2012 оны 2 сарын 2
МАН-ын Бага хурлын
гуравдугаар хуралдаан үргэлжилж “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг
хэлэлцэж байна. Түүнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 20
жилийн хөтөлбөрийг тусгаад буй. Тухайлбал, 2016 онд Монгол Улсын нэг
хүнд ногдох ДНБ 10 мянга гаруй ам.долларт хүрч, тэр хэрээр иргэдийн
амьжиргаа Сингапур, Солонгосын хэмжээнд хүрнэ гэсэн мэдээллийг ч
хөтөлбөрөөс олж харах боломжтой. Иймд бид Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос дараах асуултад хариулт авсан юм.
-“Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг Бага хурлын гишүүд өөр, өөрийнхөөрөө дүгнэж байна. Та хувьдаа хэрхэн үнэлж байна вэ?
-Хөгжлийн хөтөлбөрт 2012-2031 он хүртэлх зорилтуудыг тусгасан. Аль ч улстөрийн хүчинд өөрийн гэсэн улс орны хөгжлийн алсын хараа хэрэгтэй. Тийм учраас 20 жилийн энэхүү хөгжлийн хөтөлбөртөө ямар дүгнэлт хийж байна вэ гэхээр “Энэ хугацаанд Монгол Улс дэлхийн өндөр хөгжилтэй орны жагсаалтад орох бололцоо байна” гэж харж байгаа. Тухайлбал, Швейцарь зэрэг өндөр хөгжилтэй улс орнууд байгаа, тэр төвшинд очих бололцоотой. Задлаад ярих юм бол ойрын 4, 5 жилд Европын дундаж хөгжилтэй орнуудын жагсаалтад очих бололцоотой. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монгол Улсын иргэдийн амьдрал ямар байна, дөрвөн жилийн дараа зүүн Европын дундаж хөгжилтэй орнуудын иргэд яаж амьдарч байна, тийм төвшинд амьдрах бололцоо монгол иргэдэд байна гэж үзэж байгаа. Тэгэхдээ энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын төр засаг ч тэр, улстөрийн намууд ч тэр, иргэн ч тэр маш их ажиллах ёстой. Ажиллахдаа юу хийх ёстой вэ, яаж ажиллах вэ, ямар салбар дээр илүү анхаарах вэ гэдгээ онцолж тэргүүний зорилтуудаа гаргаж энэ баримт бичигтээ тавьж байгаа. Ийм зорилт байх ёстой гэдгээ нэг талаас хүлээн зөвшөөрөөд энэний төлөө яаж ажиллах вэ, юу хийх вэ гэдгээ ярьж байна л даа.
-Тэгэхлээр тэргүүлэгч зорилтын хүрээнд аль салбар тодорхойлогдож байна вэ?
