ТӨХ-ны дарга асан Д.Сугарыг МИАТ-ийн мөнгийг угаасан хэргээр баривчлах нь тодорхой болжээ
"Монголиан Эйрлайнес" гэх ачаа тээврийн компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг нарыг баривчлан цагдан хорьсон тухай манай сонин өмнөх дугаартаа нийтэлсэн билээ. Дээрх хүмүүсийг МИАТ ХК-ийн мөнгийг гадаадад угааж өөрсдийн хувийн компанидаа цэвэршүүлэн авчирдаг байсан гэдгийг хэд хэдэн хөдөлшгүй баримтаар тогтоож цагдаагийн байгууллагынхан өчигдөр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 1.3 буюу мөнгө угаах, 150-ийн гурав ба энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан гэсэн хоёр зүйл ангиар хэрэг үүсгэсэн байна.
Дээрх хэрэг нь цагдаагийн байгууллагын хувьд мөнгө угаах гэмт хэргээр эрүү үүсгэн шалгаж буй анхны тохиолдол гэхэд болох юм. Тэр дундаа Монголын цагаан захтнуудтай холбоотой томоохон хэргийн сэжүүрээс цагдаагийнхан атгасан нь энэ юм. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 166 нь мөнгө угаах гэмт хэрэг юм. 166 дугаар зүйлийн 1-3-т зааснаар бол "Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл онц их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хураана" хэмээн заажээ. Эл зүйл ангиар шийтгэвэл арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байна. Харин 150-ийн гуравт "Бусдад онц их хэмжээний хохирол учруулбал хөрөнгийг нь хурааж, таваас дээш арван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээжээ. Юутай ч МИАТ ХК-ийн мөнгийг угаасан энэ хэргээр баривчлагдсан дээрх хүмүүст ийн эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорих хугацааг нь сунгах болоод буй аж.
Ч.ХОРОЛСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ?
Чинбатын Хоролсүрэн. Тэрбээр 1970 оны гуравдугаар сарын 2-нд Өвөрхангай аймгийн Арвайхээрт төржээ. 1991 онд Анагаахын дээд сургууль төгссөн, эмчээр нэг жил ажиллаад, "Монголиан Эйрлайнес" ХХК-ийг 1998 онд байгуулсан. Энэ нь МИАТ ХК-иас босгосон хөрөнгө аж. Интербанкны захирлаар ажиллаж байхдаа ард иргэдийн хадгаламжийн мөнгө буюу банкны активаас дөрвөн тэрбум төгрөг шамшигдуулсан юм. Тэрээр энэ хэргүүдээс өөрийгөө өлхөн аваад гарчих чадалтай эр. Тухайлбал түүний ард Төрийн өмчийн хороон дарга Д.Сугар байдаг аж. Тиймээс МАН-ын засаглалын үед шүүх, прокурор, цагдаад их танилтай болсон нэгэн. Мөн Ч.Хоролсүрэн энэ эрх мэдлийнхээ хүрээнд Анагаах ухааны их сургуулийн өмчийн газрыг Сонгдо эмнэлэгт зарж, хувьцаа хэлбэрээр авсан байдаг. Тэрбээр өмнө нь МИАТ-ийн Коммер, Санхүүгийн албаны даргын ажлыг 2005-2010 он хүртэл хашиж байсан. Энэ үедээ "Монголиан Эйрлайнес" ХХК-ийг байгуулсан байдаг. Энэ компанийн хувь эзэмшигчээр Ч.Хоролсүрэн нөгөө талаас МАК буюу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын аавынх нь компани хувь эзэмших болжээ.
НУТГИЙН АХЫН ИВЭЭЛД АМЬДАРСАН ОН ЖИЛҮҮД
Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар бас Өвөрхангайнх. Тэднийг хуурай ах дүүгийн барилдлагатай гэдгийг улс төрийн хүрээнийхэн мэддэг аж. МИАТ-ийн ачаа борлуулагч агентаар ажиллаж байсан "Монголиан Эйрлайнес" компанийн захирал Ч.Хоролсүрэн нь МИАТ-ийн ТУЗ-ийн дарга Д.Сугарын дэмжлэгээр 2005 онд МИАТ компанийн Коммер эрхэлсэн дэд захирлын албан тушаалд очиж байсан түүхтэй. Тэр үед МИАТ-ийн хувьчлал яригдаж байв. Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ-ийн олон улсад танигдсан "Монголиан Эйрлайнес" нэрийг давхардуулан авсан энэ үйлдэл нь хэтдээ МИАТ-ийг залгих хуурай ах, дүү хоёрын санаархал байсныг МИАТ-т олон жил ажиллаж байсан албан тушаалтнууд хэлж буй юм. Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани өөрийн гэсэн вэб сайтгүй болох аюулд тулгараад байсан үе бий. Учир нь тэд гадаадын олон улс оронд тийзээ борлуулдаг, үйлчилгээгээ таниулдаг, нислэгийн чиглэлүүдээ сурталчилж, цаг үеийн мэдээ мэдээлэл хүргэж байдаг www.miat.com вэб сайтынхаа домэйн нэрийн өмчлөх эрхийг алджээ. Сайтын домэйн нэрийг МИАТ-ийн нэрийг давхцуулж авсан хүн нь Ч.Хоролсүрэн. Тэрбээр МИАТ-ийн Коммер болон Санхүү эрхэлсэн дэд захирал байхдаа энэ нэрийг авсан байдаг. Түүнийг МИАТ ХК-д ажиллахаа больсны дараа хэд хэдэн удаа домэйн нэрийг буцааж өгөхийг шаардаж, албан бичиг өгч байсан боловч тэрээр таг чиг байсаар тус сайтыг хаалгаж байсан юмдаг. Тэгэхэд Төрийн өмчийн хорооноос хүртэл тогтоол гарч байсан. Тэр тогтоолд вэб сайт нь хувь хүний нэр дээр бүртгэлтэй бөгөөд энэ домэйн нэрийг эзэмшиж байгаа хувь хүнээс нь худалдан авах асуудлыг шийдэх тухай заалтууд байсан байдаг. Гэтэл эцэст нь энэ вэб сайтыг хаалгах хүртлээ дуулиан болсон нь Ч.Хоролсүрэнгийн ч алхам бус нутгийн ах Д.Сугарын шийдвэр байсныг олон хүн ярьдаг. Эцсийн дүндээ энэ нь МИАТ ХК-ийг хувьчилж авах гэсэн тэдний алсын бодол байжээ.
"МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ" Ч.ХОРОЛСҮРЭН БА ТҮҮНИЙ ЦААДАХ ТОЛГОЙЛОГЧ
Төрийн албан тушаалтнуудыг өөрийн гар хөл болгохдоо Ч.Хоролсүрэн гаргууд нэгэн гэнэ. МИАТ ХК-ний гүйцэтгэх захирал асан Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ нар бол түүний гар хөлөө болгон ашигласан хүмүүс. Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нар зөвхөн "Дайны эрсдлийн даатгал"-ыг гадаад руу гаргаж их хэмжээний мөнгө авахаас гадна МИАТ-ийн өмч хөрөнгийг "Монголиан Эйрлайнес" компани руу шилжүүлэх боломжийг олгож өгч тодорхой хувийг нь авдаг байсан хүмүүс. Тайлан баланс тооцоон дээр Ч. Хоролсүрэн харагддаггүй. Гэхдээ тэрбээр МИАТ-ийг алсуур нь удирдаж байсан хүн юм. Энд Иргэний нисэхийн ерөнхий газрын зарим нэгэн албан тушаалтан ч татагдаж болзошгүй байгаа юм. МИАТ, ИНЕГ-ын албан тушаалтнуудыг Ч.Хоролсүрэн удирддаг бол Ч.Хоролсүрэнг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар удирддаг байж. Тэгэхээр энэ хэргийн далд эзэн нь Д.Сугар. Ч.Хоролсүрэн МИАТ ХК-иас идэж уусан тэр тусмаа "Дайны эрсдлийн даатгал"-ын мөнгөнөөс завшсан хөрөнгийг өөрийн "Монголиан эйрлайнес" ХХК-д хөрөнгө оруулж, ашгаа гаргаж авах эх үүсвэрийг цэвэршүүлдэг байж.
Д.СУГАРЫН БАРУУН ГАР С.БАТХИШИГ
Д.Сугарт МИАТ-ээс гадаад руу гаргаж мөнгө угаасан тодорхой хувийг Ч.Хоролсүрэн зөөвөрлөн хүргүүлдэг байж. МИАТ-ийн толгой компани болох Төрийн өмчийн хорооноос ирэх шаардлагатай бичиг баримтыг бас ганцхан хүн зөөвөрлөнө. Тэр нь Д.Сугарын баруун гар Сүхээгийн Батхишиг юм. Тэр бас Өвөрхангайнх. Ч.Хоролсүрэн, Д.Сугар, С.Батхишиг нарыг хэн ч мэдэхгүй. Мөнгө угаах хэргийн төв цэг нь харин Ч.Хоролсүрэн байсан бололтой. С.Батхишиг нь Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан бөгөөд Д.Сугарыг Төрийн өмчийн хорооны даргаасаа чөлөөлөгдмөгц "Эрдэнэс Таван толгой" Төрийн өмчит хувьцаат компанид менежер хийж байжээ. Ингэхдээ тус компанид эвдэрхий эд зүйл хэдэн тэрбумаар нь шахаж байсан баримт байдаг аж. Тэд бүгдээрээ Өвөрхангайн гэх тодотголтой эдийн засгийн гэмт бүлэглэлд багтаж буй юм. Д.Сугар нь Төрийн өмчийн хорооны даргаасаа болиод Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болсон. Одоо тэрбээр Үндсэн хуулийн Цэцийн халдашгүй эрхт гишүүн болоод сууж буй. Хийсэн хэргээ мэдэж байсан учир Д.Сугар ийн халдашгүй эрхийг өөртөө сонгосон нь хэтээ бодсоных бололтой.
ТЭДНИЙ АВСАН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЭХНЭР ХҮҮХДИЙНХ НЬ НЭР ДЭЭР БАЙДАГ
Монгол Улсын хөрөнгийг залгигч цагаан захтнууд буюу Д.Сугар, Ч.Хоролсүрэн, С.Батхишиг нар угаасан мөнгөө аль хэдийнэ үл хөдлөх хөрөнгө болгож амжсан байна. Тэд АНУ-ын Вашингтон, Канадын Монреал, Япон, БНСУ-ын Чежү арлын эрэг дээр тус тус асар том хувийн байшинтай болцгоожээ. Төрийн мөнгийг тэд луйвардан угааж аваад ар гэрийнхнийгээ өвөл цагт хотын утаанаас дайжуулж эзэмшил газраа өвөлжүүлж, хүүхдүүдээ үнэтэй сургуульд сургадаг ямбатнууд болсон байх жишээний. Дээрх хувийн байшин нь бүгд үр хүүхэд, эхнэрийнх нь нэр дээр байдаг аж.
Мөнгө угаасан луйвартай холбоотой хоёр хүнийг цагдаагийнхан интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тэд гадаад руу оргон зайлсан бололтой. Төрийн албан тушаалтнуудтай холбоотой энэ хэргийг Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлсэн гэдгийг ЦЕГ-ын эх сурвалж бидэнд мэдээллээ.
Г.ЯЛГУУН
No comments:
Post a Comment