ТЄР НYYДЛИЙГ ХЄХИYЛЭХ ЁСТОЙ

http://www.oocities.org/zaluuediinzasagch/niigem/baabar_migration.html

БААБАР Батбаяр

ТЄР НYYДЛИЙГ ХЄХИYЛЭХ ЁСТОЙ

     
     
     
   
ТУН ТОВЧХОН ТYYХ
     
        Тєв Азийн єндєрлєг нь нь далайн тєвшнєєс их єндєрт єргєгдсєн, эргэн тойрондоо уул нуруугаар хаагдсан, далайгаас хэт алслагдсанаасаа болоод хур чийгээр ямагт дутмаг, эрс тэс уур амьсгалтай аж. Yvнээс шалтгаалан ургамалын флороор ядуу, хєрс нь хуурай. Суурин иргэншил том том гол мєрєн даган буй болж газар тариалан эрхэлэн хєгжvvлж байсан бол Тєв Азид энэ бололцоо байсангvй. Иймээс энэ нутагт мянга мянган жил ан агнуур, билчээрийн мал аж ахуй л оршин тогтнож байжээ.
    Єнєєгийн Монголын ойролцоогоор сая хагас ам км єргєн уудам газар нутагт vе vеийн турш билчээр шvтсэн мал аж ахуй эрхэлсэн нvvдэлчид амьдарч байсны учир энэ. Уг нь 2000 жилийн ємнє нvvдэлчид Умарт Африк, Ємнєд Европ, одоогийн Унгарын тал, Каспийн эргэн тойрон, Шинжаан, Монгол гэсэн єргєн уудам нутгийг хамардаг байжээ.
Нvvдлийн мал аж ахуй нь тачир ургамалтай билчээрт дулдуйддаг учир нэг малд ноогдох билчээрийн талбай маш том. Чухам эндээс малын тоо толгойн хязгаарлалт vvснэ. Єнєєгийн Монголын нутагт 30 орчим сая малын багтаамж байсан, байсаар байна. Мал єсєєд 30 саяас хэтрэхгvй, цєєрєєд 20 саяас доош орохгvй гэсэн vг. Yvнээ дагаад хvн амын тоо дээрээсээ хязгаарлагдана.

    Монголын єнєєгийн нутагт тvvхийн турш нэг саяас дээш хvн амьдарч байгаагvйн шалтгаан энд байна. Мал, хvний тоон єсєлт болгон миграци, дайн дагуулж байсан аж. Єнєєгийн Монголын нутагт амьдарч байсан уйгар, тvрэг, халимаг, каркалпак, аваар, хиргис зэрэг олон vндэстэн чухам энэ газар нутгаас нvvн холдож зарим нь єндєр иргэншилтэй уусан шинэ vндэстэн угсаатан шашинтныг vvсгэжээ.
    Юань гvрэн мєхсний дараа Орхон Туулын билчээртээ эргэж ирсэн монголчууд хэдийгээр нэгдсэн тєргvй байсан боловч 1930 он хvртэл мєрдєж байсан засаг захиргааны хуваараа гаргажээ. Манжид эзлэгдсэний дараа ч энэхvv засаг захиргааны нэгж хадгалагдсаар vлдсэн юм. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарласнаар Сайн ноён ханыг аймаг гэж зарласнаар Халхын дєрвєн аймаг, Ховдын ба Хєвсгєлийн хязгаарын дотор шинэ Монгол улс буй болжээ. Говь хангайгаа тэгш хувааж, нvvдэллэх єргєн бололцоог нь гаргаж єгсєн энэхvv засаг захиргааны нэгж нь олон зуун жилийн практикаар зєв зvйтэй нь батлагдсан эд билээ. 1928 оноос Зєвлєлтийн нєлєє vлэмж болж тэдний саналаар засаг захиргааны нэгжийг шинэчлэсэн нь нvvдлийн мал аж ахуйн хэвшлийг улам бататгахын зэрэгцээ, Зєвлєлтєєс бусад гадаадын капиталын нєлєєг халах, нууц болон ил цагдаагийн дэглэм тогтоох, нам болон тєрийн шатласан тогтолцоог боловсронгуйжуулахад зорилго нь оршиж байв. Энэхvv шинэ засаг захиргааны нэгжээр мал аж ахуйн тvvхий эд учир замбараатайгаар нэг цэг рvv хурдан хєвєх механизмыг бvрдvvлэх учиртай аж.
    1960 -аад оноос хvйтэн дайн Монголд хvчтэй нєлєєлж, чухам тvvний ач буянаар модернизаци, индустрилизаци, урбанизаци хvчтэй явагдлаа. Хvн амын 85 хувь нь нvvдлийн мал ахуйгаар амьдардаг байсан бол єдгєє хvн амын 85 хувь нь нvvдлийн мал аж ахуйгаар амьдрахаа больж єєр аж ахуйд дулдуйдах болжээ. Хэдийгээр єнєєдєр албан ёсны статистикийн бvртгэлээр хvн амын бараг тал хувийг малчин гэж бичсэн байгаа боловч нvvдлийн мал ахуй гэсэн євєрмєц хэлбэрийн тухай ярих юм бол энэ нь буруу тоо юм. Єнєєгийн монголчуудын нилээд олон хувь нь мал бvхий иргэд байгаа ба энэ нь амьжиргааны туслах болон холимог аж ахуйн хэлбэртэй байгаа ба хот суурин болоод суурин дагасан малчид уламжлалт утгаараа нvvдлийн мал аж ахуй эрхэлдэггvй юм.
     
