http://www.bolod.mn/modules.php?nID=51537&name=News
Он сар 2011-03-2 өдөр 11:05
Монголын ногоон намд ч МАН, МАХН-ынх шиг хуваагдал үүсэв. Онц их хурлаа хийж гадаад, дотоод бодлого
хариуцсан даргаа ч томиллоо. Дээрх асуудлын талаар Ногоон намын гадаад бодлого хариуцсан дарга О.Бум-Ялагчтай ярилцлаа.
-Та намын дарга асан Д.Энхбат шинэ бүтцийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Эвслээс нэр дэвшин парламентад суудал авч, гишүүнээр ажиллаж байгаа Энхбат МНН-ын экс дарга. Саяхан манай намын Онц их хурал болж түүнийг хассан. Тиймээс одоо манай намын хувьд Энхбат хэн ч биш, түүх болж ард хоцорсон гэхэд болно. Энэ хүн МНН-д ач тустай олон зүйл хийсэн гэдгийг үгүйсгэхгүй. Намын мянга мянган гишүүн ч мэдэж байгаа. Тодруулбал, парламентад суудалтай болгож, ногоон үзэл баримтлалыг өөр өнцгөөс харахыг заалаа.
Ялангуяа ногоон үзэл баримтал нь улс төрийн сонгодог үзэл гэдгийг ойлгуулж чадсан юм. Гэхдээ ганцаараа үүнийг хийгээгүй гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Манай нам ивээлдээ авч, түүнийг дэмжсэн учраас парламентын гишүүн болгосон гэж боддог. Эвсэл байгуулан сонгуульд оролцох үед хүчээ нэгтгэн дан ганц түүний төлөө ажилласан даа. Монголын ард түмэн, тойргийн сонгогчид нь маш их итгэл найдвар хүлээлгэсэн учир ийнхүү хууль тогтоох дээд байгуулагад гаргаж ирсэн. Ер нь, “Форум” нэвтрүүлгээс хойш олонд танигдаж, ирээдүйн шударга улс төрч болох нь гэсэн итгэл олж авсан байх.
-Танай намд нэлээн сүүлд элссэн юм байна. Тэгэхдээ л та нар дарга болгочихоо биз дээ?
-Би л энэ хүний намд элсэх замыг тавьж өгсөн юм. Учир нь, олонд танигдаж, улс төрд гарч ирэх нэгэн гэж итгэсэн хэрэг. Мөн талийгаач ахын маань найз. Тухайн үед ганцхан Энхбат ч намд элсээгүй олон хүн орж ирсэн. Ерөнхийдөө гишүүнчлэлээ тэлэх бодлого явуулж байсан гэхэд болно. Бас Ногоон намаа улс төрийн томоохон хүчин болгохын тулд мэдлэг боловсролтой, чадварлаг залуусаар удирдуулах, шинэчлэл хийх зорилготой байлаа.
Ер нь, баримталсан бодлого амжилттай хэрэгжсэн шүү. Би Герман улс руу явахаасаа өмнө Энхбатыг намдаа оруулах зорилгоор уулзалт зохион байгуулсан юм. Тэр үед танай нам түүхийгээрээ байна, элсэхгүй гэсэн хариу хэлээд гараад явсан. Ийм хариу хэлсэн болохоор энэ хүн ч дээ гэсэн бодол төрж, элсүүлж болохгүй шүү гэж нөхдөдөө хэлээд Герман руу явсан юм. Гэтэл намайг эзгүй хойгуур Энхбат зуун хүн дагуулж ирээд намд элсч, нэг шөнийн дотор хурал зохион байгуулж дарга болсон. Бараг л төрийн эргэлт хийж даргын суудал авсан хэрэг. Гэвч эцэстээ маргаан, талцлаар дуусч байх шиг.
-Ер нь, ИЗН-тай нэгдэх асуудал л маргаан үүсгэсэн байх. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Энхбат, Зоригт хоёр их муухай зан гаргалаа. Тэд МНН нь улс төрийн хүчний хувьд чадваргүй, жижигхэн нам. Тиймээс татан буулгаж ИЗН-д нэгттэх нь зүйтэй гэж ярьж байгаа. Үнэхээр тийм бодолтой байсан юм бол яах гэж манай намд элсч, орж ирэв. Логикийн хувьд ч таарахгүй байгаа биз дээ. Элсч ор гэж хэн ч шахаагүй байхад л өөрсдөө ирсэн хүмүүс шүү дээ. Зоригтын хувьд жилд 50 сая төгрөг хандивлаж байна гэсэн амлалт өгч байлаа.
Харин Энхбат танай намыг дээд зэргийн улс төрийн хүчин болгоно гэж л амлаж байсан санагдана. Гэтэл өнөөдөр хэлж байсан үгнээсээ няцаж, бүр тараах бодлого явуулж эхэллээ. Ийм туйлбаргүй байж, худлаа хэлж болохгүй биз дээ. Нэг зүйл онцлоход Энхбат бол маш худалч хүн юм билээ.
