2011-06-4 өдөр 13:06
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяртай ярилцлаа.
-Та хөдөөгүүр явсан гэсэн. Хаагуур явав?
-Өмнөговь аймагт уул уурхай ашиглаж эхэлснээс хойш авто замын асуудал яригдаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Таван толгой, Оюу толгой, Нарийн сухайт болон Өмнөговь аймагт ажиллаж байгаа уул уурхайн компаниуд автозамыг яаж шийдэж байгаа ажилтай очиж танилцлаа. Би УИХ-аас томилолт авсан, надтай хамт Эх орон тусгаар тогтнол шударга ёс хөдөлгөөний төлөөлөгчид явсан юм. Ингээд байдалтай танилцаад ирэхэд Монгол Улсад уул уурхайн бодлого алдагдчихжээ. Уул уурхай ашиглалтын лицензийг хэн нэгэнд олгоод хаячихдаг. Эргэж хянаж, шалгадаггүй юм байна. Лиценз авсан хүмүүс нь олборлолтыг дураараа хийдэг юм байна.Таван толгойд гэхэд 245 км квадрат газар нүүрс тээвэрлэж байна.Тэр газар эргэн сэргээгдэхийн аргагүй талхлагджээ. Бараг Малдив улсын газар нутагтай адилхан хэмжээтэй газрыг ингэж сүйтгэж байна. Ер нь компани болгон дураараа зам гаргаад нүүрсээ тээвэрлэж байгаа. Энэ нь 5000 гаруй км зам байна шүү дээ. Ийм байхад манай төр засаг огтхон ч анхаарахгүй юм. Биднийг тэнд очихоос өмнө хоёр хүн амиа алдсан байна лээ. Биднийг тэнд байх үед таван машин мөргөлдөөд нэг хүн амиа алдсан. Гэвч үүнд уул уурхай эрхэлж байгаа компаниуд ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Энэ бол тээврийн компанийн хариуцах ажил гээд хаячхаж байна. Нүүрсээ уурхайн аман дээр дарчхаад, тээвэрлэлтээ Хятадын компанид даалгачхаад осол гарахаар нь бид хариуцахгүй ээ гээд сууж байна. Төр засгийн бодлого байхгүй учраас тэд ингэж дураараа ажиллаж байна.
-Өмнөговьд ямар ч зам тавигдаагүй байна уу?
-”Энержи ресус” компани өөрийнхөө замыг тавьж эхэлж байна. Уг нь тэр замыг аль хэдийнэ ашиглалтад оруулчихсан байх ёстой л доо. Оюу толгой компани замаа тавих гээд ярьж байгаа гэнэ. Гэхдээ өөр маршрутаар. Ер нь Гашуун сухайтын боомт руу компани болгон өөрийн гэсэн маршрут гаргачхаж.Тийм болохоор ямар ч хяналт алга. Ийм улс орон гэж байх уу.
-Нарийн сухайтад зам тавиагүй юм уу?
-Худлаа юм байна. Барьсан зам нь хүнд даацын машин явах боломжгүй. Хөнгөн тээврийн хэрэгсэл явахад зориулсан зам тавьж. Нэг ёсондоо өөрсдөө нааш цааш явахдаа зориулж зам тавьсан байна.Тэр замынх нь нээлтэд Ерөнхий сайд асан С.Баяр очиж тууз хайчилж байгаа зургийг нь бид олж ирсэн. Одоо интернэтэд тавина, Хулгай хийж, хулхиддаг компаниудтай С.Баяр мэтийн дарга нар яаж хамтарч ажилладгийн жишээ энэ, Гэх мэтчилэнгээр манай уул уурхайн төрийн бодлого алдагджээ.Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуульд орд эзэмшигч гэдэг нэр томъёог оруулж өгснөөс болж тэндхийн компаниуд газар руугаа хэнийг ч нэвтрүүлэхээ больчихсон байна. Ямар ч хүнийг оруулахаа байж.
