”Тулгаа, чамтай бол би ажиллана” гэж хэлээд л ирсэн

http://politics.news.mn/content/79011.shtml
”Тулгаа, чамтай бол би ажиллана” гэж хэлээд л ирсэн
2011 оны 9 сарын 5

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүх. Хамтарсан Засгийн газрын дэд сайдууд дотроос бас л анхаарлын төвд байдаг  нэгэн.  Яам нь яах аргагүй Монгол Улсын амин чухал хэрэгцээ болчихсон энэ үед анхаарлаас гадуур байя ч гэсэн боломжгүй юм. Тиймээс дэд сайдыг дахин нэгэнтээ урьж ярилцлаа.   


-Та чинь Дэд сайдаар томилогдоод хэдэн жил болчихов оо?

-2008 онд томилогдсон. Тэгэхээр гурав дахь жилдээ ажиллаж байна.  2008 оны арванхоёрдугаар   сарын 24-нд томилогдсон санагдаж байна.


-Гурван жилийн өмнө би өмгөөлөгч А. Гансүхийг мэддэг байлаа. Харин дараа нь дэд сайд А. Гансүхийг мэддэг болоод гурван жил өнгөрч. Та ер нь яагаад Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд болчихсон юм бэ. Хэн таныг дэд сайд болгоё гэж хамгийн анх ярьсан бэ?

-Х.Баттулга сайд надад анх  санал тавьсан. Бид бие биенээ олон жилийн өмнөөс мэднэ л дээ.  Уг хүнийг  нь бол бусдын л адил эртнээс мэддэг байсан. Харин 2001 оноос бид хоёр танилцаж нөхөрлөсөн юм. Тэгээд өмгөөлөл, бизнесийн зөвлөгөө өгч дотно болсон.

-Та чинь Худалдаа хөгжлийн банкинд нэг хэсэг ажиллаж байсан байх аа?


-Тийм ээ, Худалдаа хөгж­лийн банкийг хувьчлагдахаас өмнө тэнд Тамгын газрын захирал хийж байсан. Тэгээд хувьчлагдсаных нь дараа 2002 онд ажлаасаа  гарсан. Тэр үеэс л өмгөөлөл хийж эхэлсэн юм.

-“Жеральд Металз”-д  хувьч­­лахад нь ажлаасаа  гар­сан хэрэг үү?

-“Жеральд Металз”, Bank of Lugana гээд Швейцарийн банкны консорциум анх хувьчилж авсан юм.  Тэгээд л ажлаа өгсөн дөө.

-Худалдаа хөгжлийн банкийг хувьчилж авсан тэр консорциум сүүлд Монголын компанид буцаагаад өгсөн шүү дээ. Тэр үед та өмгөөлөгчөөр нь ажилласан юм биш биз?
-Үгүй, үгүй. Би тэр асуудлыг  бол мэдэхгүй.

-Таныг Х.Баттулга сайдтай 2001 оноос дотно болсон, бас бизнесийн зөвлөгөө өгч байсан гэхээр би таныг хардах гээд байна л даа. “Жеральд металз” Худалдаа хөгжлийн банкийг “Женко”-д зарчихсан гэсэн аман яриа байдаг л даа?


-Андуурч байна. Аргагүй л хардаж байна даа. 

-Тэгвэл та одоогийн УИХ-ын гишүүн З.Энхболдтой их олон жил хамтарч ажилласан байх, тийм үү?

-Тийм ээ. Бид хоёр 1997 оноос хойш хамтарч ажилласан. Төрийн өмчийн хорооны дарга байхдаа намайг Төрийн өмчийн хороонд хуульчаар, дараа нь Хууль эрх зүйн газрын даргаараа авч ажиллуулж байлаа. 

-Тэгэхээр өмч хувьчлалын үеийн асуудлуудыг та ерөнхийдөө мэдэж байгаа гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. 1996-2000 оны өмч хувьчлалын үед Төрийн өмчийн хороонд  ажиллаж байлаа шүү дээ. Тэр үеийн өмч хувьчлалын талаарх бүх л маргаантай асуудлыг би хариуцаж байсан. Бүр шүүхийн асуудал хариуцсан хуулийн мэргэжилтнээр ажиллаж байлаа. Төрийн өмчийн хороотой холбоотой бүх  маргаанд шүүхэд Төрийн өмчийг хороог төлөөлж ордог байсан.  

-Тэгээд Х. Баттулга сайд танд шууд “Миний дэд сайд болооч ээ” гэж санал тавьсан хэрэг үү?
-Тэгсэн.

-Та  “Тэгье тэгье” л гэсэн үү?

-Хамгийн гол нь Х.Баттулга сайд санал тавьсан учраас зөвшөөрсөн. Хоёрдугаарт, намын удирдлага, улстөрч нөхдүүд маань дэмжсэн. Тэгээд би Х.Баттулга сайдад нэг л юм хэлсэн.  Өнөөг хүртэл би тэр амлалтдаа л яваа. 

