http://ganchimeg.niitlelch.mn/content/3149.shtml
26.5.2011
“Ярилцъя” булангийн шинэ зочноор Гадаад харилцааны сайд
Г.Занданшатар уригдлаа.
-Таны энэ өдрийн амгаланг айлтгая. Гадаад харилцааны сайд гадаадын зочингүй өдөр ховор байдаг байх. Өнөөдрийн зочдоос тань сонирхож болох уу?
-Тийм ээ. Гадаадын зочингүй өдөр ховор шүү. Тухайлбал, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2011 оны тавдугаар сарын 23-24-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “ЕАБХАБ - 2011 он - Монгол Улс” олон улсын бага хуралтай холбогдуулан Литва Улсын Гадаад хэргийн дэд сайд Э.Игнатавичусыг өнгөрсөн нэг дэх өдөр буюу 23-нд хүлээн авч уулзлаа. 24-нд БНТУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга С.Кылыч, Австралийн Элчин сайд С. Герович нарыг тус тус хүлээн авч уулзсан. Маргааш 10 цагт НАТО-гийн Аюулгүй байдлын бодлого, түншлэлийн харилцаа эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ж.Аппатурай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзана. Энэ мэтчилэн гадаадын зочидтой хийх уулзалтууд бараг өдөр өнжинө гэж байхгүй гэхэд хилсдэхгүй. Харин яг өнөөдрийн хувьд би Засгийн газрын хуралдаантай байгаа тул гадаадын зочин хүлээж авах үнэхээр боломжгүй өдөр таарлаа.
-Тэгвэл би азтай л яваа юм байна?
-Гэхдээ цаг зав үнэхээр муутай байгаа. Давчуухан хугацаанд л ярих болох нь дээ.
-Манайх Ромд элчин сайдын яамаа нээх тухай хэлэлцэж байна. Сайхан мэдээ. Ингэхэд ахиад энэ чиглэлээр дуулгачих гоё мэдээ юу байна?
-Манай улсын гадаад харилцаа жил ирэх тутам өргөжин тэлж, дэлхийн улс орнуудтой тогтоосон найрамдалт харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх үйлсэд бид ахиц дэвшил гаргасаар ирлээ. 2011 оны хоёрдугаар сарын 10-нд УИХ-аар баталсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна” гэж заасан бөгөөд улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилго нь тус улсын аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчин бүрдүүлэх, үүний тулд дипломат болон консулын харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд чиглэгдэх тухай заасан. Энэ зорилгыг биелүүлэх ажлыг бид зохион байгуулж байна. Итали улс бол манай улстай уламжлалт найрсаг харилцаатай, өвөрмөц соёл, хүчирхэг эдийн засагтай улс. Бидэнд харилцан ашигтай хамтран ажиллах боломж их байна. ЭСЯ-аа Ром хотноо нээснээр Монгол, Италийн харилцаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна. Монгол Улсын Засийн газраас Бүгд Найрамдах Итали Улсын нийслэл Ром хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахаар шийдвэрлэснийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2011 оны тавдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжээд байна. Түүнчлэн, гадаад харилцаа өргөжин тэлж байгаатай холбогдуулан хилийн чанад Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын төлөөллийг нэмэгдүүлэх хүрээнд АНУ-ын Сан-Франциско, Япон Улсын Осака, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонгконг хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газрыг тус тус нээх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-аас дээрх газарт ЕКГ нээн ажиллуулах талаар тавдугаар сарын 19-нд тогтоол гаргаад байна. Эдгээр хотууд улс орныхоо томоохон санхүү, эдийн засгийн төвүүдийн тоонд багтдаг бөгөөд манай улсаас эдгээр хот болон ойр хавийн бүст нь зорчиж буй иргэдийн тоо өсч байна. Эдгээр ЕКГ-ууд АНУ, БНХАУ, Японтой хөгжүүлж буй бидний харилцаанд эергээр нөлөөлөх нь дамжиггүй. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд “Гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах бодлого” гэсэн шинэ бүлэг нэмж оруулсан бөгөөд түүнд гадаадад байгаа олон мянган иргэдийнхээ хууль ёсны эрх, эрх ашгийг хамгаалах бодлого, арга замуудыг тодорхойлж өгсөн. Уг бодлогыг хэрэгжүүлэхэд шинэ консулын газрууд тодорхой хувь нэмэр оруулна гэж бодож байна.
-НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын ээлжит чуулган Бангкокт эхэллээ. Энэхүү уламжлалт чуулганд Комиссын жинхэнэ гишүүн 53, хавсарга гишүүн есөн улсын Засгийн газрын төлөөлөгч оролцож, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн тугамдсан асуудлыг авч хэлэлцэн цаашид авах арга хэмжээ, засгийн газруудад зориулсан зөвлөмж гаргадаг. Тэнд сонсгох монголын дуу хоолой юу байх талаар сонирхмоор байна?
-Энэ сарын сарын 19-25-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын Бангкок хотноо чуулсан НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 67 дугаар чуулганд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Тус чуулганаар “Ази, Номхон далайд статистикийн чадавхийг бэхжүүлэх” “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг”, “Ази, Номхон далайн бүсийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй хөгжлийн бэрхшээлүүдийн асуудлаарх Улаанбаатарын тунхаглал” зэрэг тогтоолыг Монгол Улсын төлөөлөгчид санаачлан ажилласан. Энэ нь Ази, Номхон далайн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсаас оруулж буй томоохон хувь нэмэр төдийгүй бүс нутагт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, харилцан дэмжлэг туслалцаа үзүүүлэх чухал ач холбогдолтой юм. Чуулганд оролцож буй манай төлөөлөгчдийн тэргүүн Шадар сайд М.Энхболд далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг төлөөлөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо болсон Ази, Номхон далайн бүс нутгийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өндөр түвшний бодлогын уулзалтын үр дүнг чуулганд танилцуулсан нь бүс нутгийн хамтын ажиллагаанд манай улс идэвхтэй оролцож буйн тод илрэл гэж үзэж болно. Шадар сайд М.Энхболд “Хямралын дараах Ази, Номхон далайн бүс нутаг дахь нийгмийн хамгаалал, хөгжлийн урт хугацааны ирээдүй” сэдэвт өндөр хэмжээний хэлэлцүүлэгт мөн оролцож манай орны эдийн засаг, нийгмийн төлөв байдал, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар илтгэл тавьсан нь Монгол Улсаа бүс нутагт сурталчлан таниулах, байр сууриа бэхжүүлэх бас нэг алхам хийгдсэн гэж дүгнэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хойд хөршид айлчлахаар товлоод буй. Энэ айлчлалаар шинээр байгуулагдаж буй “Дорнод Уран” болон бусад хамтарсан үйлдвэрүүдийн хэтийн төлөв, төмөр замын хөгжлийн асуудлаар яриа хэлэлцээ өрнөх нь тодорхой байх?
-Дорнод уран” ХХК-ын хувьд Монгол Улс ОХУ-тай ураны салбарт хамтран ажиллах асуудлаар сүүлийн 2-3 жил яриа, хэлэлцээ хийж ирсэн. Энэ асуудал Ерөнхий сайд С.Батболдын айлчлалын үеэр бодитой болж, хэрэгжих шатандаа орж байна. Энэ хамтын ажиллагааны шинэ салбар нээгдсэнээр Монгол Улсын эдийн засагт ихээхэн тус дэм болох, санхүүгийн шинэ эх үүсвэр гарч ирэх, Монгол, Оросын хамтарсан томоохон бүтээн байгуулалт бий болно. Төмөр замын шинэчлэл, шинэ зам тавих гээд манай хоёр улсын хувьд шийдвэрлэх нэлээн асуудал байна. УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг батлахдаа шинээр тавигдах төмөр замын сүлжээг өргөн царигтай барихаар тусгасан нь ОХУ-ын ашиг сонирхлыг ч мөн тодорхой хэмжээгээр харгалзсан шийдвэр билээ. Монгол Улсын төмөр замын хөгжил, шинэчлэл, байгалийн баялгийг хамгийн үр ашигтайгаар ашиглах сонирхол хоорондоо салшгүй уялдаатай. Энэ талбарт бид уламжлалт түнш ОХУ-тай цаашид ч нягт хамтран ажиллах сонирхлын үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ч яриа өрнөх нь ойлгомжтой.