-Та орж чадаагүй юм уу?
-УИХ-аас томилолт аваад явж байгаа намайг Оюу толгой оруулахгүй гэж байна. Улсын дотор улс бий болчихжээ, тэнд. Маш том газрыг хашиж аваад дотор нь буутай харуул хоёр цаг тутамд эргүүлд гарч байна. Уурхайн эдэлбэр газрыг ингэж хамгаалж байгаа нь Африкийн колонийн орнуудыг санагдуулж байна. Энэ боомт руу хэн ч нэвтэрч болдоггүй, “Манай эзэмшил газар нэвтэрч болохгүй” гээд англи, монголоор биччихсэн байна. Тэнд хүний амь нас эрсэдсэн нь хамаагүй болчихсон байна шүү дээ. Монгол колони улс болсон нь эндээс харагдаж байна.Төр засгийн хууль энд үйлчлэхгүй байна.Тусгай хамгаалалттай газрын ойр орчимд суурьшлын бүс байх нь хуулиараа хориотой. Гэтэл уурхайгаа 400 метр орчим зайтай “Цагаан хад”-ны газарт дөрвөн мянга гаруй хүн суурьшин амьдарч байна.Тэдний дийлэнх нь хятадууд.
-Уурхайн ажилчид уу?
-Тийм,Тэр хотхонд зөвхөн юаниар наймаа хийх юм.Тэр битгий хэл монгол эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлдэг сүлжээ бий болчхож. Бүр тусгай зохион байгуулалтад оржээ. Манай хууль хяналт, цагдаа, тагнуулынхан хаана байгаа юм бэ. Ерөөсөө улс орноо худалдаад, колони болгочихсон байна шүү дээ.
-Та нүдээрээ харсан уу?
-Тэр хотхонд очоод зөндөө хүнтэй уулзсан. Заримаас нь ярилцлага авснаа удахгүй телевизээр гаргана. Хүмүүсийн Хэлж байгаагаар батлагдаж байгаа. Мөн бид Хятадын хил гарч үзсэн.Тэнд амьдарч байгаа дөрвөн мянган хүний ундны усыг литрийг нь 30 төгрөгөөр Хятадаас худалдаж авч байна. Дээрээс нь амьдрах орчин нь авах юмгүй. Битүү шороо тоот бужигнаастай. Ийм байхад ардчилал, хүний эрх, хууль ярьж шударга царайлахаа болиоч.Үүнийг цэгцлэхээр болчихжээ.
-Уурхайнуудын үйл ажиллагаа ер нь ямар шатандаа яваа харагдаж байна. Бүтээн байгуулалт ид өрнөж байх юм уу?
-Ямар бүтээн байгуулалт байх вэ дээ. Бүтээн байгуулалтын тухай манай нөхдүүд энд ярьж байгаа болохоос тэнд юу ч байхгүй, Нийгмийн чанартай юу ч хийхгүй байна. Оюу толгойн үйл ажиллагаа явж байгаа юм шиг байна. Гэхдээ зам тавина гээд яриад байдаг Газар дээр нь очихоор юу ч алга. Үнэндээ тэд бол Монголын төрөөр даажигнаж байна. Тэр битгий хэл Монголд эрчим хүч үйлдвэрлэхгүй. Гаднаас авна гэж байна шүү дээ. Монголын эрчим хүчний бодлого хаана явна аа. Нөгөө хамгаалаад байдаг Д.Зоригт сайдын хийж байгаа ажил нь энэ үү. Улс орноо худалдчихсан байна.Тэгээд энд хэдэн нөхдүүд амиа тавиад ч болтугай эрх мэдлээ хамгаалж үлдэж байна шүү дээ.
-Өмнөговьд улаан тоос бужигнаснаас өөр юм алга гэсэн үг үү?