-Та яг юу гэж амласан юм бэ?

-“Тулгаа, би бүх бололцоогоо дайчилж ажиллана” л гэсэн. Төдөлгүй намын дарга Н.Алтанхуяг хүлээн авч уулзаад намайг дэмжсэн. Тэгээд намын Гүйцэтгэх зөвлөл,  УИХ дахь намын бүлэгт  танилцуулаад тэр оройдоо Засгийн газраар ороод л томилогдож байсан.

-Та Х. Баттулга сайдыг санал тавьсан болохоор  очсон гэж байна. Хэрвээ өөр хүн байсан бол очих байсан уу?

-Бодох байсан. Хэрэв өөр хүн байгаад тэр нь хамтарч ажиллах боломжгүй хүн гэж би бодсон  бол очихгүй байсан.

-Тэгээд л  С.Баярын Засгийн газрын дэд сайд болсон  нь тэр үү?

-Тэгсэн.

-Ганц нэг сонин дээр бичигдсэн  зүйлийн талаар танаас асуух хэрэгтэй байх. Одоогийн Ерөнхий сайд С.Батболдын гэргий Х.Отгонтуяа таныг дэд сайд болгосон гэдэг яриа байх юм. Таны эхнэр  Х.Отгонтуяагийн дүү гэсэн байх аа?


-Наадахыг чинь бүр сайн тайлбарлачихъя.  Уг нь хов живэнд тайлбар өгөх дэмий л юм. Гэхдээ бас болохгүй байна аа. Миний эхнэр Ерөнхий сайдын эхнэрийн эгчийнх нь охин байгаа юм. Х.Отгонтуяагийн эгчийн охин.

-Эгч нь хэн гэж хүн байдаг юм бэ?

-Туяа гэж хүн байсан. Одоо байхгүй л дээ, бурхан болсон. Тэгэхээр Ерөнхий сайд С.Батболд бид хоёр бол нэг айлын баз хүргэд юм. Намайг томилогдох үед С.Батболд Ерөнхий сайд болоогүй байсан. Харин С.Баярын танхимд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан шүү дээ. Тэгэхээр  Гадаад хэргийн сайдын эхнэр Ардчилсан намын дэд сайдыг тавина гэж юу байх вэ дээ, тийм үү. Гэхдээ Х.Отгонтуяаг арай ч бас тийм баримжаагүй юм ярихгүй  гэдэг миний бодол байна. Ардчилсан нам ч гэсэн хүний эхнэрийн амаар дэд сайд томилдог  тийм доошоо орсон нам ч биш. Хуучин Хувьсгалт намд л ийм үзэгдэл байсан байх. Хүмүүс юу гэж хардаг вэ гэхээр “Ерөнхий сайд С.Батболд  баз хүргэнээ дэд сайд болгосон” гэж бодоод байдаг. Гэтэл би чинь С.Баярын танхимын дэд сайд болсон. Дараа нь С.Баяр чинь С.Батболдод ажлаа хүлээлгэж өгсөн биз дээ.   Энэ ялгааг хүмүүс цаг хугацааны хувьд олж харахгүй байх шиг байгаа юм.  Тэгэхээр энэ бол хүний нэр төр хорлох гэсэн цэвэр гүтгэлэг.  Намайг гэв гэнэт л газрын гаваас гарч ирээд дэд сайд болчихсон юм шиг ойлгодог хүмүүс байна. Намайг орон нутгийн сонгуульд 2008 онд нэр дэвшиж байхад манай намынхан хүртэл гайхаж байсан.  Миний намтрыг уншчихаад “Хөөе, манай намд ийм хүн байсан юм уу. Бид мэдээгүй байсан байна. Бэлэн боловсон хүчин байсан байна шүү дээ. Их нууц байсан байна. ямар сонин юм бэ” гээд байсан.  Би чинь   1990 оны өлсгөлөнд  гартаа цэнхэр тууз зүүчихээд  хамгаалагчаар зогсч байлаа шүү дээ. Баабарын номыг гудамжинд тараагаад л явж байсан.

-Баабарын ямар номыг вэ?

-Яагаав, “Бүү март, мартвал сөнөнө” гэдэг.

-Ингэхэд та  хаана хуулийн сургууль төгссөн юм бэ?


 -МУИС-ийн Захиргааны эрх зүйн ангийг төгссөн. Сонирхуулахад, манай анги Захиргааны эрх зүйн ангийн  анхны төгсөлт байлаа. Төгсөөд Төрийн өмчийн хороонд хуулийн мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Ерөнхийдөө дандаа л ардчиллын талд Ардчилсан намын хүмүүстэй хамт ажилласан он жилүүд байлаа.
-Тэгээд Ардчилсан намд  хэдэн онд элссэн хэрэг вэ?

