж, хамтран ажиллаж ирлээ.  Парламентад суудалгүй намуудын үйл ажиллагааг идэвхтэй байлгаж, зохион байгуулж   оролцож ирсэн. Өнөөдөр их МАНАН үүссэн үед Сүүдрийн Засгийн газар байгуулан хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байна. Тиймээс хийсэн ажил, байгуулсан гавьяагаа тодотгож 25 жилийн ойгоороо гаргаж тавина.  Товч дүгнэхэд өнөөдөр манайд  ногоон хөгжил, ногоон технологи, ногоон хүнс  гээд ногоон зүйл олон. Саяхныг хүртэл, тухайлбал 2009 онд Ц.Нямдорж гишүүн  манай намыг  “Ногоон байхдаа яахав” гэж шоглож  байсан бол нийгэм ингэж өөрчлөгдсөн байна. Энэ бүхэн бидний, манай намын ажлын үр дүн юм.
-Сүүдрийн Засгийн газар байгуулснаа зарласнаас хойш  та бүхэн идэвхтэй ажиллахгүй байх шиг?
-Шинэ гарч ирсэн Засгийн газрыг 100 хоног ажилласны дараагаас Сүүдрийн Засгийн газар үнэлэлт дүгнэлт өгөх  бичигдээгүй зарчим бий. МАН Засагт орж шинэ бүтцээр ажилласнаас хойш 100 хоног гэж тооцохоор энэ сарын 20-д хүргэхээр байна. Тэр үед албан ёсны дүгнэлтээ олон нийтэд танилцуулна.
-Тэгвэл бусад нам, хүчнүүдийн тухай юу хэлэх вэ. Намуудад итгэх итгэл суларсан гэсэн дүнг олон нийт тавьж байна?
-Бид бямба гариг бүр иргэдтэй уулзаж, ярилцаж байгаа. Гол сэдэв нь энэ. Ард иргэд намуудад муу дүн тавьж байна. Парламентад суудалтай суудалгүй нь хамаагүй ер нь улс төрийн намуудад иргэдийн  итгэл алдарчихаж. Улстөрийн намын учир шалтгааныг ойлгохоо байлаа, намууд идэхийн төлөө нийлдэг юм уу гэж шүүмжилж байна. Манай нам үүнийг дүгнэхдээ улс төрийн намын үүрэг ролийг олон нийтэд таниулан сурталчлах ёстой юм байна гэж үзсэн.Манай нам л гэхэд 2100 гишүүн албан ёсны бүртгэлтэй ч шинэчилсэн бүртгэлээр 500 гаруй  нь байна.  Тэгэхээр үүнд дүгнэлт хийх ёстой. Намууд нэгдчихээд  ард иргэдийнхээ төлөө ажиллахгүй, тэднийг халамжилсан хууль гаргахгүй байгааг  монголчууд сая Цагаан сарын өмнөх өдрийн Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаас  бүгд харсан байх. Дээр нь татвар бүрдэхээ байлаа. Татварын систем рүү зохион байгуулалттайгаар халддаг болж. Хууль эрхзүйн орчин  нь ч асуудалтай байна. Энэ бүхний эцэст та бидний цалин, тэтгэлгийг өгдөг татвар маань бүрдэхээ байж байна. Тэгэхээр  бидний өмнөөс цаг наргүй ажиллаж, өр нэхэж, тооцоо хийж буй татварын байцаагчдыг шагнах асуудал зүй ёсных юм. Гэтэл  Ерөнхийлөгч маань сая хадуураад татварт өртэй гадаадын хүмүүсийг өршөөгөөд явуулчихлаа. Манай улс 34 тэрбум төгрөг алдаж байх шиг байна. Энэ мөнгө чинь 34 цэцэрлэг барих төсөв. 4000 гаруй хүүхдийг цэцэрлэгтэй болгох мөнгө Ерөнхийлөгчийн өршөөлөөс болж салхинд хийслээ. Ардаа бодох уу, амиа бодох уу гэж холион бантан хутгаж байгаагаас нь үзэхэд Төрийн тэргүүн маань дарамтанд орчихсон байна шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дарамталж байна гэхээр бид дарамтад ордоггүй хүнийг Төрийн тэргүүнээр тавих цаг болсныг харуулж байна. Зарим хүн татвар төлөөгүй гээд шоронд орох нь хаашаа юм гэж ярьж байна. Энэ худал, миний мэдэхийн  татварын өртэй дэлхийн нэртэй хүмүүс өнөөдөр шоронд байгаа шүү дээ. Тэгэхээр татвар төлнө гэдэг манай нийгмийн тоглоомын дүрэмбайх ёстой,  тэр байсны эцэст халамжийн бодлого  байх учиртай. Гэтэл Өршөө­лийн хуулийн сургаар “Өршөөгдөх юм чинь би татвараа төлөөд яах юм”  гэсэн  чиг хандлага давамгайлж эдийн засаг дампуурч байна.