-Бас визийн асуудлыг хөнгөвчлөх, мах, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, худалдааны эргэлтийг тэнцвэржүүлэх зэрэг асуудлыг хөндөх байх гэсэн хүлээлт манай талд байгаа. Айлчлалын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Хоёр орны хооронд иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, улмаар визгүй зорчих журамд шилжих талаар хоёр тал идэвхитэй ажиллаж байна. Энэ асуудлыг саяхан Улаанбаатарт болсон Монгол, Оросын консулын зөвлөлдөх уулзалтаар дэлгэрэнгүй ярьсан. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр болох яриа хэлэлцээний сэдэвт иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудал ороогүй.
-Тийм үү. Ер нь манай хоёр орны худалдаа наймааны харилцаанд ахиц гэхээр юм гараагүй гэдэг. Энэ талаарх албан ёсны статистик үзүүлэлтүүдээс сонирхуулж болох уу?
-2010 онд Монгол-Оросын нийт бараа эргэлт 1162.3 сая ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс экспорт 79.1 сая ам.доллар, импорт 1090.2 сая ам.долларт хүрсэн байна. 2009 оны мөн үетэй харьцуулахад бараа эргэлт 321.3 сая ам.доллараар нэмэгдсэн боловч 2010 оны худалдааны алдагдал 1011.1 сая ам.долларболсон байна. Монгол Улсын гадаад худалдаанд ОХУ-тай хийж буй экспортын хэмжээ 2.7%, импортын 33.3% тус тус эзэлж байна. Хоёр талын худалдаа нийт дүнгээр нэмэгдэж байгаа ч гэсэн Монголын экспорт сүүлийн жилүүдэд буурч байна. Энэ нь Монголын мах, махан бүтээгдэхүүний стандартад эрүүл ахуйтай холбоотойгоос гадна тээвэр, дамжин өнгөрөх тээврийн зардал нэмэгдсэн, тарифын бус саад тотгор өндөр байгаа зэргээс Оросын зах зээлд нэвтрэхэд хүндрэлтэй байгаад оршиж байна.
-Махны экспортыг нэмэгдүүлэх талаар ахиц байна уу?
-Хоёр орны хоорондын худалдааг либералчлах, худалдааны алдагдлыг багасгах, улмаар арилгах, Монголын экспортыг нэмэгдүүлэх, түүний дотор Монголын уламжлалт түүхий эд, мах, махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр талууд байнга санал солилцож байгаа. 2010 онд манай улсын мах боловсруулах 12 компани ОХУ-ын 4 мужийн 6 компанитай адууны мах 14.0 мян.тн, үхрийн мах 15.0 мян.тн нийт 29.0 мян.тн мах нийлүүлэх гэрээ байгуулан нийт 12.4 мян.тн үхэр, адууны тураг мах экспортлосон байна. Монгол Улс ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд нь дэмжиж ирсэн бөгөөд хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг хөхиүлэн дэмжих, тэнцвэртэй байлгах, Монголын экспортын бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд нийлүүлэх нөхцөлийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх төрийн айлчлалын хүрээнд хоёр талын холбогдох байгууллага мөн ажиллаж байна.
-Манай Ерөнхийлөгчөөс “Россия и Монголия” сэтгүүлийн сурвалжлагч “Монгол Улс хөгжлийнхөө аль шатанд явна вэ. Тухайлбал, азийн бүс нутгийнхаа хэмжээнд ямар үүрэгтэй байна гэж асуусан байна лээ. Би энэ асуултыг танд тавьмаар байна. Учир нь та Монгол улсын гадаад харилцааны сайд болоод нэлээд удчихлаа?
-Эдийн засгийн төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооноос зах зээлийн харилцаанд шилжих үйл явц дуусгавар болж, бид хөгжлийнхээ шинэ гараан дээр ирээд байна. Уул уурхайн томоохон ордуудыг эзэмшиж, олборлох болон боловсруулах аж үйлдвэрийн зохистой бүтцийг бүрдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцийн сүлжээг өргөтгөн гадаад зах зээлтэй найдвартай холбох, байгаль орчинд халгүй эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах замаар ард түмний амьдралын түвшинг үлэмж дээшлүүлэх шинэ, том зорилт тулгарч байна. Гадаад харилцааны салбарт ажиллаж буй бидний хувьд улс орныхоо хөгжлийг хурдасгах гадаад хүчин зүйлсийг тодорхойлж, манай улсын хөрсөнд буух боломжтой бусад улс орны мэдлэг туршлагыг олж судалж бодлого тодорхойлогчдод цаг алдалгүй хүргэж байх нь нэн чухал байна. Үүний төлөө ч манай дипломатчид оюун ухаанаа дайчлан эрчимтэй ажиллаж байна.