-Намд бол би сүүлд элссэн.  2007 онд. Улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд орж байгаа нь тэр. Түүнээс өмнө өөрийнхөө ажлыг хийгээд л чимээгүй явдаг байсан. Харин манай намынхан намайг намд элссэнээс хойш л мэддэг болсон байх. Гэхдээ намтар түүхийг минь мэдээд нэг их гайхахаа больсон. Тэгэхээр  А.Гансүх гэдэг хүн  гэнэт  гарч ирээд дэд сайд болчихоогүй хэрэг. Ардчилсан үзэл, итгэл үнэмшил, хийсэн ажил маань намайг энд авчирсан. Харин  2007 оноос хойш би АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

-1990 оны өлсгөлөн ялалтаар төгсч, Улс төрийн товчоо гцорсон.  Өлсгөлөнгийн дараа та хаачсан бэ?

-Гэртээ л харихгүй юу. Өөр хаачих гэж… (инээв)

-АИХ-д төлөөлөгчөөр сонгогдох ч юм уу ямар нэгэн улс төрийн ажил олж хийе гэж бодоогүй юм уу?

-Үгүй дээ. Тэр үед надтай адилхан олон залуус ардчиллын үйл хэргийг дэмжиж сайн дураараа зогсч байсан юм. Би тэдний л нэг. 

-Таны аав, ээж чинь ямар хүмүүс байдаг вэ?

-Манай аав, ээж үү. Би чамд өвөөгөөсөө эхлээд ярья. Манайхан Дорноговийн гаралтай хүмүүс. Дорноговийн Хөвсгөл сум.  Манай өвөөг Сүх гэдэг байсан.“ Партизан”  Сүх гээд их алдартай хүн дээ.

-Та чинь УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж гуайтай нэг сум юм байна шүү дээ.

-Яг тийм, нэг сум. Манай өвөө  “Партизан”  Сүхийн түүх их сонирхолтой. Өвөө маань  Богд хаант засгийн үед Богд хааны цэрэгт явж л дээ. Тэгээд Хатанбаатар Магсаржавын цэрэг болсон байгаа юм. 1921 оны хувьсгалтай  золгонгуут Баатар ван  шууд ардын хувьсгалыг дэмжиж хувьсгалд оролцсон хүн шүү дээ. Тэгээд л өвөө маань Баатар вангаа дагаад  ардын хувьсгалд оролцож партизан болж бүр Вандановыг баривчилж түүхэнд нэрээ үлдээсэн байдаг юм. Хатанбаатар Магсаржавын тагнуул ангийн дарга байсан юм билээ.  Намайг багад  1970-аад оны үед нас барсан. Би өвөөгийнхөө түүхээр  жижигхэн дурсамж ном гаргуулсан. Аав маань жирийн л ажилчин. Хөдөө төрж өсөөд 16 насандаа хотод орж ирсэн.  Насаараа тээврийн жолооч  хийсэн хүн.  Одоо тэтгэвэртээ байгаа. Ээж  бага ангийн багш. Бас л насаараа л  түмний  хүүхдэд эрдэм ном заасан. Мөн л гэртээ сууж байгаа. Удам угсаа маань нэг иймэрхүү. 

-Энэ Засгийн газрыг анх байгуулж байхад нийгмийн сар их  эсэргүүцэлтэй тулж байсан. Гэвч энэ бүхнийг сөрсөөр  гурван жилийг ардаа орхиж. Дэд сайдын хувиар, биш, жирийн хүний хувиар эсвэл шантарсан цаг үедээ хамтарсан Засгийн газрыг буруутгаж байсан удаа бий юү?


-Би бол “Хамтарсан нь зөв” гэдэг байр сууриндаа ямагт итгэл үнэмшилтэй байсан. Яагаад гэвэл, монголчууд бид 20 жилийн турш хэсэг бүлгээрээ хуваагдаж,  хоорондоо байнга зөрчилтэй явсаар ирсэн. Үзэл бодлоороо, намаараа, жалга довоороо, хөгшин, залуугаараа, бизнесээрээ бүлэглэлүүд болж хуваагдсан.  Энэ хуваагдлууд бидэнд дандаа муугаар нөлөөлж байсан. Үнэндээ бүгд л нэг үндэстэн байж байдаг. Тэгсэн мөртлөө хоорондоо таардаггүй. Бие биенээ хэзээ ч хүлээн  зөвшөөрдөггүй, тийм  сонин нийгэмд орсон…

-Үгүй ээ, байгуулсан гээч?  

