Б.Мөнхсоёл: Шийдлээ хүлээж байгаа олон асуудал төсвийн шинэтгэлээс шалтгаална

Б.Мөнхсоёл: Шийдлээ хүлээж байгаа олон асуудал төсвийн шинэтгэлээс шалтгаална 

http://news.gogo.mn/r/66964

Нийслэл таймс

2010-03-05 12:31 GMT+8
Төсвийн төвлөрлийн асуудлаар Нээлттэй нийгэм форумын менежер Б.Мөнхсоёлтой ярилцлаа

-Төсвийн төвлөрөл нь орон нутгийн удирдлагуудыг ажлаа хийхэд нь ихээхэн саад болж байгаа гэсэн гомдол тасардаггүй. Үүний гол шалтгаан юу вэ?
-2002 оноос Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Анх төсвийн сахилга батыг сайжруулах үүднээс энэ хуулийг батлан гаргасан ч өнөөгийн нөхцөлд тохиромжгүй байгаа нь бодит амьдралаас харагдаж байгаа. Тодорхой хугацаанд ач тусаа өгч, үүргээ гүйцэтгэсэн. Харин одоо төсвийн шинэтгэлийг зайлшгүй хийх хэрэгтэй. Төр засгийн удирдлагын хэт төвлөрөл, яам, агентлагийн данхайсан бүтэц, хөдөөгийн хөгжлийн бодлого алдагдсан, төрийн үйл ажиллагаанд иргэдийн хяналт орхигдсон зэрэг шийдлээ хүлээж буй олон асуудал үүнээс улбаатай.

Энэ хуулийн дагуу эмнэлэг, сургууль, соёлын төв зэрэг үйлчилгээний байгууллага нь харъяа яамнаасаа төсвөө авдаг болсон. Ингэснээр төрийн үйлчилгээний төсвийг төлөвлөх, зарцуулах, хуваарилах үйл явцад орон нутгийн захиргааны байгууллагууд оролцох эрх мэдэлгүй болж, УИХ болон яамдын түвшинд төсвийн эрх мэдэл төвлөрсөн нь харагддаг. Энгийнээр тайлбарлахад, сургуулийнхаа дээврийг засах гэж Засаг дарга Сангийн яаманд очиж асуудлаа танилцуулах болсон гэсэн үг. Төв засаглалын байгууллага хэдий хэмжээний хөрөнгө юунд зарцуулахыг батална. ИТХ-ын тэргүүлэгчид орон нутгийг хөгжүүлэхэд хэрэгцээтэй санхүүжилтийг авах эрх мэдэл байхгүй.

Аливаа улсын төсвийн төвлөрсөн байдлыг нийт төсвийн орлого, зарлага болон ДНБ-д эзлэх орон нутгийн төсвийн орлого зэрэг үзүүлэлтээр илэрхийлдэг. Тоогоор илүү тодруулъя. Манай улсын төсвийн нийт орлогын ДНБ-д эзлэх хувь 2000 онд 33.4 байсан бол 2008 онд 43.7 хувь болж өссөн байгаа. Харин орон нутгийн орлогын ДНБ-д эзлэх хувь 2000 онд 6.5 байсан бол 2008 онд 2.8 хувь болж буурсан. Мөн нийт орлогод эзлэх орон нутгийн орлого 2000 онд 19.2 хувь байсан бол 2008 онд 6.4 хувь болж буурсан байна. Эдгээр нь төсвийн төвлөрлийг илүүтэй илэрхийлсэн тоо юм.

-Төв болон орон нутгийн захиргааны хооронд чиг үүргийн ялгавартай байдал алдагдсан гэж дүгнэж болох уу?
-Энэ бол өнгөцхөн дүгнэлт. Ихэнх ардчилсан улс оронд гадаад улстай харилцах, улсыг батлан хамгаалах, шинжлэх ухаан, дээд боловсролыг хөгжүүлэх, улс орны хэмжээний томоохон дэд бүтцийг бий болгох, шүүх, хуудь батлах зэрэг төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг хариуцан хүргэх үүргийг төв засаглал, түүний байгууллагууд хэрэгжүүлдэг. Харин орон нутагт хүн амыг ундны усаар хангах, гудамж талбай гэрэлтүүлэх, орон нутгийн тээвэр зам гүүр барих, бага, дунд боловсрол олгох, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг бүрэн болон хэсэгчилсэн хэлбэрээр үзүүлдэг. Хамгийн чухал нэг зүйл нь өгөгдсөн чиг үүргийг санхүүжилт нь дагах ёстой буюу хангалттай санхүүжилт байх ёстой. Түүнээс гадна манайд боловсрол, эрүүл мэнд зэрэг үйлчилгээг харьяа яамд нь хариуцдаг төвлөрсөн системтэй байгаа.