-Үүнээс харахад энэ хавар тэмцэл хөдөлгөөн их байх нь ээ?
-Бидэнд  ирж байгаа мэдээгээр олон л үйл явдал өрнөх бололтой. Манай намын 25 жилийн ой олон юмтай давхцах нь. Гэхдээ бид энэ удаа иргэний нийгмийн хөдөлгөөнийг дэмжихээс илүүтэй нам гэдгийг харуулах ёстой юм байна гэж үзэж байгаа, бодсон төлөвлөсөн  зүйлүүд ч бий. 
-Танай нам  Ерөнхий­лөг­чийн уучлалын талаар мэдэгдэл хүргүүлсэн гэсэн. Ямар шаардлага тавив?
-Татварын өртэй нөхрийг уучилсан асуудлаар хууль зөрчиж байгааг нь сануулсан юм. Өртэй компанийн нөхдүүдийн асуудал Дээд шүүх дээр очоогүй, эцсийн дүгнэлт гараагүй байхад дундуур нь дайрч ороод уучилсан нь Монгол Улсын хуулийг хүчгүйдүүлсэн. Гадаадын компаниуд Монголд ирэхэд хэн гол юмыг нь мэдэх вэ гэдэг нь харагдаж байна шүү дээ. Ц.Элбэгдорж гэдэг хүний ханш 34 тэрбум юм байна гэж гадаадынхан ойлгоно. Асуудал шийдээд тэр хэмжээний мөнгө л авах юм байна, 34 тэрбум гэдэг ойролцоогоор 20 сая ам.доллар гээд тоо бодоод явах нь л дээ. “Саус гоби Сэндс”  компани Монголд төлөх татвараа төлөхгүй гэж байгаа. Акционерүүдийн уулзалтаар  тэд даатгалын компаниас тэр хэмжээний мөнгөө авахаар ярьчихсан байна гэнэ лээ. Гэтэл тэр мөнгө хааччихав. Америкийн даатгалын байгууллага мөнгийг нь өгье гээд тэрийгээ очоод авчихаж байна. Тэгээд  Монголд болохоор төлөхгүй гэж байна.  Тиймээс өмөөрөөд байгаагаараа  хамгийн түрүүнд манай Ерөнхийлөгч хардагдах нь байна шүү дээ. Тэр хүн хоёр жилийн дараа Ерөнхийлөгч биш болно. Тэгэхээр Монголдоо байх хэцүү. Хөлийг нь гозолзуулаад оймстой нь бариулж байсан хүн нь Бөхийн өргөөнд хамт бөх үзээд суугаад байхад Ц.Элбэгдоржийн гарыг барих хүн цөөхөн байна шүү дээ, цагаа тулахад. Н.Энхбаярыг болохоор сүйд болоод  гарыг нь  барьж тойрч  бүчиж байна. Монголчууд  шандастай эрийн гарыг барьж, хамт зургаа даруулах хүсэлтэй байгаа нь харагдсан. Н.Энхбаяр олон хоног өлссөнөөрөө эрчүүдээс  үнэлгээ авчихлаа. Тэгэхээр хоёр жилийн дараа Монголдоо бөх үзэхэд хэцүү, гадаадад гарах гэхээр мөнгөгүй бол хэцүү учраас Ерөнхийлөгч маань Монголоо бодлоо гэж байгаад  өөрийгөө бодсон юм биш байгаа. Тэр үнэн ч байх. Тиймээс хуульчид  түрүүчээсээ Үндсэн хуулийн цэцэд өгч байх шиг байна. Намаасаа дэмжлэггүй  ард түмнээс сонгогдсон гэдэг ч ард түмэнгүй ганцаардаж байгаа Ц.Элбэгдоржийн дараагийн алхам юу байх бол .
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

No comments:

Post a Comment