-За тийм дээ, байгуулсан. Зөвхөн амиа боддог, хувиа хичээсэн. Би л болж байвал бусад нь ямар хамаа байна гэж боддог. Бусдын зовлонг харж таашаал авдаг. Мөнгөтэй гэдгээрээ түрээ  барьж бусдыгаа дээрэлхдэг. Ерөөсөө монгол хүний бүх муу чанар энэ хорин жилд илэрсэн гэж би боддог. Сүүлдээ зохион байгуулалт бүхий авлига, хээл хахуулийн  сүлжээнд орсон. Тэгээд би үе үе боддог  юм.  “Биднийг юу нэгтгэж чадах вэ” гэж.Тэгээд бодоод үзэхээр  бидэнд бүгд хүлээн зөвшөөрөөд нэгдэж болох хоёрхон брэнд байна. Монгол хүн болгоныг Чингис хааны нэр сүрийн дор 800 жилийн өмнөх агуу түүхээр нэгтгэж болох  юм. Яагаад гэвэл,  тэр түүхээ бүгд хүлээн зөвшөөрдөг.  Гэвч харамсалтай нь  энэ түүхэндээ ямар ч хүндэтгэлгүй ханддаг болчихож. Тэгэхээр  Чингис хаан гэдэг тэр брэндийн доор монголчууд нэгдэхгүй юм байна лээ. Хэдийгээр бид бүгдээрээ Чингис хаанаараа омогшдог ч гэсэн ч энэ нэрийн доор нэгдэж чадахгүй юм байна гэж бодох болсон.  Тэгээд өөр юу байна вэ гэхээр 200- 300 жил шүтсэн Буддын шашин байна. Бид бүгдээрээ энэ шашныг шүтдэггүй юм аа гэхэд сүсэглэдэг. Ардчиллын он жилүүдээс эхлээд шашин шүтэх эрх нь нээлттэй болсон шүү дээ. Ингээд энэ шашин монголчуудыг оюун санааных нь  хувьд нэгтгэчих юм болов уу гэтэл бас байдаггүй. Шарын шашин монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэх нэг ч алхам хийсэнгүй. Яагаад гэдгийг бас хэлж мэдэхгүй.  Ингээд  хоорондоо нэгдэх чадваргүй болчихсон ийм цаг үед улс төрийн голлох хоёр нам   хамтраад Засгийн газар байгуулсан нь  маш том зориг. Том утгаар нь  авч үзэх юм бол монголчуудын эв нэгдлийн төлөө хийсэн эхний алхам. Энэ өнцгөөс нь харж, ойлгомоор байна.

-Та хуульч хүн шүү дээ. Тэгээд нөгөө Үндсэн хуулийнхаа заалтыг  хэрхэх  билээ?


-Стандарт бус гээд томъёолсон шүү дээ.  Зорилго нь аргаа зөвтгөдөг гэдэг зарчим байдаг биз дээ. Түүгээр л явах ёстой. Бид улс орныг хөгжүүлье, эвлэлдье, нэгдье гэдэг зорилго тавьсан. Тэгэхдээ өнөөдөр бид том зорилгын төлөө…

-Үндсэн хуулийг зөрчих бол сонин биш… гэх гэж байна уу?

-Үндсэн хууль өнөөдрийн амьдралд нийцэхгүй байж болно шүү дээ. “Үндсэн хуулийг өөрчилж болохгүй” гэсэн  хууль хаана байгаа юм бэ.  Тэгэхээр энэ бол эв нэгдэл рүү орсон хамгийн том бөгөөд эхний зөв алхам гэж боддог юм.

-Амьдралаас урган гарсан  бүхнийг хуулиндаа хийх ёстой, тийм үү.  Харин бид хууль гэж амьдралд нийцэхгүй зүйл зохиочихоод түүнийгээ мөрдөхгүй орхичихдог шүү дээ. 

-Амьдралд нийцэхгүй хууль маш их байгаа. Бид зах зээлийн эдийн засгийнхаа системийг боловсронгуй болгоогүй, хүмүүс нь төлөвшиж амжаагүй  байхад  ардчилал хөгжсөн орнуудын хуулийг  хуулж авчраад  тавьчихсан.  Тэр хуулийг мөрдүүлэх эдийн засаг, санхүүгийн ч боломж байхгүй шүү дээ. Тийм болохоор хүмүүсийн  ухам­сар төлөвшөөгүй ийм үед бид ний­тийн эрх ашгийн төлөө зарим нэг стандарт бус шийдвэрийг гаргаад явдаг байх хэрэгтэй. Тэрийг гаргаж чаддаг тийм зоригтой, хүчтэй  лидер хэрэгтэй. Тийм хүн нь тухайн үедээ Ерөнхий сайд нь С. Баяр байж чадсан. Тэр шийдлийг гаргуулж чадсан, эв нэгдлийн зөв алхмыг хийсэн.  Ер нь бол түүхийг дандаа сүүлд нь үнэлдэг шүү дээ.

-Мэдээж түүх үнэлгээгээ урьдчилж биш, сүүлд нь өгдөг л дөө. Гэхдээ миний бодлоор бол манай түүхийн хүрд маш хурдан эргэж байна. Ердөө л арваадхан жилийн л цикльтэй байх шиг…?

-Монголд бол өөрчлөлтийн хурд өндөр байна. Өөрөөр хэлбэл, дараагийн сонгуулийн үр дүн дээр бидний одоогийн ажил үнэлэгдээд  л эхэлнэ, хараарай. Өнөөдөр Монгол Улс эдийн засаг нь хамгийн хурдацтай хөгжиж байгаа гурван орны нэг. Дэлхийд гуравт явж байгаа. Мэдэж байгаа юу?

