Иргэний нисэхийг хөгжүүлэх төрийн бодлогыг хожуу ч гэсэн батлах нь зүйтэй гэж үзлээ

http://open.parliament.mn/content/555/%D0%98%D1%80%D0%B3%D1%8D%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%BD%D0%B8%D1%81%D1%8D%D1%85%D0%B8%D0%B9%D0%B3-%D1%85%D3%A9%D0%B3%D0%B6%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D1%85-%D1%82%D3%A9%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B1%D0%BE%D0%B4%D0%BB%D0%BE%D0%B3%D1%8B%D0%B3-%D1%85%D0%BE%D0%B6%D1%83%D1%83-%D1%87-%D0%B3%D1%8D%D1%81%D1%8D%D0%BD-%D0%B1%D0%B0%D1%82%D0%BB%D0%B0%D1%85-%D0%BD%D1%8C-%D0%B7%D2%AF%D0%B9%D1%82%D1%8D%D0%B9-%D0%B3%D1%8D%D0%B6-%D2%AF%D0%B7%D0%BB%D1%8D%D1%8D.htm
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2012.11.06/ хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл уг тогтоолын төсөлд оруулах зарим саналаа танилцуулсан. Тухайлбал, санхүүгийн секторын тогтвортой байдлын талаар улирал тутам Монголбанкнаас УИХ-д мэдээлэл хийх гэх зэрэг саналуудаа тэрбээр танилцуулав. Харин УИХ-ын зарим гишүүд санхүүгийн секторын тогтвортой байдлын талаарх мэдээллийг улирал тутам олон нийтэд өгөх нь зөв. Харин УИХ-д мэдээлэл хийх нь тийм сайн үр дагавар авчрахгүй гэсэн байр суурьтай байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Санхүүгийн салбарын талаар УИХ-д мэдээлэл хийхээр УИХ-ын гишүүд тогтворгүй байдлын талаар л голдуу лавлаж асуудаг. Түүнээс үүдэн нийгэмд сөрөг мэдээлэл бий болж, тогтворгүй байдлыг урин дуудах вий гэж санаа зовж байна. Угаасаа Монголбанк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээдэг. Улиралд нэг удаа олон нийтэд мэдээлэл өгөөд явах нь зүйтэй. Харин үндэслэлтэй мэдээлэл өгсөн эсэхийг Эдийн засгийн байнгын хорооноос томилсон ажлын хэсэг шалгаад байх боломжтой гэж хэлж байлаа.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, УИХ-д Монголбанкны мэдээллийг сонссоноор дотоод хэрэгт нь хэтэрхий оролцож байгаа хэрэг биш.  Харин ч анхаарал тавьж буйн илрэл. Мэдээлэл сонссоноор процессыг тухай бүр нь ойлгон, алдааг нь мөн засаад явах болно. Ирэх оны мөнгөний бодогын шинэчлэлд ч чухал нөлөөтэй гэж тайлбарлаж байлаа. Түүний гаргасан саналыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй.
Үүний дараа Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэв.

Далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн, өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсын хувьд агаарын тээвэр нь стратегийн чухал ач холбогдол бүхий салбар бөгөөд цаашид эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болохын хувьд агаарын тээврийн салбарыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, хөгжүүлэх шаардлагатай гэж  үзэж Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын төслийг нийт 11бүлэг, 27 заалт, 61 дэд заалттайгаар, хөгжлийн стратегийг 2024 оныг хүртэл хамрахаар тооцож боловсрууллаа хэмээн Зам, тээврийн сайд А.Гансүх танилцуулсан юм.
Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр байршлын давуу талаа ашиглан даяаршлагдсан иргэний агаарын тээврийн нэгэн бүрдэл болж, Монгол Улсад олон улсын зорчигч болон ачаа тээврийн бүс нутгийн хэмжээний зангилаа (Hub) бий болж, томоохон хот суурин газруудыг олон улстай холбосон үндэсний агаарын тээврийн нэгдсэн сүлжээтэй болно гэж хэлсэн.  Түүнчлэн агаарын тээвэрлэгч компаниуд олон улсад өрсөлдөх чадвартай болж гуравдагч ертөнцтэй шууд холбогдох нөхцөл боломж бүрдэнэ. Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа өргөжих нь.
Уг танилцуулгын дараа гишүүд асуулт асууж, санал хэлсэн.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 17 дугаарт жагсдаг манай орны хувьд агаарын орчинг ашиглан орлого олох цаг болсон хэмээн хэлж байлаа. АНУ-аас Азид хүрэх хамгийн ойр зам нь Монголоор дайрах байдаг. Тийм болохоор АНУ-Ази-Европын холбосон зангилаа болгох нь зүйтэй гэж хэлж байсан. Тэрбээр хэдийгээр энэ бодлогын баримт бичиг хожуу орж ирж байгаа ч засах зүйл байвал засч залруулаад батлах нь зүйтэй гэж байлаа.
Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа, хэдэн жилийн өмнө иргэний агаарын тээврийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах гадны менежментийн баг ажиллаж байсныг дурдаад гарсан үр дүнгийн талаар асуулаа.
ИНЕГ-ын дарга С.Батмөнхийн хариулснаар, 2003-2004 он ажилласан менежментийн багийн ажиллах хугацаа богино, ажиллах гэрээний нөхцлөөс болоод хүссэн үр дүндээ хүрч чадаагүй юм байна.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, 1970-1980 онд батлан хамгаалахын чиглэлээр ашиглаж байсан орон нутаг дахь онгоцны хөөрөх буух зурвасыг ашиглах тал дээр ямар арга хэмжээ авах гэж буйг лавлалаа.
ИНЕГ-ын дарга С.Батмөнх, “Орон нутаг дах батлан хамгаалах чиглэлээр ашиглаж байсан хөөрөх буух зурвасыг иргэний нисэхийн чиглэлээр ашиглах талаар судалгаа хийсэн.  ОХУ-ын зөвлөх багтай ч хамтран ажилласан. Судалгаагаар зарим газрын зурвасыг орон нутгийн нислэгийн чиглэлээр ашиглаж болох боловч, том оврын онгоц бууж, хөөрөхөд ашиглах боломжгүй нь тогтоогдсон” гэлээ.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Улаанбаатар-Берлиний чиглэлд яваа зорчигчид Москвад бууж, тэнд оймс гутлаа тайлан шалгуулж, доромжлуулдаг явдал хэзээ эцэст болох вэ гэж асуулаа.
Энэ тал дээр анхаарал тавьж байгаа хэмээн ИНЕГ-ын дарга хариулсан. Москвагийн хуучин “Шерметьево” нисэх онгоцны буудлын үйлчилгээ тааруухан байгаа. Гэхдээ үйлчилгээ сайтай шинэ терминад ашиглалтад орсон байна лээ. Бид тэр терминал руу онгоцоо шилжүүлэх талаар ярьж байгаа гэж хариулсан юм.
Хөшигтийн хөндийд баригдах шинэ нисэх онгоцны буудлын талаарх мэдээлэлд гишүүд сэтгэл хангалуун биш байлаа. 2017 онд ашиглалтад орно гэж буй шинэ нисэх буудал жилд 1.3 сая зорчигч хүлээн авах чадвартай ажээ.
Гэтэл “Чингис хаан” нисэх онгоцны буудал энэ оны сүүлээр гэхэд 1.2 сая зорчигч хүлээн авах тооцоо гараад байгаа юм байна. Шинэ нисэх буудлыг барих тендерийг хоёр удаа зарласан ч гүйцэтгэгч компани санал ирүүлээгүй бөгөөд гурав дахь удаагийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг 11 дүгээр сарын 9-ний өдөр зарлах юм байна.  Гишүүд ийнхүү хэлэлцээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
 
 
Г.Бүрэнжаргал

No comments:

Post a Comment