Ази, Номхон далайн бүс нутагт Монгол Улс байр сууриа бэхжүүлж, энэ бүс нутгийн улс орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байна. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн сацуу бид Ази дахь олон талт үйл явцуудад аль болох идэвхтэй оролцохыг зорьж байна. Бид АСЕАН-ы Бүсийн чуулга (АРФ), Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны Зөвлөл (ПЕКК), Азийн хамтын ажиллагааны яриа хэлцээ (ACD), Ази-Европын чуулга уулзалт (ACEM)-д гишүүнээр элсч, ШХАБ-д ажиглагчийн статустай оролцож байна. Мөн Зүүн Азийн дээд түвшний уулзалт болон АПЕК-ийн үйл ажиллагаанд оролцох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Монгол Улс ЗХА, Төв Азийн бүс нутгийн аль алинд хамаардагийн хувьд энэхүү бүс нутгийн стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг чухалчилдаг. Төв Азийн хувьд, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд Афганистаны ирээдүй шийдвэрлэх үүрэгтэй тул манай улс 2003 оноос эхлэн Энхийг тогтоох ажиллагааны хүрээнд Афганистанд цэрэг илгээж ирсэн. Мөн ЗХА-ийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж байх албан ёсны механизмыг бий болгох чиглэлд 2000 онд тодорхой санаачилга дэвшүүлэн, зургаан талт хэлэлцээг урагшлуулахад хувь нэмрээ оруулах үүднээс 2007 онд БНАСАУ-Японы харилцааг хэвийн болгох зорилго бүхий ажлын хэсгийн хуралдааныг өөрийн улсад зохион байгуулсан билээ. Эдгээрийг бидний зүгээс бүс нутгийн ирээдүй, хөгжил цэцэглэлийн төлөө гаргаж буй хүчин чармайлт, хувь нэмэр гэж ойлгож болох юм.
-Монгол бол хоёр хөрштэйгөө маш өвөрмөц түүхийн хэлхээ холбоотой явж ирсэн орон. Мэдээж хөрш орнууд гэдэг бол бидний хувьд мөнхийн хийгээд маргашгүй том ойлголт. ОХУ-ын тухай асуулт тавьмаар байна. Сая бид худалдааны харилцааны талаар ярилаа. Яг өнөөдрийн манай хоёр улсын гадаад харилцаа ямар түвшинд байна вэ. Дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой энэ жил тохиож байгаа шүү дээ?
-ОХУ, БНХАУ бол манай улсын мөнхийн хөршүүд. Мөнхийн хөршүүд мөнхийн эв найрамдалтай, мөнхийн харилцаа, хамтын ажиллагаатай байх учиртай. Ийм ч учир манай улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзана” гэж заасан. Уг заалт шинэчлэн баталсан үзэл баримтлалд хэвээрээ үлдсэн. Энэ нь манай улсын хоёр хөрштэйгээ харилцах бодлого тогтвортой, тууштай байгаагийн илрэл гэж хэлж болно. ОХУ-тай тогтоосон найрамдал, хамтын ажиллагааны хувьд энэ жил үнэхээр онцлог жил болж байна.
1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Ардын Засгийн газар, Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай Гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээгээр хоёр улсын хооронд харилцааны эрх зүйн үндэс анх тавигдаж, дипломат харилцаатай болсон билээ. 1922 онд хоёр улс ЭСЯ-даа Улаанбаатар, Москвад харилцан нээсэн байна. Энэ гэрээний үр дүнд Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, аж үйлдвэр, тээвэр, цахилгаан эрчим хүч болон улс ардын аж ахуйн бусад салбаруудын хөгжлийн эхлэлийг тавьсан юм.
