Он сар 2011-05-17 өдөр 10:26
НН-ын Улаанбаатар дахь салбар зөвлөлийн дарга О.Бум-Ялагчтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Яг энэ цаг дор цөмийн хог хаягдлын талаар их ярьж байна. Нөгөө талаар Ногоон намыг татан буулгаад ИЗН-тай нэгдсэнээр Д.Энхбат гишүүн цөмийн хог хаягдлыг Монголд булшлах зам нээгдэнэ гэж үзсэн оролдлого гэх ч яриа байна. Энэ талаар?
-Монголын Ногоон нам бол Азийн анхны Ногоон нам, Монгол Улсын хувьд бол дээрээсээ гуравт бичигддэг улс төрийн хүчин. Албан ёсны 3000 гаруй гишүүнтэй ийм нам. Энэ улс төрийн хүчин нэг үе үйл ажиллагаагаа идэвхжүүлээд саармагжсан. Учир нь Ногоон намд карьер хийх гэсэн хүмүүс маш олон орж ирж байсан. Энэ үед Д.Басандорж нарын хэсэг улс ийм хүмүүсийг оруулж ирмээргүй байна гэж их эмзэглэж байсан. Сонгууль дөхөөд ирэхээр Ногоон намыг улс төрийн хүчнүүд ашигладаг байсан учраас тэр.
Миний хувьд 2004 оны сонгуулиар Баянголд нэр дэвшин Р.Амаржаргал гишүүнтэй өрсөлдөж байсан юм. Би явган сурталчилгаагаа хийж, тугаа хийсгээд л явж байлаа. Тэр үед Голландын ногоонтнууд ирж дэмжээд, би ногоон гэр барьчихсан гээд янз янзын л юм болсон. Гэтэл намын дарга асан Н.Ням дуудаж аваачаад намайг “Нэрээ тат. Р.Амаржаргал Ерөнхий сайд байхдаа бидэнд их тус болж байсан.
Тийм учраас бид Р.Амаржаргалын эсрэг явж болохгүй. Чиний рейтинг өсөөд байна. Тэр өөрөө гарахгүй байж магадгүй гэж бидэнд санал тавьсан” гэхээр нь нэрээ татчихсан. Тэгээд л намайг бараг л баривчлах шахам оффис дээр авчирч, Р.Амаржаргал ч нэрээ татсанд баяр хүргэсэн. Тэр надад мэдээж сонгуульд оролцож байгаа юм чинь зарлага их гарсан байх мөнгө төгрөг өгнө л гэж байсан.
-Тухайн үедээ дажгүй наймаа байж, хэдэн төгрөг авав. Нөгөө талд өөрийгөө золиосолж байна гэсэн үг биз дээ?
-Би мөнгө авахгүй гэсэн. Нэг их том биш ч гэсэн бизнес эрхэлж байгаа хүн мөнгөөр яах вэ. Үнэхээр л хэрэгтэй бол би нэрээ татлаа. Таныг ч хүндэлж явдаг л гэсэн. Би Р.Амаржаргалыг хүндэлж явдаг юм. Даанч энэ хүнийг хүмүүс тоохгүй юм. Наагуур худлаа яриад шоудаад байгаа нөхдийг л дагах юм даа. Өөрөө ч амбицгүй нөхөр л дөө. Одоо бол авгай архи эргүүлсэн ёс суртахуунгүй нөхөд л төрийн тэргүүнд оччихоод байна. Одоо энэ С.Баярыг хар л даа. Аль болохгүй юмыг хийсээр байгаад л төрийн бүх л албанд оччихоод адаг сүүлд нь хүн алж аваад л саллаа шүү дээ.
-Тэгээд та болон танай нам мөнгө аваагүй гэж үү?
-Миний хувьд бол үнэхээр мөнгө аваагүй. Сүүлд нь сонссон чинь манай энэ Н.Ням 2.5 сая төгрөг авсан байсан. Тэгээд нэг саяыг нь Д.Басандорж руу явуулсан гэж байгаа юм. Тэр Увсад нэр дэвшээд мөнгөгүй гэж орилоод байхгүй юу. Тэгсэн манай нэг банкир найз чи яагаад нэрээ татчихав аа. Тэгээд ямар хямдхан өгчихөж байгаа юм гэж байсан. Тухайн үед энэ дуракууд ингэдэг юм байна даа гэж бодоод өнгөрсөн. Энэ байдлаас үүдээд нам эрүүл бус юм байна. Бусад хүчнүүдэд автдаг, тохирдог юм байна гэж бодсон.