   
ЄНЄЄГИЙН НYYДЭЛ СУУДАЛ
     
    Хот суурин бараадах их миграци 1960-аад оны vед нэгдэлжих хєдєлгєєнийг даган буй болжээ. Малаа хураалгасан иргэд єєрийн биш мал маллахаас татгалзан олноороо хот суурин газар руу дvрвэх болжээ. Тєрєєс энэ процессийг эхэндээ нилээд тайван харж байснаа 1963 оноос шилжилт хєдєлгєєнд хатуу хяналт тогтоож эхэлсэн нь єєрийн ємч биш мал ахуйг хариулж маллах хvн олдохоо больсноос vvдэлтэй. Чухам энэ vед эргэж хєдєє рvv иргэдийг хєєх, байгааг нь тэнд нь тогтоох нам засгийн бодлого хvчтэй явагдаж vvнд асар их хєрєнгє урсгах болов. ЗХУ-д тавьсан єр гэгдээд буй 11,5 тэр бум ам. долларын дєнгєж 7 хувь нь Эрдэнэт, Монросцветметалл гэх мэтийн аврага байгууламжид зарцуулагдсан байхад зээлийн талаас илvv хувь нь хот руу чиглэсэн миграцийг зогсоох, vvний дотор гуравны нэг нь мал аж ахуйг єєд нь татахад зориулагдсан ажгуу. Yнэндээ миграци ч зогссонгvй, мал аж ахуй ч єєдєлсєнгvй.
    1992 оны шинэ Yндсэн хуулиар иргэд єєрийн оршин суух газраа єєрєє тогтоох эрхтэйг тунхагласнаар хот суурин руу чиглэсэн миграцийн шинэ давалгаа эхэллээ. Мал аж ахуй хувьчлагдсанаар єєрийн ємчийг ариглах, олшруулах сэдэл сэргэсэн боловч аж ахуйгаа зах зээлийнг тєвлєрєлд ойртуулах эрмэлзмэл мєн сэдэрчээ. Yvний зэрэгцээ зах зээлийн vнэ хєєцєлдсєн єрсєлдєєн нь уламжлалт мал аж ахуйн сvргийн бvтцийг сvрхий єєрчилж утга учирт нь цоо шинэ зорилго буй болгосон байна. Цєлжилт эрчимтэй явагдаж, мал аж ахугаас олох орлогын хэмжээ, хугацаа, vр дvнд ч єєрчлєлт явагдсан нь аж ахуйн энэ хэвшлийг урьд ємнєхєєс илvv эрсдэлтэй болголоо. Чухам ийм явцын vр дvнд єчигдрийн мянгат малчин, єнєєдрийн малгvй иргэн олноор vvсэх нєхцєл бvрдэж энэ нь хот суурин газар руу чиглэсэн миграцийг улам эрчимжvvлж байна. Сvvлийн хэдэн жил дараалж vргэлжилсэн ган, зуд, цєлжилт нь миграцийн хурдацыг улам шуурхайлууллаа. Малгvй болсон эсвэл нvvдлийн мал аж ахуйд итгэл алдарсан олон малчид єнєєдєр хот суурин газар бараадах буюу нvvхээр зэхэж байна. Нvvдлийн мал аж ахуйг шууд биш боловч дам шинжээр тvшиглэн амьдарч буй хагас суурин газрын vй олон иргэд байгаль цаг уур, эдийн засагт гарч буй бэрхшээлийн vр дvнг шууд амсаж буй учир мєн л миграцийн их урсгалд хамарч байгаа юм. Сvvлийн 12 жилд Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн хvн ам ил ба далд байдлаар бараг хоёр дахин нэмэгджээ.
     