1993 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат ОХУ-д албан ёсоор айлчлах үеэр хоёр орны хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээг байгуулсан нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан бөгөөд өнөөгийн харилцааны эрх зүйн үндэс болж байна.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын стратегийн түншлэл эрчимтэй өрнөж, хөгжлийн шинэ шатанд гарч буйг 2009 оны 8 дугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал санал нэгтэй тэмдэглэж, “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглалд” гарын үсэг зурсан билээ. Энэ нь манай хоёр улс хоёр талын харилцаандаа өндөр ач холбогдол өгч буйн илэрхийлэл болсон юм.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путины урилгаар 2010 оны 12 дугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн. Уг айлчлалын хүрээнд “Монголросцветмет”-ын зээлийн өрийн асуудлаар хоёр талын хооронд явагдсан яриа хэлэлцээний дүнд “их өр”-ийг шийдсэн зарчмаар зохицуулах, ураны салбарт хамтран ажиллах, Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүнийг Оросын Холбооны Улсын алс дорнодын боомтуудад дамжин тээвэрлэх, түүний дотор төмөр замын урт хугацааны хөнгөлөлттэй тариф тогтоохтой холбогдсон асуудлыг тохиролцох, нэгдсэн харилцан ашигтай шийдэлд хүрсэн болно.
-Аль салбарт, ямар төсөл дээр Монгол, Оросын хамтын ажиллагаа илүү ирээдүйтэй гэж үзэж байгаа вэ. Тавантолгой юу... Сайншанд уу гэж оросын сэтгүүлч манай удирдагчдаас шүлэнхийтэн асууж байна. Би ямар өөрийнхөө сайдад ийм асуулт тавилтай биш дээ. Гэхдээ?
-Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх үүднээс ОХУ-ын эрх ашиг, сонирхолыг тодорхой хэмжээгээр харгалзан үзэж, зөв зохистой хэмжээгээр татан оруулцуулах ажил эхэлсэн. Тодруулбал Монгол-Оросын хамтарсан “Дорнод уран” ХХК , “Дэд бүтцийн хөгжил” төрийн өмчит компани байгуулж байгаа. Гэхдээ энэ хамтарсан төслүүд дээр манай орон өөрийн эрх ашгаа зөвөөр тодорхойлж, аливаа нэг өөр асуудалтай холбохгүйгээр оросын талд санал болгоно. Эдгээр асуудлуудыг уг айлчлалын хүрээнд ярьж, хоёр тал харилцан ойлголцоно гэж найдаж байна.
Сайншандад боловсруулах аж үйлдвэрийн цогцолбор барьж дэвшилтэт техник, дэвшилтэт технологи нэвтрүүлснээр Монгол Улсын өрсөлдөх чадвар нэмэгдэх бөгөөд салбарын үйл ажиллагаа, техник, технологийн хувьд харилцан уялдаатай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүд хөгжих боломж бий болж манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэг, таатай нөлөө үзүүлнэ. Монгол Улсын 2013 оны эдийн засгийн бүтцийн чиг хандлагыг авч үзвэл Оюутолгой, Тавантолгой болон стратегийн бусад томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаатай холбоотой ДНБ-д эзлэх уул уурхай, олборлох салбарын хэмжээ 29.2 хувь болж нэмэгдэхээр байна. Гэхдээ бид уг бүтээн байгуулалтыг УИХ-аас баталсан удирдамж, чиглэлийн дагуу олон улсын нээлттэй тендер зарлаж явуулж буйг мэдэж байгаа биз дээ. Иймд манай хойд хөрш уг сонгон шалгаруулалтад бусад улсын адил оролцох эрхээ эдэлж байгаа. Энд бид манай улсын эрх ашгийг хамгийн сайн хангах тийм л түнш сонгон хамтран ажиллана гэж бодож байна.
-Сайд аа, Монгол Улсад цөмийн хаягдал булна, булахгүй гэх яриа ид өрнөж байна. Манай өндөр албан тушаалтнууд энэ тухай байна үгүйсгэдэг. Харин яг ийм яриа хөөрөө дэгдсэн үеэр сайд та Монгол Улсад цөмийн хаягдал оруулахыг хориглосон хуулийн төсөл өргөн барихаар зэхэж эхэлсэн гэх юм?