Би уг нь 1999 онд энэ намд орчихсон, Улаанбаатарын салбар зөвлөлийнх нь дарга байсан хүн. Гэтэл ар хударгаар ийм зүйл хийж явсан байгаа юм. Энэ мэт туршлага ч байсан учраас Д.Энхбатыг намд оруулж ирэхэд нь би болохгүй хүн байна гэж эсэргүүцсэн. Анх надад намд оруулж ирэх хүмүүсийг судал гэсэн даалгавар өгсөн юм. Одоо энэ Ерөнхийлөгчийн зөвлөх хийгээд байгаа Э.Зоригт гэж нөхөр намд 50 сая төгрөг өгье гэж уйлан дуулаад надад сөгдөж мөргөх нь халаг юм болж байсан.
-Тэгээд Э.Зоригт 50 сая төгрөгөө өгсөн үү?
-Таван саяыг л өгсөн байх. Гэхдээ Э.Зоригт бол Д.Энхбатыг бодоход юм хийгээд байгаа нөхөр шүү. Экологийн хичээл гэж есдүгээр сарын 1-нд хийсэн. Мод тарих өдөртэй болгосон гээд бас ч яахав, юм хийсэн шүү.
Э.Зоригтын хувьд байгаль экологи гэсэн зүрх сэтгэлтэй хүн. Бодоход үлдсэн 45 сая төгрөг нь энэ мэтэд зарцуулагдсан биз. Д.Энхбатад бол ямар ч тийм юм байхгүй. Ерөөсөө карьер хөөдөг хүн. Тэр сайхан телевизээр гарч инээгээд өөртөө таалагдаад сууж байх хүсэлтэй хүн. Өөртөө таалагдаж кайф авдаг хүмүүс байдаг шүүдээ. Тэдний л нэг.
-Тэгэхээр Д.Энхбатын улс төрд орж ирэх нэг хөрс суурь нь танай нам байсан юм биш үү. Тэгээд хуралд сууж хэргээ хийсэн учраас та бүхнийг баяртай гэж дээ?
-Үгүй байх аа. Д.Энхбат чинь Иргэний нам гэж байгуулах гээд дийлээгүй хүн. Энэ нөхдүүд нам байгуулах гээд бэлтгэж чадалгүй цаг нь болчихгүй юу. Гэтэл Иргэний хөдөлгөөний нам гээд О.Магнай, Ж.Батзандан нар байгуулчихсан. Яахав, Ж.Батзандан хуулийн хүн болохоор эднийг учраа олоогүй байхад нь түрүүлчихсэн хэрэг. Харин Д.Энхбат Иргэний хөдөлгөөний нам руу явах уу, манайх руу явах уу гэж бодоод, наашаа ирсэн юм. Учир нь Д.Басандорж, Н.Ням гээд хууччуултай тохирчихсон байсан.
Тэд Э.Зоригтыг Тэнгисийн захирал байхад очиж жаал архидаад тохирчихсон байж. Өнөө Ногоон нам хямдхан худалдагддаг гэдэг л энэ юм. Тэгээд 109 хүн хуралдаад Д.Энхбат намын дарга болчихсон. Энэ үеэс би намын ажлыг орхисон. Гэтэл мань хүн өөрийнхөө хувийн карьерийг хийгээд байснаас өөр юу ч хийсэнгүй.
Энэ хугацаанд атомын цахилгаан станцын асуудлаас эхлээд зөндөө л ажил байна гэж хэлсэн чинь миний өөдөөс тэр “Би Ногоон намыг татан буулгаж, Иргэний зориг намтай нэгтгэх ажлыг хиймээр байна” гэсэн. Юу ярьж байгйа юм гэсэн чинь “Би томормоор байна. Олон гишүүнтэй намын дарга болмоор байна” гэсэн. Тэгэхээр нь би НН чамд багадаад байгаа юм уу гэсэн чинь багадаад байна гэсэн.