-Үгүй, мэдэхгүй байгаа. Тийм үү?

-Өнөөдөр эдийн засгийнхаа өсөл­төөр Монгол дэлхийд гуравдугаарт  явж байна.

-Эдийн засгийнхаа юугаар тэр вэ.  Өсөлтөөр үү…?


-Тийм, эдийн засгийн өсөлтийн хурдаараа өнөөдөр дэлхийд нэгдүгээрт  Мъяньмар, хоёрдугаарт, Ангол. Араас нь манайх. Харин  манай ард  Хятад явж байна.

-Өө за за, бүр Хятадын өмнө гарчихаа  юу? 

-Манай өсөлт 13 орчим хувьтай гарч байгаа юм байна. Хятад 8 орчим  хувьтай явж байгаа гэнэ.

-Тэр тоог хаанаас гаргадаг юм бэ?

-Сангийн яаман дээр бий.

-Манай Сангийн яам гаргадаг юм уу?


-Тийм.

-Тэгвэл ч бас асуудалтай л юм байна.

-Тэгэхдээ энэ чинь манай Сангийн яам гаргахаасаа илүү олон улсын судалгаанд үндэслэж гаргаж байгаа тоонууд байх шиг байна.

-Юунаас болоод ийм дүн гарч байгаа юм бол?

-Нүүрсний экспорт, түүхий эдийн үнэ дэлхийд өсчихлөө шүү дээ. Өнөөдөр бид 25  сая тонн нүүрс экспортод гаргасан байна. Дэлхийд дөрөвт, Австралийн дараа Азид хоёрдугаарт  орж байна.

-Ийм мундаг тоонуудад хүмүүс итгэхгүй. Яагаад гэхээр ард түмэнд юу ч наалдахгүй байна. Баялгийн хуваарилалт буруу байгаагийн л шинж дээ.


-Та өөрөө  яг хариултыг нь хэлчихлээ. Энэ баялаг хэдхэн хүний л хармаанд орж байгаа юм.

-Хүмүүс сайд болох гээд давхиад байдаг юм.  Амт нь юундаа байдаг юм бол оо.  Та тэр амтыг нь мэдрэв үү?

-Би дэд сайд болохоосоо өмнө  тодорхой түвшинд удирдах албан тушаалуудыг хашиж байсан хүн. Хариуцлага үүрч үзсэн. Худалдаа хөгжлийн банкинд  2001 онд намайг Тамгын газрын захирлаар очиж байхад Худалдаа хөгжлийн банк Монголын номер нэг банк байлаа. Хамгийн их мөнгөтэй, хамгийн олон чадварлаг ажилчидтай.  Манай банкны хийсэн бүх дүрэм журмыг бусад банк хуулбарладаг байсан. Худалдаа хөгжлийн банкийг л дагаж банкны систем боссон шүү дээ.    Дараа нь би Төрийн өмчийн хороонд Хууль, эрх зүйн газрын даргаар очиход бас л улс орны түвшинд үйл ажиллагаа явуулдаг, том том аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан.  Тухайлбал,  “Эрд­энэт”, “Монголросцветмет”, “ТЭЦ -4” гээд л. Өөрөөр хэлбэл, би дэд сайд болохоосоо өмнө тодорхой түвшинд удирдах ажил хийж байсан хүн. Дэд сайдын түвшинд бол өөр. Үнэхээр төрийн өндөр албан тушаал. Гэхдээ энэ болгоны цаана миний нэг л амлалт бий.  Түрүүнд би танд хэлж байсан  “Тулгаад би бүх чадлаараа ажиллана” гэсэн амлалт.  Би энэ ажлаа хариуцлага  гэж хардаг.  Учир нь би  хуульч хүн учир дандаа хариуцлагаа ухамсарлаж ажилладаг. Түүнээс биш дэд сайд болно гэдэг хүн загнаж, дураараа аашлахын нэр биш гэж боддог. 

-Тэгээд хүмүүс ер нь яагаад сайд болох гээд дурлаад  байдаг юм бол. Үүний учрыг нь олов уу л гэж би танаас асуугаад байна. 

-Хүний өмнөөс хариулалтай биш дээ, ямар наадахад чинь.

-Өөрийнхөө хувьд бол сайд болохын сайхныг мэдрээгүй л байгаа юм уу?