-Жишээ нь, хэнийг яаж хуурч байсан юм бол?
-Түүний талаар баримт материал цуглуулж байгаа хүмүүс бий. Тодруулбал, манай Бага хурлын гурван гишүүн энэ хүний үнэн ба худал гэсэн сэдвээр баримт, материал бэлтгэж байгаа. Маш олон хүнд худлаа хэлсэн нь тэр баримтаар гарч ирнэ. Намд орж ирээд хийсэн зүйл их ч худал ярьсан нь түүнээс хэд дахин илүү байна. Парламентын гишүүн болчихоод хэвлэлд ярилцлага өгөхдөө МНН-ыг нам шиг нам болгоно гэж хэлж.
Гэтэл өнөөдөр тараахаар хөөцөлдөж яваа. Ингээд л хэлсэн үг, хийж байгаа үйлдэл хоёр нь зөрөөд байгаа юм. Улстөрч хүн амласан л бол түүнийгээ биелүүлэх хэрэгтэй. Ээлжит сонгуулийн үед амласан зүйлээ биелүүлэхийн төлөө МАН, АН хоёр ч зүтгэж байгаа. Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч гэж үг бий. Энэ зүгээр нэг үг биш шүү.
-Нэгдэх, нийлэх нь ашиггүй гэж үзэж байгаа гэсэн үг үү?
-Үгүй. Нийлж нэгдэж болно. Гэхдээ хэн нь тарж, аль нь өөртөө оруулах нь сонин байгаа юм. Өнөөдөр ногоон улс төр хүчээ авч, дэлхий нийт байгаль, экологио хамгаалах бодлого хэрэгжүүлж эхэллээ. Ийм үед манай намыг тараах гэж байгаа нь ямар учиртай юм бол. Цаанаа өөр зорилго байна уу гэсэн хардлага бий.
Уг нь, ИЗН тарж, манайхтай нэгдвэл илүү оновчтой. Яагаад гэвэл ИЗН байгуулагдахдаа Зориг агсны хэргийг илрүүлэх зорилготой байсан гэж боддог. Өнөөг хүртэл илрээгүй болохоор одоо тарж, нэрнээсээ татгалзах хэрэгтэй болов уу. Ер нь, бодлого чиглэлийн хувьд хүчээ авч байгаа намыг тарааж, нөгөөд нь нэгтгэж хүчтэй болгох нь зөв алхам юм уу. Нэгдэх нийлэхдээ тулбал манай нам тарахгүй. ИЗН л тарж манайтай нэгдэх ёстой.
-Маргаанаа таслах, зогсоох, эвлэрэх арга зам бий юү?
-Одоогоор тийм зүйл харагдахгүй байна. Дахиад юу гэж ч худлаа амлаж магадгүй хүн. Миний хувьд түүнд итгэхгүй байна. Чингис хаан бүх монголчуудыг нэг тугийн дор нэгтгэсэн гэж ярьсан байна билээ. Энэ бол үнэн түүх. Гэхдээ худлаа хэлж байгаагүй юм шүү. Чингис хааны хүчтэй байсан ганц зүйл нь худлаа хэлдэггүйд байгаа юм. Тийм ч учраас олны итгэлийг хүлээж, овог аймгуудыг нэгтгэсэн.
Харин Энхбат худалч, хуурмаг болохоор энэ намыг сүйтгэх бодлого явууллаа. Мөн төрийн тэргүүн болчихвол ард түмнийг сүйтгэж ч мэднэ. Одоо гишүүдээ тоохгүй, сонгогчдодоо худлаа амлаж явна. Зориг телевизээр ярилцлага өгөхдөө хувийн асуудлаас болж л муудалцсан гэж хэлэх юм. Бидэнд өс хонзон байхгүй. Нам бутаргах гэж байгаа нь хувийн асуудал биш шүү дээ. Худлаа хэлэхэд мэргэшсэн, хүний тархи эргүүлэхдээ маш гарамгай, ховсдох авьяастай хүн. “Би нэг л юм хэлье, их амархан” гээд л эхэлнэ.
-Намынхаа тамга тэмдгийг авсан уу. Хуурамч дарга нарт өгөхгүй гэж хэлсэн байгаа?
-Тамга тэмдгээ авах хүсэлтээ өгчихсөн байгаа. Хариуг нь нааштайгаар өгөх болов уу гэж бодож байна. Улс төрийн соёл гэж их ярьдаг хүн түүнийгээ харуулах байлгүй. Ногоон нам тэр хүнд ямар ч өргүй. Харин ч удаа хуралдаагүй, шийдвэр гаргах боломжгүй гэж тайлбарлаад байна.