    ТАРХАЙ БУТАРХАЙ БАЙДЛЫН ЄРТЄГ
     
    Одоо 21 аймаг, 300 гаруй сум 1500 орчим баг гэсэн засаг захиргааны нэгж Монголд байна. Эдийн засгийн хувьд єєрийгєє аваад явдаг нэгж энд бараг vгvй. Монгол улсын жилийн дотоодын нийт бvтээгдэхvvний нийт хэмжээ ердєє л нэг тэрбум ам. доллар хvрэхтэй vгvйтэй. Улсын тєвлєрсєн тєсєв vvнийхээ бараг 40 хувийг эзэлдэг. Тєсвийн дахиад 40 хувь нь зээл тусламжаас бvрдэнэ. Нэг хvнд ноогдох ДНБ-ий хэмжээ 400 ам. долларт хvрэхгvй байгаа нь дэлхийн хамгийн ядуу орны нэгийн vзvvлэлт юм. Нийт гадаад єрийн хэмжээ бараг нэг тэрбум ам. доллар хvрч байгаа ба vvн дээр саяхан хvлээн зєвшєєрсєн Оросын 11,5 тэрбум ам. долларыг нэмбэл дэлхийн хаана ч байхгvй цайрч дампуурсан орон бол Монгол мєн.
     Энэ байдлаас гарах цорын ганц арга бол эдийн засгийн хvчтэй огцом шинэчлэл, реформ болно. Гэтэл хvн амын хоцрогдсон сэтгэлгээ нь реформ болгоныг улдан чангааж, сэтгэлгээнээс нь давж халисан тєрийн ардчилсан ёс, нийгмийн нээлттэй байдал нь энэ арчаагvй мунхаг алхамыг нь улам хєєрєгдєн гvнзгийрvvлж байна. Тэжээнэ, тэтгэнэ, улсын байлгана, тєр хариуцна, vнэ тєлбєргvй болгоно, халамжлана даана - єєрєєр хэлбэл vнэн хэрэгтээ "улам дампууруулна" гэсэн амлалт болгон хvн амын сэтгэл зvйд нь ягштал таарч байна. Ийнхvv бvх дэлхийн тєвшингєєс сондгой гажиг ядуу амьдралыг нь бvх дэлхийн хандлага чиглэлээс эсрэг сондгой гажиг бодлого нь улам лавшруулах аж. ХХI зуун гарчихаад байхад аль тэртээ дундад зууны vеийн эдийн засагтаа таарсан засаг захиргааны нэгжээ vхэн хатан хамгаалж, хоцрогдлоо бахархал болгон арагш тэмvvлж буй энэ ард тvмэн єдгєє зоригтой реформ шинэчлэл хийгээд ч ойрын 20 - 25 жилдээ сэхэхгvй болсныг мэргэжилтнvvд тооцоолон хэлж байна.
    Дэлхий дээр Польш, Япон, Монгол мэтийн цєєхєн хэдэн орон л дагнасан буюу бараг дагнасан нэг vндэстнээс бvрддэг. Ийм байдал тухайн vндэстний эв санааны нэгдлийн том батлагаа болж ард тvмнийг нэг зvгт санаа нэг тэмvvлэх сэдэл vvсгэдэг сайн талтай. Гэтэл нvvдлийн сэтгэлгээтэй ХХI зууны монголчуудад нутагран жалгархах євчин нь амь бєхтэй оршиж хєгжлийг нь тvгжиж байна. 40-єєс дээш мянган хvн ам бvхий Ховд, Арвайхээр, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотуудад нийт иргэдийн тал хувь нь суурьшиж байгаа ба vлдсэн хэсэг нь vй олон суурин, хагас суурин газар нvvдлийн мал аж ахуйгаас єєр аж ахуй тvшиглэн амьдарч байна. Эндээс нvvдэллэж амьдарч буй 20 шахам хувиа хасахаар хvн амын ердєє 30 орчим хувь нь (Мал бvхий иргэд, нvvдлийн мал аж ахуй эрхлэх хоёр бол шал тусдаа асуудал. Манайд одоо мєрдєж буй статистикаар туслах мал аж ахуйтай иргэдийг малчин гэж тооцоод хvн амын тэн хагасыг энд хамруулдаг.) энэ жижиг болон хагас сууринд амь зууж байгаа юм.
    Улсын нийт тєсвийн хагасаас илvv хувь нь эднийг тэжээхэд зарцуулж байна. Гэтэл эд нийгмийн баялаг хуримтлалд тун ч єчvvхэн хувь нэмэр оруулж байгаа билээ. Тархай бутархай байдлын єртєг энэ. Ямар ч суманд очсон єєрснийгєє аваад явах битгий хэл амьдралдаа хагас хугас нэмэр болохуйц vйлдвэрлэл vйлчилгээ бараг байхгvй, зєвхєн улсын тєсєв харж сургууль, эмнэлэг, захиргааны vйлчилгээ явуулсан хэсэг цєєн хvн, тvvнд нь дулдуйдаж єдєр хоног єнгєрєєсєн олонхи гэсэн зураг харагдана. Эдгээр иргэдийн амьдралын єртєг тєвлєрсєн газрынхаас хамаагvй vнэтэй мєртєє амьдралын чанар нь эрс дутмаг. Тархай бутархай байдлыг хєхиvлсэн тєрийн бодлого нь тєсєв тарааж єгдєг учраас амьдралын шалгаралаар яагаад ч vлдэх бололцоогvй vй олон хагас суурин газрууд амь тээн улсаа шимэн паразиталсаар байна.
     
