МИАТ-ын удирдлагууд инженерүүддээ ялагдлаа

http://umguulul.mn/u/index.php?newsid=684

МИАТ-ын удирдлагууд инженерүүддээ ялагдлаа  
 
 


МИАТ-ын инженер, техникийн ажилтнууд онгоц барьцаалж ажил хаясан дуулиан өнгөрсөн тавдугаар сард дэгдсэн. Техникийн газрын ерөнхий менежер асан Ё.Энхтөр ажлаас халснаас болж удирдлагад нь ажиллаж байсан инженерүүд ажилдаа гаралгүй олон улсын нислэг гурав хоног саатуулсан. Үүний дараа Засгийн газар хуралдаж МИАТ-д гадаадаас инженер хөлсөлж болсон. Мөн бойкот хийх нөхцөл бүрдүүлсэн гэх Ё.Энхтөрийг ажлаас халж МИАТ-ын удирдлагыг өөрчилснөөр асуудал намжиж билээ. Харин МИАТ-ын хөшигний цаадах "дайн" дуусах яагаа ч үгүй байна. Тус компанийн удирдлагууд Ё.Энхтөрийг хоёр шүүхэд өгчээ. Тодруулбал, МИАТ-ын удирдлагууд өнгөрсөн тавдугаар сарын 25-27-ны хооронд нислэг саатсан нь техникийг ажилтнуудын буруу гэж захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна.

Мөн түүнийг онгоц гэмтээсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. МИАТ-ын одоогийн удирдлагын гаргасан гомдлыг Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцэж инженер техникийн ажилчид хууль бус ажил хаялт хийгээгүй гэсэн шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, МИАТ-ын удирдлагууд инженерүүддээ ялагдсан аж. Харин Энхтөрд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй байна. Түүнийг өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд нэг ч байцаагаагүй гэнэ. Үүнээс гадна МИАТ-д гадаадаас инженер ирж ажиллаагүй ажээ. Харин Ё.Энхтөрийн удирдлагад ажиллаж байсан Т.Аюуш Техникийн газрын ерөнхий менежерийн албыг хашиж байгаа гэнэ. МИАТ-ын удирдлагуудын гаргасан гомдлыг шүүхээр хэлэлцэж дууссаны дараа ажлаасаа халагдсан Ё.Энхтөр нэр төрөө сэргээлгэх гомдол гаргахаар төлөвлөж байгаа гэх. МИАТ-ынхан хэдийг хүртэл хөнжилдөө жийлцэх бол.


Б.Цэцэгдэлгэр

No comments:

Post a Comment