-Цөмийн асуудал бол дэлхийн улс төрийн томоохон асуудлын нэг. Монгол Улсад цөмийн хаягдал оруулахыг хориглох тухай нэмэлт өөрчлөлтийг Цөмийн энергийн хуулинд оруулахаар санаачилсан. Одоогоор асуудал 2000 онд УИХ-аар батлагдсан Хортой хог хаягдалын хуулиар зохицуулагдаж буй бөгөөд 2009 онд батлагдсан Цөмийн энэргийн тухай хуулинд тусгайлан заагаагүй юм. Тиймээс гадны цөмийн аливаа хаягдлыг Монгол Улсад оруулахыг хориглох, энэ талаарх зохицуулалтыг тодорхой болгох зорилгоор дээрх санаачлагыг гарган ажиллаж байна.
-Саяхан Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлал болж өнгөрлөө. Хоёр орны түншлэлийн зэргийг ахиулах талаар тодорхой тохиролцоонд хүрээд буцсан. Стратегийн түнш гэх энэхүү ойлголтын талаар арай гүнзгий мэдээлэл авмаар байна?
-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчи 2011 оны 2 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Таны хэлсэнчлэн энэхүү айлчлалын гол нэг үр дүн нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох талаар зарчмын тохиролцоонд хүрсэнд оршино.
Стратегийн түншлэлийн агуулгын хувьд хоёр тал ижил төстэй байр суурьтай байгаа. Энэхүү харилцааны гол агуулга нь эрх тэгш, харилцан ашигтай, бие биенээ хүндэтгэсэн, тогтвортой харилцааг хөгжүүлж, улс төрийн итгэлцлийг бататгах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах, бусад салбарын харилцааг хөгжүүлэх замаар харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
Дүгнэн хэлэхэд хоёр тал стратегийн түншлэл тогтоох гэж байгаа нь хоёр тал энэхүү харилцаагаа урт хугацаанд тогтвортой урагшлуулан хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаагийн нотолгоо юм.
-Монголын уул уурхай дээр түшиглээд Хятадын тал хөрөнгө оруулалт хийе. Түүнтэй холбоотой дэд бүтэц барья. Энэ бүхэнд шаардагдах санхүүжилтийг гаргая л гээд байгаа. Харин манай олон нийт үүнтэй санал нэгдэх дургүй. Энэ тухайд та юу хэлэх бол?
-БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао 2010 онд Монгол Улсад айлчлах үеэрээ уул уурхай, дэд бүтэц, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг цогцоор авч үзэж хөгжүүлэх саналыг манай талд тавьсан. Сая Ян Жэчи сайд ирэхдээ энэ байр сууриа дахин нотолж 1-2 тодорхой төсөл сонгож хамтран ажиллахыг санал болгосон. Төслийг амжилттай хэрэгжүүлснээр цаашид хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд дөхөм болно гэж үзэж байгаа. Гол нь ард түмний нүдэнд тусахуйц, амьдралд нь бодитой нөлөө үзүүлэхүйц томоохон бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх хэрэгтэй байгаа. Үүний тулд хоёр тал тодорхой үндэслэл, тооцоотой төслүүдийг боловсруулах ёстой.
-Хятадад олон монголчууд ял эдэлж байгаа. Тэдний талаар танд нарийн мэдээлэл байдаг уу. Тэднээс хоёр нь цаазын ял сонссон. Нэгийнх нь амийг Ерөнхийлөгч маань айлчлалынхаа үеэр гуйсан шүү дээ?
-Өнөөдрийн байдлаар БНХАУ-д манай улсын 24 иргэн ял эдэлж байгаа. Саатуулагдан шалгагдаж буй 40 орчим хүн байна. Ер нь БНХАУ-д хулгайн гэмт хэрэг, хар тамхи зөөвөрлөх, биеэ үнэлэх гэмт хэрэг ихсэх хандлагатай байна. Энэ талаар иргэддээ ахин анхааруулах зорилгоор сэрэмжлүүлэг мэдээг яамны цахим хуудсанд байрлуулсан байгаа.
-Хятадын шүүхээс бүх насаараа хорих ял сонссон Л.Байгалмааг эх оронд нь шилжүүлэн авчрах асуудал бүтэх болов уу. Та айлчлалынхаа үеэр энэ зүг анхаарлаа хандуулах уу?
-Хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх гэрээ байгуулагдах шатандаа явж байна. Гэрээний төслийг үндсэндээ тохиролцсон байгаа, ойрын хугацаанд үзэглэхээр талууд ажиллаж байна. Энэ гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш ялтныг шилжүүлэн авах тухай асуудал тодорхой яригдана.