    ТАРХАЙ БУТАРХАЙ БАЙДЛЫГ
ЮУ ХЄХИYЛЭЭД БАЙНА ВЭ?
     
    Юун тvрvvн жалгархах vзэл. Уг сууринд суугаа хvн амын ихэнх нь тєв газар руу нvvх сонирхолтой боловч тєсвєєс цалинжиж буй жижиг хєрєнгєтєн, хагас сэхээтнvvд, тус сууринаас гарал vvсэлтэй боловч єдгєє томоохон хот сууринд сууж буй хэл амтай хvмvvс энэхvv жалгархах vзлийн гол тулгуур болж байна. Сумдыг сайн дураар нь нэгтгэх гэж хэд хэд оролдсон боловч хурал, ардчилал, санал авах гэх мэтийн сэтгэлгээ чадамжаас нь давчихсан ритуаль ёслолууд ямар нэг байдлаар саад хийн нийгмийг паразитлах процессыг засах биш улам гааруулж, шинэ аймаг сум єсч эхэллээ.
    Нєгєє нэг саад тотгор бол єнєєдєр мєрдєж байгаа сонгуулийн тогтоц юм. Нэгдмэл нэг улсыг 76 жалганд хуваачихаад тэндээс тодрох гэсэн хуурамч баатрууд орон нутгийг хєгжvvлэх, хvн амыг нь ажил хийлгvvлэлгvй тэтгэх, жаргуулах амлалтаар тоос пургиулна. Єнгєрсєн сонгуулиар 700 гаруй нэр дэвшигчийн амлаж байсан хєрєнгє оруулалтын хэмжээ 6-7 тэрбум долларт хvрч байсан нь vvний нэг жишээ. Сонгогдсон ард тvмэндээ таашаагдахын тулд ил далдаар тєсвийг ямар ч хэрэггvй цацах явдал хэрээс хэтэрлээ. Ерєнхий сайд асан Жасрай 1996 онд хувийн жалгаасаа сонгогдохын тулд хаа хамаагvй хилийн жижиг сууринд хэдэн зуун сая тєгрєгний салхи нарны энерги vvсгэвэрийн тоног тєхєєрємж аваачин газарт булчиж байлаа. Толгойноосоо авахуулаад ингээд эхлэхээр ар талд нь єрсєлдєєний том оочир vvсэх нь ойлгомжтой. Ямар ч тооцоогvй хийрхэлийн нэг илэрхийлэл нь "Мянганы зам" гэгч юм. Бэлэн зэлэн амьдрал хайр, мєнгє тєгрєг, арчилгаа сувилгааг энэ замаар бэлнээр нь аваачаад єгчинє гэсэн хоосон суртал нэвтрvvлэг нийгмийн маань бэлэнчлэх vзэлд нэвт шингэсэн гэнэн харанхуй сэтгэлгээнд яв цав таарч "хонооп дарахаар бvх юм бvтэх коммунизмын" бас нэг шинэ хэлбэрийг хvлээгээд хэвтчихлээ. Тvр зуурын дэмжлэг авахад зvгээр санаа боловч улс орны чиглэх ёстой хандлагатай зvйрлvvлбэл тун хорлонтой суртал нэвтрvvлэг юм.
   
