С.Энхбат: "Дорнод уран" Монгол Улсын хуулийн дагуу ажиллана

2009.9.11
Эх сурвалж http://news.gogo.mn/r/59255

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Оюутолгойн гэрээний төслийг хэлэлцэх явцад зарим гишүүн Оюутолгойн оронд ураны орд газруудыг ашиглах нь зөв, илүү ашигтай гэж УИХ-ын зарим гишүүн ярьж байсан. Та үүнтэй санал нийлэх үү?
-Би эдийн засагч биш болохоор аль нь ашигтайг хэлж мэдэхгүй л дээ. Ер нь ураны асуудал дээр яаралтай дорвитой арга хэмжээ авч явуулах нь зүйтэй юу гэвэл зүйтэй. Өнөөдөр уран дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа энэ үед бид уранаа ашиглах талаар арга хэмжээ авах нь зөв юм. Уран өөрөө бусад ашигт малтмал шиг дангаараа их ашигтай байж чадах уу гэвэл би үгүй гэж хэлнэ.

-Уранаар тухайн орны сүр хүчийг тодорхойлдог гэх юм билээ?
-Тийм. Яагаад гэвэл эдийн засгийн ашиг олохоосоо илүүтэйгээр уран нь улс төрийн ашигтай, бодлогын, стратегийн чухал ач холбогдолтой элемент. Уран нь хоёрдмол хэрэглээтэй. Хууль хэлэлцэж байх үед зарим гишүүн зэс ч гэсэн хоёрдмол хэрэглээтэй гэж л байсан. Зэсээр сумны гадна талын бүрхүүлийг хийдэг. Гэтэл тэр бүрхүүлийг хийхдээ зэсийн оронд төмрийг ч ашиглаж болно. Зэс өөрөө дэлбэрдэг, үй олноор нь устгахад нөлөөлдөг шинж чанартай бодис биш байхгүй юу. Уранаар зэвсэг хийж болдог. Үүгээрээ их ач холбогдолтой. Төрийн хяналтад байдаг. Тийм ч учраас том гүрнүүд, нөлөө бүхий улс орнууд өөрийнхөө оролцоо, нөлөөг байлгах сонирхолтой байдаг. Энэ сонирхлуудыг зохицуулж, хянаж байдаг газар нь Олон улсын атомын энергийн агентлаг юм. Тиймээс манай улсын хувьд энэ агентлагийн хяналтан доор нэг орны эсвэл бүлэг орны бус сонирхлуудыг оролцуулаад уранаа ашиглах нь хамгийн зөв хувилбар болно. Манай Засгийн газар олон улсын хууль тогтоомжийн дагуу явна гэж шийдсэн. Үүнийхээ дагуу ч үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж ойлгож болно. Өмнө нь манай улсад цөмийн энергийн тухай ерөнхий хууль байгаагүй. Зөвхөн Цацрагийн хамгаалалтын тухай хууль л байсан. Учир нь манай улсад ураны хэрэглээ их бага байсан. Одоо бол цөмийн зэвсгийн гол түүхий эдийг атгаж байгаагаараа том гүрнүүдийн зэрэгт очих гээд байна шүү дээ. Энэ утгаараа олон улсад их нөлөөтэй болох гэж байна.

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр "Дорнод уран" хязгаарлагдмал хариуцлагатай хамтарсан компани байгуулах тухай хоёр Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талыг төлөөлж та гарын үсэг зурсан. Энэ компани яг хэзээ байгуулагдах гэж байна вэ?
-Яг тодорхой хугацааг нь мэдэхгүй байна. Гэхдээ энэ намартаа багтааж байгуулах санаатай байгаа. Оросын талаас "Атомредметзолото", Монголын талаас "Монатом" гэсэн компаниуд "Дорнод уран" байгуулах бичиг баримтаа бэлдээд явж байгаа. Дорнодын Мардай Орос-Монголын хамтарсан Төв Азийн уран гэдэг компанид аль аль засгийн газар нь өөрийн хувьцаатай байгаа. Тэрнээсээ эхэлж ажиллана шүү дээ.