-Манайд Хятадын эсрэг үзэлтнүүд гаарах хандлага ажиглагдаж байгаа. Ул суурь муутай, хөнгөндүү тэмцэл явуулдаг бүлгэмүүд ч бий. Энэ талаар өмнөд хөрш хэр эмзэг ханддаг вэ?
-Хятадын эсрэг үзэлтнүүд гаарах хандлага ажиглагдаж байна гэдэгтэй бол би санал нэгдэхгүй байна. Зарим иргэдийн хооронд гарч буй асуудал, үл ойлголцол нь цөөн тооны хүмүүсийн дунд гарч байгаа юм. Манайд улс төрийн зарим нэг жижиг бүлэглэлүүд буруу ойлголттой байдгийг бол үгүйсгэхгүй. Монгол Улсын олон тооны иргэд БНХАУ-д зорчиж байна. Хятадын иргэд ч манайд зорчиж байна. Энэ нь хоёр ард түмний хооронд харилцан ойлголцол, итгэлцэлийг бэхжүүлэх нэг хүчин зүйл болж байгаа. Хоёр улсын Засгийн газрууд энэ чиглэлээр цаашид ч тодорхой ажлуудыг хийж байна. Тухайлбал залуучуудын солилцоог өргөжүүлэх, соёл, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч байна.
Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд, манай зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр буруу ташаа, үндэслэл муутай мэдээ мэдээлэл гаргаж, ард иргэдийн дунд хардалт, сэрдэлт төрүүлж байгаад манай хэвлэл, мэдээллийн байгууллагууд анхаарах учиртай юм. Хятадын талаар үнэн бодит мэдээллийг Монголын олон нийтийн дунд түгээх, Хятад улсын өнөөгийн хөгжил, ард иргэдийн амьдрал болон Монгол, Хятадын харилцааны талаарх үнэн зөв мэдээллийг олон нийтэд ойлгуулах, сурталчлах талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр түлхүү гаргаж байхыг хүсмээр байна.
Манай Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд “Гадаад харилцаа, олон нийттэй харилцах бодлого” гэсэн шинэ бүлгийг нэмсэн бөгөөд түүнд “Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны талаар олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бодит мэдээллээр хангах, тэдний хүч бололцоог бусад улстай харилцаа хамтын ажиллагаа хэвийн хөгжүүлэхэд чиглүүлэх” гэж заасан. Энэ заалтыг бид баримталж ажиллах ёстой.
-Сүүлийн үеийн хамгийн том дуулиан Гадаадад албан ажлаар явж байгаад баривчлагдан хоригдож байгаа ҮАБЗ-ийн ажилтан Б.Хурцын асуудал болоод байна. Бүхэл бүтэн нэг улсын хариуцлагатай албаны ажилтан, халдашгүй эрхтэй дипломатын эрхэнд ингэж бүдүүлгээр халдаж болдог юм уу. Танд хамгийн сүүлийн үеийн ямар мэдээлэл байна вэ?
-ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурал энэ оны 5 дугаар сарын 13-нд Хатан хааны дээд шүүхийн танхим / Court of Royal Justice /-д болсон.
Шүүх хуралд Б.Хурцын өмгөөлөгчөөр хуульч Алун Жонс, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж профессор, Сэр Э.Лаутерпахт нар оролцсон. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Монгол Улсаас Британи улсад суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа нар болон Б.Хурцын эхнэр, хүү нь тус хуралдаанд байлцсан болно. Британийн прокурорын байгууллагын төлөөлөгч ноён А.Уоткинс, Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам /ГХХНЯ/-ны хуулийн зөвлөх хатагтай С.Доббин нар британийн талыг төлөөлөв. Энэ удаагийн давж заалдах шатны хуралдааныг дээд шүүхийн шүүгч Лорд Мосес( Lord justice Moses ) даргалсан. Шүүгч Мосес хоёр талын мэтгэлцээнийг сонссоны дараагаар Британийн ГХХНЯ-ны хүсэлтийн дагуу талууд нэмэлт баримтуудыг 6 дугаар сарын 6-ны өдрөөс өмнө дээд шүүхэд ирүүлсэн байхыг анхааруулж дараачийн хуралдааныг ирэх 6 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд багтаан явуулах болсноо мэдэгдэж, шүүх хуралдааныг завсарлуулсан байна.