Тархай бутархай байдлыг хєхиvлж буй бас нэг хvчин зvйл нь олон улсын тусламж байна. Нэгэнт тєвлєрєлийн тухай тодорхой концепци чиглэл манайд байхгvй учир янз бvрийн зээл тусламж хандив одоогийн байгаа статус квог бэхжvvлэхэд чиглэсэн байдаг. Зєвхєн Азийн хєгжлийн банкных л гэхэд ядуурлыг бууруулах 10 сая долларын, хєдєєд ажлын байр гаргах 3 сая долларын, баруун дєрвєн аймгийн хуурай хогийг цэвэрлэх 6 сая долларын зээл гээд байна. Цааш нь Дэлхийн банкны, Японы, Кувейтийн гэхчлэн аль нэг жижиг суманд байгуулах усан цахилгаан станц байгуулах гэх мэтийн асар их мєнгє тєгрєг идсэн том том тєслvvд байна. Мєн малжуулах тєсєл энд хамаатай. Малгvй болсон иргэдэд мал єгч єсгєсєн хойно нь зээлээ авах зорилготой энэ хєдєлгєєн нь vнэн чанартаа малгvй болсон малчинг нэмж єрд оруулах тєсєл юм. Ийм арга хэмжээ сvvлийн арав шахам жил vйлдсэн боловч эндээс хожиж гарсан хvн бараг vгvй. Монголын мал сvрэг билчээр, нvvдлийн утгаараа бvрэн даацандаа тулчихаад байгаа тул малжуулах тєлєвлєгєє хэрэгжсэнээр малын тоо толгой хоёр дахин нэмэгдэж нvvдэлчид хоёр дахин олшроно гэдэг бол хий мєрєєдєл билээ. Ядуурлыг бууруулах тєсєл, vндэсний хєтєлбєр vр дvнгээ єгсєн гэвэл нилээд эргэлзээтэй асуудал. Санаа нь сайхан, харин хэн энэ тєсєлд хамрагдаад ядуурлаасаа гарчихав гэвэл гарын арван хуруунд багтах тоо гарна. Yндэсний энэ хєтєлбєрт явж явж мєнєєх хvн амын 30 хувь эзэлдэг хагас суурин газрын иргэд хамгийн ихээр хамарсан. Эцэст нь тооцоогоор баахан єртэй, амьдрал нь дээшлэх биш дордох тал руугаа ханджээ.
     
    ЦАГ УУРЫН ГАМШИГ
     
    Монгол орон нь усны их хагарал дээр тогтдог, асар их цэвдэгшил бvхий хєрстэй орон байлаа. Байлаа гэдгийн учир нь сvvлийн 10 орчим жилд дэлхий даяар болж буй дулааралд єртєн цэвдэгийн талбай тун эрчимтэй хумигдаж байна. Эрдэмтэдийн тооцоолж байгаагаар Монголд єнєєдєр эргэж буцалтгvйгээр цєлжилт хvчээ авчээ. Олон зууны турш чийгтэй ба хуурай жилvvд тодорхой vе шат єнгєрєєд ээлжилдэг байсан бол одооноос эхлэн жил бvр ган, хуурайшил болж байх тєлєвтэй болсон гэнэ. Монгол нь єєрєє Зvvн Хойд Азийн байгаль цаг уурт онцгой нєлєєлдєг бvс учир энэхvv цєлжилт нь магадгvй дараа vед монголчуудыг "хооллох" нэг эх vvсвэр ч болж болох юм. Цєлжилтийг зогсоох олон улсын арга хэмжээ Монгол руу чиглэнэ гэсэн vг. Yнэхээр ч цєлжилтийг зогсоох, саармагжуулах эдийн засгийн чадвахи бидэнд байхгvй. Гэхдээ хvссэн ч хvсээгvй ч олон улсын тусламжинд дулдуйддаг манай орон єєрийн эрхгvй тєвлєрvvлэх, байгаль орчныг онгоноор нь орхих болон бусад арга хэмжээ авахаас єєр аргагvй болно. Нvvдлийн мал аж ахуйн тоо толгой, сvргийн бvтцэд ч анхаарахаас єєр аргагvй байдалд орно. Хойшлох тутмаа єртєг нь улам ихсэнэ.
     