-Сайд болохын сайхан нь ажил хийх боломж л юм даа. Өөрөөр хэлбэл, улс орноо ингэж хөгжүүлэх юмсан, нэг ийм юм хийх юмсан гэсэн бодлоо хэрэгжүүлэх боломжтой болж байна. Би төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах ажлын  хэсгийг ахалсан.  Үүгээрээ би бахархдаг. Өнөөдөр миний компьютер дээр эхнээсээ авахуулаад дуустал бүх хувилбар нь байгаа. Арван хэдэн хувилбар шүү. Өдөр өдрөөрөө хэрхэн өөрчлөгдөж байсан нь бүгд бий. Тэр их зүйлээс ямар ч асуулт асуусан би цээжээрээ бүгдийг нь хэлж чадна. Дараа нь энэ ажилдаа урамшаад  Иргэний нисэхийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг барьж аваад одоо дуусч байна. Надад дэд сайд болсноороо улс орны хэмжээний бодлогыг хийх боломж олдсон.  Өнөөдөр бид  далайд гарцгүй орны хувьд агаарын энэ орон зайг яаж өөртөө ашигтайгаар эзэмших вэ гэдэг бүх юмнуудыг тэнд бүрэн буулгаж чадсан. Нэлээд сайн бодлогын бичиг баримт гарч ирсэн. Мөн “Улаанбаатар төмөр зам”-ыг байгуулсан 1949 оны гэрээнд өөрчлөлт оруулах Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байна. ОХУ-ын нутгаар Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх транзит тээврийн хөнгөлөлтийг бас ярьж байгаа.  Энэ ажлын хэсгийг мөн л ахалж байна.  Хэрвээ гарцаа зөв олоод зүтгээд байвал  үр дүн гаргах  боломж бий. Мөн улс төрийн сайн дэмжлэг байвал түүнийг ажил хэрэг болгож болно. Энэ бол дэд сайдын суудлын үнэ цэнэ. Асуултад чинь ингэж л хариулна, би. 

-Энэ бас таны анхны улс төрийн албан тушаал, тийм үү ?

-Тийм ээ. 

-Тэгэхээр улс төр гэдэг юм ер нь хэр амттай юм байна вэ?

-Улс төрд сайнтай, муутай маш их юм байна. Дандаа муу юм гэж байхгүй шүү дээ. Сайн юмнууд байна. Санаанд хүрдэг ч юм байна, хүрэхгүй ч юм байна.  Шүүмжилмээр ч юм байна. Бодмоор ч юм байна. Ер нь бол улс төр гэдэг  юмыг  би өөрийнхөөрөө товчхон тодорхойлъё. Улс төр бол ямар нэгэн ялагчгүй маш урт хугацааны үргэлжилсэн үйл явц юм байна. Улс төрд ялагч, ялагдагч гэж байдаггүй юм байна. Хэзээ ч дуусахгүй үргэлжилсэн процесс учраас. Өнөөдөр нэг нь засгийн эрх авлаа. Маргааш нөгөөх нь авна. Уг нь бол нэг л ялагчтай баймаар тоглолт. Тэр ялагч нь ард түмэн байгаасай. Тэгэхээр бид улс төрийн маш ухаалаг зөв бодлогыг хоёр талаасаа гаргах цаг нь болчихсон. Бид  хоёр том гүрний  дунд оршдог.  Хоёулаа л  хүчирхэг гүрэн. Бас хоёулаа Монголын хувьд  өөр өөрийн гэсэн тодорхой бодлоготой. Тэгэхээр бид ч бас өөрийн гэсэн бодлоготой байх ёстой.  Тэгэхийн тулд бүгд нэгдэх хэрэгтэй байна.  Тийм учраас би хамтарсан нь зөв өө гэж хэлээд байгаа нь тэр.

-Улс төрийн байгууллагын эцсийн зорилго бол ерөөсөө л засгийн эрхийг авах.  Харин засгийн эрхийг авчихаад юм хийж чадахгүй бол  цорын ганц хохирогч нь ард түмэн  байх болно, тийм үү?


-Өнөөдөр хамтарснаараа бас ч гэж томоохон зүйл бүтээснийг ойлгох хэрэгтэй. Хувьсгалт нам гээд маш том хүчирхэг бүтэц байлаа  шүү дээ. Одоо ч МАН  гэдэг нэрээр оршиж л байна. Тэд 20 жилийн  турш Ардчилсан нам болон энэ намын  гишүүдийг  дайснаа гэж харж ирсэн. Угаасаа коммунист онол нь өөрөө тийм юм. Харин өнөөдөр хамтарч чадсанаараа тэд биднийг  дайсан гэж харахаа  больсон.  Хоёр нам ердийн улс төрийн сөрөг хүчин болсон. Өөрөөр хэлбэл, Хувьсгалт намын шинэ үе нь ардчиллыг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс тэд Ардчилсан намынхан бол дайсан биш сөрөг хүчин юм байна гэж бодож эхэлсэн.

Нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт, МАН-ын шинэ удирдлагууд ялангуяа МАН намын дарга С.Батболд гэж хүн Монголд коммунизмыг  устгаж чадлаа. Энэ бол түүх. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ хүн хэн бэ, ямар хүн бэ гэдгээсээ илүү С.Батболд гэдэг даргын үед,  У.Хүрэлсүх гэдэг Ерөнхий нарийн бичгийн даргын үед Монголд коммунизм, коммунист нам байхгүй боллоо шүү дээ. Ямар ч байсан нэр нь байхгүй боллоо. Энэ бол том алхам. Энэ намынхан үүнийг зориглон хийж чаддаггүй байсан шүү дээ. 