-Бидний хувьд тэргүүлэх салбарыг ойрын 10 жилд юу гэж тодорхойлж байна вэ гэхээр уул уурхайн салбар нь манай эдийн засгийн тулгуур чиглэл нь байх болно. Тэгэхдээ 2014, 2015, 2016, 2017 оныг аваад үзэх юм бол дэд бүтцийн салбар өөрөө хөгжлийн томоохон тулгуур нь болно. Өөрөөр хэлэх юм бол төмөр зам, цахилгаан станц, барилгыг тойрсон дэд бүтэц, авто зам зэрэг салбарууд нь эдийн засгийн хөгжлийн суурь болох нь гэж үзэж байгаа. Маш тодорхой жишээ хэлэхэд 2011 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт дэлхийн төвшинд очсон. Оны төгсгөлд эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрсэн шүү дээ. Энэ өслтийг яаж урт хугацаанд авч явах вэ. Нэг том Оюутолгой шиг төсөл хэрэгжүүллээ гэхэд гурван жилийн дараа энэ их өндөр эдийн засгийн өсөлт байхгүй болно. Тэгэхээр энэ өндөр эдийн засгийн өсөлтөө үргэлжлүүлэхийн тулд авто зам, төмөр зам, цахилгаан станц гэх мэт том эдийн засгийн дэд бүтцийн төслүүд хэрэгжиж байж, эдийн засгийн өсөлт нь ойрын тав, зургаан жилдээ үргэлжилнэ. Тэгэхээр энэхүү эдийн засгийн дэд бүтцийн төсөл нь хэрэгжиж явах явцад нэмүү өртөг шингэсэн үйлдвэр болох газрын тосны, төмөрлөгийн, гангийн, коксжих үйлдвэрүүдийг ашиглалтад оруулснаар гурав дахь давалгаа орж ирнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хөгжлийг бид юу гэж харж байна вэ гэхээр нэгдүгээрт, уул уурхайн салбар, хоёр дахь нь дэд бүтцийн салбар, гурав дахь нь нэмүү өртөг шингэсэн салбар. Энэнийхээ хажуугаар хөдөө аж ахуйн салбар, хөдөө аж ахуйг тойрсон мал аж ахуй, газар тариалангийн салбар цааш хөгжих ёстой гэж үзэж байгаа.
-“Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийн гол төв нь иргэн байх юм гэсэн агуулга харагдахгүй байна шүү дээ?
-Тийм ээ, энэхүү хөтөлбөрийн эцсийн, голын зорилго нь Монгол хүн. Монгол иргэн Дорж өнөөдөр хэдэн төгрөгийн цалинтай, хэдий хэмжээний орлоготой вэ. Түүний хүүхэд насанд хүрээд хөдөлмөр эрхлэхэд хэдий хэмжээний цалин авах ёстой вэ гэдгийг иргэн Дорж мэдэх ёстой байхгүй юу. Тэгэхээр бид таван жилийн дотор Монгол Улсын иргэн өнөөгийн Зүүн Европын иргэнтэй адил төвшинд ажиллаж хөдөлмөрлөх бололцоог бүрдүүлнэ. 20 жилийн дараа харах юм бол өнөөдрийн өндөр хөгжилтэй орны төвшинд Монгол Улсын жирийн иргэн өөрөө орлоготой болох ийм боломжийг бүрдүүлнэ гэж харж байгаа. Тэгэхээр тодруулаад хэлье, нэг хэсэг нь борви бохисхийлгүй хөдөлмөрлөөд, түүнээс төр татвараар хурааж авснаа бусдад хуваарилаад өгөх зүйл биш. Мэдээжийн хэрэг нийгмийн хэрэгцээтэй зорилтот бүлэгт нэгээс аваад нөгөөд өгч л таараа. Жишээ нь, хөдөлмөрлөх боломжгүй, тэтгэврийн насны, хүүхдүүд, ядуу эмзэг бүлэг, өрх толгойлсон эмэгтэйчүүддээ нийгмийн халамжийн туслалцааг зайлшгүй хүргэнэ. Тэгэхдээ хамгийн гол зорилт бол эдийн засгийн өсөлтөөс Монгол Улсын иргэн хөдөлмөрлөж, хичээж зүтгэж байж үр шимийг нь хүртэх бололцоог бий болгох ёстой. Жишээлбэл, намын дарга илтгэлдээ “Жижиг, дунд үйлдвэрийн татваруудыг хөнгөлнө. Тодорхой хугацаанд хөнгөлөх бодлогыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ” гэж хэллээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Оюутолгойн ордод 3500 хүн ажиллана. Тэгэхээр энийг тойрсон жижиг, дунд үйлдвэр хөгжих ёстой. Ажлын хувцсыг нь оёдог, хүнсийг нь бэлтгэдэг гээд маш олон бизнес хөгжих ёстой. Энэ бизнес хөгжихийн тулд татварын зөв орчин хэрэгтэй байна. Ямар ч байсан татварын хөнгөлөлтүүдийг жижиг, дунд үйлдвэрийнхэн удахгүй эдлэх нь ээ гэдэг нь өнөөдрийн Бага хурлаас гарч байгаа маш том баяртай мэдээ боллоо.