-Тэгэхээр Д.Энхбат гишүүн аль эртнээс төлөвлөчихсөн. С.Оюунтай ч тохирчихсон байсан гэж ойлгож болох уу?
-Би түүнээс С.Оюун зөшөөрсөн юм уу гэж асуусан л даа. Тэгсэн чинь тэр С.Оюун намайг гуйсан юм. С.Оюуны нөхөр улс төрийн ажлаас залхаад түүнийг зодоод байгаа гэсэн. Тэгээд гуйхгүй юу гэсэн юм. Тэгэхээр нөхдүүд УИХ дээр манай нөхөр намайг улс төрөөс болж цохиж унагаад болдоггүй.
Чи энэ намыг аваад явахгүй юу гэх мэт зүйлийг л ярьж суудаг байх нь л дээ. Энэ үед миний дургүй хүрч, ер нь С.Оюун нөхөртөө зодуулснаас болж НН татан буугдаад байхдаа яахав дээ гэж бодохгүй юу. Бид нар чинь өөрийн гэсэн үзэл баримтлалтай, итгэл үнэмшлээ өгөөд ирсэн улс шүү дээ. Гэтэл энэ чинь хэт их доромжилж байгаагийн илрэл биз дээ.
-Саяхан Дээд шүүх хуралдаад хоёр намыг бүртгэж аваагүй. Харин Д.Энхбат хоёр гурван бичиг үйлдвэл болчихно гэж ярьж байна лээ. Гэтэл та бүхэн болохгүй гээд байх юм?
-Ерөөсөө асуудлууд тодорхой. Намын тухай хуулийн 15, 23-ыг зөрчсөн байна. Тиймээс НН татан буулгах асуудал хүчингүй боллоо гэсэн. Тэр материал бүрдүүлнэ гэдэг нь ИЗН бол материалаа бүрдүүлчихэд болно гэсэн үг. НН-ын хувьд заавал албан ёсны хурал хийж байж, дүрмийн дагуу дотоод асуудлаа шийдсэний дараа татан буугдах эс буугдах тухай ярих байхгүй юу. Тэдний хувьд бол 120 хүний нэрс аваад очиход л болно.
-Тэгэхээр та бүхэн хуралдахгүй гүрийгээд байх юм бол татан буугдахгүй гэсэн үг үү?
-Бид эсэргүүцээд байгаа юм чинь юу гэж татан буугдах юм бэ. Тэгэхээр бидний хувьд НН хэвээрээ цаашаа ажлаа явуулах байх. Д.Энхбатын хувьд бол сэтгэл хангалуун байна лээ. Аргагүй, 35 мянган гишүүнтэй намын дарга болчихсон хүн. Түүний туйлын хүсэл нь л энэ байсан шүү дээ. Харин Э.Зоригтын хувьд бол сэтгэл дундуур байгаа. НН-ыг заавал ч үгүй татан буулгана гэж занаж явна гэсэн.
-Э.Зоригт яагаад татан буулгах гээд байгаа юм?
-Бид бас яагаад Э.Зоригт ингээд байгааг анализ хийж бодсон. Тэр чинь Ерөнхийлөгчийн хамаатан шүү дээ. Э.Зоригтын өвөөгийнд Ц.Элбэгдорж хөдөөнөөс ирэхдээ байдаг байсан гээд түүх бий л дээ. Нөгөө талд Э.Зоригтыг Тэнгисийн захирал болоход М.Энхболд тусалсан гэдэг. Тэгээд сүүлийн үед М.Энхболд ховор металлын лиценз авах асуудал дээр Ц.Элбэгдорж дэмжлэг үзүүлсэн юм байна. Миний мэдэж байгаагаар бол М.Энхболдын бизнесийн хүрээнд Ц.Элбэгдорж орж ирнэ. н.Зоригт хамаатан нь. Нэг ёсондоо Э.Зоригт Ц.Элбэгдоржийн мөнгөтэй болох замыг нээж өгч байна гэсэн үг.