-Сонин тодорхойлолт байна шүү. “Коммунизмыг устгасан” гэж хэн ч хэлээгүй, огт  сонсогдоогүй л тодорхойлолтыг  та хэллээ. 


-Би бол тэгж л бодож байгаа. Энэ бол гарцаагүй хийх ёстой алхам байсан.  Жишээлбэл, Н.Энхбаяр араасаа асар их хэл ам дагуулсан ч гэсэн их өрийг тэглэсэн.  Энэ маш чухал зүйл байсныг бид одоо мэдэрч байна.  С.Баярын хувьд бол хамтарсан Засгийг байгуулж өгсөн. Монголчуудын эв нэгдлийн эхлэлийг тавьсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн шинэчлэлийг хийж, нийгэмд архины эсрэг сэтгэл зүйг төлөвшүүлж байна. Энэ нь ардчиллыг бэхжүүлэх, улс орны хөгжилд дэвшилд чухал алхам гэж боддог.

-Би таныг  хуульч биш дипломатч байсан бол арай илүү байх байсан юм болов уу гэж бодох юм. Юм бүхнийг дипломатчийн байр сууринаас тайлбарлаад бүр заншчихсан аятай… 

-Магадгүй. Би хэрэгтэй үедээ сайн дипломатч байж чадна шүү. Гадныхантай   ажиллахад хуульчаасаа илүү дипломат ур чадвар гаргах хэрэгтэй болдог. Сонирхолтой түүхүүд надад бий. Одоогоор  хэлэлцээр дуусаагүй байгаа учир ярих боломжгүй.  Дуусахаар нь би ярьж өгнө өө.

-Ямар ч байсан төмөр замынхаа 51 хувийг авах гэж байгаа юм шиг байна, тийм үү? 

-Одоогоор 50:50 байгаа шүү дээ.  Манайх мэдээж нэмэх бодолтой байна.

-УИХ-ын ээлжит сонгууль ойр­тож байна.  Танд нэр дэвших бодол байна уу?


-Би ёстой яг 50:50 хувьтай л сууж байна. Намын зарим удирдлага, найз нөхөд маань “Дэвшинэ биз дээ”  л гэх юм. Зарим нь бүр “Дэвшээрэй” ч гэсэн маягтай ч байна. Нөгөө талаар Сонгуулийн тухай хууль нь тодорхой болоогүй учраас  би одоохондоо юм ярих эрт л дээ. Хоёрдугаарт, заавал УИХ-ын гишүүн болохгүйгээр ажил хийж бас болдог л юм байна шүү дээ. Хэрвээ намын зүгээс “За чи дэвшээрэй” гэвэл мэдээж ялахын төлөө ажиллах болно.  “Дэвшиж болохгүй ээ” гэвэл тэр л биз. Их хуралд хэд, хэдэн төрлийн улстөрч  байна. Сэтгүүлчид бараг мэднэ дээ.  Их хурлын гишүүн болж ахуй амьдралаа залгуулдаг хүн байна. Учир нь тэд зах зээлийн чөлөөт эдийн засагтай нийгэмд өрсөлдөөд амьдрах чадваргүй хүмүүс. Тийм  хүмүүс эрх мэдэлтэй болж, түүгээрээ дамжуулж ахуй   амьдралаа залгуулахыг хүсдэг. Яаж ийгээд УИХ-ын гишүүн юм уу сайд болохыг  хүсдэг бололтой. Ингэж амьдраад бүр сурчихсан байна. Харин би бол тэднээс өөр. Ямар нэг албан тушаал улс төргүйгээр сайхан амьдраад явчих боловсрол, зах зээлд борлуулах ажлын туршлага надад бий. Өмгөөлөгчөөрөө ажиллаад л явчихна.  Би их үнэтэй өмгөөлөгч шүү дээ  (инээв). Харин яагаад УИХ-ын гишүүн болохоос татгалзахгүй вэ гэвэл  одоо энэ хийж байгаа ажлуудаа дуусгачих юмсан гэсэн бодол бас байна. Төмөр замаа барьчихмаар байна. МИАТ компани арван онгоцтой, өрсөлдөх чадвартай, сайхан компани болчихоосой. Төмөр замаар  хурдны галт тэрэг давхидаг болоосой.  Хийе гэвэл зөндөө л юм байна.  Барилгын чанар, стандарт, норм, норматив, энэ зам гээд...  Канад технологоор барих сумын төв төслөө эхлүүлчихмээр л байна. Ажлын хэсгийг нь би ахалдаг юм.

-УИХ-ын гишүүд сайдуудыг бодвол завтай, популизм ярих нь элбэг юм. Харин сайдууд тэр болгон яриад байхгүй ч амарч  чаддаггүй л бололтой?