    ЗАСАГ ЗАХИРГААНЫ ТЄВЛЄРЄЛ
     
    Єнєєдєр улс орны эдийн засгийн чадавхи, хэтийн хєгжил, бvс нутгийн хєгжлийн хандлага, дэлхий даяар болж даяаршил зэргийг тооцон хєгжлийн концепци тогтоох хэрэгтэй байна. Хvн амын 15-20 хувь нь цаашид ч нvvдлийн мал аж ахуй эрхлэх ба хувь процентоор энэ нь цаашид улам багасах хандлагатай байх болно. Yvнд харгалзсан 20 - 30 сая толгой мал ноогдсоор байх ба нvvдлийн мал аж ахуй гэдэг утгаараа энэ тоо цаанаасаа билчээрээр хязгаарлагдана. Єнєєгийн байдлаар хамгийн багаар бодоход 1,5 саяас 1,8 сая хvн нvvдлийн мал аж ахуйгаас гадуур амьдарч байгаа ба эдгээр хvмvvсийг яаралтай тєвлєрvvлэх, ингэснээр асар их мєнгє хэмнэх бололцоо байна. Монгол улсын шинэ vндсэн хуулиар иргэд єєрийн оршин суух газрыг шилэх эрхтэй тул одоо оволзож байгаа их нvvдлийг захиргааны аргаар зогсоох бололцоогvй юм. Харин энэ шилжилт хєдєлгєєнийг эдийн засгийн аргаар зохицуулан зарим хотод хэт ачаалал буй болох, байгаль экологийн тэнцвэр алдагдах зэрэг байдлаас сэргийлж болно.
   
Yvний тулд улс орныг юун тvрvvн гурван бvс болгон хувааж vvнийг ойрын 5 жилийн дотор засаг захиргааны vндсэн 3 - 5 нэгж болгон хувиргах шаардлагатай. Алсдаа Єрнєд бvсийн тєв Ховдийг хатуу хучилттай замаар холбох аваас бvсvvд vндсэндээ холбогдоно. Харин Доронд бvсийн тєв Чойбалсанг Улаанбаатартай юун тvрvvн хатуу хучилттай замаар холбох асуудлыг тэргvvн ээлжинд тавих шаардлагатай байгаа юм. Учир нь єнєєдєр нэгэнт бvрэлдэн тогтож буй Зvvн Хойд Азийн эдийн засгийн их интеграцид Монгол улс холбогдож байж гэмээж нь энэ орны цаашдын хєгжлийн тєлєв илvv гялтайх юмтай болно. Иймээс Дорнод бvс нь Зvvн Хойд Азитай эдийн засгийн хувьд юун тvрvvн холбогдох, улмаар нийт Монгол орныг энэ интеграцитай уях хаалга болох учиртай. Чойбалсан хотыг Халуун Аршааны тємєр замтай холбох тєслийн тєсєл яригдаж байгаа ба энэ нь тийм ч алсын зvйл биш, ойрын хугацаанд хэрэгжих шатандаа орж эхлэнэ. Улаанбаатар Чойбалсангийн хатуу хучилттай замд анхаарлаа тєвлєрvvлбэл ойрын хугацаанд энэ замыг цааш нь Халуун Аршаанаар дайруулан далайн боомтод хvрэх хамгийн ойр дєт, хямд тєсєр замын гарц буй болно. Ийнхvv Сvмбэр, Эрээнцав, Сvхбаатар, Замын - Yvд гэсэн дєрвєн том боомт нь Монголын гадаад ертєнцтэй холбогдох их хаалга болох учиртай.
   