-Мөн гишүүдийг нь их хурлаар томилж, даргаа сонгох талаар дүрэмдээ тусгасан гэж Д.Энхбат гишүүн хэлж
байсан?
-Тийм зүйл огт байхгүй. Дүрэм журмаа сайн мэдэхгүй байгаа юм болов уу даа. Их хурлаар гишүүдийг нь сонгож, Энхтайван гэж хүнээр даргалуулсан юм. Гэтэл хөдөө орон нутагт хэрэгжих төслийн байгууллагад ажиллах болсон тул түр хугацаанд Чинзоригт тамгаа шилжүүлэх хүсэлт гаргасан юм билээ. Арав гаруй хоногийн өмнө ойн хурал болсон сурагтай. Энэ хурал дээр Энхтайван ирж л дээ. Гэтэл Зоригт түүнийг ажлаас нь халуулна гэж дарамталж байгаад гарын үсэг авсан гэж сонссон. Ямар ч гэсэн хүнийг айлган сүрдүүлж болохгүй шүү дээ.
Мөн төсөлд ажиллаж байгаа хүн намын харьяалалгүй байх хуулийн заалтгүй. Бид болсон процессын талаар тодорхой мэдээлэл хомс учир Энхтайванаар яриулах хүсэлт тавьсан. Манай хуулийн бодлого хариуцсан хүн болох Ц.Монгол гуайд ч уламжилсан байгаа. Үнэхээр баримтаар нотлогдвол хариуцлагын асуудал ч яригдах болно.
-Д.Басандорж та хоёрыг намаа 17 жилийн турш удирдаж чадаагүй, нэр хүндийг нь өргөөгүй, дахин намаа бутаргах ажил хийж эхэллээ гэж шүүмжилж байгаа?
-Бид тараах бусниулах ажил зохион байгуулаагүй шүү. Хэн нь ийм ажил хийх гэж байгааг манай гишүүд, иргэд харж суугаа байх. Басандорж бид хоёр намдаа багагүй зүйл хийж, амжуулсан. Түүнийг сүүлд орж ирсэн Энхбат мэдэхгүй байгаа болов уу. Байгаль орчин хамгаалах 26 хууль дээр ажиллаж, бусад тогтоол шийдвэр гаргахад гар бие оролцсон. Улс төрийн хүчний хамгийн чухал ажил бол ээлжит сонгуульд оролцох.
Манай нам тасралтгүй оролцож байлаа. Хийсэн ажил ихтэй учраас, дээрээсээ гуравт жагсдаг нам болохоор л тэр хүмүүс элссэн гэж боддог.
-Нэгдэх талаар шийдвэр гаргасан гэж ярьж, дарга МНН-аас томилогдохоор тохирч. Ийм болохоор нэгдсэний дараа нэрээ хадгалан үлдэх боломжтой биш үү?
-Шийдвэр гараагүй. Энэ бол зөвхөн Энхбатын бодол. Намын шийдвэрийг гишүүд гаргана. Гишүүдээсээ гаргана. Гишүүдээсээ асуугаагүй байж нэгдэх нийлэх асуудал ярьж явээ нь хачирхалтай л санагдаад байна. Ногоон нам гэдэг чинь Энхбат биш. Бид түүнээс их зүйл хүлээж байсан ч хийсэнгүй. Хийхийг ч хүсэхгүй байх шиг. Өнөөдөр Мянганбаяр мэтийн байгаль орчин сүйтгэгчидтэй хариуцлага тооцох хэрэгтэй.
Гэтэл ийм зүйл хийх талаар огт дуугарахгүй юм. Ер нь, зориггүй, зүрх муутай хүн бололтой. ХЗДХ-ийн сайд Нямдорж “Цагаан, ногоон нь мэдэгдэхгүй юм орж ирж суучихаад” гэж загнахад хариуд нь юу ч хэлж чадахгүй сууж байгаа юм. ёстой л ханд нь хага дарагдсан даа хөөрхий. Түүнээс яагаад үг дуугарч чаддаггүй юм бэ гэж асуухад ганцаараа болохоор ямар ч нэмэр алга гэдэг. Тэр хүн ганцаараа биш шүү дээ. Ард нь гишүүд, дэмжигчид гээд маш олон хүн бий. Гэтэл иймэрхүү үг хэлээд л сууж байх нь хэр оновчтой юм бол.
-Сонгуулийн үед Д.Энхбат таныг тойрогтоо мөнгө тараасан талаар сонинд хоёр ч удаа ярилцлага өгсөн тухай яриа бий.Тэгэхээр хоорондын зөрчил их эртнээс эхэлсэн юм шиг?
-Тийм зүйл ярьж, хэвлэлд ярилцлага өгч байснаа санахгүй юм байна. Үнэхээр өгсөн гээд байгаа бол баримттай ярих нь дээр болов уу.
Э. Мөнгөн
No comments:
Post a Comment