-Сайдын ажил тийм юм байна. Яагаад гэвэл өнөөдөр УИХ-ын  гишүүд бол хууль баталж, боловсруулж, санаачилж байдаг. Харин Засгийн газар бол яг цэвэр гүйцэтгэлийн түвшинд ажилладаг. Тийм болохоор сайдуудын онцлог нь тэр байх. Харин бид одоо нэг юм яримаар байна. Бид  дэлхийн тавцанд улс шиг улс болоод ард түмэн нь аз жаргалтай, сайхан хөгжилтэй, ардчилсан орон байхын тулд бидэнд юу байгаа юм бэ. Хүчтэй арми байна уу, байхгүй. Хүчтэй эдийн засаг байна уу, одоогоор алга. Гэхдээ мөнгө болох газрын баялаг байна. Хүн ам цөөн. 2,8 сая хүнээс яг шинэхэн баялаг бүтээгчид нь таван зуун мянга хүрч байна уу, хүрэхгүй байна уу. Хүрэхгүй шүү дээ. Үйлдвэржилт, технологи, ноу-хау, аж үйлдвэр юу ч байхгүй. Байгаагаас дөчин сая мал л байна. Ёстой өлсөж л үхэхгүй юм даа. Өөрөөр хэлбэл, маш хоцрогдсон хөгжилтэй мал аж ахуйн орон байх л хувь заяа байгаад байна. Тэгэхээр яах вэ. Иймэрхүү  янзаараа л  байгаад байх юм уу. Хүн л юм чинь хүсэл мөрөөдөлтэй, тэмүүлэлтэй хөгжье, дэвшье гэж бодно доо. Тэгвэл аж үйлдвэржих ёстой. Аж үйлдвэржинэ гэдэг чинь юу юм бэ. Төмөр, ган, ган хайлуулах боломж байна уу. Төмрийн хүдэр нь байна. Тэрийг хайлуулдаг коксжсон нүүрс нь байна. Энэ хоёр байхад нийлүүлээд ган хайлуулж чадахгүй бол ёстой л тэнэг болно биз дээ. Тэгвэл энэ бүхнийг хийхийн төлөө нэгдэх ёстой. Миний олзуурхаад байгаа нь бид дайсан гэдэг сэтгэлгээнээсээ салаад сөрөг хүчин болсонд олзуурхаж байна. Монголд коммунизм устаж байгаа нь баярлууштай. Одоо ингээд хамтраад явья. Эдийн засаг өсчихлөө. Аж үйлдвэр, шинэ төмөр зам, уул уурхай, эрчим хүч, авто зам, агаарын тээвэр гээд  бодоод үзэхэд ойрын арван жилд 80 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт орохоор байна шүү дээ. Наян тэрбум гэдэг чинь аймшигтай  их тоо шүү дээ, манайх шиг жижигхэн орны хувьд. Оюутолгой ажиллаад эхэлсэн. Мөдхөн Тавантолгой эргэлтэд орно. Ингэх юм бол энэ жижигхэн орон асар хурдан Сингапур, Хонконг шиг болно.  Тэгэхээр өнөөх  улс төрийн үзэл бодол, нам, жалга  довны үзэл чинь биднийг салгаж бутаргаад, чөдөр аятай тушаад байна.   Тэрэн дээр нь бодлоготой гүрнүүд  монголчуудыг улам бутаргах  тоглолт хийгээд л. Яам, яамтай нь хэсэгчилж ажиллаад нэгдсэн бодлогогүйгээр нь явуулах сонирхолтой. Гэтэл  амбицтай улс төрийн хүчнүүд нь дотоод зөрчилдөөнөөсөө болоод нэгдсэн бодлоготой юмаа явуулж чадахгүй маш их боломжийг алдаж байна. Тэгэхээр миний бодлоор улс орныг араасаа чирж хөгжих хэдхэн салбарыг улс төрөөс ангид байлгамаар байгаа. Уул уурхай, эрчим хүч, төмөр зам, “Эрдэнэт”, “МИАТ” гээд энэ хэдийгээ улстөржүүлэхгүй цэвэр яг мэргэжлийн түвшинд бодлогыг нь баримаар байна. 

-Эд чинь харин ч хамгийн их улстөрждөг салбарууд шүү дээ.

-Тийм ээ. Гэхдээ цэвэрлэе. Хоёр нам тохироод л шийдчих асуудал шүү дээ.  Нэг иймэрхүү л эрүүл алхмуудыг хийгээд эхэлмээр байгаа юм. Хамгийн наад зах нь  архины менежментийг амархан хийж болж байна. Монголд өндөр градустай архийг хориглох хэрэгтэй. Бүр үйлдвэрлэхийг нь хориглох асуудал дэвшүүлэх хэрэгтэй байна.  Зөвхөн экспортод гаргадаг байж болно, тийм үү. Энэ мэтээр ажиллах, сэтгэх юм даанч их юм даа. Яриад байвал ч дуусахгүй биз дээ.

-Тийм ээ, дуусахгүй. Харин одоо ярилцлагаа ингээд дуусгавал ямар вэ?

-Та л мэднэ шүү дээ. 

-Тэгвэл ярилцлага өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье.


Л.Мөнхбаясгалан

"Улс төрийн тойм" сонин

No comments:

Post a Comment