-Өөр юм алга. Ажлын байр нэмэгдүүлж байгаа юм алга, Засгийн газар Оюу толгойд 8900 хятад ажилтан оруулж ирэх тогтоол гаргаад өгчихсөн байна.Тэр дагуу нь хятадууд ажиллаж байна. Ер нь Өмнөговь аймгийн хүн амын талаас илүү хувьтай тэнцэх хэмжээний хятад хүн Өмнөговьд ажиллаж байна, Уул уурхайг ашиглалтад оруулж монгол хүнийг ажилтай болгон гээд байсан нь хаана байгаа юм. Засгийн газрын саяхан гаргасан тогтоолоор дахиад 20 гаруй мянган хятад ажилчин оруулж ирнэ гэж байна Энэ бүх зүйлийг хаацайлах гэж Ц.Зоригт сайдыг хамгаалж үлдээгээд байдаг юм байна гэж ойлгосон.
-Тэгэхээр та Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг дахиад тавих уу?
-Өөр арга байхгүй. Ямар аймаар юм бэ. Ийм байхад тэр хүн зүгээр ажлаа хийгээд явж байхгүй биз дээ. Уулан дотор нууцаар олборлолт хийж байгаа компани хүртэл байна.
-Ямар компани юм?
-”Тредия маунтэйн интернэшнл майнинг” гэдэг компани.
-Монголынх юм уу?
-Монголын компани л гээд байгаа юм.Үнэн эсэхийг нь мэдэхгүй. Баахан кавказ нохой авчраад тавьчихсан байна лээ. Бүтээгдэхүүнээ хилээр гаргаж, экспортолдоггүй гэсэн.эгээд олборлосон түүхий эдээ.яадаг нь мэдэгддэггүй гэж байгаа. Гашуун сухайтын боомтоор гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан тохиолдол олон гарчээ. Гаалийн дотоодын хянан шалгалтаар үүнийг бүр сүүлд нь илрүүлсэн байна лээ. Ийм зөрчил илэрч байхад тагнуулын байгууллага юугаа хийж байсан юм. Мэргэжлийн хяналтын байгууллага хааччихсан юм.
-Бүр замбараагаа алдаж байгаа юм байна даа…
-Харин тийм. Гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасныг илрүүлчхээд “Өдөр тутам гаргадаг ажлын ердийн алдаа гэж үзээд олигтой хариуцлага тооцоогүй байна лээ.
-Энэ бүхнийг таныхаар яаж цэгцлэх вэ?
-Монголын төр хяналтаа алджээ. Одоогийн төр авилгачид, олигархиудын гарт орсон байна. Нүүрс тээвэрлэх автозамыг зогсоонгуут Ерөнхий сайд нь хувийн компаниудын шахалтаар хүчин мөхөсдөөд замыг нь нээж байх жишээтэй Замыг нь нээнгүүт хоёр хүн нас барж байна. Хүний амь эрсдээд байхад Засгийн газраас ямар ч арга хэмжээ авахгүй юм. Ир-гэн нь амиа алдчихаад бай-хад юу ч дуугардаггүй төр гэж байх уу.Тэгэхээр Монголын төр чадваргүй болж.Төрийн эрх барьж байгаа албан тушаалтнууд бүгд олигархиудын гарт орсон байна.Монгол Улсын улс төрийн системийг өөрчлөхгүй бол болохгүй нь ээ. АН, МАН хоёр Монголыг устгах гэж байгаа юм байна шүү дээ. Өмнөговь аймгийг хараад миний зүрх шимширч байна. Тийм учраас зургадугаар сарын 12-нд ард түмний санал асуулга явуулах гэж байгаа. Ерөөсөө МАН, АН хоёр Монголын ирээдүй биш юм байна. Энэ хоёр нам авсандаа ороод тагаа таглачихсан. Ард түмэн хадаасыг нь хадаж өгөх л үлдсэн. Энэ хоёр нам ардчилал гэдэг лоозон бариад ард түмнээ хуурч, эх орноо худалдаж устгах бодлого явуулж байгаа юм байна, Энэ талаар бидэнд олон баримт бий. Үүнийг маргааш (өнөөдөр) хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд бичгээр тараана.