-Эдийн засагчдын хувьд “Улс орон жижиг, дунд үйлдвэр хөгжүүлснээр хөгждөггүй. Том корпораци байгуулж, дэлхийн зах зээлд өрсөлдсөнөөр улс орныг хөгжлийг урагшлуулдаг” гэдэг. Энэ утгаараа зөвхөн жижиг, дунд үйлдвэрийнхнийг дэмжинэ гэхээр хэт явцуурчихаж байгаа юм биш үү. Аж ахуйн нэгжүүд нэг талдаа томрох хүсэл эрмэлзэлгүй болгох юм биш үү?
-Японыг ч, БНСУ-ыг ч хараад үзэх юм бол үнэхээр тийм л дээ. Японы “Мицубиши”, “Хонда” гэх мэт 10 том компани байгаа учраас түүнийгээ тойрсон 2, 3 сая жижиг, дунд үйлдвэрүүд хөгжиж байна. БНСУ-ын хувьд “Самсунг”, “Хьюндай”, “Тоска” гэх мэт дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай үйлдвэрүүд байгаа учраас тэрийг дагасан 10, 20 сая жижиг, дунд үйлдвэрүүд хөгжөөд Солонгос өнөөгийн хөгжлийн төвшинд хүрсэн. Бидний хувьд дэлхийн хэмжээний том үйлдвэрүүд маань уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэр, дэд бүтэц дээрээ босно. Сая би хэлсэн шүү дээ. Эхний 10 жилийн тулгуур нь эд юм аа гэж... Тэгэхдээ энийгээ тойрсон жижиг, дунд үйлдвэрүүд нь зайлшгүй хөгжих ёстой учраас татварын тусгай орчинг зайлшгүй бүрдүүлэх ёстой. Монгол Улсын өнөөдрийн онцлог бол дэлхийн зах зээлээс алслагдмал байна. Наанадаж гадаадаас тоног төхөөрөмж, түүхий эд импортоор оруулж ирлээ гэхэд маш их тээврийн зардал төлж, маш их нэмүү өртөг төлж байж авчирч байна. Өнөөдөр бээлий оёж байгаа Дорж, Хятадад бээлий оёж байгаа Ван гэдэг иргэнээс хамаагүй хүнд байдалд ажиллаж байна. Тэгэхлээр иргэн Доржийг дэмжих гол хөшүүрэг нь татвар. Татварын орчноо бид зөв болгох ёстой. Засгийн газраас хэрэгжүүлээд байгаа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийг үргэлжлүүлэн олгох ёстой. Цаашдаа санхүү хөрөнгийн боломж нь гараад ирэхээр түрээсийнх нь байрыг хөнгөлдөг, цахилгааных нь төлбөрийг хөнгөлдөг байх гэх мэтээр дэмжлэг үзүүлэх ёстой. Тэгж байж жижиг, дунд үйлдвэр хөгжинө. Бид их гэнэн хонгор яриад байгаа. Зөнгөөр нь орхичиход жижиг, дунд үйлдвэрүүд амьдралын жамаар зах зээлийн жамаар босоод ирнэ гэж. Тийм зүйл байхгүй. Аль ч орны туршлагыг харахад жижиг, дунд үйлдвэрийгээ төр нь дэмждэг. Том үйлдвэрийн хувьд төр засаг нь садаа болохгүй байх. Том үйлдвэрүүдийг газрын тос үйлдвэрлэх, нүүрс шингэрүүлэх гэх мэт стратегийн чанартай үйлдвэрүүдэд төр оролцож дэмжлэг үзүүлнэ үү гэхээс биш бусад үйлдвэр дээр нь хамгийн гол нь садаа болохгүй л байх.
No comments:
Post a Comment