-Төсвийн төвлөрсөн байдлыг сааруулснаар ямар давуу тал бий болох вэ?
-Төсвийн төвлөрлийг сааруулах гэдэг нь чиг үүрэг болон санхүүжилтийг засаг захиргааны түвшин хооронд дахин хуваарилах тухай асуудал юм. Тодруулбал, орон нутгийн бие даасан байдлыг хүлээн зөвшөөрч хариуцлагатай байдал, үйлчилгээний үр ашгийг хөхүүлэн эдийн засаг, улс төрийн засаглалыг бэхжүүлэх арга хэрэгсэл. Тиймээс төвлөрлийг амжилттай сааруулахын тулд тухайн улс орны онцлогт нийцэх дизайн болон хэрэгжилтийн стратеги шаардлагатай. Бие даасан, хариуцлагатай, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх үүднээс орон нутгийн өөрийнх нь татвар хураамж шаардлагатай. Өөрөөр хэлбэл, орон нутаг татварын хэмжээгээ бие даан тогтоох эрх мэдэлтэй байх нь өөрийн орлогод чухал. Энэ нь бас хариуцлагатай холбоотой юм. Төвлөрлийг сааруулахдаа хариуцлага дээшлүүлэх арга хэмжээ, санхүүгийн бүртгэл тайлагнал, Засгийн газар болон иргэдийн мониторинг хяналттай хамт хэрэгжүүлнэ.

Мэдээж төвлөрлийг сааруулснаар олон давуу тал бий болно. Төрийн үйлчилгээ иргэдэд ойртоно. Тэр хэрээр үйлчилгээний үр өгөөж нэмэгдэнэ. Тухайн орон нутгийн Засаг дарга нарын иргэдийн өмнө хүлээх хариуцлага нэмэгдэнэ. Жишээ нь, орон нутагт орлогын эх үүсвэрийг бүрдүүлэхэд төлсөн татварын оронд авч байгаа үйлчилгээ нь хэр өгөөжтэй, ил тод байгаад иргэд хяналт тавих нөхцөл бүрдэнэ. Өөр нэг давуу тал нь нөөц баялгийг үр ашигтай хуваарилах, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх, орон нутгийн засаг захиргааны оновчтой хэмжээг тогтооход чухал үүрэгтэй, Орон нутгийн засаг захиргааны оновчтой хэмжээ гэдэг нь тухайн үйлчилгээг хүргэхэд гарч буй ахиуц зардал, ахиуц орлоготойгоо тэнцэх нөхцөлд зөв тогтоогдоно гэж үздэг.

Тухайн аймагт оршин суудаг хүний төлж буй татвар, төрийн үйлчилгээний зөрүүг төсвийн цэвэр ашиг тус тэж үздэг ойлголт бий. Тодруулбал, зах зээлийн бус шалтгаанаар буюу төрийн гаргаж буй шийдвэрээс үүдэн бүс нутгийн засаг захиргааны нэгжүүд хоорондоо ялгаатай болж, тэр нь иргэдийн шилжих хөдөлгөөнийг идэвхжүүлж байвал бүс нутаг хооронд хэвтээ төсвийн тэнцвэр хангагдахгүй байна гэж үзнэ. Жишээ нь, Орхон аймагт амьдрах нь Завхан аймагт амьдрахаас илүү үр ашигтай, төрийн үйлчилгээ авах илүү боломжтой бол Орхон аймаг руу шилжих хөдөлгөөн идэвхжинэ гэсэн үг. Тиймээс орон нутагт төсвийн төвлөрлийг сааруулах тухай ярихдаа босоо тэнцвэрээс гадна хэвтээ тэнцвэрийн асуудлыг ярих хэрэгтэй.

-Орон нутагт төсвийн эрх мэдлийг өгснөөр энэ асуудал цэгцрэх үү?
-Орон нутаг төсвөө төлөвлөх, нөөц баялгийг зөв хуваарилах, үр ашигтай зарцуулах чадавхи байхгүй гэж зарим хүмүүс ярьдаг. Судлаачид төсвийн төвлөрлийг сааруулснаар чадавхи бий болно, санхүүгийн эрх мэдэл төвлөрсөн үед чадавхийн тухай ярихад хүндрэлтэй гэж үздэг.

Төсвийн төвлөрлийг сааруулах тулгуур асуудлууд бий. Энэ нь зарлагын хариуцлагыг төгөлдөршүүлэх, орлогын эх үүсвэрийг төгөлдөршүүлэх, засаг захиргааны түвшин хоорондын шилжүүлгийн бүтцийг тодорхойлох болон орон нутгийн зээллэгийн асуудал байдаг. Өөрөөр хэлбэл, төсвийн төвлөрлийг сааруулах шинэтгэлийн асуудлыг авч үзэхдээ зөвхөн шилжүүлгийн асуудлыг биш түүнээс гадна орон нутагт татварын хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх, чөлөөлөх эрх мэдлийг өгөх зэргээр тогтолцоог цогцоор нь авч үзэх шаардлагатай. Одоогийн байдлаар орон нутгийн төсөвт өгөх шилжүүлгийн хэмжээнд төсвийн төвлөрлийг сааруулах асуудал яригдаж байна.

Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг шилжүүлэхдээ хяналтын тогтолцоотой маш сайн уялдуулан үзэх ёстой.

-Таны бодлоор одоогийн шилжүүлгийг яаж өөрчлөх нь илүү үр дүнтэй байх бол?
-Одоогийн нөхцөлд шилжүүлэг нь орон нутгийн боломжит зарлага ба урьдчилан үнэлсэн өөрийн орлогын зөрүүг нөхөх зорилгоор хийгдэж байгаа. Энэ нь төв Засгийн газар ба орон нутгийн засаглал хоорондын хэлэлцээр дээр үндэслэгдэн хуваарилагдана. Өөрөөр хэлбэл, дээд түвшний засаглалын байгууллага нь орон нутгийн чиг үүрэг, зарлагын хүрээг хянаж, тодорхойлж байна гэсэн үг. Энэ тохиолдолд орлогоо нэмэгдүүлж, хариуцлагатай, бие даан ажиллах орон нутгийн сонирхол багасч, дээд төсөвт итгэж, амар жимэр суух сонирхлыг урамшуулдаг. Орлого зарлагынх нь зөрүүгээр шилжүүлдэг учраас орлого төлөвлөсөн хэмжээнээс давчихвал түүнийг төв засаглалын байгууллага татаад авчихна. Тэгэхээр орон нутгийн засаглалын байгууллага илүү орлого олох сонирхолгүй болчихож байгаа юм.

Олон улсын түвшинд шилжүүлгийн хэд хэдэн арга бий. Одоогийн шилжүүлгийн сул талыг арилгахын тулд тэнцвэртэй, шударга, урьдчилан таамаглах боломжтой шилжүүлгийг бий болгох шаардлагатай. Миний санал болгох загвар бол хамгийн түвэгтэй загвар. Гэхдээ ил тод, томьёон дээр суурилагдсан, чадавхиа бүрэн дүүрэн үнэлэх чадвартай загвар юм. Товч тайлбарлавал, стандарт зардал ба өөрийн орлогын чадавхийн зөрүүгээр тооцон шилжүүлгийг олгодог. Орон нутгийн зарлага нь стандартчилагдсан байх ёстой, мөн томьёогоор тодорхойлогдсон байх ёстой. Тэгээд дээрх хоёр үзүүлэлтэд үнэлгээ хийгээд зөрүүгээр нь шилжүүлэн тооцно гэсэн үг.

Энэ арга нь аймаг, сумдын орлого олох өөрийн потенциалаа үнэлэх боломжийг нэмэгдүүлнэ.
Үйлчилгээний чанар, орон нутгийн засаглал, хариуцлага болон орон нутгийн чадавхийг сайжруулахад хөшүүрэг болгох зорилгоор үр дүнд суурилсан хөрөнгийн шилжүүлгийн тогтолцоог мөн төсвийн шинэтгэлийг явуулахдаа харгалзан үзэх шаардлагатай.

-Манайд үр ашигтай төсвийн төвлөрлийг сааруулах шинэтгэлийг хийхийн тулд эхлээд ямар нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй бол?

-Орон нутгийн засаг захиргаа иргэдээс сонгогдсон байх, засаг захиргааны гол албан тушаалтнууд эдгээрээс шууд болон шууд бусаар томилогдсон байх ёстой. Энэ нь эргээд хариуцлага тооцохтой холбогдсон асуудал юм. Мөн орон нутаг ямар нэгэн татварын эрх мэдэлтэй байх, зарлагын хариуцлага тооцох нөхцөл бүрдүүлсэн байх, орон нутагт бүрдүүлэх татварыг цуглуулах чадавхитай байх ёстой юм. Өмнө хэлсэнчлэн энэхүү шинэтгэлийн асуудлыг цогцоор нь авч үзэх бодлогын баримт бичиг гаргаж үр дүнтэй шинэтгэлийн стратеги боловсруулах ёстой. Бүх талууд нэгдсэн нэг зөвшилцөлд хүрч шинэтгэлийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Анх АНУ, Баруун Европын хөгжсөн орнуудад, сүүлд Төв болон Зүүн Европын шилжилтийн эдийн засагтай орнуудад төсвийн төвлөрлийг сааруулах шинэтгэлийн үйл ажиллагаа өрнөсөн.

No comments:

Post a Comment