-Ямар баримтууд байгаа юм бэ?
-Уул уурхайн хууль бус үйл ажиллагаа явуулдаг компаниудаас төр засаг асар их хандив авдаг юм байна.
-Жишээ нь…
-Тухайлбал, МАК компани МАН-ын шинэ байранд тэрбум төгрөг хандивласан байна. АН-ын “Ард түмний өргөө”-ний барилгын ажилд 100 сая төгрөг хандивлажээ. Үүнийгээ нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр авсан арга хэмжээ гэж нэрлэсэн байна. Улс төрийн намуудад хандив өгснөө нийгмийн хариуцлагын төлөөх үйл гэж хэлж болох юм уу. Хилийн цэрэгт 545 сая төгрөгөөр 12 айлын орон сууц барьж өгсөн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газарт семинар зохион байгуулахад нь 25 сая,Тагнуулын ерөнхий газарт гурван сая төгрөг хандивласан байна. Өмнөговь аймгийн гаальд 57 сая, Жүдо бөхийн холбоонд гурван сая төгрөг өгчээ. Жүдо бөхийн холбоо чинь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын ахалдаг холбоо биш билүү. Өмнөговь аймгийн хилийн цэрэгт зургаан сая төгрөгөөр паспорт унших машин авч өгсөн байна.Төр үүнийг хариуцаад авч болдоггүй юм уу. Яагаад заавал хувийн компаниас мөнгө авч хийж бай-гаа юм. Ингээд МАК компани 2010 онд хоёр тэрбум гаруй төгрөг хандивт өгчээ. Энэ мөнгө хаанаас гараад байгаа юм. Үүнийг шалгах ёстой Ийм учраас уул уурхайн компаниуд дураараа дургиж байгаа юм. Замаа ч тавиагүй байж нүүрс тээвэрлэж байна шүү дээ.
-Ямар агуулгаар санал асуулга явуулах гэж байгаа юм бэ?
-Одоогийн төр засагт ард түмэн итгэж байна уу, үгүй юу гэж санал асуулга явуулна.
-Итгэхгүй байна гэвэл яах юм?
-Тэгвэл нийтэд зарлахаас өөр арга байхгүй. Энэ чинь одоо арай хэтэрлээ шүү дээ. Эх орноо худалдсан урвагч нарыг зүгээр байлгаж болохгүй.
-Бүгдийг нь огцруулна гэж үү?
-Юун огцруулах. Огцруулна гэдэг чинь соёлтой үг. Хөөн зайлуулна гэдэг үг тэдэнд таарна. Д.Зоригтыг огцруулах асуудлыг өргөн бариад С.Батболдыг Цэцэд өгнө. Дараа нь С.Батболдтой халз ярилцлагад орно.
-Тэр ирэхгүй бол яах вэ?
-Дуудаж ирүүлнэ. Ирэхгүй бол хүч хэрэглэх арга руу орно. Хулгайчидтай хууль ярьж болохгүй юу. 20 жил хулгай хийгээд сурчихсан. Чингэс, Бороо гоулд, Зоос банкны 100 тэрбум гээд олон зүйл хулгайллаа.
-Ер нь хувьсгал хийх гээд байгаа юм уу?
-Хийхээс өөр аргагүй. Эх орноо худалдчихаад байхад тэднийг хүлээн зөвшөөрөөд сууж байх уу. Эх орноо худалдсан энэ нөхдүүдийг олигархи гэж хэлэх ч багадна. Тэд бол урвагч дайснууд.
-Ард түмнийг хувьсгалд уриалах уу?
-Уриална.
-Муу юм болбол хариуцлагыг нь хэн хүлээх вэ?
-Магадгүй хяналтаа алдаж мэднэ.Тэгвэл эх орноо худалдсан хүмүүс хариуцлагыг нь хүлээнэ.Тэртэй тэргүй Монголд хууль байхгүй. Ямар ч хууль үйлчлэхгүй байгаа шүү дээ.