-Бид эндээс хүчтэй дэмжлэг үзүүлмээр байна шүү дээ?
-Манай талаас өмгөөлөгчөөр дамжуулан шаардлагатай нэмэлт нотлох баримтыг хүргүүлээд байна.
-Монголын гадаад бодлого өнгөрсөн 20 жил харьцангуй тогтвортой явж ирсэн. Хоёр хөрштэйгөө алтан дунджыг барьж ирсэн бол дэлхийн хамтын нөхөрлөлд багтаж, гурав дахь хөршийн бодлогыг түлхүүхэн өмнөө барьж байгаа. Гэвч гурав дахь хөрш гэдэг бол хөдлөшгүй томъёологдсон зүйл биш шүү дээ. Бидний энэ шүхрийг хоёр хөрш маань төдийлөн таатай хардаггүй. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?
-Өнгөрсөн 20 жилд Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлж, байр суурь нь бэхжин, нэр хүнд нь өсч, “хаалттай улс” гэсэн нэр хаягаас салж, олон улсын хамтын нийгэмлэгт “ардчилсан, нээлттэй улс” гэсэн дүр төрхийг бий болгож чадсан. Мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын гадаад харилцааны чиглэл, зорилго, зарчим, шийдвэр гаргах механизм, эрхзүйн шинэчлэл гэсэн зарчмын шинжтэй өөрчлөлтүүд гадаад бодлогын “хөрс”-өнд нэгэнт сууж, гадаад харилцааны үйл ажиллагааны үндэс болж чадсан. Манай улс бие даасан нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлэх боллоо. Хоёр хөрштэйгээ харилцах бодлогын талаар дээр би ярьсан. Гуравдагч хөршийн бодлогыг бид боловсруулж, хөгжүүлж ирсэн бөгөөд шинэчлэн баталсан Гадаад бодлогын баримтлалд түүнийг анх удаа албан ёсоор томъёолж орууллаа. Түүнд дурдахдаа “АНУ, Япон, Европын Холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорны улс,холбоотой гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж заасан. Энэ нь манай гадаад бодлого дахь томоохон ахиц, дэвшил гэж үзэж байна. Гуравдагч хөршийн тухайд энэ бол газар зүйн биш, улс төрийн ойлголт. Бид хоёрхон хөрштэй, тэр нь цөөдөөд ингэж байгаа юм биш. Гуравдагч хөршийн бодлого бол ардчиллын адил үнэт зүйл бүхий, манай ардчилал шинэчлэлийг тууштай дэмжиж ирсэн дэлхийн болон бүс нутгийн нөлөө бүхий улсуудтай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бодлого юм. Энэ нь аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилсэн бодлого, дэлхийн болон бүс нутгийн нөлөө бүхий улсуудын манай улс дахь ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх бодлого мөн. Энэ нь хоёр хөрштэйгээ адил бусад улс гүрэнтэй сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэх бодлого юм. Энэ бодлого хоёр хөрштэй тэргүүлэх зарчмаар харилцах тухай болон “Гадаад бодлогын үзэл баримтлал”-д тусгалаа олсон бусад тулгуур зарчмыг хөндөхгүй. Тийм учраас манай бодлогын энэ чиг шугамд хөршүүд маань эмзэглэж байгаагүй, эмзэглэх ч үгүй гэж бид үздэг. “Гуравдагч хөрш”-ийн бодлогын эрхэм зорилго бол Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн өнөө, ирээдүй уламжлалт хүчин зүйлсийн зэрэгцээ хоёр хөршийн төдийгүй, дэлхийн өндөр хөгжилтэй улс гүрнүүдийн стратегийн сонирхол, харилцан нөлөөлөл, хамаарлаар давхар баталгаажиж байх нөхцөлийг бүрдүүлэхэд орших байгаа юм.
-Баярлалаа. Цаг зав гарган ярилцсанд. Дараа тантай улс төрийн сэдвээр өргөн яриа өрнүүлэх хүсэлт байна. Та хүлээж авч болох уу?
-Нэг ярилцлагаа дөнгөж дуусав уу үгүй юу нөгөөг санал болгож байдаг. (инээв) Тэгье ээ. Би урилгыг тань хүлээж авлаа.
No comments:
Post a Comment