-"Росатом" компанийн захирал С.В.Кириенко "Дорнод уран" хамтарсан компанийг хоёр тал тэнцүү хэмжээгээр эзэмшинэ гэж ярьж байсан. Түүнээс гадна Монгол Улсад өнөөдөр ураны хэрэглээ байхгүй учир уранаа түүхийгээр нь гаргана гэж ярьсан. Энэ үнэн үү?
-Би тэр хүн яагаад, юуг үндэслэж тэгж хэлснийг нь мэдэхгүй байна. Энэ бол тодорхой асуудал. Манай хуульд Монголын төр 51 хувийг эзэмшинэ гэж байдаг учраас хуулиа л дагана. Тиймээс "Дорнод уран"-ы 51 хувь нь Монголын эзэмшлийнх гэж ойлгож болно.

Өнөөдөр манайд ураны хэрэглээ байхгүй нь үнэн. Гэхдээ бид уранаа ашиглаад атомын цахилгаан станц барих асуудал ярьж байгаа улс шүү дээ. Түүнээс гадна төрөөс баримтлах бодлогоор болон хуулиар түүхийгээр нь гаргахгүй гээд биччихсэн байгаа. Тэгэхээр манай хуулийг зөрчих гэж байгаа юм болов уу. Бидний зүгээс Монголын нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа хуулиа зөрчихгүй гэж хэлмээр байна.

-УИХ-ын зарим гишүүн Цөмийн энергийн тухай хуульд хяналтын талаарх заалтуудыг дутуу орууллаа гэж шүүмжилж байсан. Энэ талаарх таны бодол?
-Хяналтын тал нь орсонгүй эсвэл хэтэрхий их орууллаа гэсэн олон л шүүмжлэл ярих юм. Өнгөрөгч онд Ерөнхий сайд С.Баяр Олон улсын атомын энергийн агентлагт очсон. Тэр үед тус агентлагийнханд төрөөс баримтлах бодлого, Цөмийн энергийн тухай хуулийн бэлэн болчихсон төслөө үзүүлээд “Бид ийм хууль боловсруулж байгаа юм. Олон улсын жишигт хэр нийцэж байна, Олон улсын атомын энергийн агентлагийн бодлоготой хэр дүйж байна гэдэг талаар нягтлаад хэлээд өгөөч" гэсэн хүсэлт тавьсан. Үүний дагуу хариуг нь авсан. "Бүрэн нийцэж байна. Харин нэмэлт, өөрчлөлт оруулах зарим зүйл байна. Танай улс өөрөө шийд" гэсэн хариуны дагуу бид нэмэлт, өөрчлөлтүүдээ оруулаад УИХ-д өргөн барьсан.

-Атомын цахилгаан станц байгуулах асуудал ямар шатандаа явж байна вэ?
-Энэ жилдээ бид судалгаа явуулж эхэлж байна. Атомын цахилгаан станц барьж байгуулна гэдэг бол өөрөө их нарийн амаргүй асуудал л даа. Түүнийг юу юугүй барьчихаж болохгүй. Ийм станц барих хэрэгцээгээ судлах хэрэгтэй. Түүнчлэн барих газраа судлах хэрэгтэй байна. Мөн ямар хэмжээтэй, яаж, хэдий хэр хугацаанд барих уу гэдгийг судалж эхэллээ. Харамсалтай нь, хямралтай байгаа энэ үед мөнгө төгрөг хасагдчихаад жаахан түвэгтэй л байна.

-Ураны орд дээр Япончууд бас оролцох нь тодорхой байгаа. Тэд яг ямар хэлбэрээр оролцох вэ?
-Япон улс оролцоно гээд төр засаг нь сонирхлоо илэрхийлчихээд л байна. Ураны олборлолт дээр хөрөнгө оруулалт хийж, цөмийн эрчим хүчний асуудал дээр хамтарч ажиллана гэж байгаа. Мөн цөмийн шинжлэх ухаанд оролцоно, боловсон хүчин бэлтгэх тал дээр туслана гэж байгаа. Ерөнхий сайд С.Баярын Японд хийсэн айлчлалын үеэр энэ бүхнийг тусгасан санамж бичигт гарын үсгээ зурсан. Үүнийхээ дагуу л ажлаа явуулж байна. Хамгийн түрүүнд Япончууд ураны орд дээр яг ямар хэлбэрээр хамтарч оролцох, хэчнээн хүнийг сургах зэрэг хамтран ажиллах төлөвлөгөөгөө зохиож байна. Харин ямар компаниуд оролцох нь тодорхой болоогүй байна.

Б.Уянга

No comments:

Post a Comment