-Хүч хэрэглэнэ гэж яриад байна.Үүнээс болж ард түмний цус урсвал яах юм…
-Эх орноо худалдсан хүмүүстэй яаж харьцах нь бидний эрх. Хүч хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрч магадгүй. Өчнөөн мянган охидыг аваачаад хятадуудад биеийг нь үнэлүүлэх нь зөв юм уу. Нүүрсийг хууль бусаар хулгайлаад авч гарч байгаа нь хууль ёсных уу. Үүний төлөө хариуцлага тооцоход айгаад байх юм байхгүй. X Мубаракийг харл даа. Эдний дэргэд айхтар баян хүн. Г эхдээ Мубарак хулгай хийсэн болохоос эх орноо худалдаагүй байхгүй юу. Манай олигархиуд эх орноо худалдсан. Тэгэхээр тэд Мубаракаас ипүү шийтгэл авах ёстой
-Танай намын асуудал юу болж байна вэ?
-Асуудал хуулийн дагуу шийдэгдээсэй гэж хүсэж байгаа. Гэхдээ нэгэнт ийм хуульгүй болсон байхад ард түмэн өөрсдөө төрөө байгуулж, Үндсэн хуулиа батлахгүй бол Монгол Улс төргүй болжээ. Зүгээр хэдэн олигархиудын гарт орсон байна. Хулгайч Ерөнхий сайд, худалч Ерөнхийлөгчтэй. УИХ- ын дарга Д Дэмбэрэл болохоор “Хэнтэй ч хариуцлага битгий тооц. Зүгээр хариуцлагаа өндөржүүл” гээд байгаа шүү дээ. Юу гэсэн үг юм авлигач хулгайчдын хариуцлагыг өндөржүүл гэхээр чинь улам илүү хулгай хий гэж хэлж байгаа юм уу. Д.Зоригтыг огцруулах асуудлыг ярьсан чуулганы төгсгөлд тэгж хэлээ биз дээ Нэгэнт ингэж байгаа юм чинь санал асуулгаар бүх зүйлийг шийднэ. Сонгуулийн хууль хэнд ч хэрэггүй. Сонгууль нь болох ч үгүй. Эх орноо худалдсан хүмүүстэй хамт сонгуульд ороод яах юм. Ийм байгаа үед сонгуульд орох ч үгүй. Очиж очиж хулгайч С.Батболдтой зэрэгцээд сонгуульд өрсөлдөж 6олохгүй шүү дээ. Ямар хэн нь илүү хулгайчаа шалгаруулах гэж байгаа биш. Энэ хулгайч нарын учрыг хурдан олохгүй бол болохоо байлаа Улс орныг хэтэрхий сүйтгэж байна.
-С.Молор-Эрдэнэ МАХН-аас зайгаа бариад байгаа юм уу?
- Зай барих юу байх вэ дээ. Өнгөрсөн 20 жилийн Монголын түүхэнд хамгийн их гэмт хэрэг хийж, тусгаар тогтнолд хор хохирол учруулсан хүмүүсээр Баабар, М.Энхсайхан зэргийн хүмүүсийг номондоо нэрлэж,байгаа юм Тэгээд”Би юу гэж М.Энхсайхантай нийлэх юм бэ” гээд байгаа байхгүй юу. М.Энхсайхан 1996 онд гаалийн татварыг тэглэсэн. Үүнээс болж арьс шир, ноос ноолуурын гээд үндэсний үйлдвэрүүд бүгд дампуурсан шүү дээ. Олон хүн ажилгүй болж ард түмэн ядуурсан.Үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Намтайгаа үзэл бодол нийлэхгүй байгаа юм биш, нам дотор хамтарч ажиллаж хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй тал бий байх.
Я.Мөнгөнцэцэг
“Өдрийн сонин”-д нийтлэгдсэн
No comments:
Post a Comment