Одоогийн сумдыг нийлvvлэх ажлыг УИХ-ын хуулиар ойрын 5 жилд гvйцэтгэж улмаар энэ vvргийг бага багаар одоогийн аймгийн тєвд шилжvvлэн vvрvvлж болох юм. Сvхбаатар, Эрдэнэт, Цэцэрлэг, Хархорин, Арвайхээр, Улаанбаатар, Багануур гэсэн хотууд ба эдгээр хотуудаар эмжигдсэн бvс нутаг нь Монголын хvн амын нийт тєвлєрєлийн 70 - 90 хувийг єєртєє багтаах бvрэн боломжтой. Чухам энэ бvсд л газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйд тохиромжтой байгаль цаг уур, хєрсний нєхцєл бvрдсэн байгаа. Хvн нэмэгдвэл хvнс нэмэгдэнэ гэдэг. Хvн ам нэмэгдсэнээр зах зээл нь улам єргєжиж, хєгжлийн хандлага нь зєв тогтоно. Эдгээр хот руу тэртээ тэргvй чиглэж буй их нvvдэл, шилжих хєдєлгєєнд тєрєєс эдийн засгийн хаалт болон урамшуулал vзvvлснээр хамгийн сайн зохицлыг олох боломжтой. Хєрєнгє оруулалт, болон хєгжлийн бусад хєтєлбєрийг энэ бvс нутаг руу чиглvvлбэл гарах vр дvн ашиг нь хамаагvй єгєєжтэй байх юм.
Yvнтэй уялдаж хотын багтаамжийг нэмэгдvvлэх, ус, хєрсний даацыг ихэсгэх, дэд бvтцийг бэлдэх ажил давхар ундрана. Тухайлбал Улаанбаатар хотыг Зуунмод хоттой Богд уулыг нvхлэн хонгил татах замаар холбовол нийслэл хотын багтаамж асар их єрєгсєх болно. Богд уулыг нvхлэхэд 3 км зам орох ба хонгил ухах нь ердийн зам татахаас 2 - 3 илvv єртєгтэй байдгийг тооцоход энэ нь 10 сая ам. долларт багтах ба "Мянганы замтай" харьцуулбал илvv амьдралтай, илvv єгєєжтэй тєсєл болно. Баруун аймгуудын хуурай хог янзалж байхаар тэр мєнгєєрєє Улаанбаатарт усан сан барьвал саяас дээш хvний усны асуудлыг шийдэх єргєн бололцоо нээгдэнэ.
   
Тєвлєрєлєєс хямгадан буй болсон их мєнгєє хvн амын 20 хувийг эзэлж буй малчдын vйлчилгээг хангахад зориулбал эмнэлэг, сургууль зэрэг тєрийн vйлчилгээ єнєєгийнхєєс хамаагvй илvv vр ашигтай, илvv чанартай байх нь гарцаагvй. Иймээс хот суурин газар руу тэмvvлж буй иргэдийг элдэв амлалтаар хууран тэнд нь байлгах гэж оролдох, тєсвийн мєнгийг vр ашиггvй зарцуулан тvvгээрээ торгоох нь улс орны ирээдvйн хандлагад хортой зvйл юм. Сумын тєвд суугаа багш, эмч, захиргааны ажилтан хэн боловч тєвлєрсєн газар нvvн ирж илvv єндєр vр дvнтэй тєрийн vйлчилгээ vзэх эрхтэй ба ингэх нь ч тєрд нь ачааллын хувьд илvv хялбар хєнгєн байх болно. Иймээс хот хvрээ чиглэж байгаа нvvдэлд тєр дэмжлэг vзvvлэх, тодорхой хот суурин газрыг єргєжихєд нь зориулж бэлдэх, газрыг хувьчлах, бvсчилж газрын татварыг янз бvрээр тогтоох зэрэг хууль эрхийн актыг эхлэж зэхэж гаргах нь тєрийн vvрэг, ийм бодлого гарган хэрэгжvvлэх нь удахгvй тєрийн эрхийг авах Ардчилсан намын эн тэргvvний зорилт мєн юмаа. Монгол орны ирээдvйг зєв тєсєєлж зоримог реформ шинэчлэл хийж чадахуйц цорын ганц улс тєрийн хvчний хувьд эх орон нь ирээдvй хойч vеийн нэрийн ємнєєс энэ vvргийг тус намд хариуцлага болгон ноогдуулж байгаа юм.
   
Ашигласан материал
"Монгол улсын хvн ам" Статистикийн газар 1994
"Хvн ам орон сууцны 2000 оны тооллогын улсын дvн" Статтистикийн эмхтгэл
"Mongolia: A Centrally Planned Economy in Transition" ADB
C. Humphrey, D. Sneath "The End of Nomadism?" Cambridge


1

No comments:

Post a Comment