Ц.Элбэгдорж бол айхтар ярихаас биш том мөнгөтэй хүн биш шүү дээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Ц.Элбэгдорж Японд нэг уран илтгэл тавилаа даа. Тэр үеэр эд нар “Тошиба”-тай нэг гэрээ хийсэн. Тэр гэрээ хийсэн Монгол талын төлөөлөгч нь ГХЯ-ны Цөмийн асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А.Ундраа гэж бий. А.Ундраа чинь Фүкүшимагийн дэлбэрэлтийг дунд зэргийн осол гэж хэвлэл мэдээллээр худлаа мэдээлсэн хүн шүү дээ. Энэ их боловсролтой хүн. Америкт ажиллаж байхад нь манай энэ хэд авчирсан.
Мэдээж улс эх орноо хөгжүүлэх гэж авчирсан байх. Гэтэл ийм замаар бол хөгжүүлж болохгүй. Улс эх орноо цөмийн хаягдлын хог шаар болгож болохгүй.
-Судлаач Д.Ганхуяг цөмийн хог хаягдлыг хэдэн жилийн өмнө авчраад булчихсан гэж бичсэн байна лээ. Энэ асуудлаар Н.Энхбаярын даалгавраар О.Чулуунбат гишүүн Тайваньд хэлэлцсэн гэж ярьсан?
-Бид нар бас тэр үеэр Тайваньд очиж байсан. Тайванийн НН эсэргүүцээд, бид эндээ нэг хэвлэлийн хурал хийгээд л өнгөрсөн. Тэгээд Монголд булаагүй л гэсэн. Оросууд худалдаж аваад далайд хийчихэв үү гэсэн зүйл ярьж байсан. Оросын мафийн гол орлого нь цөмийн хог хаягдал шүү дээ. Энэ хог хаягдлыг хаашаа далдруулахаа мэддэггүй. Тэгээд нэг хуурамч компани бий болгоод энэ тэнд булна гэж худлаа сенсааци тарьж байгаад өнөөх мафиудын гараар ордог зүйл юм билээ. Тэд далайд хийчихдэг. Сая долларын бизнес шүү дээ. Ерөөсөө буруу гарын нөхдүүд л зохицуулдаг ажил юм.
-Тэгэхээр Монголд булаагүй л юм байна. Ямар учраас энэ яриа сөхөгдөх болов?
-Цөмийн хог хаягдал гаргадаг улс энэ хог хаягдлаа хаядаг албан ёсны газартай болох гээд байна шүү дээ. Тэр нь Монгол гээд бод. Яг үнэндэр дэлхий дээр гарч байгаа цөмийн хог хаягдлыг бүгдийг нь Монголд булшлаад байна гэж байхгүй. Түүнийгээ албан ёсны Монгол гэж дэлхий нийтэд мэдэгдээд мафийн гараар дамжуулан далайд хийдэг тийм л ажил байгааг үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл, Мрнголд булж байна гэж шум дэгдээчихээд далайд живүүлчихдэг л байхгүй юу.
Их л удаж нэг малчин туг барьж зогсоод л болно биз дээ. Зүгээр яахав, 1000 тонн булахаас 10-100 тонн нь Монголд орж ирээд үлдсэн 900 тонн нь далайд живж байгааг үгүйсгэх аргагүй. Ийм л зүйлүүд хийгдээд байна. Монгол гэхээр эзгүй цөл хүн амьтангүй гэсэн имиж дэлхий нийтэд бий шүү дээ. Нэг Герман жуулчин говь цөлд очоод би одоо cap руу нисэх шаардлага алга. Энд чинь ямар ч дуу чимээ алга, шувуу ч нисэхгүй байна гэж байсан. Ийм л ойлголт дэлхий нийтэд бий.
-Цөмийн хог хаягдлын талаар огт ярьдаггүй байсан. Гэтэл Фүкүшимад дэлбэрэлт болсон цаг үе, НН-ын дотоод тэмцэлтэй давхцаж, О.Бум-Ялагч нарын нөхөд Д.Энхбатын эсрэг дэлхий нийтийн Ногоон намуудад зохион байгуулалттай худал мэдээлэл тараасан гэх хүмүүс бий. Энэ талаар?
-Д.Энхбат олон юм ярих байх аа. Цөмийн хог хаягдлыг булах тухай ч юм уу янз бүрийн зүйл ярьж байхад Д.Энхбатын зүгээс юу ч хийхгүй, ядаж ярих ч үгүй байгаа биз дээ. Ямар сайндаа 2010 онд байгаль экологийн чиглэлээр хамгийн идэвхтэй ажилласан гишүүдийн нэрсийг жагсаахгүй юу. Бид нар Д.Энхбатын нэрийг эхний тавд хайгаад олдоггүй. Гэтэл сүүлийн тав дотор явж байна лээ.
-Та нар нэгэнт намаа татан буулгахгүй юм бол албан ёсны хурлаа хийж зохион байгуулалтад ордоггүй юм уу?
-Бид юуны түрүүнд албан ёсоор тамга тэмдгээ авна. Тэртэй тэргүй намын удирдлага өөрчлөгдсөн. Тэгэхээр намын хурлаа хийж албан ёсны удирдлагаа сонгохоос эхлээд ажил бий. Намын дүрэмд өөрчлөлт оруулна. Нэлээд нягт дүрэмтэй байхгүй бол Д.Энхбат мэтийн дайсны цэргүүд орж ирээд болохгүй нь. Наад зах нь намд орж ирснээс хойш гурван жилийн дараа удирдах ажилд томилогдоно гэдэг ч юм уу, нарийн байхгүй бол болохгүй нь. Гэтэл орж ирээд л намын дарга болчихоод нам татан буулгаад яваад өгдөг байж болохгүй.
-Одоо сонгууль хаяанд ирлээ. Тэгэхээр УИХ-д нэг ч гэсэн суудал авчих бодол бол байгаа байх. Өөрөө дэвших үү, эсвэл?
-Ер нь бидний хувьд сонгууль туйлын зорилго гэхэд эргэлздэг юм. Угаасаа даян дэлхийн НН эргэлзэнэ. НН бол нийгэмд экологийн чиг баримжаатай уур амьсгалыг бий болгохын төлөө тэмцэх зорилготой. Бид яагаад намынхаа нэрийн өмнөөс УИХ-ын гишүүн гаргана гэсэн бэ гэвэл намын тухай хуульд аливаа улс төрийн нам 15 жилийн турш УИХ-д нэг ч суудал авахгүй бол намыг татан буулгана гэсэн зүйл байж байгаад Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгочихсон. Тэгээд ч нөгөө талд эдний нам гэж нэг хөгийн юм, УИХ-д ч хүн гардаггүй гэнэ шүү дээ. Тэгэхээр нь ямар ч байсан нэг хүн гаргая гээд 2008 онд гүйсээр байгаад энэ Д.Энхбатыг гаргахгүй юу. Одоо бол танай намыг хэн ч сонгохгүй гэж хэлэхгүй.
-Тэгэхээр одоо хэнийгээ зүтгүүлэх вэ?
-Ер нь үнэнийг хэлэхэд НН-ын бууриа сахиж үлдсэн хүмүүсийн дунд УИХ-д нэрээ дэвшүүлчих хүн Д.Басандоржоос өөр байхгүй. Д.Басандоржийн хувьд нэрээ дэвшүүлж магадгүй. Түүний хувьд олон жил уралдсаар байгаад дуртай болчихдог морь шиг л байна. Мань нөхөр чинь нутгаасаа нэр дэвшиж байсан. Тэнд анх 30 гаруй хувь авч байсан. Маш өндөр санал шүү дээ. Тэгээд буусаар байгаад одоо найман хувийн санал дээр тогтоод байгаа. Тэгсэн хэрнээ хашрахгүй. Үзээд л байна. Манай хүн чинь 2008 онд бас л Баянзүрх дүүрэгт үзсэн. Түүнд хүмүүс гайгүй сайн.
Мань хүн чинь хоолой сайтай, сайхан ярина, мэдлэг боловсролтой хүн. Миний хувьд аав маань амьд байхдаа УИХ-д нэрээ дэвшүүлж хэрэггүй гэсэн. Надад бол сонирхол байхгүй. Нөгөө талд зовж олсон хэдэн төгрөгөө дэмий цацаад яахав дээ. Тэгээд ч сонгууль чинь тэр чигээрээ луйвар. Би Баскад чи луйвар яваад байгааг мэдсээр байгаад орох гээд байдаг ямар сонин юм бэ гэж хэлдэг. Тэр огт тоодоггүй бөөн дур л үзээд байх юм даа.
-Танай дарга асан Д.Энхбат гишүүн ч гэсэн сонгуульд ялахын тулд багагүй мөнгө төлсөн гэх яриа бий. Бодоход та бүхэн нэг намд ажиллаж байсан улс үүнийг мэдэх байх?
-Д.Энхбат 123 мянган ам.доллар төлсөн гэдэг. Түүн рүү Ц.Мөнх-Оргил утасдаад “За чамд хоёр цагийн хугацаа үлддээ. Мөнгөө төлөхгүй бол өөр хүн гарлаа шүү” гэсэн. Бодоход Д.Энхбат мөнгөө төлөөгүй бол Н.Баяртсайхан нь гарах байсан юм байгаа биз. О.Магнайг шоронд байхад нь тэр асуудлыг гаргаж ирнэ гэж айлгаж байгаад л суллуулсан шүү дээ. Би мэдээлэл хүртэл хийсэн.
-Сонгууль дөхөж байгаа үед НН-ыг ашиглах гэсэн улс төрийн хүчнүүд бишгүй л байдаг байх. Жишээ нь Н.Энхбаяр тэргүүтэй МАХН гээд бий дээ?
-Тэгэлгүй яахав. Чи бод доо. Манай нам Сонгуулийн хуудсан дээр гуравт бичигддэг. Гэтэл Сонгуулийн хуудсан дээр Н.Энхбаяр гуравт малийтал инээгээд зогсч байвал эвгүй биз дээ. С.Баярын бол зүрх нь хаагдана даа.
-Тэгэхээр НН-ыг татан буулгах гэсэн Э.Зоригтын санаархал нэг л тодорхой бус байна. Жаахан тодруулахгүй юу?
-Мэдээж энэ нь зөвхөн бизнес биш улс төр шүү дээ. ИЗН-тай НН-ыг татан буулгаж нэгтгэх асуудал чинь ерөөсөө С.Баярын л даалгавар юм. Сая шүүх хурал дээр Ц.Амарсайхан шүүгч С.Оюуныг босгоод “Та урьд өмнө БНН-тай нэгдэж байсан туршлагатай байж яагаад НН-тай нэгдэхэд ийм алдаа гаргасан юм бэ” гэж асууж байгаа юм.
-Тамга тэмдэг Д.Энхбат гишүүнд бий гэсэн, авсан уу?
-Аваагүй. Авах гэхээр Д.Энхбат шүүхийн шийдвэр гарахаар өгнө гэж солиороод байгаа юм.
-Угаасаа өөрөө өөр намтай нэгдээд дарга нь болчихсон хүнд тэр тамганы хэрэг байдаг юм уу?
-Харин тийм. Манай зарим нөхөд давхиж очоод Д.Энхбатыг зодчихоод аваад ирье л гэдэг юм. Би хориглоод явуулахгүй байгаа. Ийм зүйл байж болохгүй л дээ. Энэ хүн чинь Монголын нийгэмд нэр хүндтэй улстөрч. Ялангуяа хүүхнүүдэд их таалагддаг улс төрч байгаа юм. Ийм хүнийг НН-ын хэдэн сахал самбай болчихсон хүн очоод зодчихвол бид нарт эсрэгээрээ нөлөөлнө биз дээ.
-Та Э.Зоригтыг НН-ыг татан буулгах гэж улайрч байгааг С.Баяртай холбон тайлбарлалаа. Учир юу вэ?
-Мэдээж цаадуул чинь Н.Энхбаяр гэж ямар ч албан тушаалгүй нөхрөөс сүнсээ зайлтал айж байна шүү дээ. Тиймээс С.Баяр НН-ыг татан буулгахгүй бол цаад Н.Энхбаяр чинь очиж нийлээд сүйд хийнэ шүү гэж айгаад л байхгүй юу. Түүний даалгавраар л зүтгэж байгаа хэрэг.
-Гадуур ч ийм яриа бий. Мэдээж, танай намд болон танд МАХН-аас санал ирж байгаа байх?
-Ирэлгүй яахав. МАХН нэрээ сольсны дараа хэсэг мод бут тарьдаг хөгшчүүл манай намд ирсэн юм. Тэднээр дамжуулах зэргээр янз бүрээр л гуйсан санал ирдэг. Миний хувьд мэдэх мэдэхгүй хүнтэй уулзаж ярилцахгүй. Харин ганцхан танай намын С.Молор-Эрдэнээр дамжуулж уулзана гэдэг юм. Тэр манай намд байсан, ойлголцож болох хүн. Гэтэл С .Молор-Эрдэнэ намдаа идэвхтэй үйл ажиллагаа явуулахаа больчихлоо. Тэр чинь философич хүн. Юмыг олон талаас нь сэтгэн боддог учраас энэ бол дэмий зүйл гээд өөрийгөө татаад номын мөр хөөсөн байх.
Түүнээс биш би Н.Энхбаярыг ямар аюултай хүн бэ гэдгийг мэднэ шүү дээ. Тэгээд ч бидний үзэл бодол шал өөр, юу гэж нэгдэх вэ. МАХН, НН хоёрын асуудал шал өөр. Тэгээд ч бид нар сонгууль хүртэл ИЗНН, МАХН байгуулах асууплыг түдгэлзүүлж, хойшлуулахыг албан ёсоор шаардаж байгаа.
-Тэгээд ч МАХН-ын тэмцэл нэг л үр дүнгүй болчихов уу даа. Н.Энхбаяр нь ч алга. Талбайн жагсагчид өдрөөс өдөрт цөөрөөд байна?
-Тэгэлгүй яахав, маш их хөрөнгө зарж байна шүү дээ. Тэгээд ч санхүүжүүлж байгаа улс нь зүгээр л хүчээ үзүүлж байхгүй юу. Та нар хараарай, аятайхан байхгүй бол бидэнд хүч байна шүү гэж л харуулж байгаа хэрэг. Хүсвэл дахиад л гаргаад ирнэ. Бид ч дэмжиж л байгаа. Зохион байгуулалтад бол орохгүй. Тэдний тавьж байгаа зарим зүйл таалагдахгүй гээд зөндөө зүйл бий. Ерөөсөө тэмцэл хийж байгаа улс нэгнээ шүүмжлэхээсээ илүү биенээ хүндэтгэх нь чухал гэж үздэг юм. Ялангуяа МАХН-ынхан хүрч ирээд хамтаръя гээд байгаа юм.
Энэ бол буруу. Хамтарч яах юм. Египетийн тэмцэл чинь хамтарснаас болоод ялаагүй. О.Магнай, Ж.Батзандан, С.Ганбаатар бид хэд чинь нэг хэсэг хамтраад нэг удирдлагатай явлаа шүү дээ. Тэгэхээр ажиллуулчихдаг байхгүй юу. Одоо О.Магнай, Ж.Батзандан, С.Ганбаатар нар юу хийж байна хар л даа. Ажиллуулчихсан л байхгүй юу. Тэгэхээр нэг зорилгын төлөө олон бүлэг байх нь хэцүү. Бүх албан тушаалаа өгөх юм уу яах юм, хэцүү биз дээ. Одоо энэ Ерөнхийлөгч огцор, УИХ, Засгийн газар огцор гэж л байна. Бидний тавьдаг л байсан асуудал.
-Одоо тэгэхээр ямар хэлбэрээр тэмцвэл үр дүнтэй юм бол?
-Одоо энэ хууль зөрчсөн сайд нарыг өдөр шөнөгүй шаардаж байгаад огцруулах хэрэгтэй. Тэгээд эндээсээ дамжаад хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах юм. Үүний дараа АН-ынхан өөрсдөө энэ талбай дээр гүйлдээд ирнэ. Ингээд АН-тай нийлж байгаад МАН-ыг “хусах” ёстой байхгүй юу.
Үүний дараа энэ мэтээр дамжаад УИХ-руу орох юм. Ингээд хийе ээ гээд байхад ерөөсөө хөдлөхгүй байгаа юм. Уг нь эд нар энэ аргыг мэдэж л байгаа л даа. Огт хөдлөхгүй байгаа нь өөрсдөө гарах гэсэн санаа л байх даа. Зүгээр л хүчийг үзуулээд байгаа юм. Надаар оролдоод байх юм бол ингэнэ шүү гээд байгаа юм. Одоо эд нар Н.Даваагаа гаргаж авах ёстой. Эднийг гол санхүүжүүлж байсан хүн нь шоронд орчихлоо. Тэмцэл ийм л байх ёстой.
С.Ууганбаяр
Эх сурвалж: “Монголын мэдээ”
No comments:
Post a Comment